Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,    

            Улсын яллагч Н.,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа /цахимаар/

Шүүгдэгч Б.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б Ө холбогдох....... дугаартай хэргийг ердийн журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ....-нд .............аймгийн .........суманд төрсөн, ......настай, ........, ............... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .............аймгийн ................сумын ........................ багт оршин суух, .................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Боржигон овогт Б Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Улсын яллагч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт оршин суух өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Г.Н маргалдаж түүний шанаан тус газарт гараараа цохих, баруун зүүн гуя хэсэгт өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун зүүн гуяны гадна цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,

тайлбартаа: “....Ө нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмшсэнээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна. Эхнэр Г.Н эмнэлэгт үзүүлж, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины томографын зураг авхуулан бусад шинжилгээнүүдийг өгүүлсэн мөн цаашид эрүүл мэндэд нь анхаарахаа илэрхийлж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 608,500 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг авч үзвэл хөдөө мал маллаж амьдардаг, 3 хүүхдийнхээ боловсролд анхаардаг, нэг хүүхдээ оюутан болгож 2 хүүхдээ сургахын тулд дотуур байранд байлгаж өөрөө хөдөө мал малладаг жирийн нэгэн малчин аав байгаа. Хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал, дахин ийм үйлдэл гаргахгүй гэж гэр бүлдээ амлаж байгаа зэрэг  нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү ...” гэж тус тус тайлбарлажээ.

Харин шүүгдэгч Б.Ө нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн. Г.Н Завхан аймгийн төв рүү дагуулж яваад шинжилгээ хийлгүүлсэн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд 608,500 төгрөг төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэж амлаж байна. 3 хүүхдийнхээ төлөө илүү их хичээнэ...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Б.Ө, манай ээж О бид гурав манай нөхрийн 53-11 ЗАН улсын дугаартай Маяти маркийн авто машинтай гурвуулаа яваад өвсөө ачаад буцах замдаа ээж О гэрт нь буулгаж өгөөд 19 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн дунд Шумуултай гэх газарт буюу гэртээ ирсэн. Тэгтэл манай үхэр тугал нийлсэн байхаар нь түүнээс болж хоорондоо маргалдсан. Тэгтэл манай нөхөр машинаа асаагаад явна гээд машиныхаа түлхүүрийг авах гэхээр нь би өгөхгүй гээд түлхүүрийг нь авчхаад өгөхгүй байсан. Тэгтэл намайг гэр тойруулж хөөгөөд байхаар нь түлхүүрийг нь машин дээр нь шидэхэд машинаа асаагаад хөдлөх гэхээр нь би машины доогуур нь ороод чаддаг юм бол намайг дайраад гар гэхэд намайг машинаас татаж гаргаж ирээд миний хоёр талын шанаа руу гараараа цохиод газарт унагааж байснаа цээж, баруун зүүн гуя руу хэд хэдэн удаа өшиглөж зодож байснаа машинаа асаагаад явсан. Би тэр үед нь эргэж ирэх байлгүй гэж бодсон боловч гэртээ ирээгүй, Тосонцэнгэл сум руу явсан байсан. Би тухайн үед түүнд зодуулснаас болоод толгой цээж, хоёр хөл, гар гээд бүгд янгинаж өвдөөд унтаж чадаагүй, босож ч чадахгүй байсан. Би зодуулсан талаараа өөрийн ээж О утсаар хэлсэн. Тэгтэл манай ээж цагдаад өргөдөл гаргаж өгсөн байсан. Манай нөхөр миний хоёр хөл болон гар цээж толгой гээд бүхий л газар дэвслэж өшиглөөгүй газар байхгүй. Би уйлж орилж байгаад зодуулахыг нь болиулсан. Тэр үед намайг 1 цаг гаран зодсон. Би Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн . Эмчилгээтэй холбоотой ямар нэгэн төлбөр би төлөөгүй болохоор надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Нөхөр  маань ор хоногийн төлбөр гэх 100,000  төгрөгийг өөрөөсөө төлсөн. Манай нөхөр надаас уучлалт гуйгаад дахиж зодож цохихгүй гэдгээ хэлж амалсан. Би одоо нөхрөө уучилсан болохоор миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай охин Г.Н над руу утсаар залгаад түүний нөхөр Б.Ө нь зодсон талаар надад хэлсэн. Би юунаас болоод яагаад зодсон талаар нь асуухад үхэр тугал нь нийлснээс болоод хоорондоо маргалдаад нөхөр нь машинаа унаж явах гэхэд явуулахгүй гээд түүнээсээ болоод хоорондоо хэрэлдэж маргалдсан юм шиг байна. Тэгтэл манай охин Г.Н нөхөр нь гэрийнхээ гадаа баахан өшиглөж дэвсэж зодсон гэсэн. Би эмнэлэгт охиныгоо 7 хоног сахиж цай шөлийг нь зөөж өгсөн. Эмнэлэгт ирж охинтойгоо уулзахад  биед ил харагдах гэмтэл шархгүй харин зүүн, баруун гуя нь хөх няц болсон байсан. Яагаад ийм болсон талаар нь асуухад Б.Ө өшиглүүлснээс болоод дээрх гэмтлийг авсан гэж хэлсэн".... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/,

Яаралтай түргэн тусламжийн эмч С.Ц “...Н, 43 настай, эмэгтэй, цээжээр өвдөнө, толгой өвдөх зовиуртай,  Зүүн гуяны гадна хэсэг 25х15 см орчим, баруун гуяны гадна доод хэсэгт 14х10 см орчим улаан ягаан өнгөтэй цус хуралттай, духны орчим 2 см орчим зулгарсан шархтай. Цээжны өнгөц гэмтэл, тархины доргилт...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн: “... тархины эдэд голомтот болон эзэлхүүнд өөрчлөлтгүй, хамрын таславч яс зүүн тийш муруйлттай, баруун нүдний ухархайн дотор хана 2,1 см урттай, 0,4 см гүнтэй этмойд хөндийрүү цөмөрсөн хуучин хугаралтай.

1. Unremarkable of the brain буюу тархины эмгэг өөрчлөлтгүй.  2. Nasal septum deviated to left sided буюу хамрын таславч яс зүүн талдаа мурийлттай /хуучин/.  3. Old fracture in the medial wall orbit bone буюу баруун нүдний дотор хугарал....” гэсэн толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт,

Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Г.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 608.500 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/

 Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000355 дугаартай “...1. Г.Н биед гэмтэл учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Г.Н биед баруун зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Н, 43 настай, эмэгтэй, 2 талын уушгины дотор зоноор зураглал олширсон. Уг өргөсөөгүй синус өрц +  зүрхний сүүдэр томгүй. Хавирга ясанд харагдах хугаралгүй. Зүүн эгэм яс хуучин хугарлын өөрчлөлттэй ...” гэсэн цээжний эгц байрлалын рентген зураг, хохирогч Г.Н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчлүүлэгчийн амини үзүүлэлтийн хянах хуудас, хэвтэн эмчүүлэх бичиг, шүүгдэгч Б.Ө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох иргэний үнэмлэхний мэдээлэл, лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, гэрч Б.О, Б. Ө нарын мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, хөдөлмөр магадлах комиссын магадлагааны хуулбар, Завхан аймгийн сум дундын 2-р шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт оршин суух өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Г.Н маргалдаж түүний шанаан тус газарт гараараа цохих, баруун, зүүн гуя хэсэгт өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун зүүн гуяны гадна цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ө үйлдлийн улмаас Г.Н биед гэмтэл учирсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч Г.Н цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Б.Өнөрнасангийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт оршин суух өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Г.Н маргалдаж шанаан тус газарт гараараа цохих, баруун зүүн гуя хэсэгт өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун зүүн гуяны гадна цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгсөн байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч Б. нь хохирогч Г.Н бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

 

Хэрэгт авагдсан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эмч Б.А “... хавирга яс хуучин хугарлын өөрчлөлттэй...” гэсэн цээжний эгц байрлалын рентген зураг,  Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “... баруун нүдний ухархайн дотор хана 2,1 см урттай, 0,4 см гүнтэй этмойд хөндийрүү цөмөрсөн хуучин хугаралтай..” гэсэн толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт зэргээр хохирогчийн биед хавирга яс болон баруун нүдний ухархайн хэсэгт хугарал бүхий хуучин гэмтэлтэй байгаа талаар бичигдсэн бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Ө 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.Н маргалдаж түүний шанаан тус газарт гараараа цохих, баруун зүүн гуя хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлтэй холбоогүй болох нь

хохирогчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “... би бага байхдаа мориноос унаад цээж хэсэгтээ гэмтэл авч байсан, харин нүдэндээ хэзээ гэмтэл авсан талаараа сайн санахгүй байна. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Ө намайг зодож цохиход миний нүд болон цээж хэсэгт ямар нэгэн гэмтэл учирсан,  өвдсөн хавдсан, хөндүүрэлсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч Б.С шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “... үзлэгийн явцад Г.Н баруун нүдний ухархайн дотор хана 2,1 см урттай, 0,4 см гүнтэй этмойд хөндийрүү цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдсон боловч энэ гэмтэл нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түүний биед учирсан бусад гэмтлүүдээс өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. Хуучин гэмтэл гэдгийг нь хугарлын бороолж эдгэсэн байдал, бусад шинж тэмдэгээр нь тодорхойлж дүгнэсэн. Мөн шинжээчийн дүгнэлт гаргахаар хохирогчийн биед биечлэн үзлэг хийх үед нүд хэсэгт ямар нэгэн хавдсан хөхөрсөн, шарх сорив гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Иймд Б.Ө Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Эмчилгээтэй холбоотой ямар нэгэн төлбөр төлөөгүй болохоор надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Нөхөр Өнөрнасан нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр гэх 100,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Манай нөхөр надаас уучлалт гуйгаад дахиж зодож цохихгүй гэдгээ хэлсэн. Би нөхрөө уучилсан болохоор миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь  “...Эрүүл мэндийн даатгалын сангийн 1000900020080 тоот төрийн сангийн санд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өнөрнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОТГОНХИШИГ