Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1466

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Б-т холбогдох

 

Зээлийн гэрэг цуцалж, гэрээний үүрэгт 117 087 336 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б- нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот Зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үйлчилгээний зориулалттай обьект худалдан авах зориулалтаар зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 30 сараар сунгаж төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг зээлээс үндсэн зээлд 88 335 340 төгрөг, хүү 53 995 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333 821 төгрөг, нийт 142 665 061 төгрөгийг төлсөн. Сүүлд 2016 оны 03 дугаар сарын 22-нд хүүг төлснөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. Мөн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ14-1281 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 24 сараар сунгаж хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ гэрээний дагуу үндсэн зээлд 11 891 773 төгрөг, хүү 8 268 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 786 төгрөг, нийт 20 216 086 төгрөгийг төлсөн.

Зээлийн барьцаанд Ү-0713000859 дугаарт бүргэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 м.кв талбай бүхий обьект, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх зэргийг барьцаалсан. Хамтран зээлдэгчээр З.Цэрмаа гэрээнд оролцсон ч эрхийнхээ дагуу З.Б-аас зээлийг нэхэмжилж байгаа. Зээлдэгчид хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сард төлөлт хийснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Банкны зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж, бичгээр мэдэгдэл хүртэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн.

Иймд гэрээг хугацаанаас нь өмнө 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ЗГ-475 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 61 664 659 төгрөг, хүү 27 619 872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 335 046 төгрөг нийт 90 619 577 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 18 108 226 төгрөг, хүү 7 570 414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789 119 төгрөг нийт 26 467 759 төгрөг, нийтдээ 117 087 336 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 м.кв талбай бүхий обьект Ү-0713000859, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарийг нэмэлт гэрээгээр өөрчилсөн, банк хүүг тооцохдоо гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр тооцсон тул нэг зээлд 61.1 хувийн, нөгөө зээлд 41.5 хувийн хүү төлсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б- миний бие 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг зээлж 142 665 061 төгрөгийн төлөлт, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-1281 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг зээлж 20 216 086 төгрөгийн төлөлт нийтдээ хоёр зээлийн эргэн төлөлтөд 162 881 147 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн төлөлтийг хангалттай сайн төлж байсан гэж үзэж байна. Энэ хугацаанд авсан үндсэн зээл, төлсөн хүү, гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээг харьцуулан үзвэл 150 000 000 төгрөгийн зээлд 61.1 хувийн хүүг төлсөн байх ба гэрээгээр жилийн 22.8 хувь байхаар тохиролцсон тул мөн хэмжээгээр зөрүүг хасч тооцвол үндсэн зээлээс 13 713 085 төгрөг, хүү 14 059 542 төгрөг хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 90 619 577 төгрөгөөс дээрх мөнгийг хасч үлдэх 62 010 116 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Дараагийн 30 000 000 төгрөгийн зээлд хүүг 69.5 хувиар тооцсон байх ба дээрх аргаар хасч тооцвол үндсэн зээлд 4 997 870 төгрөг, хүү 3 333 441 төгрөг хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 26 467 759 төгрөгнөөс хасч үлдэх 18 136 448 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нийтдээ дээрх хоёр зээлд 80 146 564 төгрөг төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Анх байгуулсан зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг 208 000 000 төгрөг болгон төлж дуусгахаар, 30 000 000 төгрөгийг 38 000 000 төгрөг болгон төлж барагдуулахаар тохиролцсон, энэ хугацаанд би 162 000 000 төгрөг төлсөн зэргээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлээс төлсөн мөнгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний барьцаанд байгаа орон сууц үйлчилгээний зориулалттай 1901 м.кв талбай бүхий обьектийг чөлөөлж өгвөл уг обьектийг барьцаалж 80 м.кв орон сууцыг зарж зээлээ төлөх боломжтой. Манай барьцаа хөрөнгө одоогийн зах зээлийн үнэлгээний 10 хувь хүрэхгүй үнэлгээгээр үнэлэгдэн барьцаалагдсан, дахин зээл авах бололцоог хааж эдийн засгийн хямралтай үед зогсонги байдалд орсон. Банк өөрийн нэг талын гэрээний нөхцөлийг харж зээлийн харилцааг сунгах буюу нэмэлт эргэлтийн зээл гаргаж зээл төлөх бололцоог хангах боломжтой. Иймд үндсэн зээлийг төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан З.Б-аас 117 087 336 төгрөгийг гаргуулж Х бинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 101005384 дугаар бүхий, Дорноговь аймаг, Сайншанд суманд байрлах 1740 м.кв газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813 587 төгрөгийг улсны орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 813 587 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 тоот шийдвэрийг үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлага хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, шударга бус шийдвэрлэсэн гэж үзэн гомдолтой байна.

Х бинд миний бие 1902 м.кв талбай бүхий обьект, 1740 м.кв эзэмшлийн газраа барьцаалахад хамгийн доод зах зээлийн ханшаас ч доогуур үнэлж, хүний эд хөрөнгийг юу ч биш болгож, дээр нь хөргөгч, хөлдөөгч гээд барьцаалснаа зээлийн хүү жилийн хүү 22,8 хувь, 27,6 хувьтай байгаа нь цаашид бизнесээ тогтвортой явуулах ямар ч боломжгүй болгосон. Мөн зээлийн гэрээний хугацааг сунгахдаа зээлийн хүүг өөрчлөх тал дээр зээлдэгчийн эрх ашигт тэгш бус хандсан байдал нь цаашид төлбөрөө төлж чадахгүйд хүргэсэн. Тийм учраас төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох хуулийн заалтын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шүүх анхаарч нотлох баримтыг зөв шударгаар үнэлсэнгүй. Зээлийн үлдэх төлбөрт хэдэн төгрөг төлөхөө тодорхой тооцож шүүх хуралдаанд оролцсон бөгөөд 150 000 000 төгрөгийн зээлээс 62 010 116 төгрөг, 30 000 000 төгрөгийн зээлээс 18 136  44 төгрөг нийт 80 146 564 төгрөг төлөх үндэстэй боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар хууль ёсны дүгнэлт өгөөгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж шударга шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-аас хариуцагч З.Б-т холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 117 087 336 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хариуцагч 80 146 564 төгрөгийг хүлээн зөвшөөрч , үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч З.Б- нь З.Цэрмаагийн хамт нэхэмжлэгч “Х б” ХХК-аас 150 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэхээр 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13-475 тоот, мөн 30 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлэхээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-1281 тоот зээлийн гэрээ, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай 1901 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний эзэмшлийн Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх, зурагт, хөлдөөгч, хөргөгч зэрэг 9 төрлийн хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар 13-475 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хэргийн 8-10, 12-18, 20-21 дугаар тал/

 

Түүнчлэн талууд 13-475 тоот зээлийн гэрээний хугацааг 30 сараар 14-1281 тоот зээлийн гэрээний хугацааг 14 сараар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 11, 19, 22-23 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч З.Б- нь 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 142 665 061 төгрөгийг, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 20 216 086 төгрөгийг тус тус төлсөн байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр төлөх зээл, хүү, түүний хугацаа хэтрүүлсэн төлбөрт тооцон хариуцагчийн төлсөн дээрх мөнгийг суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч З.Б- нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид зээлийн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон болох нь “Х б” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181 тоот албан бичгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 46 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээг цуцлах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцжээ.

 

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр З.Цэрмаа оролцсон байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг буюу З.Б-аас үүргийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буруутгах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийин дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч зээлийн төлбөрийг буруу тооцсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар з үйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813 587 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                               С.ЭНХТӨР