Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2020/01170  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр баг Найрамдал 309 тоотод оршин суудаг Х.-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр баг Найрамдал 4-4 тоотод оршин суудаг Т.Х-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Т.Х, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө 175000 төгрөгийг буцаан төлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр надад барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ хийж урьдчилгаа 150000 төгрөгийг Т.Х-д төгсөн ба дараа нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэмж 25000 төгрөг өгсөн. Тухайн үед 150000 төгрөгт гарын баримт авсан ба 25000 төгрөгт гарын баримт аваагүй юм. Иймд тус гэрээ хийсэн барилгын ажлыг гүйцэтгээгүй явсан тул урьдчилгаа болгож авсан 175000 төгрөгийг буцааж төлөхийг шаардсан боловч элдэв шалтаг зааж хэл амаар доромжилж буцааж өгөхгүй байгаа тул 175000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад; Энэ оны 4 дүгээр сард би К компанийн Р гэдэг хүнтэй 12х25 метрийн цэцэрлэгийн барилгын ажлыг 9000000 төгрөгөөр барьж өгөхөөр тохиролцсон. Би өрлөгийн ажлыг хийж өгөх хүн хайгаад, фейсбүүк хуудсанд зар тавихад Т.Х надтай холбогдоод бид нар хоёр залуу байгаа. Таны ажлыг бид нар гүйцэтгээд өгье гэж хэлсэн. Тэгээд надад туслах тогооч хэрэгтэй гэж хэлэхэд, туслах, тогооч хоёрыг бид нар олж өгье. Таны ажлыг бид нар хариуцаж хийе гэсэн. Тэгээд би барилгын ажлын хэмжээ болон хийж гүйцэтгэх, ажлуудын талаар хэлж, үнийн дүнг тохиролцсон байсан. Т.Х урьдчилгаа мөнгө авахад өгнө гээд надаас нийт 175000 төгрөг зээл авсан. Эхний удаа машинд 4 дугуй авч хийнэ гээд 100000 төгрөг авсан. Дараа нь шатахуун хийх мөнгө хэрэгтэй байна гээд 50000 төгрөг, мөн шатахуун хийнэ гээд 20000 төгрөг, мөн машины запас круг авна гэж 5000 төгрөг авсан. Т.Х 150000 төгрөг өгнө гэж өөрөө гарын баримтаа бичиж өгсөн байгаа. Т.Х барилгын ажлыг нийт 3 өдөр хийсэн боловч 3 дахь хоногт Р гэдэг хүн энэ залуус ажил хийж чадахгүй юм байна гээд хөөгөөд явуулсан. Ажлаа хийж чадаагүй хөөгдсөнөөс болж урьдчилгаа мөнгө авч чадаагүйгээс болоод надаас зээлж авсан нийт 175000 төгрөгийг өгөхгүй байгаа тул энэ мөнгийг Т.Х-ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Х шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие гэрээ ёсоор тухайн барилгын ажлыг нийт 10 гаруй хоног хийж гүйцэтгэсэн. Тухайн барилгын компанийн хүмүүс апалкыг угсарч дууссаны дараа бид та нарыг өөрсдөө дуудна гэж хэлээд буцааж явуулсан мөөртлөө эргээд дуудаагүй. 10 хоногийн ажлын хөлсөө авч чадаагүй нотлох баримт бүрдүүлээд шүүхээр нэхэж авна гэж бодож байгаа. Би ажлын урьдчилгаа хөлсийг авахад өгнө гээд Х.Н-наас нийт 150000 төгрөг зээлж авсан маань үнэн. Гарын баримтаа ч бичиж өгсөн. Ажлын хөлсөө авч чадаагүй тул төлж өгөх боломжгүй байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Т.Х-ээс зээлж авсан 175000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Т.Х нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 175000 төгрөгөөс 150000 төгрөгийг зээлээр авсан гэдгээ зөвшөөрсөн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгч Х.Н-ы нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт хариуцагч Т.Х-ийн 100000 төгрөг; 50000 төгрөгийг Х.Н-д өгнө гэсэн гарын баримт авагдсан ба энэхүү гарын баримтыг бичсэн гэдгээ хариуцагч Т.Х шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрснөөр нийтдээ 150000 төгрөгийг зээлж авсан гэдэг нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Х.Н нь шатахуун хийнэ гээд 20000 төгрөг, мөн машины запас круг авна гэж 5000 төгрөг бүгд 25000 төгрөгийг Т.Х-т өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй ба хөдлөнгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн гарын баримтыг үндэслэн хариуцагч Т.Х-ээс 150000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5900 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 150000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 5150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Т.Х-гээс зээлсэн мөнгө 150000 (нэг зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.Н-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5900 (таван мянга есөн зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Х-ээс 5150 (таван мянга нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдааны оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК