| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2021/00091/И |
| Дугаар | 131/ШШ2021/00173 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2021/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.И
Хариуцагч; Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “2019 оны 04 сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нийт 14.666.514 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”ийг тус тус хүсэн нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И , хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 оноос хойш СӨБ-ын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Баянхонгор сумын 2-р цэцэрлэгт 1999-2007 он хүртэл багш, 2007-2015 онуудад 3-р цэцэглэгт багш, 2007-2015 онуудад цэцэрлэгт багш, арга зүйч, 2015 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор сумын 5-р цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад хууль бус ажлаас чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 тоот, давж заалдах шатны 221/МА2019/0278, дээд шатны шүүхийн 263 тогтоолоор 2021 оны 01 сарын 05-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Миний бие 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан хугацааны цалин 3.014.476 төгрөгийг буцаан авсан. 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор сумын 3-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Миний нэг сарын цалин 1.240.670 төгрөг, нийт 9 сар 2 хоногийн мөнгө 11.077.278 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 3-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан хугацааны буюу 12 сарын цалингийн зөрүү 3.589.236 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3-р цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү 3.589.236 төгрөг, нийт 14.666.514 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээр 2018 оны 11 сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож, ажилдаа 2021 оны 01 сарын 05-ны өдрийн Б/02 дугаар Баянхонгор сумын засаг даргын захирамжаар буцаан томилогдсон. 2019 оны 04 сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан энэ хугацаанаас 2021 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан 9 сар 2 хоногийн цалин 11.077.278 төгрөг нэхэмжилсэн. Энэ тооцоог гаргахдаа хамгийн сүүлийн байдлаар мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор батлагдсан ТҮБД-ийн 5.5 буюу 964.899 төгрөг, үүнд ногдох төрийн албан хаасан хугацааны болон мэргэжлийн зэргийн, үр дүнгийн урамшуулал зэргийн нэмэгдлүүлдийг тооцон гаргасан. Мөн ажилгүй байх хугацаандаа 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багш хийж байсан тул багшаар ажиллаж байсан цалингийн зөрүүг мөн дээрх байдлаар тооцон нэхэмжилсэн. Намайг 2018 оны 11 сард ажлаас халагдах үед төрийн алба хаагчийн цалин нэмэгдээгүй байсан. Тэр үед миний үндсэн цалин 704472 төгрөг байсан. Тэр үеийн үндсэн цалин, түүний нэмэгдлүүдийн талаар баримтаа би гаргаж өгөөгүй. Нөхөн бүрдүүлж чадаагүй юм. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүх 2019 оны 05 сард хэргийг эцэслэн шийдвэрлэж миний биеийг ажилд эгүүлэн томилохыг даалгасан боловч аймгийн засаг дарга нь ажилд буцаан томилохгүй байсаар өдийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа явуулдаг боловч хүлээлгэсээр байгаад ийм байдалд хүргэсэн. Миний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И нь ажилгүй байсан хугацааны цалин болох 11.077.278 сая төгрөг, Баянхонгор сумын 3 цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү болох 3.589.236 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Б.И нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар бүлгийн багшаар түр томилогдон ажиллаж 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2- заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно..гэж заасан. Б.И нь ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан тул ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг олгох боломжгүй байна. Учир нь 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа эрхлэгчийн цалинтай тэнцэх хэмжээний цалинг авч ажилладаг байсан нь 3 дугаар цэцэрлэгийн цалингийн тооцооны картнаас харах боломжтой байна. Иймд Б.И гийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 3 дугаар цэцэрлэгийн багшаар томилогдох хүртэл хугацааны цалин нэхэмжилсэн гэж ойлгосон. Б.И нь 3 дугаар цэцэрлэгийн башаар ажиллаж байхдаа 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байснаас өндөр цалин авч байсан тул цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй юм. Шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдох хугацаа яагаад удааширсныг би мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацааны цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна... гэв. Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “2019 оны 04 сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нийт 14.666.514 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”ийг тус тус хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нийт 14.666.514 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”ийг тус тус хүсэн, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Б.И нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болох нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр тогтоогдсон бол Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн Б/02 тоот захирамжаар мөн өдрөөс эхлэн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлэх, шаардах эрхтэй байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Журмын 7 дугаар зүйлийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ......... ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсэн бол 5 дугаар зүйлд ..Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно..гэжээ. Б.И нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ буюу Баянхонгор аймгийн засаг даргын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр тушаалаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртлээ 2018 оны 05-07 саруудад 704472+755078+755078=2214628 /дундаж цалин/ 2.214.628:3=738.209 төгрөг 738.209:20 /сарын дундаж ажлын хоног/=36.910 /нэг өдрийн цалин/ цалинтай байсан гэж тодорхойлогдож байна. Улмаар 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл буюу Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдох хүртэл ажлын 113 хоног, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 сарын 31 ний өдрийн б/24 дүгээр тушаалаар Б.И нь бүлгийн багшийн ажлаас чөлөөлөгдөж 2021 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ажлын 89 хоног нийт ажлын 202 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Иймд Б.И гийн ажилгүй байсан хугацааны ажлын 202 хоногийг нэг өдрийн цалин 36910 төгрөгөөр тооцон 7.455.820 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин нэхэмжлэгч нь 2019 оны 09 сард Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдон ажиллахдаа ТҮБД-ийн 4-4 шатлал буюу 820631 төгрөгөөр цалинжиж байсан, урьд Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн цалингаас илүү цалин авч байсан тул цалингийн зөрүү 3.589.236 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно..гэжээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.И гийн ажилгүй байсан хугацаан цалин, олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7.210.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргаас 7.455.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И д олгож, цалин, олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаар нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна..гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 134243 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.455.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.210.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Б.И д олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.455.820 төгрөгт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 134.243 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ