Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

    2024        03         05                                 2024/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Одбаяр,

тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүрэн,

хохирогч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар прокурорын санал үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Н холбогдох эрүүгийн 2311 01772 0069 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................................................... оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 679 дугаар шүүгчийн захирамжаар 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн, Боржигон овогт Б.Н /РД:......................................................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 41-557 тоот хохирогч Ч.Г биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн алганд сорви /шарх/ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Ээж надад зүрхний эм авч өгөхгүй байсан. Ээж намайг байнга “Зайл, аавдаа оч” гэж хэлдэг. Миний зүрх өвдөөд байгаа...” гэв

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Одбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдолтой байна ...” гэв.

Хэргийн үйл баримтын талаар

Хяналтын прокурор Б.Бат-Эрдэнээс шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр ирүүлсэн санал /хх-ийн 114-115 дахь тал/,

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Илтгэх хуудас /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

- Хохирогч  Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 41-557 тоот хаяганд өөрийн төрсөн хүү Нанднболдын хамт амьдардаг юм. Тухайн үед манай хүү Нандинболд нь сэтгэцийн өвчин хүндэрч бие нь сонин болж байгаад миний баруун гарын алга хэсгийг заазуур шидээд хальт оноод зүссэн ... энэ төрлийн асуудлаар хэд хэдэн удаа шалгагдаж байсан ба шүүхээр шийдвэрлүүлж ял авч байсан. Манай хүү Нандинболд нь төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй бөгөөд 80 хувийн алдагдалтай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээж над руу утсаар залгаад ээжийг нь өчигдөр ах нь хутгаар зүссэн гэж хэлсэн бөгөөд би орой 18 цаг болж байхад ажлаа тараад ээж дээр очиход ээж Галяагийн зүүн хацар нь хавдаж хөхөрсөн мөн зүүн нүд нь хөхөрсөн байсан. Мөн баруун гарын алганы дунд хэсгээр хутгаар зүсүүлсэн мэт шарх үүссэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11142 дугаартай Дүгнэлтэд: “Ч.Ггийн биед зүүн алганд сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /43-44 дэх тал/,

- Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 968 дугаартай шинжээчийн Дүгнэлтэд:

1. Б.Н нь хэрэг үйлдэгдэх үед Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байсан байна.

Б.Н нь тэр үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, мэдэж удирдах чадвар султай байсан байна.

2. Б.Н нь гэмт хэргийн үйлдэгдэх үед Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байсан байна. Б.Н нь өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй удирдах чадвар султай байсан байна.

3. Б.Н нь одоо Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байна.

4. Б.Н нь хэрэг хариуцах чадваргүй байна.

5. Б.Н нь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.

6. Б.Н нь Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байна.

Цаашид Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ийн ШСЭС-н клиникт 2 сараар авах шаардлагатай байна” гэжээ /хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Нын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 48-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 41-557 тоот хохирогч Ч.Г биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн алганд сорви /шарх/ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...амьд явах эрхтэй” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж тус тус заасан байх бөгөөд иргэний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг үндэсний болон олон улсын хэм хэмжээгээр зохицуулж энэхүү эрхийг баталгаатай эдлэх, хэрэв зөрчигдсөн тохиолдолд хуулиар хамгаалуулах нь Эрүүгийн хуулийн зорилгоор илрэх болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нын бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдаж уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дээр дурдсанчлан гэмт хэрэгт тооцогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 41-557 тоот хохирогч Ч.Г биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн алганд сорви /шарх/ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, мөрдөн шалгах ажиллагааны дүнд цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

  Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар.

Шүүгдэгч Б.Н нь 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 21 хоног, 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 30 хоног, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 51 хоног, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 38 хоног, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 31 хоног, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 22 хоног, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 61 хоног, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 77 хоног, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 131 хоног, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл F71.1  /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 20 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 24 хоног, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 17 хоног, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл F71.1 /Оюуны хүндэвтэр хомсдол/ оноштойгоор 25 хоногийн хугацаагаар тус тус Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, амбулаторын картнаас 2007 оны 01 дүгээр сарын 23-наас DS:  F71.1 умеренная умственная отсталост, симптоматическая припадки өвчний учир ХЧА-г 80% -аар тогтоолгож одоог хүртэл харъяа өрхийн эмчийн хяналтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актыг сунгуулж байдаг байх бөгөөд тэрээр сэтгэцийн хувьд F71.1 Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 968 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Дээрх дүгнэлтийг үндэслэн прокуророос Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр санал гаргаж ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно…” гэж заасны дагуу шүүх хуралдааныг ердийн болон тусгай журмыг удирдлага болгон явуулж шүүгдэгч Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Б.Н Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар хэрэглэх саналтай байна” гэсэн,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Н авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дууссаны дараа Чингэлтэй дүүргийн “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-д хүсэлт гаргаад ээжээсээ тусдаа байх арга хэмжээг авч өгнө үү гэж шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүсч байна ...” гэв.

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Хэлэх зүйлгүй ...” гэсэн санлыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж тус тус заасны дагуу Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 968 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ 1. Б.Н нь хэрэг үйлдэгдэх үед Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байсан байна. Б.Н нь тэр үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, мэдэж удирдах чадвар султай байсан байна. 2. Б.Н нь гэмт хэргийн үйлдэгдэх үед Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байсан байна. Б.Н нь өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй удирдах чадвар султай байсан байна. 3. Б.Н нь одоо Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байна. 4. Б.Н нь хэрэг хариуцах чадваргүй байна. 5. Б.Н нь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. 6. Б.Н нь Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байна. Цаашид Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. Б.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ийн ШСЭС-н клиникт 2 сараар авах шаардлагатай байна” гэх дүгнэлт болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н  6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгах нь үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлын талаар.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 36.2, 36.7, 36.10, 36.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Н 6 /зургаа/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгасугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ