| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 01 17 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-ад холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр О аймаг Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “аа” ХХК-д ,,, ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Н-гийн М- /рд: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““00”” гэх нэртэй баарны үүдний хэсэгт хохирогч Ч.А-тай “үндэсний бөхийн талаар” маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “уруулд шарх, 2 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Н.М- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйгаад 800,000 төгрөгийг хохиролд өгсөн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Ч.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн эхнэр Ц-ын хамт Х- гэх найзынхаа гэрт очоод өөрийн эхнэрийг Х-гийн эхнэртэй гэрт нь үлдээгээд би найз Х-, түүний ажлын залуу М-ын хамт машин дотор 0.75 литрийн Соёрхол нэртэй 2 шил архи хувааж уусан. Тухайн өдөр би хоол унд муутай байсан учир амархан согтчихсон, бид гурав Дэнж багийн “00” гэх нэртэй шөнийн цэнгээний газар луу орсон тэнд ойр зуурын юм ярьж байснаа санаж байна тэгээд маргааш өглөө нь гэртээ сэрсэн, сэрэх үед миний бие буларчихсан, нүд хөхөрчихсөн, шүд хөдөлчихсөн байсан. Би өөрийн эхнэр Ц-аас юу болсон талаар асуух үед өчигдөр шөнө чи бөөн цус болчихсон, Х-тэй орж ирсэн, би чамайг аваад гэртээ харьсан гэж хэлсэн. Би өөрийн найз Х-гээс юу болсон талаар асуух үед чи манай ажлын газрын найз болох М-тай маргалдаж, та хоёр маргалдаж баарнаас гараад явчихсан. Би та хоёрыг хайгаад баарнаас гартал чи цустайгаа холилдчихсон, М- чамайг зодчихсон байсан гэж хэлсэн. “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад сэтгэл санааны хохирол учраагүй. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 13, 15х/,
-Гэрч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус өдрийн 22 цагийн үед ганцаараа Х-гийн байрны граж руу орж үзэхэд Х-, манай нөхөр нар байхгүй байсан, Шөнийн 00 цагийн үед би Х-гийн гэрт байж байх үед Х- А-ыг сугадчихсан, А- биеэ авч явах чадваргүй, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн, баруун нүд нь хавдчихсан, уруул нь сэтэрчихсэн, хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар Х-гээс асуух үед А- манай найз М-тай маргалдаад баарнаас гараад явсан гэж хэлсэн. Тэгээд нүүр ам нь яасын хэнд зодуулсан юм гэж асуух үед манай ажлын газрын залуу гэж хэлсэн. Х- бас нэлээн согтчихсон байсан учир би нөхрөө аваад гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь болох 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр нүүр амаа хараад гайхаад хэнд зодуулсан талаар асуусан би тасарчихсан байна сайн санахгүй байна гэж надад хэлсэн. Манай нөхөр А- найз Х- рүүгээ залгаад юу болсон талаар асуух үед Х- манай ажлын газрын М- та хоёр маргалдаад зодолдчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
- Гэрч Ш.Х- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би баарнаас гарах гэж явж байх үед М- таараад би андаа багийн найз А-тай чинь муудалцахгүй гэж их хичээсэн шүү, би А-ыг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би А-ыг хартал хагас суусан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
- Гэрч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус өдрийн орой 12 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед баарны 1 дүгээр ширээн дээр үйлчлүүлж байсан залуучуудын 2 залуу нь баарны хаалгаар цуваад гарсан, зөөгч О- нь намайг дуудаад эгчээ энэ залуучуудыг хараарай гэсэн би тухайн залуучуудын төлбөр тооцоогоо хийхгүй баарнаас гарч байна гэж ойлгоод хаалгыг гараараа тогшиж, араас нь гарах гэсэн боловч, түрүүлж хаалгаар гарсан том биетэй залуу нь хаалгыг гаднаас нь дараад намайг гаргахгүй байсан. Тухайн том биетэй залуу буцаад баар луу их ууртай, хүн болгон руу орилсон орж ирсэн. Чи хүн зодчихож байгаа юмуу? нэг нэгнээ хайрлахад яадаг юм гэж асуух үед том залуу нь хайрлах арга алга уур хүргээд байна, би зөндөө тэслээ, гэж хэлсэн. Би баарнаас гараагүй, бүдүүн залууд нь чи энэ том биетэй залуугаа аваад яв, наадах чинь цуг баарнаас гарсан залуугаа зодчихсон юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,
- Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа. Би гэм буруугаа ухамсарлаж байна. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз А-тай маргалдаад түүнийг зодоод биед нь хөнгөн гэмтэл учруулчихлаа. Бид үндэсний бөхийн талаар ялихгүй зүйл дээр маргалдаад би А-ыг зодчихсон юм. ...Би хохирол барагдуулсан. Уучлалт гуйсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай:
1.Ч.А-ын биед уруулд шарх, 2 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33х/,
-Шүүгдэгч Н.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-тай “үндэсний бөхийн талаар” маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, 2 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди билчэгийг хэрэгт хавсаргаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Н-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн М-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ад оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч шүүхээс тогтоосон уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ