Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/369

 

 

 

 

 

  2024         04          08                                         2024/ШЦТ/369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эд холбогдох 2306 05540 0542 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .. дүгээр сарын ........-ны өдөр ...........аймгийн Айраг суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч болон түүний хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ...............тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЭ /РД: /.

 

Хэргийн товч агуулга:

          Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкын арын төв зам дагуу таксинаас буухдаа мартаж буусан хохирогч И.Ундрах-Эрдэнийн эзэмшлийн Самсунг Галакси А54 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсаны улмаас 1.449.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкын арын төв зам дагуу таксинаас буухдаа мартаж буусан хохирогч И.Ундрах-Эрдэнийн эзэмшлийн Самсунг Галакси А54 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсаны улмаас 1.449.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Ундрах-Эрдэнийн өгсөн: “... би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ленин музейн урд байрлах "Sain computers" ХХК-с Самсунг Галакси А54 загварын гар утас лизингээр аваад 17 цаг 50 минутын үед тэндээс гараад талбайн ертөнцийн зүгээр зүүн талаар хойд зүг рүү алхаж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо явж байгаад таксинд гар өргөхөд нэг цайвар өнгийн суудлын машин зогссон ба тус автомашины жолооч нь 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Би түүнд хандан “Дарь-Эх орох гэсэн юм, миний rap утасны цэнэг дууссан байна, машинд чинь утсаа цэнэглэж байгаад мөнгө шилжүүлье” гэж хэлэхэд тухайн автомашины жолооч “за яах вэ, би Цайз-16 орно, зам дагуу юм байна, чи И-мартын урд буучих” гэж хэлээд намайг суулгасан. Тэгээд би тухайн автомашины арын суудалд суусан ба жолооч надад урдаасаа цэнэглэгчээ сунгаад өгөхөөр нь би өөрийн гар утсаа цэнэглэгчид залгаад голын хайрцаг дээр тавьсан. Тэгээд явж байгаад жолооч “зам түгжрэлтэй байна, чи Дарь-Эхийн уулзвар дээр бууж болох юм уу” гэхээр нь би болно гэж хэлсэн. Тэгтэл миний гар утсанд дуудлага ирэхээр нь би гар утсаа аваад ярьж байсан ба тухайн үед Дарь-Эхийн уулзвар ертөнцийн зүгээр зүүн тал руу нэвтрээд Сансарын колонк тал руу бага зэрэг яваад замын ховил дээр ирээд зогссон. Тухайн үед би гар утсаа салгалгүй ярьж байгаад жолоочид баярлалаа гэж хэлээд машинаас буусан ба би буугаад Дарь-Эхийн уулзвар тал руу явж байгаад гэнэт шинээр авсан Самсунг Галакси А54 загварын гар утсаа арын суудал дээр мартаж бууснаа мэдээд эргээд тухайн автомашины араас Эвтэй 4 амьтны тойрог хүртэл гүйж хайсан боловч олоогүй. Тухайн үед замын түгжрэл гайгүй байсан болохоор тэр машин яваад өгсөн байсан. Тухайн гар утсыг би өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Sain computer" ХХК-с 1.549.900 төгрөгөөр лизингээр худалдаж аваад явж байсан. Ягаан өнгийн Самсунг Галакси А54 загварын гар утас байсан ба цоо шинээрээ хайрцагтай нь авч явж байгаад таксинд мартаж буусан. Imei код 1 нь 352350273599731, Imei код 2 нь 353435663599737 гэсэн дугаартай rap утас...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нарантунгалагийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр UB кaб дуудаад такси хүргэлт үйлчилгээгээр нь гар утас Jetro хүнсний дэлгүүр лүү гар утас хүргүүлсэн. Тэгсэн миний rap утас хүргүүлсэн такси үйлчилгээний ах надаас “rap утас худалдан авдаг уу” гэхээр нь “шинэ гар утас бол худалдаж авч болно” гэж хэлсэн. Удалгүй миний хүргэлт хийлгэсэн ах миний ажил дээр хүрч ирээд “надад мөнгөний хэрэг гараад байна, Самсунг А54 загварын гар утсаа зармаар байна аа” гэхээр би 750.000 төгрөгөөр худалдаж авна гэхэд надад болно оо гээд гар утсаа зарсан. Би өөрийнхөө Хаан банкны 5039106756 дугаартай данснаасаа тухайн хүний хаан банкны 5376073940 дугаарын данс руу шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 950.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Танихгүй, би гар утас худалдаж авсан хүнийхээ мэдээллийг тэмдэглэж авдаг. Надад А54 загварын гар утас зарсан хүн Бат-Очрын Э, гар утасны дугаар нь 80445710 гэсэн дугаартай, 40 гаран насны, эрэгтэй, шар царайтай, дунд зэргийн махтай, 172 см орчим өндөртэй, 6535 УНЭ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтуулын өгсөн: “Би ашиглаж байгаа энэ А54 загварын гар утсыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди гар утас худалдааны төвийн 2 давхрын 86 павильоноос хайрцаг савтай нь шинэ гар утас гэхээр нь баталгааны хуудастай нь 950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Түүнээс хойш одоог хүртэл ашиглаж байна. Би бэлнээр тооцоогоо хийсэн. Худалдан авсан гар утасны баталгааны хуудас болон хайрцаг сав нь байгаа. Таньдаггүй хүнээс гар утсаа худалдан авсан, эмэгтэй хүн байсан. Танихгүй, тухайн үед А54 загварын гар утасны өнгө нь таалагдаад нэг эмэгтэйгээс худалдан авч байсан, одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /хх.22-24/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.25-26/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.29-30/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.32-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “... гар утсыг нь олоод худалдан борлуулсандаа гэмшиж байна, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.65-66/,

Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх46-55/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.59-61/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.63-64/,

Хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.31/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.74/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.77-78/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь хохиролд 750.000 төгрөг нөхөн төлсөн, гомдол саналгүй, хохирогч И.Ундрах-Эрдэнэ нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хүссэн, энэ талаар улсын яллагч татгалзах зүйлгүй гэсэн тул прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгчийг прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. БЭг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 750.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Ундрах-Эрдэнэ нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР