| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн ......................дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ........ оны .......... дугаар сарын ...........-ны өдөр ........... аймгийн ............. сумд төрсөн, ......... настай, э......., .................боловсролтой,......................., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .................. аймгийн ........... сумын ........................ баг хаягаар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ................ овогт Д-гийн Б, регистрийн дугаар...........,
Шүүгдэгч Д.Б 2024 оны 01 дүгээр сарын 29, 30-ний өдрүүдэд ................аймгийн ..................сумын “.........................” багийн нутаг ...................н эхний “Цагаанчулуутын ар” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 8.8401 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, Зил-131 маркийн 92-56 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн сумын ойн санд 2,683,668.71 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б 2024 оны 01 дүгээр сарын 29, 30-ний өдрүүдэд ...............аймгийн ...............сумын “...............” багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ар” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 8.8401 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, Зил-131 маркийн 92-56 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн сумын ойн санд 2,683,668.71 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-08/-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжлэн. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Б-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ..................аймгийн.......... суманд ............... ХХК-ны хөрөө рам ажиллуулдаг юм. Манай компани 2023 оны 10 дугаар сард Рашаант багийн Бухын даваа гэх газарт тусгаарлалт хийлгээд талбайгаас модоо татах гэж яваад манай компанийн Зил-131 маркийн 50-40 ЗАА улсын дугаартай автомашиныг Д.Б гэдэг хүн жолоодож яваад намагт суулгачхаад одоог хүртэл авч чадахгүй байгаа. Намайг Завхан аймгийн төвд гэртээ байх хойгуур 2024 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр .................н сумын .................. багийн иргэн Д.Б манай компанийн Зил 131 маркийн 92-56 ЗАА улсын дугаартай автомашиныг жолоодоод Тосонцэнгэл сумын Рашаант баг руу намагт суулгасан машинаа татаж гаргах ажлаар явсан байна. Тэгээд намгаас машинаа гаргаж чадалгүй Рашаант багийн нутаг Цагаан чулуутын ам гэх газраас 2024 он 01 дүгээр сарын 29, 30-ний үед зөвшөөрөлгүй хэрэглээний 4 метрийн 100 орчим ширхэг мод бэлтгээд цагдаад баригдсан гэж Д.Б өөрөө надад ярьсан. Манай компанийн дээрх Зил131 маркийн автомашин 2023 оны 12 сарын 10-наас хойш Д.*-гын хашаанд байсан юм. Д.Б манай компанийн машиныг жолоодож модонд явдаг хүн болохоор сүүлд 01 сарын 28-ний өдөр надад хэлэлгүй манай компанийн автомашиныг жолоодоод хөдөө явсан байсан. Дээрх Зил 131 маркийн автомашин нь миний өөрийн нэр дээр байдаг манай компанийн автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 32-р хуудас/,
-Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024.01.28 –ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумаас Б, түүний эхнэр Л, найз Б нарын хамт Рашаант багийн нутаг Тэгшийн эхэнд Б ахад грушиг хийх ажлаар гарч ирсэн. Тэгээд 2024 оны 01 сарын 29,30-ний өдрүүдэд Рашаант багийн нутаг “Цагаанчулуутын ар” гэх газраас Б ах хэрэглээний 4 метрийн урттай /хуурай/ шинэс төрлийн мод бэлтгэнэ гэж хэлсэн. Би 2024.01.30 –ний өдөр найз Б-ийн хамт Б ахын Зил-131 маркийн 92-56 ЗАА улсын дугаартай автомашин дээр 50 ширхэг модыг ачилцсан 06-нд Б ах манай найз Б-ийн хамт яваад чиргүүл дээрээ дээрх 50 ш модыг аваачиж очсон. Миний хувьд Б ахыг дээрх 100ш модыг бэлтгэхэд хамт байгаагүй. Харин манай найз Б грушгээр тусалсан. Б ахад цагаан өнгөтэй моторт хөрөө байсан. Тэр хөрөөгөөр тухайн моднуудыг хөрөөдсөн байх гэж бодож байна. Б ахыг зүгээс манай найз Б бид хоёрыг грушгээр модонд яваад өгөөч гэж гуйгаад бид хоёр өдрийн 70,000 төгрөгөөр ажиллах хөлс тохироод гарч ирсэн юм. Бид хоёрын зүгээс ажиллаж хөлсөө аваагүй. Миний зүгээс Б гэдэг хүний мод бэлтгэхдээ эрхийн бичиг авсан эсэхийг мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл алга...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 34-р хуудас/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б бид хоёр Тэлмэн сумаас 2024 оны 01 сарын 29-ний орой Зил-131 маркийн 06-24 ЗАА, 09-31 УАТ улсын дугаартай автомашинаар Тосонцэнгэл сумын Рашаант багт Ташуу дөрвөлжин гэх газарт очихоор яваад шөнөдөө очиж хоносон. Бид хоёрыг сумын төвөөс очих үед Тэлмэн сумаас Б ах Зил-131 маркийн автомашинтай гарч ирсэн байсан. Тэгээд би 2024.01.30-ний өглөө хэсэг унтаж байгаад оройхон босоод ирэхэд Д.Б ах модонд яваад ирлээ гээд байж байсан. Харин түүний эхнэр Л эгч хоол хийсэн байсан. Ташуу дөрвөлжин гэх газарт отрын 2 гэр байсан юм. Д.Б ах надад ярихдаа сумын төвөөс намар намагт суулгасан Зил-131 маркийн автомашинаа гаргах гэж ирсэн чинь булаг сайн хөлдөөгүй байна сумын төв рүү хоосон буцаж байхаар 2024 оны 01 сарын 29, 30-ний өдрүүдэд хэрэглээний 4 метрийн 100 орчим ширхэг мод бэлтгэлээ 50 ширхэг 4 метрийн модыг Салхит модны хаяанд орхисон байсан чиргүүл дээрээ аваачаад аччихлаа одоо үлдсэн модоо толгойн тэвшиндээ ачаад сумын төв явна гэж хэлсэн. Д.Б ах тухайн моднуудаа Рашаант багийн нутаг “Цагаанчулуутын ар” гэх газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн. Тэр үед Д.Б ах сумын төвөөс Н, Б гэдэг 2 залууг грушгээр авчирсан байсан. Мод бэлтгэхэд тэр хоёр залуу тусалсан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Би 2024 оны 01 сарын 29-ний өдөр хөдөө байгаагүй Тэлмэн суманд байсан юм....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 36-р хуудас/,
-Гэрч П.Б-*ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэлмэн сумын Баянтэгш багийн иргэн Д.Б ах 2024.01.28-ний өдөр Тэлмэн суманд надтай утсаар яриад Тосонцэнгэл сумын Рашаант баг руу намагт суусан Зил-131 маркийн автомашинаа гаргаж ирмээр байна чи хамт грушгээр яваад өгөөч гэж надаас гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Тэгээд би 2024.01.28-ний өдөр үдээс хойш 16.00 цаг өнгөрч байхад Д.Б ахтай хамт хөдөө явсан. Мөн надтай хамт манай найз Н явсан. Бид нар замдаа хөдөөгийн танихгүй айлд өвс буулгаж өгөөд тэр айлдаа хоноод маргааш нь буюу 2024.01.29-ний өглөө эрт Рашаант багийн нутаг Ташуу дөрвөлжин гэх газарт очсон. Тэгсэн Б ах намагт суулгасан машинаа үзэж ирнэ гээд ганцаараа мориор явсан. Тэгсэн сумын төвөөс Б ахын хүүхэд Б ах ирсэн. Тэгсэн С.Б ах Б-гийн ахын автомашинд ойгоос бэлтгэсэн модоо ачуулна гээд надтай хамт очсон Н-ыг мод ачилцаад өгөөч гэж гуйгаад авч явсан. Тэд нарыг толгойны тэвшиндээ модоо ачаад чиргүүл дээрээ сэлгэж ачихаар явсан хойгуур Б ах буцаж ирээд бид хоёр түүний Зил-131 маркийн 92-56 ЗАА улсын дугаартай автомашинтай Ташуу дөрвөлжин гэх газрын зүүн урд талд байрлах Цагаанчулуутын ар гэх газраас Б ах өөрийнхөө цагаан өнгийн хөрөөг бариад 20 гаран тооны босоо моднуудыг тайрч унагаад 50 ширхэг 4 метрийн модыг бэлтгэсэн. Мөн 2024.01.30-ний өглөө Б ах нөгөө газраа дахиж очоод бас өөрөө хөрөөгөө бариад 20 гаран тооны босоо мод, 10 –аад унанги модноос тайрч 40 гаран тооны модыг бэлтгэсэн. Тэгээд 2024.01.30-ний өдөр үдээс хойш Б ахын Зил-131 маркийн автомашины тэвшин дээр 2024.01.29-ний өдөр бэлтгэсэн байсан 4 метрийн 50 ширхэг модыг манай найз Н бид хоёр Б ахын хамт ачилцсан. Тэр 50 ширхэг модыг ачих үед манай найз Н бид хоёр дээр алхаж ирээд бид хоёрт ачилцахад хамт тусалсан юм. Тэгээд модоо ачиж дуусаад манай найз Н Ташуу дөрвөлжин гэх газарт байсан отрын гэр лүүгээ яваад Б ах бид хоёр доош уруудаад Салхит модны хаяанд орхисон байсан чиргүүл дээр модоо сэлгэж ачаад буцаад Ташуу дөрвөлжин гэх газартаа орой ирсэн юм. Тэгээд дахиж мод бэлтгээгүй, сүүлд нь бэлтгэсэн 40 гаран тооны модоо, чиргүүл дээр ачсан 50 ширхэг мод, нийтдээ 90 гаран тооны модыг Тэлмэн сумын төв рүү Б ах 2024.02.02-ны шөнө тээвэрлэж оруулсан. Миний хувьд ойгоос Б ахыг 01 сарын 29, 30-ний өдрүүдэд мод бэлтгэхэд хэмжээ тавьж өгөөд ойр зуурын мод өргөх, ачилцах ажилд нь тусалсан... Миний хувьд эрхийн бичигтэй байсан эсэхийг мэдээгүй, намайг Б ах грушгээр яваад өгөөч гэхээр нь хамт очсон юм. Б ах намгаас машинаа гаргаж чадахааргүй болсон юм чинь хоосон буцаж байхаар мод бэлтгээд буцна гээд 100 орчим 4 метрийн урттай хэрэглээний моднуудыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед Б ах өөрөө хөрөөгөөрөө босоо мод, унанги модноос тайрч бэлтгээд өөрөө бор зүсмийн морийг унаж тухайн моднуудаа цагаалж чирсэн. Б ахын мод цагаалахад ашигласан бор зүсмийн морь нь Баянтэгш багийн иргэн Н гэх хүний эзэмшлийн оторт ирсэн бор морь гэсэн... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 40-р хуудас/
-Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найз Б-ын хамт Тэлмэн сумаас 2024 оны 01 сарын 29-ний орой хүргэн Б-гийн Зил-131 маркийн 09-31 УАТ улсын дугаартай автомашинаар Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Ташуу дөрвөлжин гэх газарт отрын гэр дээр очихоор яваад шөнө үүрээр очиж хоносон. Бид хоёрыг сумын төвөөс очих үед Тэлмэн сумаас Б ах Б гэх хүний хөрөө рамны Зил-131 маркийн автомашинтай Н, Б, өөрийн эхнэр Л нарын хамт гарч ирсэн байсан. Тэгээд би 2024.01.30-ний өглөө жаахан амарч байгаад өдөр 14.00 цагийн үед босоод Б ахын эхнэр Л эгчтэй уулзахад надад Д.Б ахыг Цагаанчулуутын араас бэлтгэсэн чиргүүлийн модоо ачихаар явчихсан гэж хэлсэн. Тэгээд орой айхтар удалгүй Б ах гэрийн гадаа Зил-131 маркийн автомашинтайгаа грушгээр хамт явсан Б-ийн хамт ирсэн. Тэр үед Б ах Салхит модны хаяанд чиргүүл дээрээ 4 метрийн хэдэн мод зөөж ачлаа маргааш сумын төв рүү буцна өнөөдөр “Цагаанчулуутын араас” бэлтгэсэн 4 метрийн хэдэн модоо автомашиныхаа толгойн тэвшин дээр ачаад буцна гээд ярьж байсан. Тэгээд маргааш нь сумын төвөөс хяналт шалгалтын хүмүүс ирээд буцаж чадаагүй юм. Б ах 2024 оны 01 сарын 29, 30-ний өдрүүдэд ойгоос 4 метрийн моднууд бэлтгэсэн болох нь тодорхой болоод байгаа. Яагаад гэвэл Б бид хоёрыг 2024.01.28-ний орой Тэлмэн сумын төв рүү явахад Б ахыг сумын төвөөс тэр өдөр өвс ачаад хөдөө явсан гэж сонссон. Б бид хоёр 2024.01.29-ний шөнө буцаад Ташуу дөрвөлжин гэх газарт очсон тэгээд сумын төвөөс 2024.01.30-ний орой шалгалтын хүмүүс ирсэн гэхээр өөр мод бэлтгэх хугацаа байхгүй болж таарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
-Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын хэмжээнд 2024 он гарсаар цөөн тооны иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Д.Б гэх хүний зүгээс 2024 он гарсаар ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс 2024 онд Тосонцэнгэл сумын Рашаант багийг хариуцан ажиллаж байгаа байгаль хамгаалагч байгаа юм…Сумын байгаль хамгаалагчийн зүгээс зөвхөн сумын ойн сан бүхий газар нутгаас иргэдэд хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй. Иргэн хүний зүгээс улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хэрэглээний мод бэлтгэж болохгүй…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Ө.Одгэрэлийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, /хх-ийн 60-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, уг гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгчийн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ам” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох нь холбогдох шийдвэр, эрх бүхий албан тушаалтнуудын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирлыг 3 нугалсан хэмжээгээр нөхөн төлбөрийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Д.Б-г улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 8.8401 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 2,683,668.71 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 8,051,006.13 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Д.Б-аас ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлсөн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч 100 ширхэг мод тарих, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул дээрх байдлуудыг харгалзан прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч 100 ширхэг мод тарих, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон шийтгэл болохоос гадна дахин энэ төрлийн хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хүмүүжлийн чанартай, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц албадлага байх болно гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Д.Б-ийн хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 94 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 130 см урттай гинж 1 ширхэг, 150 см урттай цагаан өнгийн уяа 1 ширхэг, бор моринд тохож хэрэглэж байсан гэх модон бүүрэгтэй гөлөмгүй, хуучин эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн хөрөө 1 ширхэг, 92-56 ЗАА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,900 төгрөгийн үнэлгээ бүхий 130 см урттай гинж 1 ширхэг, 3,000 төгрөгийн үнэлгээ бүхий 150 см урттай цагаан өнгийн уяа 1 ширхэг, 27,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон бүүрэгтэй гөлөмгүй, хуучин эмээл 1 ширхэг, 12,000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаар 1 ширхгийг устгаж, хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 94 ширхэг мод, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн хөрөө 1 ширхэг зэргийг болон 92-56 ЗАА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг, чиргүүлийн үнэ 1,440,000 төгрөг, их насны морины үнэ 800,000 төгрөг бүгд 6,740,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д-ийн Б-г Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн ангид хүлээлгэн өгөх, мөн зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б-гаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,900 төгрөгийн үнэлгээ бүхий 130 см урттай гинж 1 ширхэг, 3,000 төгрөгийн үнэлгээ бүхий 150 см урттай цагаан өнгийн уяа 1 ширхэг, 27,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон бүүрэгтэй гөлөмгүй, хуучин эмээл 1 ширхэг, 12,000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаар 1 ширхгийг устгаж, хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 94 ширхэг мод, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн хөрөө 1 ширхэг зэргийг болон 92-56 ЗАА улсын дугаартай зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг, чиргүүлийн үнэ 1,440,000 төгрөг, их насны морины үнэ 800,000 төгрөг бүгд 6,740,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН