| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0035/Э |
| Дугаар | 2024ШЦТ/32 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024ШЦТ/32
2024 01 17 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч А.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л-ид холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “аа” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт А-гийн Л- /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А-тай "ажлын газрын хүнийг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр болон цээжин тус газарт нь гараараа удаа дараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, дээд уруулд цус хуралттай, зулгаралт, хүзүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч А.Л- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 400,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын газрын шинэ жил болоод орой нь нэлээн согтчихоод найз Л-ийн хамт ажлынхаа шинэ жилээс гарч явсан. Тэгээд бид хоёр 1 дүгээр микрийн нэг байрны гадаа жоохон хэрүүл маргаан болоод Л- миний хүзүүг боож газар унагаагаад нүүрэн тус газар болон бие, цээж рүү, хөл рүү гараараа олон удаа цохиж зодсон. Тэгээд би босож ирсэн чинь миний амнаас цус гарчихсан байхаар нь амаа барьтал миний нэг шүд уначихсан байсан. Тэгээд би тухайн өдрийнхөө шөнө нь цагдаагийн байгууллагад очиж өргөдөл гаргасан. Тухайн үед би бас нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон хэргийн талаар нэг санаад, мартаад байна... Тухайн хэрэг гардаг өдөр Л- бид 2 хамт байсан. Тухайн өдөр бид хоёр хоёулаа нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан... Анх би ажлынхаа газрын хүүхэнтэй ажлаас болж маргалдаж байтал Л- өмөөрөөд байсан. Тэгээд л Л- уурласан уурандаа намайг цохиж зодсон байх... Миний биед Л- гэмтэл учруулсан...Би шүдээ Л-оор хийлгэж, эмчилгээний мөнгө төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8х/,
-Гэрч Э.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр манай компанийн шинэ жил Дээдэс төвд болсон. Тэгээд шинэ жилээ тараад явах гэж байтал А- шууд намайг муу, гичий янхан минь гэж хэлээд заамдаж авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс нь бас заамдалцаад гадаа гарсан. Тэгээд бид хоёрын хойноос Л- гарч ирээд А-д хандан чи миний эгчийг юундаа доромжлоод дайраад байгаа юм бэ гэж хэлээд А-г заамдаж аваад цаашаагаа хамт яваад өгөхөөр нь би буцаад орсон. Тэгээд цаашаа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна... Уг нь бид 2 ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй тухайн өдөр яагаад намайг хэл амаар доромжилсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн архи согтууруулах ундаа уучихсан байсан... Миний санаж байгаагаар 1 дүгээр микрт л болсон байх. Тухайн хэрэг болох үед Л-, А- хоёр л байсан. Учир нь тэр 2 заамдалцаад цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,
- Гэрч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай нөхөр хэлэхдээ байгуулагын шинэ жилдээ орж байгаад ажлынхаа ахын шүдийг цохиж унагаасан гэж ярьж байсан. Тэрнээс цааш би мэдэхгүй... Манай нөхөр ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй, ханьдаа болон үр хүүхэддээ халамжтай, ганц амьдралаа авч яваа хүн. Уг нь манай нөхөр нээх их архи уугаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/,
- А.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ажлынхаа газрын ах Б.А-г цохиж зодсондоо маш их харамсаж байна. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай:
1. Б.А-гийн биед 1 шүдний булгарал, дээд уруулд цус хуралттай, зулгаралт, хүзүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18х/,
-Шүүгдэгч А.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ний шөнийн 23 цагийн орчим Б.А-тай “ажлын газрын хүнийг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр болон цээжин тус газарт нь гараараа удаа дараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, дээд уруулд цус хуралттай, зулгаралт, хүзүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, хэвлийд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч А.Л- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт А-гийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-гийн Л-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-ид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч шүүхээс тогтоосон уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ