Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 112/ШШ2022/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Х.С /***********/

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э, Б.З нарын хооронд үүссэн

 Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/255 дугаар захирамжийн иргэн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.С нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/255 дугаар захирамжийн иргэн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Төлөвлөгөө батлах тухай”  9 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11.4 дэх заалт, аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 01 дүгээр  хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн иргэн Х.Ст  678м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар Баянхайрхан баг Солонго хороололд эзэмшүүлсэн байна.

3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”  тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/470 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлах тухай” захирамж гарсан. Харин 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/593 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа дахин зарлах тухай” захирамж гарч нэхэмжлэгч Х.Стай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ” хийж газрын төлбөр болох 6.602,000 / зургаан сая зургаан зуун хоёр мянга” төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлж, газар эзэмших захирамж гарсан байна.

4. Харин аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/255 дугаартай захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх  хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу тухайн газрыг 2 жилийн хугацаанд  зориулалтын дагуу эзэмшиж,  ашиглаагүй гэдэг үндэслэлээр иргэн  Х.Сын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын маргаан бүхий захиражийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ: аймгийн Засаг даргын захирамжийг ойлгож байна. Гэхдээ 2020 оны 01 дүгээр сард Дэлхий нийтээр /Ковид-19/ коронавируст халдварын цар тахал дэгдэж Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Авто замын болон агаарын замын бүх хилээ хаасан, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог зарлаж Улаанбаатар хотод 97 хүртэл хувьтай хэрэгжүүлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, орон нутгийн чанартай ачаа тээврийг зогсоож, төрийн болон хувийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч, урт хугацаа болон хөрөнгө санхүүжилт их хэмжээгээр шаардах худалдаа үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжгүй байсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дээрх үндэслэлээр үзэхээргүй байна гэдэг.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу тухайн газрыг 2 жилийн хугацаанд  зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэж маргадаг.

7.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цахимаар зарласан Газрын дуудлага худалдаанд оролцож Говь-Алтай аймгийн ******* сум Баянхайрхан баг Солонго хороололын шинэ суурьшлын бүсэд Худалдаа үйлчилгээний зориулалттай 678 м2 газрын дуудлага худалдааны дэнчин 678.000 төгрөг холбогдох дансанд шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр цахимаар явагдаж миний зүгээс анхны үнийн саналыг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж дуудлага худалдааны ялагчаар тодорч, дуудлага худалдааны үнэ болох 7,280,000 төгрөг холбогдох дансанд шилжүүлсэнээр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Засаг даргын захирамжаар .............. нэгж талбарын дугаартай 15 жил эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. 

Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу Газар эзэмшигчийн үүргээ биелүүлж газрын төлбөрийг цаг тухай бүрт нь хоног хугацаа алдалгүй төлж, Говь-Алтай аймгийн Байгаль орчны аялал жуулчлалын газарт хүсэлт гаргаж Газрын ерөнхий үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулж ажилласан.

2020 оны 01 дүгээр сард Дэлхий нийтээр /Ковид-19/ коронавируст халдварын цар тахал дэгдэж Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Авто замын болон агаарын замын бүх хилээ хаасан, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог зарлаж Улаанбаатар хотод 97 хүртэл хувьтай хэрэгжүүлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, орон нутгийн чанартай ачаа тээврийг зогсоож, төрийн болон хувийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч, урт хугацаа болон хөрөнгө санхүүжилт их хэмжээгээр шаардах худалдаа үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжгүй байсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. 8208005137 нэгж талбарын дугаартай 678 м2 газар нь зөвхөн 3 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилга баригдах бөгөөд Орон сууцны барилгатай адил богино хугацаанд худалдан борлуулаад эргээд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй урт хугацаанд ашиг өгдөг төдийгүй тухайн газарт өнөөдрийг хүртэл Орон сууц барилга байгууламж баригдаагүй дээр Худалдаа үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барихад үйлчлүүлэгч худалдан авагч байхгүй зэрэг цаг хугацаанаас хамаарсан хүчин зүйлийн нөлөөлөл их байсан.

Гэтэл Говь-Алтай аймгийн ******* О.А 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамж гаргаж Миний эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан байна.

Зөвхөн Иргэн Х.С миний бие төдийгүй Монгол Улс 2020 оны 1 дүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт улсын хэмжээн 79 хоног, орон нутгийн хэмжээнд 53 хоног өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байж 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шар түвшинд шилжсэн бүтэн 1 жил 3 сар орчмын хүндэтгэн үзэх шалтгаантай байхад үл хайхран иргэний газарт өөрийн эрх мэдлийг ашиглан халдаж байна  гэв.

 

8. Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2019 оны 12 дугаар сард газрын цахим дуудлага худалдаагаар ороод Солонго хороолол буюу шинэ суурьшлын бүсэд 678 м2  талбай бүхий газрыг авсан. 2020 оны 01 дүгээр сард Засаг даргын захирамж гарсан. Засаг даргын захирамж гарснаас 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан. Иймээс газар дээрээ хуульд заасан хугацаанд барилга байгууламж барих боломжгүй байсан учраас өнөөдрийг хүртэл явсан. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Засаг даргын захирамж гараад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байгаа.  Газрын төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж байсан. Байгаль орчин аялал жуулчлалын газраас газрын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгаа. 2020 оны 02 дугаар сард зураг батлуулаад ерөнхий архитектурт байшингийн гаднах байдлыг харуулсан зураг өгсөн. Зургаа үзүүлэхэд 3 газар байгаа. Гурвуулаа адилхан байх ёстой. Тэгэхээр нөгөө хоёр хүнтэй нийлж зураг гаргуулах ёстой гээд миний зургийг буцаасан байгаа. Эскиз зургийг хийлгэхийн тулд нэлээд өндөр өртөгтэй. Эхний удаа 3 зураг гаргаж өгье. Тэгээд болохоор бол төлбөрийг шилжүүлнэ гэж байсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж өгнө үү. Тодорхой төлбөрөө төлөөд зориулалтын дагуу ажиллаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ковид цар тахлын улмаас нэхэмжлэгчийн зүгээс хамааралгүй байсан гэв.

 

 9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.Сын нэхэмжлэлтэй тус газрыг аймгийн Засаг даргын захирамжаар олгосон байх бөгөөд худалдаа үйлчилгээний зориулалттай тус газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна.

Иймд аймгийн Засаг даргы өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан нь хуульд нийцсэн байна гэжээ.

 

  10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчид 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байдаг. Харин 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/255 дугаартай захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт нь аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу тухайн газрыг 2 жилийн хугацаанд  зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Маргаан бүхий үйл баримт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан. Захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

11. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Төлөвлөгөө батлах тухай”  9 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11.4 дэх заалт, аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 01 дүгээр  хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн иргэн Х.Ст  678м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар Баянхайрхан баг Солонго хороололд эзэмшүүлсэн байна.

12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”  тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/470 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлах тухай” захирамж гарсан. Харин 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/593 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа дахин зарлах тухай” захирамж гарч нэхэмжлэгч Х.Стай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ” хийж газрын төлбөр болох 6.602,000 / зургаан сая зургаан зуун хоёр мянга” төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлж, газар эзэмших захирамж гарсаны дагуу улсын бүртгэлийн Э-0518000279 дугаар бүртгэж газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр авчээ.  

          13. Харин аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/255 дугаартай захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх  хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу тухайн газрыг 2 жилийн хугацаанд  зориулалтын дагуу эзэмшиж,  ашиглаагүй гэдэг үндэслэлээр иргэн  Х.Сын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

         14. Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд:

         14.1. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Хоролсүрэнгийн С-тай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын мэргэжилтэн Д овогтой М байгуулсан байна. Тухайн газар эзэмшүүлэх гэрээнд  газрын төлбөрийн хэмжээний нэгж үнэ 200.0 төгрөг бүгд үнэ 135600 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Төрийн сан банкны 100050000943 тоот дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулсан байна.

          14.2. Газар эзэмшигч иргэн Х.С нь   2021 онд газрын төлбөр 81360 төгрөг, 54240 төгрөг буюу нийт 135600 төгрөг, 2022 онд 24000 төгрөг, 40000 төгрөг нийт 64000 төгрөгийг Төрийн сан банкны 100050000943 тоот дансанд шилжүүлсэн байгаа нь хэргийн материалд авагдсан  төлсөн татварын  баримтаас харагдаж байна.

14.3. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэхээргүй байна.

15.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:

 15.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор  хуульчилжээ. Энэхүү заалтыг захиргааны байгууллага хэрэгжүүлэхдээ газар эзэмшигчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг зайлшгүй тодруулах гол нөхцөлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; гэж зааснаар захиргааны байгууллага иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

Нэхэмжлэгчээс: “... Аймгийн Засаг даргын захирамжийг ойлгож байна. Гэхдээ 2020 оны 01 дүгээр сард Дэлхий нийтээр /Ковид-19/ коронавируст халдварын цар тахал дэгдэж Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Авто замын болон агаарын замын бүх хилээ хаасан, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог зарлаж Улаанбаатар хотод 97 хүртэл хувьтай хэрэгжүүлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, орон нутгийн чанартай ачаа тээврийг зогсоож, төрийн болон хувийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч, урт хугацаа болон хөрөнгө санхүүжилт их хэмжээгээр шаардах худалдаа үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжгүй байсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь: Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Гамшаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;, 11 дүгээр зүйлийн 11.2Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар, шат дараалан, эсхүл шууд шилжүүлнэ., 11.2.1энэ хуулийн 11.2-т заасан "бүрэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг бүхэлд нь, "хэсэгчилсэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим хэсэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн тодорхой хэсгийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг ойлгоно. гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, ажлын цаг, хүн болон тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнд хязгаарт тогтоож, зарим үед хатуу хөл хорио тогтоож байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймээс дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөдөлгөөний хязгаарлалт тогтоож байсан илэрхий үйл баримт тогтоогдож байгаа тул газар эзэмшигчээс үл хамаарах давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Х.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/255 дугаар захирамжийн иргэн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.        

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН