Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 724

 

                                             Ж.Б-д  холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ж.Б,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Ж.Б-д  холбогдох эрүүгийн 2003 00022 0069 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х б овгийн Ж-ны Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт ....................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

Дорноговь аймгийн Сумдын дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 37 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх техник хяналтын төвийн урд замд “Тоёота приус-20” загварын 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Т.Б-н жолоодон явсан “Тоёота приус-20” загварын 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар явган зорчигч Т.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, М.У-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хариад буриад овогт Ж-ны Б-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-с 3.083.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Б-т олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн В ангиллын №1072065 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Б-д  холбогдох хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 627 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэжээ.

 Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийн “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг орхигдуулсан. Хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсэн боловч хэдий хугацаанд үүргийг хүлээлгэсэн болох, тухайн хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй.

Мөн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 627 дугаартай дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 37 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх техник хяналтын төвийн урд замд “Тоёота приус-20” загварын .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Т.Б-н жолоодон явсан “Тоёота приус-20” загварын 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар явган зорчигч Т.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол, М.У-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Б-н “...Би хүн хүлээгээд замын хажууд зогсож байсан. Гэтэл зүүнээс баруун тийш явсан автомашиныг баруунаас зүүн тийш явсан автомашин хойшоо эргэх үйлдэл хийж, эсрэг урсгалд орох үед мөргөж осол болсон. Эсрэг урсгалд орсон машин мөргөлдөөд замын хойшоо шидэгдэх үед нь би болон хамт зогсож байсан эмэгтэй, түүний хүүхдийн хамт автомашинд мөргүүлсэн. ...” /1 хх 44-47/,

хохирогч М.У-н “... Өглөө 09 цаг өнгөрч байхад хүү Б.Түвшинбаярын хамт зогсож байтал зүүнээсээ баруун тийшээ чиглэлд нэг автомашин хурдтай ирж яваа харагдсан. Тэгтэл эсрэг урсгалаас нэг машин эргээд ороод ирсэн. Тэгээд л түс тас болоод би ухаан алдсан. ...” /1 хх 52-54/,

иргэний нэхэмжлэгч Т.Б-н “... Би Баянзүрх дүүрэг орох гээд зүүнээсээ баруун тийш чиглэлтэй, өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 38-78 УБП улсын дугаартай автомашинтайгаа явж байтал эсрэг урсгалаас “Тоёота приус” загварын автомашин гэнэт ороод ирсэн. Би тоормос гишгээд гэрлээ анивчуулсан боловч зогсож чадаагүй мөргөсөн. ...” /1 хх 58/,

гэрч Б.Б-н “... Тухайн үед манай нөхөр Ж.Б жолоодож явсан ба Баянзүрх дүүргийн автотээвэр лүү эргэх үйлдэл хийгээд эсрэг урсгал руу орох үед зүүнээсээ баруун тийш явж байсан автомашин баруун талын гол хэсэг рүү хамар хэсгээрээ мөргөсөн. ...” /1 хх 70/,

гэрч У.М-н “... Би нөхөр Б-н хамт “Тоёота приус” загварын 38-78 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн тээврийн оношлогооны төвийн урд замаар зүүнээс баруун чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явж байтал гэнэт нэг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл урдуур орж ирээд мөргөлдсөн. Урдуур орж ирсэн тээврийн хэрэгсэл нь баруунаас зүүн чиглэлд явж байгаад хойшоо буюу манай явж байсан эгнээ рүү гэнэт ороод ирсэн. ...” /1 хх 72/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Т.Б-н биед баруун хөлийн тавхайн өлмийн 1 дүгээр яс, бэлбэрхий үений завь хэлбэрт яс, дөрвөлжин яснуудын ил хугарал, баруун хөлийн шагай, тавхайн хууларсан гүн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 695 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 96-97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Т.Б нь баруун хөлийн шилбэний доод 1/3 тайрагдалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 50% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Т.Б-н биед баруун хөлийн тавхайн өлмийн 1 дүгээр яс, бэлбэрхий үений завь хэлбэрт яс, дөрвөлжин яснуудын ил хугарал, баруун хөлийн шагай, тавхайн хууларсан гүн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас арьс, зөөлөн эд, яс үхэжсэн тул шилбэний доод 1/3-ээр тайрах мэс ажилбар хийгдсэн байна. ...” гэсэн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 116-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.У-н биед зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 718 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 123-124/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “... “Тоёота приус” загварын 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. “Тоёота приус” загварын 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Т.Б, М.У нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн 33 дугаартай дүгнэлт /1 хх 135-136/,

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /1 хх 4-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15/, хохирогч Т.Б-н өвчний түүхийн хуулбар /1 хх 100-114/, “Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 140, 147/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасныг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Б-н үйлдлийн улмаас хохирогч Т.Б-н биед баруун хөлийн шилбэний доод 1/3 тайрагдалт буюу эд эрхтэнээсээ хагацаж, хүнд хор уршиг учирсан боловч шүүгдэгч нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй гэснийг болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлснийг, мөн Ж.Б нь хохирогч нарт цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүх харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар шийдвэрлээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргахдаа хуулийн зарим заалтыг хэрэглэлгүйгээр орхигдуулсан байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгуудаас үзэхэд, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тохиолдолд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагын талаар шүүгдэгчид заавал мэдэгдэх, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолох зэргээр заавал шийтгэх тогтоолд дурдах хуулийн зохицуулалтууд юм.  

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Харин, дээд шатны прокурорын эсэргүүцлээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг орхигдуулсан, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхдээ хэдий хугацаанд уг үүргийг хүлээлгэсэн болохыг шийдвэрлээгүй” гэх хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “... жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ...” гэсэн 33 дугаартай дүгнэлт /1 хх 135-136/ авагдсан байхад прокурор яллах дүгнэлт болон анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, ...” гэж уг дүрмийн зүйл, заалтыг дутуу бичиж орхигдуулсныг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болно.