Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

  2024        03          06                                     2024/ШЦТ/237

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч З.Хүслэн /томилолт/

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Бы Хт холбогдох эрүүгийн 2406 00000 0278 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75 дугаар байрны хойд талын шороон зам дээр байрлуулсан автомашин дотор эхнэр Ц.Нийг “Янхан  Бтайгаа сууж байгаа юм уу” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Нийн үснээс зулгааж, зодож түүний эрүүл мэндэд баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан,

Улмаар эхнэр Ч.Нийг зодох явцдаа түүний найз Н.Бийг “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар Н.Бийн нүүр болон бие рүү цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулах тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75 дугаар байрны хойд талын шороон зам дээр байрлуулсан автомашин дотор эхнэр Ц.Нийг “Янхан  Бтайгаа сууж байгаа юм уу” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ц.Нийн үснээс зулгааж, зодож түүний эрүүл мэндэд баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан,

Улмаар эхнэр Ч.Нийг зодох явцдаа түүний найз Н.Бийг “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар Н.Бийн нүүр болон бие рүү цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулах тус тус гэмт хэрэгт холбогдсон болох нь

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Нийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны хойд талын шороон зогсоолд манай машин дотор бид 2 ширхэг 500 граммын савлагаатай пиво аваад ууж байтал манай нөхөр гэнэт таксины жолоочийн гар утаснаас надруу залгасан. Тэгээд би байгаа газраа хэлэхэд гэнэт хүрч ирсэн. Машины хойд талын сандал дээр сууж мэндийн зөрүүгүй манай Бг үг хэл амаар доромжилж эхэлсэн. /Янхан Бтай сууж байгаа юм уу газрын гай, чи явчихдаа/ гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгсэн чинь Б чи яасан дураараа юм бэ? Чи намайг янхандаж явж байхыг харсан юм уу гэж хэлсэн. Манай нөхөр дунд хуруугаа Б руу 3 удаа гаргахад Б яахаараа надруу дунд хуруугаа гаргадаг юм бэ? гэж хэлэх үед миний дургүй хүрж найзаа өмөөөрч машинаас бууж арын суудалд сууж нөхрийнхөө дунд хурууг хазах гэж дайрахад манай нөхөр намайг үсдэж нөгөө гараараа духны баруун хэсэг, толгойн баруун хэсэг газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Б нөгөө талын хаалгаар орж ирж салгах гэхэд нэг гар нь намайг үсдэн чигээрээ байхад нөгаа гараараа Бгийн нүүр хэсэг нь хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1593 дугаартай: “..Ч.Нийн биед баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бийн өгсөн: “...Нараа гэрийнхээ гадаа байна гэхэд нөхөр нь хэнтэй байгаа юм гэхэд Бтай байна гэхэд нөхөр нь янхан Б гэж хэлээд доромжилсон. Удалгүй нөхөр нь машин дээрээ ирж Нараагаас таксины 6.000 төгрөг өгөөд таксины жолоочийг явуулчих гэж хэлээд өөрөө машины хойд талын суудал дээр суусан. Тэгээд орж ирсэн цагаасаа эхэлж над руу хэл амаар дайрсан /янхан авгай, балай авгай, газрын гай/ гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгэхэд Нараа чи гэр рүүгээ ор миний найзыг битгий доромжлоод бай гэж хэлэн хоорондоо муудалдсан. Тэгэхэд над руу дунд хуруугаа олон удаа гаргаж чи зайлаад өг гэж хэлэхэд Нараа уурлаж миний найзтай ингэж битгий харьц яасан их годолцуулдаг хуруу вэ? гэж хэлээд нөхөр рүүгээ дайрсан. Тэгэхэд нөхөр нь Нараагийн үснээс дарж удаа дараа толгой, нүүр, бие хэсэгт нь олон удаа хүчтэй цохихыг харж тэвчилгүй салгах гэж хойд талын хаалгаар орох гэж оролдсон боловч Нийн нөхөрт үсдүүлж, нүүр, зүүн гарын булчин хэсэгт хэд хэдэн удаа цохиулсан болно. Иймд эмэгтэй хүнийг хайр найргүй, нүүр хэсгийн гоо сайханд халдаж удаа дараа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1591 дугаартай: “...Н.Бийн биед хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Хийн яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Миний үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Нээс гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Бээс гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Хөөс гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Хийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 33-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н, Н.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Т овогт Бы Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР