Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

2024      01          12                                          2024/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч М.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-гийн И-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Б аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт М-гийн И- /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.И- нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод байрлах хохирогч Б.О-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу модон амбаарт хаалгыг нь эвдлэн орж, 15 кг үхрийн махны хатаасан борц, 1,5 кг шар тос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,095,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-шүүгдэгч М.И- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан... Шар тос байсан би авсан. Харин тосыг хаясан юм уу мэдэхгүй санахгүй байгаа юм... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.О-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоот хаягтай өөрийн эзэмшлийн хашаан дотор байрлах модон амбаар дотор хатаах гээд өлгөсөн байсан 15 кг үхрийн махан борцыг авах гээд очиход амбаарын хаалганы төмрийг эвдлэн онгойлгосон байдалтай байсан бөгөөд дотор нь байсан 500 граммын 3 шилтэй буюу нийт 1,5 кг шар тос, уяа татаж 4 эгнээнд өлгөсөн байсан нийт 15 кг үхрийн махан борц тус тус алга болсон байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай амбаарын хаалга модон рамтай, раман дээр нь дээврийн нимгэн төмөр шүрүүпдэж тогтоосон байсан бөгөөд шүрүүпийг нь тайлж хаалгыг эвдэлсэн байсан, цоож нь эвдрээгүй зүгээр цоожтойгоо байж байсан. Тэгээд та нарыг ирэхээс өмнө төмрийг дахин шүрүүпдэж тогтоосон. Үхрийн 15 кг борцны эх үүсвэр нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Орхон аймгийн Таван-Эрдэнэ махны захаас 1 кг үхрийн махыг 8,800 төгрөгөд бодож нийт 920,000 төгрөгөнд үхрийн мах авахад нийт 104.5 кг болж байсан. Манай гэр бүл жил бүр идэшнийхээ үеэр 1,000,000 орчим төгрөгөнд үхрийн мах авч борц болгож өдийд борцоо жинлэн үзэхэд 15 кг болон түүнээс дээш болсон байдаг, тийм болохоор 15 кг байсан гэж мэдэж байгаа юм... Би 0 багийн 0-0 тоот хаягтай хашаандаа очоогүй удаж байна. Харин манай ээж Х.О- 2023 оны 05 дугаар сарын 05- ны өдөр оройн цагаар 0 багийн 0-0 тоот хаягтай хашаан дотор байх модон амбаарт очиж миний пүүзийг авахад хэвийн зүгээр байсан гэсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

-Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед дэлгүүр орчихоод эргээд найз Т-гийн гэр лүү Эрдэнэ багийн 226 дугаар гудмаар явж байтал М.И- намайг чи явж бай, би араас чинь яваад очно гэж хэлээд гудманд үлдсэн. Тэгээд удалгүй араас цагаан шуудай дүүрэн борц авч ирсэнээ надад гэрээсээ аваад ирлээ, зараад архи авч ууя гэж хэлсэн... Би мэдээгүй гэрээсээ авч ирлээ л гэж байсан. Тэгээд өдөр цагдаа ирэхээр нь би М.И- борцыг хулгайлаад авчихсан юм байна гэж бодсон... М.И- нь нээх удаагүй, 10-15 минут болсон байх. Айл байхгүй, амбаартай айл байсан, амбаараас нь борцыг нь авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/,

 

-Гэрч Д.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би архи уугаад тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө намайг М.И- дуудаад хоол ид гэж хэлсэн. Би дотор муухайраад байсан болохоор идэхгүй гэж хэлтэл гоё борцтой хоол хийчихсэн ид гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаанаас юун борц аваад ирсэн юм бэ? гэж М.И-аас асуухад би гэрээсээ авч ирсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд би эргээд унтаад өгсөн... Би мэдэхгүй байна ямар ч байсан гэрт цагаан шуудай дүүрэн борц аваад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,

 

М.И-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Тухайн үед 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байсан. Би тэр үед архи их уудаг байсан. Тэгээд Эрдэнэ багт эхнэрийнх нь нэрийг нь санаж байна О- гэж байсан. Тэдний гэрт түр хамтран амьдарч байсан Б- бид хоёр 2-3 хоног архи ууж амьдарсан. Тухайн өдөр гэрт нь архи ууж байгаад гэрээс нь тухайн байсан айлын ар талын нарын гудманд Б- бид хоёр онгорхой граш дотор нэг шил Сүнчиг гэх нэртэй 0.75 литр архи хувааж уучихаад Б- охиноо дагуулаад очоод байж байя гэж хэлээд түрүүлээд явсан. Тэгээд тухайн архи ууж байсан грашын ар талд нь жижиг модон амбаар байсан очоод үзтэл цоожтой байсан. Хаалгаа шаргал өнгийн дээврийн төмрөөр хадчихсан байхаар нь төмрийг хуултал цаад талдаа хөндий амбаар доторх бүх эд зүйл харагдаж байсан. Тэгэхээр нь би амбаар дотор ороод хартал, том хар зурагт, үүдэн хэсэгт борц нь өлгөөтэй байхаар нь амбаар дотор байсан 25кг шуудай дотор бүгдийг нь чихэж хийгээд, цаасан хайрцаган дотор байсан 3 ширхэг барианы шилтэй шар тосыг борцтой хамт аваад гарсан. Тэндээсээ гараад шууд байсан айлдаа очоод борцоор нь хоол хийж идчихээд гэрт байсан нэг шил архиа уучихаад тасраад уначихсан байсан. Шар тосыг нь би сайн санахгүй байгаад байгаа юм. Ямар ч байсан аваад гарсан. Замдаа унагачихсан байж магадгүй... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Би уг гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг барагдуулна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-5х/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-7х/,

 

- “Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ- ОРХ/6730 дугаартай “дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1,095,000 /нэг сая ерин таван мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 19-22х/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.И-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...М.И- нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод байрлах хохирогч Б.О-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу модон амбаарт хаалгыг нь эвдлэн орж, 15 кг үхрийн борц, 1,5 кг шар тос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,095,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.И-ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.О-ийн “...Би өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоот хаягтай өөрийн эзэмшлийн хашаан дотор байрлах модон амбаар дотор хатаах гээд өлгөсөн байсан 15 кг үхрийн махан борцыг авах гээд очиход амбаарын хаалганы төмрийг эвдлэн онгойлгосон байдалтай байсан бөгөөд дотор нь байсан 500 граммын 3 шилтэй буюу нийт 1,5 кг шар тос, уяа татаж 4 эгнээнд өлгөсөн байсан нийт 15 кг үхрийн махан борц тус тус алга болсон байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандах болсон...манай ээж Х.О- 2023 оны 05 дугаар сарын 05- ны өдөр оройн цагаар 0 багийн 0-0 тоот хаягтай хашаан дотор байх модон амбаарт очиж миний пүүзийг авахад хэвийн зүгээр байсан гэсэн...”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б-гийн “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед дэлгүүр орчихоод эргээд найз Т-гийн гэр лүү 0 багийн 0 дугаар гудмаар явж байтал М.И- намайг чи явж бай, би араас чинь яваад очино гэж хэлээд гудманд үлдсэн. Тэгээд удалгүй араас цагаан шуудай дүүрэн борц авч ирсэнээ надад гэрээсээ аваад ирлээ, зараад архи авч ууя гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Н-ын “...Би архи уугаад тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө намайг М.И- дуудаад хоол ид гэж хэлсэн. Би дотор муухайраад байсан болохоор идэхгүй гэж хэлтэл гоё борцтой хоол хийчихсэн ид гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаанаас юун борц аваад ирсэн юм бэ? гэж М.И-аас асуухад би гэрээсээ авч ирсэн юм гэж надад хэлсэн... гэрт цагаан шуудай дүүрэн борц аваад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ- ОРХ/6730 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.И- нь тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.И-ыг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод байрлах хохирогч Б.О-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу модон амбаараас 15 кг үхрийн борц, 1,5 кг шар тос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,095,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.И-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Хохирогч Б.О-э нь санал, хүсэлт байхгүй, хохиролоо барагдуулж авсан гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч М.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч: “...Хэргийг минь аль болох хөнгөнөөр шийдэж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

  Шүүгдэгч М.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.И-ы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон  түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч М.И-ыг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчилж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүний цагдан хоригдсон хугацааг тоолгоход өнөөдрийг хүртэл 59 хоног цагдан хоригдсон бөгөөд хуульд зааснаар түүний энэ хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн  иргэний бичиг баримт хураадаж ирээгүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-гийн И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М-гийн И-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-ы цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч М.И- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ