| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
2024 02 28 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгор овогт Н.Гт холбогдох эрүүгийн 2311 00000 1736 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хонгор овогт Н.Г, регистрийн дугаар ШУ88012536,
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Урт цагаан худалдааны төвд дархан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................................................ сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан төвд иргэн О.Д маргалдаж улмаар архины шилээр гарыг нь зүсэж, зүүн шуунд шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ...” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Д “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз Очироотой хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан худалдаан төвд Очироогийн найз нь гэх залуугийн ажиллуулдаг газарт ирсэн. Дөрвүүлээ хамт юм яриад пиво ууцгаасан ба үл ойлголцол болох шиг болсон, миний санаж байгаагаар намайг цохих шиг болсон, би өөрийн толгойгоо хамгаалж байсан, нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Гэрч Х.Бум-Очирын “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан худалдааны төвд алт мөнгөний дархан хийдэг найз Ганбаярын ажил дээр Давааням, Хуягаа нарын хамт архи хувааж уугаад юм яриад сууж байтал Давааням, Ганбаяртай маргалдаж байгаад больцгоосон. Ганбаяр Даваанямыг ууж чадахгүй бол болио гэж хэлээд маргалдахаа больсон. Тэгсэн жаахан байж байгаад Ганбаяр болон Давааням хоёр нь дахин маргалдаж байгаад Давааням Ганбаяраас уучлал гуйгаад Ганбаяр очоод гар барьтал Давааням нь Ганбаярыг тохойлдсоноос болж зодоон эхэлсэн. Миний бие Даваанямыг барьж аваад байж байтал Ганбаяр шил хагалаад Даваанямыг цохих шиг болсон, би Даваанямыг тэвэрсэн байсан болохоор Ганбаярыг яаж цохиж байгааг анзаараагүй, гэнэт Даваанямын гараас цус гараад эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 14117 тоот дүгнэлтэд: “О.Д биед зүүн шуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Шүүгдэгч Н.Гын “...Би 2008 оноос хойш Чингэлтэй дүүргийн 3-р хороо Урт цагаан худалдааны төвд алт мөнгөний дарханаар ажиллаж байна. 2023 оны 11-р сарын 04-ний өдөр би ажил дээрээ байхад 21 цагийн үед манай найз Бум-Очир өөрийн найз Даваанямтай хамт манай ажил дээр ирсэн. Алтанхуяг гэх манай хажуугийн корпуст суудаг залуугийн өрөөнд ороод бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Давааням, Бум-Очир ирэхдээ архи уучихсан нэлээн согтуу байсан. Давааням над руу томроод янз бүрийн юм яриад, надтай маргалдаад ширээний эсрэг талд зогсож байснаа миний хажууд ирж зогсоод миний эрүү рүү тохойгоороо цохисон би 30 орчим секунд ухаан алдаад сэргээд уурлаад ширээний хажууд хагарсан байсан архины шилний хэлтэрхийг аваад Даваанямын гарын шуу хэсэг рүү 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан төвд иргэн О.Д маргалдаж улмаар архины шилээр гарыг нь зүсэж, зүүн шуунд шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/, гэрч Х.Бум-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 14117 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г нь хохирогчтой маргалдсаны улмаас түүний биед зүүн шуунд шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Н.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...зүс таних Ганбаяр хүн зодуулсан. Тухайн асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонгор овогт Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ