Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,    

            Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн  x холбогдох эрүүгийн 2324000000072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  оны___ дүгээр са.........-нд ..........аймгийн ............ суманд төрсөн, ....... настай, ...., ................. боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ............... аймгийн ................ сумын ................ багт оршин суудаг,  регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Шувуун саарал овогт Г Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Х нь ............... аймгийн ............ сумын ............. багийн нутаг Элстий гэх газрын ойгоос 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд мод бэлтгэхдээ 23-022078 дугаартай эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж 2,6619  метр куб хэрэглээний модыг, мөн 2023 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж түлээний мод бэлтгэх 23-043054 дугаартай эрхийн бичгээр 1,4887 метр куб хуурай шинэс төрлийн хэрэглээний моднуудыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, сумын ойн санд нийт 820,025 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах

 дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Иргэний нэхэмжлэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Иргэн Г.Х ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/35 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаар захирамжийн дагуу иргэн, ААН байгууллагуудад хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд олгож байгаа. Тухайн иргэний зүгээс 2023 он гарсаар 07 дугаар сард Цэцүүх багаас уламжлалт бүтээгдэхүүн хийх зориулалтаар хэрэглээний 2 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин өөр ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай нөгөө байгаль хамгаалагч Б.Б авсан байж магадгүй. Харин 2023 оны 07 сард мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан... Иргэн хүн цэвэрлэгээний ажлаар босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Зөвхөн унаанги модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэх ёстой. Ойн тухай хуульд төвлөрсөн цэгээс 30 километрийн зайд хамгаалалтын бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар арчилгааны огтлолтоор нойтон мод бэлтгэхийг хориглосон байдаг. Харин иргэд цэвэрлэгээний ажлаар хатсан хуурай унаанги модыг хэрэглээ, түлээний зориулалтаар бэлтгэж болно. Түүнээс Элстий гэх газраас иргэд огт мод бэлтгэж болохгүй гэсэн ойлголт байж болохгүй. "Элстий” гэх газраас энэ жилийн тухайд 2023 он гарсаар Г.Х, Б.О гэх 2 айл өрх надаас түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа. Сумын засаг даргын тамгын газраас 2023 он гарсаар "Элстий" гэх газраас арчилгааны огтлолтоор нойтон мод бэлтгэх нэг ч эрхийн бичиг олгогдоогүй байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан куб метрийг хэтрүүлж мод бэлтгэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Иргэн хүн цэвэрлэгээний ажлаар босоо модыг огтлох замаар огтолж бэлтгэж болохгүй.  Зөвхөн унаанги модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэх ёстой. Тухайн газар улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч  О.Б  мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн: “... Манай  ээж

 Б.О, авга ахын дүүгийн хүүхэд Б.Ц, манай ээжийн төрсөн дүү Б.Төгсбат болон Их-Уул сумын Хонгор багийн иргэн Г.Х бид нарын хооронд өвөлжөө бууцны маргаантай асуудал үүсээд байгаа юм. Тухайн өвөлжөө нь Их-уул сумын Хонгор багийн нутаг Элстий гэх газарт байдаг юм. Элстий гэх газрын өвөлжөөний цагаан гэрчилгээ манай ээж Б.О байдаг юм. Г.Х нь 2023 оны 08 дугаар сард Элстий гэх газраас хэрэглээний мод бэлтгэж өвөлжөөнд маань шинээр хашаа бариад бид нарын хооронд сүүлийн үед өвөлжөөний маргаан үүсээд байгаа юм. Г.Х нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямба гаригт манай гэрийн хажуугаар өөрийнхөө ачааны Пронтер маркийн автомашинаар нарийхан түлээний болов уу гэмээр модыг ачаад сумын төв рүү явсан юм. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Элстий гэх газраас хүмүүс мод бэлтгээд байна гэж хандсан юм. Угаасаа Элстий гэх газраас мод бэлтгээд манайхны өвөлжөөнд өвөлжөөний хашаа барьсан байгаа. Би өөрөө 2023 оны 08 дугаар сарын 23, 24-ний үеэр Элстийн өвөлжөөний тэр хавиар малд явж байтал тухайн өвөлжөөнд 5 орчим метрийн урттай моднуудаар хашааны хана босгоод барьсан байхыг хараад анх мэдсэн юм. Миний хувьд Г.Х мод бэлтгэж байхыг хараагүй. Харин 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямба гаригт манай гэрийн хажуугаар Г.Х Пронтер маркийн автомашинаар нарийхан түлээний болов уу гэмээр модыг ачаад сумын төв рүү явахыг би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Их-Уул сумын Хонгор багийн нутаг Элстий гэх газрын өвөлжөөнд Г.Х өвөлжөөний хашаа барихаар эхлүүлж хажуу талын хана хэсгийг барьсан байхыг 2023 оны 08 дугаар сарын сүүл үеэр мэдсэн. Бодоход тухайн хашааны модыг Г.Х нь Элстий гэх газраас өөрөө бэлтгэж хашаа барьсан байж таарна. Г.Х нь 5-6 метрын урттай хэрэглээний модоор Элстийд өвөлжөөний хашааг барьсан байгаа. Г.Х 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумын төв рүү машинаараа мод тээвэрлэсэн өөрөө бэлтгэж тээвэрлэсэн байх Миний хувьд яг Г.Х ойгоос мод бэлтгэж байхыг хараагүй. Би 2023 оны 08 дугаар сард Г.Х уулзаад наад Элстийн өвөлжөө чинь уг нь манайхны мэдэлд байх өвөлжөө байгаа юм, чи наад хашаагаа барихаа болиоч гэж хэлсэн. Тэгсэн Г.Х миний үгэнд орохгүй өвөлжөөний хашаагаа барьж дуусгаад бид нарын хооронд өвөлжөө бууцны маргаан болоод байгаа юм. Уг нь Элстийн өвөлжөө нь миний өөрийн аавын нэр дээр 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон "Монгол улсын иргэний газар эзэмших гэрчилгээ" байдаг юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Их-Уул сумын Хонгор багийн иргэн Г.Х нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр № 23-022078 серийн дугаартай хэрэглээний 10 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Эрхийн бичигт Их-Уул сумын Хонгор багийн нутаг "Элстий" гэх газраас мод бэлтгэхээр бичигдсэн. Харин өөр ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичигт заасан куб метрээс хэтрүүлж мод бэлтгэж болохгүй. Хэрэв эрхийн бичигт заасан куб метрээс хэтрүүлж бэлтгэсэн тохиолдолд илүү гарсан модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэж үзнэ. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Г.Х 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд сумын байгаль хамгаалагчаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авч Их-Уул сумын Хонгор багийн нутаг Элстий гэх газраас ганцаараа мод бэлтгэж Элстийн өвөлжөөнд өвөлжөөний хашаа барьсан юм. Мөн нөхөр Г.Х 2023 оны 10 дугаар сарын 06, 07-ны үед өөрийнхөө өвлийн галын түлээний модыг бэлтгэх зорилгоор эрхийн бичиг авч мод бэлтгээд сумын төвд хашаандаа буулгасан. Тэгсэн Их-Уул сумын Баян-Ухаа иргэн Б.О, түүний хүүхэд Баярмаа нар "Элстий" гэх газарт байгаа манай өвөлжөөг бид нар энд байх ёстой бид нарын өвөг дээдсийн нутаг мэтээр үзэж манай нөхөртэй маргаан үүсгээд сүүлдээ манай нөхрийг Элстий гэх газраас хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тэгээд манай нөхөр Г.Х мод бэлтгэсэн асуудлаар шалгагдаж байна. Манай нөхөр Г.Х надад саяхан ярихдаа би энэ оны 08 сард Элстийгээс хэрэглээний мод бэлтгэж хашаа барихдаа куб метрээ хэтрүүлчхэж, мөн 10 сарын эхээр түлээний мод бэлтгэхдээ уртаар нь тайраад хэрэглээний мод бэлтгэчихсэн байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

.           Шинжээч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд ажиллагаанд “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Иргэн Г.Х 2023 оны 08 дугаар сард ойгоос бэлтгэсэн хэрэглээний модонд хэмжилт хийхэд 2,6619 метр куб болсон. Мөн 2023 оны 10 дугаар сард ойгоос бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд 1,9787 метр куб мод болсон. Тухайн мод бэлтгэсэн газар болох Их-Уул сумын Хонгор багийн нутаг элстий гэх газрын 2 дугаар мужлалд 1 метр куб хэрэглээний хуурай мод 109,760 төгрөг байдаг үүнийг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Г.Х Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1, 35.4.2 дугаар зүйл заалтыг зөрчиж ойгоос эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж, 2023 оны 08 дугаар сард ойгоос хэрэглээний мод бэлтгэхдээ 2,6619 метр куб модыг эрхийн бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлж бэлтгэсэн. Мөн 2023 оны 10 дугаар сард түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэхдээ төрөл зориулалтыг зөрчиж 1,4887 метр куб хэрэглээний модыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан. Г.Х нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр нийтдээ 4,1506 метр куб хэрэглээний модыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-гийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай: “...1. Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ хуурай мод байна.

2. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд хэрэглээний мод байна.. 2,20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна.

3. Өвөлжөөний хашаа барьсан мод болон хашааны гадна талд хураалгаастай байгаа моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн, модны тайралт жигд 2023 оны 08 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой.

4. Өвөлжөөний хашаа барьсан мод 10,7621 метр куб, хашааны гадна талд хураалгаастай байгаа 2 хэсэг мод 1,8998 метр куб, нийт 12,6619 метр куб мод байна.

5. Ойгоос 2023оны 10 дугаар сар, бэлтгэсэн гэх моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модны ангилалд хамаарна. 2,20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна.

6. Ойгоос 2023 оны 10 дугаар сард бэлтгэсэн хэрэглээний мод 1,4887 метр куб, түлшний мод 0,49 метр куб, нийт 1,1787 метр куб мод байна. Тухайн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн, модны тайралт жигд байна.

7. Түлээний мод бэлтгэх эрхийн Бичгээр хэрэглээний мод бэлтгэж болохгүй. түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ.

8. Хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.39.23- Е98.47.43.24 N48.39.23.88-E98.47.37.27 N4.39.25.59-E98.47.43.75 цэгүүдээр мод бэлтгэсэн газар Их-Уул сумын Хонгор багийн нутаг Элстий " гэх газар байна. Тухайн газар ойн 2-р мужлалд хамаарна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

9. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна.

10. ...БОАЖ-ын сайдын 2020 оны А/173-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж ,бэлтгэсэн мод 12,6619 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,501,586 төгрөг болж байна. Иргэн Г.Х нь 2023 оны 08 сард хэрэглээний мод бэлтгэх 10 метр куб модны эрхийн бичиг авсан байх бөгөөд эрхийн бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлж 2,6619 метр куб мод бэлтгэсэн байна. Тухайн бэлтгэсэн 2,6619 метр куб хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 2,6619 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 525,906 төгрөг болж байна.

11. ... БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 1,4887 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 294,119 төгрөг түлшний модонд 109,760 төгрөг итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж, бэлтгэсэн мод 0,49 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 53,782 төгрөг, нийт 347,901 төгрөг болж байна.

12. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ сумын байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэх ёстой. Босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй.

13. Иргэн Г.Х нь 2023 оны 08 сард хэрэглээний 10 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авч модыг бэлтгэхдээ эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлсэн мөн 2023 оны 10 дугаар сард түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан төрөл, зориулалт зөрчиж хэрэглээний мод бэлтгэсэн байна. Иргэн хүн босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй. Г.Х нь Ойн тухай хуулийн 35-р зүйлийн 4-1-д гэрээ, зөвшөөрөлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технилогийг зөрчиж мод бэлтгэсэн байна.

14. Ойгоос мод бэлтгэсэн гэх иргэн Г.Х нь Ойн тухай хууль 35.4.2 - р заалт зөрчсөн байна....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн  41-44-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дугаартай: “...Автомашины үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон талуудыг харгалзан үзэж зах зээлийн жишиг үнийн арга илүү тохирох тул энэ аргыг сонгон авч KIA bongo fronter W3 маркийн ачааны автомашины зах зээлийн үнэлгээг 3 машины дундаж үнэ ханшаар тооцон 3,600,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчйн дүгнэлт /хх-ийн 99-100-р хуудас/,

Байгаль орчны улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай: “...1.Иргэн Г.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4,1506 м/куб шинэс төрлийн хэрэглээний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ 820,025 төгрөгний шинжээчийн дүгнэлтийн мөнгөн дүнд Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн 2,460,075 төгрөгийн нөхөн төлбөр тавив. 2. Иргэн Г.Х нь зохих зөвшөөрлийн эрхийн бичиггүй 4,1506 м куб шинэс төрлийн мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг зөрчсөн байна.  3. Иргэн Г.Х нь нөхөн 2,460,075 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын дансанд тогтоосон хугацаанд тушааж, тасалбарын нэг хувийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг мэдэгдье...” гэсэн нөхөн төлбөр тогтоосон акт /хх-ийн 117-р хуудас/, тоолуурын хүснэгт, хууль бус бэлтгэсэн гэх модны гэрэл зураг, мод бэлтгэсэн газрын тойм зураг, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мод бэлтгэх эрхийн бичгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч Д., М.Б нарын мэдүүлэг, 2022 оны жилийн эцэст тоолуулсан мал тооллогын лавлагаа, газар эзэмших эрхийн, гэрлэсний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, жолоочийн, нийгмийн даатгалын талаарх тодорхойлолт, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Г.Х нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Элстий гэх газрын ойгоос 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд мод бэлтгэхдээ 23-022078 дугаартай эрхийн бичигт заасан тоо хэтрүүлж 2,6619  метр куб хэрэглээний модыг, мөн 2023 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж түлээний мод бэлтгэх 23-043054 дугаартай эрхийн бичгээр 1,4887 метр куб хуурай шинэс төрлийн хэрэглээний моднуудыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, сумын ойн санд нийт 820,025 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 820,025  төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 820,025  төгрөг гэж үзнэ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Г.Х  ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 820,025 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,460,075 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 2,460,075 төгрөгийг шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого  болох шинэс төрлийн 2,6619 метр куб шинэс төрлийн хэрэглээний мод, 1,4887 метр куб шинэс төрлийн галын мод нийт 4,1506 метр куб шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, дээрх эд зүйлсийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох нь №03304261 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г Х 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /тав зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  шинэс  төрлийн 2,6619 метр куб хэрэглээний мод, 1,4887 метр куб шинэс төрлийн галын мод нийт 4,1506 метр куб шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн, Киа  Вонго пронтер W-3 загварын 04-46 ЗАВ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Х эзэмшлийн Киа  Вонго пронтер W-3 загварын 04-46 ЗАВ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  шинэс  төрлийн 2,6619 метр куб хэрэглээний мод, 1,4887 метр куб шинэс төрлийн галын мод нийт 4,1506 метр куб шинэс төрлийн модыг битүүмжилсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ