Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 38

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Хохирогч Т.Э

Гэрч Ж.А

нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О, Н.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

А.О

Н.Б

Шүүгдэгч А.О, Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ... гэх газарт иргэн Т.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Мөн шүүгдэгч А.О, Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ... гэх газарт иргэн Т.Эын гэрийн 8 ширхэг унь, 1 ширхэг гэрийн хаалгыг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Э гэдэг хүнтэй 1983 оноос найз нөхөд явсан. Миний амьдралыг яагаад ингэж сүйрүүлж байгааг би гайхаж байна. Намайг 15 настай өвчтэй хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэхэд ард манай мал ямар байдалтай үлддэг гэдгийг мэдсээр байж ийм байдалд хүргэж байгаа нь харамсалтай байна. Би Эт ял авах хэмжээний их гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Би 5 ширхэг унь хугалсан нь үнэн. 2 ширхэг унийг Эыг өшиглөх үедээ гэрийн уньнаас татахад, босгоны 1 унийг татах үед хугарсан, бусад нь газар унасан үед нь гишгэгдсэн. Б унь хугалаагүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой Эынд очиод хаалгыг нь тогшиход Э намайг Огийн тагнуул мөн үү гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Би тэгэхээр нь Эт чи ганц бие ядарсан хүнийг дээрлэхлээ гэтэл О энэ муусайныг алаад өгье гээд босоод ирэхээр нь түлхээд унагасан эргэж босохдоо гурлын ганжин аваад миний бөөрөн дундуур цохьсон, дахиад цохих гэхээр нь би алгадасан нэмж өөр үйлдэл хийгээгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Унтаж байхад энэ хоёр ирсэн босоод очихын амжилгүй хаалга чанга балбаад байсан. Тэгээд босч очиод үүдээ нээгээд харанхуй шөнө юу хийж явж байгаа юм бэ гэхэд яасан ч яадгийн гээд Б намайг 2 алгадсан, нэг унь хугалж цохисон О намайг үсдэж дараад нүүр рүү цохьсон зөрж орж ирээд цохиод байсан. Дээр зайдалж суучихаад нүүр лүү алгадаад байсан, тун арга ядвал Аг ав гэж хэлж байсан. А эхнэрээсээ аль 7 сард салсан гэж хэлсэн. Б эхэлж орж ирээд намайг 3 удаа алгадсан нэг удаа унь хугалж цохьсон. Мөн Б нэг удаа толгой руу цохьсон. Гэрийн хаалга засаж янзалсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй ээ. Надад хохирол гэж 200.000 төгрөг өгсөн би гурлын ганжингаар Бг нэг цохьсон. 10 унь хугарсан энэ хоёр л хугалсан. Агийн хувцсыг аваачиж хаядаг нь миний буруу байсан. Эд нарын дарамтанд байхаар амиа хорлоё гэж бодож хутга авах гэж боссон. Б намайг эгч гэж огт хүндэлдэггүй гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Отай гэр бүл байсан. Одоо Этай нэг гэр бүл болох санаатай хамтран амьдарч байгаа. Тэр өдөр Б О 2 шөнө 23 цаг өнгөрч байхад архи уучихсан ирсэн. Орж ирээд Б хүн шиг амьдарч чадсангүй гээд Эыг алгадсан. Б Ог миний мэдэх 3 удаа алгадсан, нэг удаа унагаасан. О Э хоёр үсдэлцээд хоорондоо зууралдаад байсныг нь би салгасан. Тэгээд хүүхэд уйлаад байхаар нь би аваад гарсан. Гэрийн хаалгыг хэн эвдсэнийг мэдэхгүй ямар ч байсан 8 унь хугарсан байсан гадаа хаалгыг униар тэвхдсэн байсан. Эын хувьд өөрийгөөө ална гээд халбага сэрээний саванд ил эвхээтэй байсан хутгыг авах гэхээр нь би түрүүлж хутгыг нь авсан. Э Бг алгадсаны дараа ханын хөндийгөөс гурлын ганжин авсан. Ер нь энэ зодоон 1 цаг 30 минут үргэлжилсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.11.11-ний орой өөрийн гэр болох ... т гэх газар гэртээ А, хүүхэд Огийн хамт унтаж байсан. Тэгсэн 23 цаг өнгөрч байхад О, Б хоёр мотоцикльтой ирж хаалга хүчтэй цохисон. Тэгээд тухайн үед “хэн бэ” гэхэд “хэн ч байсан яадаг юм хаалгаа онгойлго” гэсэн. Би хаалгаа онгойлгож өгөхөд Б, О нар манай гэрт орж ирсэн. Тэгээд би яах гэж яваа юм шөнө орой болсон хойно гэхэд яасан ч яадаг юм гээд намайг Б нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Би Бг чи намайг яалаа гэж цохиж байгаа юм гэхэд дуугүй байж бай гээд дахиад нэг удаа нүүрэн тус газар алгадсан. Тэгсэн чинь О хажуу талаас нь “наад муугаа ал” гээд намайг үсдэж авсан. Би Бг “чи энэ Огийн өмнөөс зодоод байгаа юм уу” гэхэд “энэ хүнтэй хамаатай болсон” гэж Б надад хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд А босч ирээд дундуур боль гэж хэлэхэд Б хоёуланг чинь алаад хаячихна шүү гээд Аг хорихыг нь болиулсан. Харин тэр хооронд нь намайг үсдэж байгаад миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Ог зөрүүлж үсдэж авсан. Тэгсэн Б чи Ог үсддэг хэн юм гээд миний гарыг тавиулж байгаад миний нүүр лүү нэг алгадсан. Тэгээд Б гэрийн унь хугалж байгаад миний толгой дундуур цохиж авсан. Тэр үед А Ог хориод зогсож байсан. Тэгсэн О цаанаас нь наад муугаа гүйцээчих гээд манай гэрийн унинаас хугалж аваад намайг мөр толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Б О хоёр “гүйцээнэ гаднаас нь шатаана” гээд Б, О хоёр гарч яваад гадна талаас нь хаалга түгжчихсэн. Тэгээд тэр хоёр гарсныхаа дараа хаалга гадна талаас нь хэний нь мэдээгүй нэг нь хаалга цөм өшиглөсөн. Тухайн үед 4-5 удаа өшиглөсөн байх. Тэгээд манай гэрийн хаалга хавтсаараа салсан. ...эргэж Б манай гэрт орж ирээд намайг Б нэг удаа цохиж гэрийн зүүн талаас унь хугалж нэг удаа толгой руу цохисон. Тэгээд О манай гэрт араас орж ирээд унь хугалсан. Тэгээд О тэр униараа намайг миний толгой дундуур нэг удаа цохисон. Тэгээд тухайн үед айхдаа гэрлийн утсыг тас татаад унтраачихсан. Тэгсэн О хүрч ирээд намайг үсдэж байгаад миний цээжин дундуур өвдөглөсөн. Тэгсэн А “наадахаа болиулаач” гэж Бд хэлэхэд “алж л байг яадаг юм” гэж Б хэлсэн. Тэгсэн А Ог ирээд аваад явсан. ...Тэгээд А О хоёр явахаар болсон. ...О нь надтай цуг хамтран амьдарч байгаа Атай урьд нь нэг гэр бүл байсан. ...Тухайн үед тэр хоёроос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Манай гэрийн 8 унь хугарсан мөн гэрийн хаалгыг эвдэж гэмтээсэн. Миний мэдэж байгаагаар Б 3 унь хугалсан, үлдсэн унийг нь О хугалсан байх. Харин гэрийн хаалгыг гаднаас түгжэж байгаад гаднаас нь өшиглөж эвдсэн. ...Би 2009 онд байна уу? 2010 онд Огаас энэ 3 хана мөн гэрийн тооно, 10 унь зэргийг 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би харин хүнээс нэг хана, хаалга зэргийг аваад энэ монгол гэрийг босгож байсан. ...Би одоо нийт 1.350.000 төгрөг нэхэмжилж байна. Миний энэ нэхэмжилсэн зардлыг өгчих юм бол одоо надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй. Надад Б, О хоёр эм тариа эмчилгээний зардал болон хохирлын мөнгө төгрөг гэж бол одоогийн байдлаар өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Агийн мөрдөн байуаалтад өгсөн: “...Би 2016.11,10-ны өдөр хамтран амьдрагч Эын гэрт байж байгаад Хатанбулаг сум 4-р багийн төв дээр адуу бэлтгэл явагдаж байна гэхээр нь эхнэр Огийн гэрт очиж миний нэг ганц адуу байгаа тэрийгээ авах гэж очсон. ...тэр орой 18 цагийн үед Огийн гэрт нь ирсэн. Тэгээд ирэх үед Б байж байсан. ...”би ингэсгээд явна” гээд Од хэлсэн чинь “хувцсаа авч яв” гэж хэлсэн. О “хоёулаа ингэ саачихаад ирье” гээд цуг гарсан. Тэгсэн О ингэ сааж байхдаа “миний хөгшин хоночихоод яв” гэж надад хэлсэн. Би тухайн үед эргэлзэж байгаад гэрлүү орсон. ...гэрт ороод байж байтал Б явлаа гээд гарсан. Тэгсэн О араас нь гарсан. Тэгээд О, Б хоёр юм ярьж байгаад Б гэрээр шагайж “хоёулаа эр хүний хувиар уулзъя” гэж хэлсэн. Би тэгэхээр нь гарч очсон чинь “Б та бүр ирж байгаа юм уу, түр ирж байгаа юм уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “ах нь түр ирсэн. Адуу бэлтгэлд адуу өгчихөөд хазаар бугуйлыг нь авчирч өгч байна” гэж хэлсэн. Тэгээд Б надад “би О эгчид хайртай болсон. Би энэ хүнтэй амьдрах гэж байгаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “тийм бол одоо яахав” дээ миний хоёр хүүхдэд эцэг шиг нь эцэг, ах шиг нь ах болж яваарай” гэж хэлсэн. Тэгсэн Б “чаднаа” л гэж хэлсэн. ...Тэгээд Б гэрлүүгээ явсан. “Би одоо явлаа” гээд тэгсэн чинь “өглөө хувцсыг чинь ялгаж өгье хоночихоод яв” гэж хэлсэн. Тэгээд би тэнд хоносон. ...О өглөө цай уучихаад миний хувцсыг ялгаж өгсөн. ...би хамтран амьдрагч Эын гэрлүү явсан. ...Э намайг “наад хувцсаа яах гэж байгаа юм бэ” гэсэн би тэгэхээр нь О өгч явуулсан юм аа гэж хэлэхэд Э би гуйлгачин хоосон хүн авсан. Тэр чигт нь авна гэж хэлээд хувцсыг аваачиж өгнө гээд миний хувцсыг аваад Огийн гэрлүү явсан. Тэгээд тэр миний хувцсыг Огийн гэрийн зүүн талд байрлах худаг дээр аваачиж хаячихаад ирсэн байсан. ...орой 23 цаг болж байхад Э, Эын 4 настай хүүхэд бид гурав унтаж байхад манай гэрийн гадаа мотоцикль ирсэн. Тэгээд үүдээ гэж хэлсэн. Э тэгсэн чинь Б гэдгийг мэдээд “чи чинь одоо шөнө орой болсон хойно юу хийж явдаг юм бэ” гэж хэлсэн чинь Б “хурдан үүдээ нээ” гэж хэлсэн. ...Э босоод үүд нээж өгсөн. Э тухайн үед Бг шөнө орой архи дарс уучихаад ямар учиртай ингээд байдаг юм. гэхэд миний архи уух танд хамаа байхгүй гэж хэлсэн. ...Тэгсэн Б Эыг алгадаад авсан. Би өмдөө өмсөөд сууж байхад О миний дээгүүр Эыг баруун хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд босоод Ог хориод байж байхад Э Бд “айлын амьдрал чи бид хоёрт ямар хамаатай юм бэ” гэхэд Б “хамаатай болоод явж байна пиздаа минь” гэж хэлсэн. Тэгсэн Б Эыг “чи арчаагүйдээ эр нөхрөө шороон доогуур хийгээ биздээ” гэж хэлсэн. ...Э “яасан бөөрөлхүү улсууд уу ална” гээд гурилын элдүүр авсан. Тэгсэн Б гурилын элдүүрийг нь булааж авсан. Тэгсэн О Эыг эхлээд үсдээд авсан. ...Э зөрүүлээд үсдээд авсан. Би голоор нь ороод салгах гэтэл Б миний куртикны араас татаад “наад хоёр чинь зодолдож байг” гэж хэлсэн. ...Тэгээд Ог салгаад байж байтал Б Этай хэрэлдэж байгаад Эыг дахиад алгадаад авсан. Тэгээд Э “хутга хаа байна би амиа хорлоно” гээд үүдний түмбүүшиг рүү явсан. Тэгээд би очоод Эаас хутгыг нь булаагаад авсан. Би хутгыг нь булаагаад автал О ирээд Эыг үсдээд авсан. ...Э зөрүүлээд үсдээд авсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай дагавар хүү Б айлын хаалга эвдчихсэн та засаад өгөөч гэхээр нь би тэр Э гэх хүний гэрийнх нь модон хаалгыг засаж зүгээр болгосон байгаа” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай: “...Т.Эын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нүрүү хамарсан цус хуралт, зүүн шанаа, баруун чих, баруун алганы ар хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Т.Эын биед учирсан тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хамарсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн шанаа, баруун чих, баруун алганы ар хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт,

Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-ийн 37, 39,41,123,126,/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38, 40, 42,127, /

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70-71/ зэрэг болно.

Шүүгдэгч А.О, Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ... гэх газарт иргэн Т.Эын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Хохирогч Т.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .....Б намайг 2 алгадсан, нэг удаа унь хугалж цохьсон .О намайг үсдэж дараад нүүр рүү цохьсон зөрж орж ирээд цохиод байсан. Дээр зайдалж суучихаад нүүр лүү алгадаад байсан,тун арга ядвал Аг ав гэж хэлж байсан. А эхнэрээсээ аль 7 сард салсан гэж хэлсэн. ...Мөн Б нэг удаа толгой руу цохьсон. Би гурлын ганжингаар Бг нэг цохьсон. 10 унь хугарсан энэ хоёр л хугалсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Б хүн шиг амьдарч чадсангүй гээд Эыг алгадсан. Б Ог миний мэдэх 3 удаа алгадсан, нэг удаа унагаасан. О Э хоёр үсдэлцээд хоорондоо зууралдаад байсныг нь би салгасан. Гэрийн хаалгыг хэн эвдсэнийг мэдэхгүй ямар ч байсан 8 унь хугарсан байсан гадаа хаалгыг униар тэвхдсэн байсан. ...Ер нь энэ зодоон 1 цаг 30 минут үргэлжилсэн ...гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.О, Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ... гэх газарт иргэн Т.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч А.О, Н.Б нар нь бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Шүүгдэгч Н.Б, А.О нар нь гэмт хэрэг үйлдэх тухайгаа хоорондоо урьдаас тодорхой ярьж тохиролцоогүй боловч, хохирогч Т.Эынд очиж түүнийг зодох үедээ шүүгдэгч Н.Б нь үйлдлээрээ уг хэрэгт оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Харин аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ог гэрийн 5 ширхэг унь, гэрийн хаалга, шүүгдэгч Н.Бг гэрийн 3 ширхэг унь хугалж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Н.Б нь хохирогч Т.Эын гэрийн 3 ширхэг унийг хугалсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч А.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би 5 ширхэг унь хугалсан нь үнэн. 2 ширхэг унийг Эыг өшиглөх үедээ гэрийн уньнаас татахад, босгоны 1 унийг татах үед хугарсан, бусад нь газар унасан үед нь гишгэгдсэн. Б унь хугалаагүй” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоолгохоор гаргасан мөрдөн байцаагчийн санал, хавтаст хэргийн 124 дүгээр талд авагдсан Ашид билгүүн ХХК-наас үнэлгээ гаргахаас татгалзсан албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хохирогч Т.Эын гэрийн 8 ширхэг унь хугарсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.О, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.О, Н.Б нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч А.О, Н.Б нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

Т О Г Т О О Х нь:

 

            1.Шүүгдэгч Н.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2 -т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч А.О, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д  заасан бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Ог мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

3.Шүүгдэгч А.О, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар тус бүр 251 цагийн албадан ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  шүүгдэгч А.Ог 2 жил хорих ял  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч А.Од  оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих  ял шийтгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д  зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д  зааснаар  шүүгдэгч Н.Б нь  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд  баривчлах ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О, Н.Б нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            11.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН