Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/319

 

 

 

 

 

 

2024         03         26                                         2024/ШЦТ/319

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0245/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Мд холбогдох 2306 03083 0018 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, .............., Баянзүрх дүүргийн .........., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Эын М /РД: /.

Хэргийн товч агуулга:     

Э.М нь ....... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Оийн биеийн дээд, дунд, доод хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М өгсөн мэдүүлэгтээ: “... Гэр бүлээ цуцлуулсан байгаа. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн боловч хүүхдүүд над дээр байдаг. Би хүүхдүүдээ  цэцэрлэг, сургуулиас авах асуудал дээр ээж нь боломжгүй тул над дээр байж, дунд хүү ирж очиж байдаг. Том хүү ээж дээрээ байдаг. Би сургууль цэцэрлэгт зөөдөг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөч байна. Сайхан эцгийнхээ  нэрийг ийм зүйлд гаргаж байгаад, 20 жилийн амьдралаа сүйрүүлсэндээ, тэр үед гэртээ орохгүй гадаа хоноогүйдээ харамсаж байна. Жаахан охин минь ээжээсээ зөвшөөрөл авч аавыгаа тэвэрч байгаад харамсаж байна. Энэ хэргээс болж ажилгүй болсон. 16, 17 жил Монгол улсын нэрийг дэлхийд аавынхаа нэртэй хамт цоллуулж явсан хүн ийм байдалд байгаад харамсаж байна. Харамсаж байна. Амьдралаа 20 жил нойр хоолгүй зүтгэсэн амьдралаа сүйрүүлээд ингээд зогсож байгаад харамсаж байна. Аав ээж 4 хүүхэд байгаа тул даваад гарах байх...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.09/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 192 дугаар байрны 18 тоотод 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ 4 хүүхдийн хамт унтаж байсан. Тэгтэл манай нөхөр Э.М гэртээ ирсэн. Өмнө нь манай нөхөр над руу “би чамайг хүсээд байна” гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би “ха ха” гэсэн эможи дарсан, өмнө нь намайг юм бичихээр манай нөхөр “ха ха” гэсэн эможи дараад байдаг байхаар нь тэрийг өөрт нь мэдрүүлэх гээд дарсан. Ингээд бид хоёрын дунд маргаан үүсээд хэрүүл эхэлсэн. Нөхөр орой нь гэртээ ирээд намайг тусдаа ор заслаа, миний дэрийг өөрөөсөө хол тавьсан байна гээд уурлаад байсан. Ингээд намайг хэвтэж байхад манай нөхөр Э.М орон дээрээ суучхаад хөлийнхөө ул хэсгээрээ нуруу, хөл бөгс рүү өшиглөөд жийгээд байсан. Би орноосоо унах гээд байхаар нь өндийж босож ирээд нөхөртөө хандаад орноосоо уналаа гэсэн. Тэгсэн нөхөр Э.М унахгүй юу гээд уурласан. Тэгэхээр нь би хөнжилдөө ороод унтсан. Тэгтэл миний дээрээс дараад гараараа эрүү хэсэг рүү дарсан. Тэгэхээр нь би Э.Мийн хоёр хацар луу 2-3 удаа ээлжлээд алгадсан. Тэгтэл Э.М хөнжлийн гаднаас гуя, бөгс, нуруу гарын шуу хэсэг рүү цохиод байсан. Ингээд ноцолдож байхад хөнжил ярагдаад миний гуя, бөгс, нуруу гарын шуу хэсэг рүү үргэлжлүүлээд Э.М цохиж байсан. Ингээд би хөл, гар өвдөөд уйлсан. Тэгсэн Э.М гэрлээ асаагаад босож ирээд миний биеийн хөхөрсөн азарт хавдар бууруулдаг гель түрхэж өгнө гэхээр нь би Э.Мийг өөртөө ойртуулаагүй. Ингээд намайг цаашаа хараад хэвт гээд хөлөөрөө нуруу луу бөгс болон нуруу луу жийхээр нь би цаашаа хараад унтсан. Намайг үүрд тэгж унтаарай гээд хөл гар нуруу луу цохисон. Ингээд би “болиоч ёо ёо” гээд хэлэх болгонд цохиод байхаар нь би дуугүй болсон чинь цохихоо больсон. Ингээд маргааш нь миний бие өвдөөд, халуураад байсан тул цагдаагийн хандаж чадаагүй. Өнөөдөр ажлаа тараад цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна... Миний зүүн болон баруун гуяны гадна хэсэг нэлэнхийдээ хавдсан. Зүүн гуяны гадна хэсэгт хөхөрсөн, зүүн гарын гадна булчин хэсэгтээ хөхөрсөн, зүүн гарын шууны гадна хэсэг хөхөрч хавдсан, зүүн гарын бугалгын хойд хэсэгт шалбарсан, зүүн гарын алганы ар хэсэг хөхөрсөн, эрүүний зүүн доод хэсэгт хөхөрсөн, амны дотор завж язарсан, баруун суганы хойд хэсэгт хөхөрсөн гэмтлүүд учирсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... миний зүгээс одоо гомдолтой байгаа бөгөөд энэ асуудал гэхдээ битгий хүндээр шийдэгдээсэй гэж бодож байна. Учир нь энэ хүн миний 4-н хүүхдийн аав учраас аль болох хөнгөн шийдэгдээсэй гэж бодож байна. Бид хоёр одоо шүүхээр ороод албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад салж байгаа...гэх мэдүүлэг /хх.22-23, 29/,  

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.Долгормаагийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7071 дугаартай:

“1. Б.Оийн биед эрүү, баруун, зүүн бугалга, баруун суга, цээж, баруун шуу, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуянд цус хуралт, завжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.40-41/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.53-56/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.57-58/,

Шүүгдэгчийг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.64-162/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Ш.Цэцэгмаа, Т.Амартүвшин, Б.Ариунзул нарын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт /хх.145-146/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Э.Мийн гаргасан хүсэлт /хх.160/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Б.Оийн гаргасан хүсэлт /хх.163/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.164/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.О нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Мийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Мийн ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Эын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР