Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогч Б.Э         

         Шүүгдэгч Д.Ин өмгөөлөгч Д.Батбаяр

         Шүүгдэгч Г.Лхамдаагийн өмгөөлөгч М.Энхзаяа

         Шүүгдэгч Г.Л, Д.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л, Д.И нарт холбогдох 2316000850169 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч Г.Л: Монгол улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ж ургийн овогт Г.Л.

 

         Шүүгдэгч Г.Д.И: Монгол улсын иргэн, халх,  ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, Есөнбулаг сумын ... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Г овогт Д.И.

 

           Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Г.Лг Д.Итэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод байрлах өөрийнхөө гэрт Б.Эгийн эзэмшлийн гар утсанд интернэт банк суулгаж өгөх нэрээр түүний эзэмшлийн ХААН банкны 5323****** тоот данснаас 670,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр ... багийн харьяат Б.Пгийн ХААН банкны 5904****** тоот дансанд шилжүүлж, Б.Пгийн ХААН банкны 5904****** тоот дансаар дамжуулан Г.Лгийн ХААН банкны 5094****** дугаарын дансанд Б.Пгаар шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Г овогт Д.Иг Г.Лтай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод байрлах өөрийнхөө гэрт Б.Эгийн эзэмшлийн гар утсанд интернэт банк суулгаж өгөх нэрээр түүний эзэмшлийн ХААН банкны 5323****** тоот данснаас 670,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр ... багийн харьяат Б.Пгийн ХААН банкны 5904****** тоот дансанд шилжүүлж, Б.Пгийн ХААН банкны 5904****** тоот дансаар дамжуулан Г.Лгийн ХААН банкны 5094****** дугаарын дансанд Б.Пгаар шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Эий данснаас 670,000 төгрөг Б.Пгийн данс руу шилжсэн гээд байгаа шүү дээ. Тэрийг би орой ажлаасаа бууж ирчихээд эхнэр Д.Итэй ярьсан. Тэгэхэд эхнэр “Б.Т бид 2 цуг аавынд орж банштай цай уусан” гэж хэлсэн юм. Тэгээд ХААН банкны нууц үг нь болохгүй байна. Чи янзлаад өгөөч гээд гуйсан юм байна билээ. Тэгээд Д.И янзалж өгсөн гэсэн. Тэгээд сүүлд Б.Тг гараад явахад над руу видео коллоор ярьсан юм. “Б.Т ингэж байна лээ кодыг нь тэд, тэд гэж сольсон” гээд надад хэлсэн. Зүгээр л нэг хов жив ярьж байгаад хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр кодоор нь оролдож байгаад орчихсон юм. Тэгж байгаад би Батцогтын Б.П руу яриад л “дансаа өгчих. Би ийм учиртай мөнгө хийх гэж байна. Өөрөө сүүлд нь данс руугаа татаад авчихна” гэж хэлсэн юм. Тэгээд сүүлд Д.И “Б.Т над руу яриад байна. Ийм юм болоод байна. Чи мөнгийг нь авчихсан юм уу” гэхээр нь “Би юу гэж авдаг юм” гээд би хэлээгүй байхгүй юу. Сүүлд 10 дугаар сарын 16-нд би Чойрт сүлжээгүй газар ажиллаж байсан юм. Тэгээд сүлжээтэй газар орж ирээд нэг хүний утсаар гэр бүл рүүгээ ярьсан юм. Тэгээд ярихад “цагдаа нар чамайг мөнгө авчихсан гэж манай хадам аавд хэлсэн гэж байна. Чи авчихсан юм байна шүү дээ” гэхэд нь би авсан гэдгээ хэлсэн. Тэгээд намайг “чи одоо өнөөдөр шууд яаралтай наашаа хүрээд ир” гээд би 10 дугаар сарын 17-нд наашаа суугаад 18-ны 5 цагт ирсэн. Ирчихээд өглөө нь Б.Э, Б бид 3 Бынд 2 пиво уусан юм. Тэгээд байж байсан чинь цагдаагаас ахлах дэслэгч Г над руу залгаад “ирээд мэдүүлэг өгөөдөх” гэхээр нь яваад очсон чинь эхлээд мэдүүлгийн өрөөнд орсон. Тэгээд гараад ир гээд өрөөгөө түгжээд хоёулаа гараад тэр мөрдөгч нар нь эсрэг талын өрөө байдаг шүү дээ. Тэнд оронгуутаа “чи чинь хадам аавтайгаа аймаар муу юм байна шүү дээ” гэж Г надад хэлэхээр нь би “тийм. Би хадамтайгаа муу. Ер нь бол хэрүүл хийчих гээд ингээд байдаг юм” гэсэн чинь “чи чинь хүүхэдтэй билүү” гэсэн “хүүхэдтэй” гэсэн чинь “энэ мэдүүлгийг танай эхнэр мөнгийг чам руу шилжүүлчихсэн юм байна лээ” гэсэн байхгүй юу. Тэгэхэд нь би юм дуугараагүй. Тэр өрөөнд Г бид хоёр хоёулхнаа байсан. Тэгэхэд “чи одоо эхнэр рүүгээ чих. Хүүхэд чинь ой 4 сартай болохоор эхнэрийг чинь зүгээр торгоод өнгөрүүлнэ. Чи өөрөө авсан гээд явах юм бол чамд 5 жилийн ял 10 сая төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь мэдүүлгээ өгчхөөд гарах гээд шатаар бууж байсан чинь намайг дуудаад цагдаагийн 2 давхрын ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод “чи миний хэлж ярьсныг хэнд ч хэлж болохгүй шүү. Эхнэртээ ч хэлж болохгүй” гэж хэлсэн. ...Д.Итэй ярихад “...Б.Т ирээд бид хоёр аавынд орж цай уусан. Тэгээд Б.Т ХААН банкныхаа нууц үгийг блоклочихлоо, блокыг нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь Д.И гаргаж өгсөн байсан. Нэвтрэх нэр бас блоклочихсон гээд Б.Т нь энхүүш100 гэж хийлгүүлсэн гэсэн. Хажууд нь хамт байхдаа блокыг нь гаргуулсан гэсэн...”. Тэгээд аппликейшнаар нь ороод гүйлгээний нууц үгийг мэдэж байгаа юм чинь Б.П руу яриад дансыг нь аваад данс руу нь мөнгийг нь шилжүүлээд, Б.Пгаас өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Би өөрийнхөө данс руу хийе гэж бодоогүй. Хүний дансаар дамжуулж авъя гэж бодсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: “Тухайн 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Т манай аавынд ирчихээд цай уусан. Орой нь 6 өнгөрч байхад Г.Л над руу видео коллоор залгасан. Б.Т явчихсан хойно залгасан байхгүй юу. Тэгээд өнөөдөр юу хийв, наагуур чинь сонин сайхан гээд тэгэхээр нь би “Б.Т ирээд явсан. Банштай цай хийж бид хэд уулаа, Шар байхгүй гэнэ.  Юманд явчихсан гэж байна энүүгээр иймэрхүү сонинтой байна” гэхэд “Б.Т ямар тухай байж байгаад явсан юм бэ” гэхээр нь “манайд байж байгаад Б.Эий интернэт банкийг блоклочихсон. Тэгээд энэ интернэт банкийг нь сэргээлгэх гээд байна. Чи өөрөө бас интернэт банк энэ тэр ашигладаг бол надад заагаад өгөөч, хоёулаа хамт солиодохъё” гэсэн. Тэгээд солиход хажууд нь байж байсан юм. Тэгээд надад өөрөө энэ кодыг мартаад блоклочхоод байгаа болохоор Энхүүш100, гүйлгээнийх нь Энхүүш1000 гээд хийчихлээ гээд л би Г.Лд хэлсэн. Г.Л надаас асуугаад байсан болохоор би юм саналгүй кодуудыг нь хэлчихсэн байхгүй юу. Тэгээд Г.Л уурхайд ажилладаг байхдаа хааяа нэг ярьдаг байсан. Яг маргааш нь 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Т над руу яриад “Шн данснаас мөнгө алга болчихсон гэнэ. Хоёулаа сольсон болохоор чамайг авчихсан юм болов уу гэж бодоод байна. Одоо цагдаад хандахаас” гээд над руу ярьсан. Тэгэхэд нь би Г.Л руу утсаар яриад “Шн данснаас мөнгө алга болчихсон гэнэ. Чи өчигдөр надтай ярьж байхдаа кодыг нь асуусан. Би тэгээд тэрийг нь хэлчихсэн юм чинь чамайг авчихсан юм болов уу гэж бодоод байна” гэсэн чинь “ерөөсөө тийм юм аваагүй ээ, мөнгө төгрөг аваагүй шүү” гэсэн. Б.Т надаас асуугаад байсан болохоор нь би “тэг, тэг. Цагдаадаа ханд” гэж хэлсэн. 5 сард би өөрөө цалингийн зээл авсан. Няравын ажил хийдэг болохоор надад гадуур хөөцөлдөх ажил их байдаг учраас надад машин хэрэгтэй байсан. Тийм учраас би цалингийн зээлээрээ машин авах гээд Г.Л руу машиныхаа мөнгөө шилжүүлээд 05 сарын хорьдоор Г.Л хотоос ирэхдээ надад шинэ утас авчирж өгч байсан юм. Тэгээд ер нь “мөнгө төгрөгийг нь авчихсан юм уу” гэж Г.Лгаас асуухад дандаа л “үгүй, тийм юм байхгүй” гэдэг байсан. Тэгээд 10 дугаар сарын дундуур Г мөрдөгч намайг дуудаад мэдүүлэг авах гэж байхад надад хэлсэн. “Танай нөхөр чинь тэр мөнгийг шилжүүлээд авчихсан байна. Би аавд чинь энэ тухай хэлсэн. Ааваасаа сонссон байлгүй” гэхээр нь Г.Л руу холбогдоод “юм хумыг нь авчихсан гэнэ. Чи ингэсэн нь тогтоогдчихсон юм байна шүү дээ” гэхэд маргааш нь Г.Л наашаагаа унаагаар ирсэн. Ийм л зүйл болсон. ...А23 гар утсыг Г.Л надад 5 сард авч ирж өгсөн. Тэгээд би өөрөө бас карт ашигладаг. Миний утасны дэлгэц нь гацаад байдаг. Г.Л угаасаа миний банкны кодыг мэддэг. Шууд нэвтрээд орчихдог. Утсан дээрээ ашиглаж байсан гэдгээ надад хэлсэн. ...Сая прокурор гадаадад явж байхад мэйлээр ханддаг бас нэг удаагийн кодоор хандалт хийх эрх гээд ярьсан шүү дээ. ХААН банкны аппликейшныг сайн судлаасай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл тохиргоо хэсэг байдаг за юу. Би бас өөрөө интернэт банк ашигладаг болохоор танд хэлж байгаа юм. Нэг удаагийн кодоор баталгаажуулалт гэсэн хэсэг байдаг. Тэр баталгаажуулах хэсгээ унтраачих юм бол нэг удаагийн код авахгүйгээр нэвтрэх нэр, нууц үгээрээ л та зөвхөн нэвтэрч болно. Хэрвээ нэг удаагийн кодыг нэвтрэх болгондоо авдаг байя гэвэл баталгаажуулах хэсгээ идэвхжүүлчихдэг байгаа. Ийм тохиргоо байдаг. Би өөрөө ашигладгийнхаа хувьд хэлье. Тэгээд миний тухайд бол би энэ кодыг цааш нь нөхөртөө дамжуулсан нь миний буруу үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд бүлэг хэргээр хамтран энэ хэргийг үйлдсэн гэдэг дээр бол үгүйсгэх байр суурьтай байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “03 дугаар сарын 30-нд би хөдөө яваад ирсэн. Тэгээд ирээд дэлгүүр ороод юм авах гэтэл дансны мөнгө байхгүй болсон байсан. Тэр үед дансанд 680,000 төгрөг байсан. 10,000 төгрөг үлдээд 670,000 төгрөг гарчихсан байсан. Хулгайлсан мөнгийг миний данс руу буцаагаад хийчихсэн байсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагаас 18 цаг 45 минутын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... байх өөрийн гэрт шүүгдэгч Д.И нь Б.Тын авч явсан хохирогч Б.Эий эзэмшлийн гар утсанд мэйл хаяг нээж өгөх нэрээр уг гар утсыг оролдож, Б.Эгийн эзэмшлийн ХААН банкны 5323****** тоот дансанд хандаж нэвтрэх код, нууц үг, нэг удаагийн кодыг мэдэн авч, улмаар өөрийн нөхөр Г.Лтай бүлэглэн уг данснаас ... багийн харьяат Б.Пы ХААН банкны 5904****** дугаартай данс руу 670,000 төгрөг шилжүүлж, улмаар Г.Лгийн ХААН банкны 5094****** дугаартай данс руу 670000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 Дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Л нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрч харин шүүгдэгч Д.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд түүний өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүгдэгч Д.Ид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай мэтгэлцэж байна.

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

           Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Л, Д.И нар гэм буруутай болох нь:

   Шүүгдэгч Г.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Эий данснаас 670,000 төгрөг Б.Пгийн данс руу шилжсэн гээд байгаа шүү дээ. Тэрийг би орой ажлаасаа бууж ирчихээд эхнэр Д.Итэй ярьсан. Тэгэхэд эхнэр “Б.Т бид 2 цуг аавынд орж банштай цай уусан” гэж хэлсэн юм. Тэгээд ХААН банкны нууц үг нь болохгүй байна. Чи янзлаад өгөөч гээд гуйсан юм байна билээ. Тэгээд Д.И янзалж өгсөн гэсэн. Тэгээд сүүлд Б.Тг гараад явахад над руу видео коллоор ярьсан юм. “Б.Т ингэж байна лээ кодыг нь тэд, тэд гэж сольсон” гээд надад хэлсэн. Зүгээр л нэг хов жив ярьж байгаад хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр кодоор нь оролдож байгаад орчихсон юм. Тэгж байгаад би Батцогтын Б.П руу яриад л “дансаа өгчих. Би ийм учиртай мөнгө хийх гэж байна. Өөрөө сүүлд нь данс руугаа татаад авчихна” гэж хэлсэн юм. ...Д.Итэй ярихад “...Б.Т ирээд бид хоёр аавынд орж цай уусан. Тэгээд Б.Т ХААН банкныхаа нууц үгийг блоклочихлоо, блокыг нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь Д.И гаргаж өгсөн байсан. Нэвтрэх нэр бас блоклочихсон гээд Б.Т нь энхүүш100 гэж хийлгүүлсэн гэсэн. Хажууд нь хамт байхдаа блокыг нь гаргуулсан гэсэн...”. Тэгээд аппликейшнаар нь ороод гүйлгээний нууц үгийг мэдэж байгаа юм чинь Б.П руу яриад дансыг нь аваад данс руу нь мөнгийг нь шилжүүлээд, Б.Пгаас өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Би өөрийнхөө данс руу хийе гэж бодоогүй. Хүний дансаар дамжуулж авъя гэж бодсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  Шүүгдэгч Д.Игийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “... “Б.Т ямар тухай байж байгаад явсан юм бэ” гэхээр нь “манайд байж байгаад Б.Эий интернэт банкийг блоклочихсон. Тэгээд энэ интернэт банкийг нь сэргээлгэх гээд байна. Чи өөрөө бас интернэт банк энэ тэр ашигладаг бол надад заагаад өгөөч, хоёулаа хамт солиодохъё” гэсэн. Тэгээд солиход хажууд нь байж байсан юм. Тэгээд надад өөрөө энэ кодыг мартаад блоклочхоод байгаа болохоор Энхүүш100, гүйлгээнийх нь Энхүүш1000 гээд хийчихлээ гээд л би Г.Лд хэлсэн. ...А23 гар утсыг Г.Л надад 5 сард авч ирж өгсөн. Тэгээд би өөрөө бас карт ашигладаг. Миний утасны дэлгэц нь гацаад байдаг. Г.Л угаасаа миний банкны кодыг мэддэг. Шууд нэвтрээд орчихдог. Утсан дээрээ ашиглаж байсан гэдгээ надад хэлсэн. ...Сая прокурор гадаадад явж байхад мэйлээр ханддаг бас нэг удаагийн кодоор хандалт хийх эрх гээд ярьсан шүү дээ. ХААН банкны аппликейшныг сайн судлаасай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл тохиргоо хэсэг байдаг за юу. Би бас өөрөө интернэт банк ашигладаг болохоор танд хэлж байгаа юм. Нэг удаагийн кодоор баталгаажуулалт гэсэн хэсэг байдаг. Тэр баталгаажуулах хэсгээ унтраачих юм бол нэг удаагийн код авахгүйгээр нэвтрэх нэр, нууц үгээрээ л та зөвхөн нэвтэрч болно. Хэрвээ нэг удаагийн кодыг нэвтрэх болгондоо авдаг байя гэвэл баталгаажуулах хэсгээ идэвхжүүлчихдэг байгаа. Ийм тохиргоо байдаг. Би өөрөө ашигладгийнхаа хувьд хэлье. Тэгээд миний тухайд бол би энэ кодыг цааш нь нөхөртөө дамжуулсан нь миний буруу үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “03 дугаар сарын 30-нд би хөдөө яваад ирсэн. Тэгээд ирээд дэлгүүр ороод юм авах гэтэл дансны мөнгө байхгүй болсон байсан. Тэр үед дансанд 680,000 төгрөг байсан. 10,000 төгрөг үлдээд 670,000 төгрөг гарчихсан байсан. Хулгайлсан мөнгийг миний данс руу буцаагаад хийчихсэн байсан” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би ХААН банкны 5323****** дугаарын дансыг ашигладаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөдөө явж ирээд орой 21 цагийн үед дэлгүүр ороод юм авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгээд эхнэрээс дансанд яагаад мөнгө байхгүй байгаа талаар асуухад мөнгө хэрэглээгүй гэж хэлсэн. Тухайн өдөр би хөдөө явахдаа гар утсаа эхнэртээ үлдээгээд явсан. Би ХААН банкны 5323****** дугаарын дансыг нээлгээд удаагүй байсан. Виза карт нь гараагүй байсан учир 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.И гэх хүнээр интернэт банк нээлгэж нууц кодыг нь солиулж авсан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр намайг хөдөө явсан хойгуур найз Д.И гэх айлд очиж байж байгаад ирсэн гэж хэлсэн. Д.И гэх найз нь утсаа өгч бай имайл хаяг нээгээд өгье гэж хэлээд миний гар утсыг авч хэсэг оролдож байгаад болохгүй байна гээд буцаагаад өгсөн гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ХААН банкны 5323****** дугаарын дансны хуулгаа авч үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 45 минутад 5904****** дугаарын данс руу 670,000 төгрөг шилжүүлсэн байсан. Д.И гэгч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэрээс миний гар утсыг имейл хаяг нээгээд өгнө гэх шалтгаанаар аваад хэсэг оролдож байгаад болохгүй байна гээд буцааж өгсөн зэрэг шалтгаанаар тухайн хүнийг сэжиглэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

 

           Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 5-17 тоот хаягт Б.Эгийн аавынх нь гэрт байсан. Тухайн өдөр хамтран амьдрагч Б.Э маань Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас холгүй газар луу малд явсан юм. Тэр өдрөө би 11-12 цагийн үед нэг нутгийн танил Доржсүрэнгийн Д.И /эмэгтэй/ гэгчийн гэрт очсон юм. Тэдний гэрийнх нь хаягийг би мэдэхгүй бөгөөд манай хадам аавын гэрээс нэг их холгүй 2-3 гудамжны цаана байдаг. Би тэр өдрөө өдөржин Д.Ин гэрт байж байгаад 18 цагийн үед тэдний гэрээс гарч гэртээ харьсан юм. Би нөхөр хамтран амьдрагч Б.Эгийн 5323****** дансыг нь мэднэ. Б.Эгийн данс нь мобайл банк болон интернэт банк хоёул байдаг. Надад Б.Эгийн 8596**** дугаартай гар утас нь байсан бөгөөд тэгэхэд мобайл банкийг нь ашигласан. Харин интернэт банкийг нь кодыг нь мартчихсан байсан болохоор ашиглаагүй. Мобайл банкны кодыг нь мэднэ. ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.И миний нөхрийн гар утсыг ашигласан. Нөхрийн маань утсыг надаас аваад и-майл хаяг байгаа юу? Байхгүй бол нээж өгье гэх зэргээр ашиглаж байсан юм. Д.И нь миний нөхөр Б.Эгийн гар утсыг бараг 1 цаг орчим хугацаанд ашигласан юм. Тухайн үед надаас ямар нэгэн кодыг асуусан зүйл гараагүй. Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Эгийн гар утсыг найз Д.Игийн гэрт байхдаа ашиглуулсан. Д.Игийн гэрт байхад 18 цаг болж байхад хадам Э.Т ирээд гар утсыг нь аваад гэр лүү явсан юм. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 40 минутад Б.Эгийн данснаас зарлага гарчихсан байсныг бүүр сүүлд мэдсэн. Өөр ямар нэгэн хүн нөхөр Б.Эгийн гар утсыг надаас авч ашигласан зүйл байхгүй. Нөхрийн мобайл банк, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг нөхөр Б.Э бид хоёр л мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92-р хуудас/,

 

            Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Би тухайн үед интернэт ашиглаж мэдэхгүй болохоор Д.Б.Эгийн интернэт банкны кодыг блок хийгээгүй. Би Д.Игээс интернэт банк яаж ашигладаг талаар асуухад миний гар утсыг авч оролдож байгаад болохгүй байна гэж хэлээд манай нөхөр Б.Эгийн гар утсыг аваад оролдож байгаад надад Энхүүш100, Энхүүш1000 гэдэг кодоор ордог болсон гэж хэлээд тухайн кодыг хэлж өгсөн. ...Тухайн үед Д.И нь А23 маркийн гар утас барьж байсан. Урьд өдөр нь Д.И надад манай нөхөр Г.Л бид хоёр хот явж байгаад адилхан гар утас авсан гэж хэлж байсан. Мөн 2023 оны 3 сарын 30-ны шөнө унтаж байхад банкнаас ярьж байна А23 маркийн гар утаснаас гүйлгээ хийсэн байна гэж хэлээд маргааш нь Д.Ид энэ талаар хэлэхэд цагдаад өгсний дараа Д.И утсаа сольсон байсан /хх-ийн 214/

 

         Гэрч Б.Пгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний 5904****** дугаарын Хаан банкны данс руу 2023 оны 03 сарын 30-ны өдөр 18 цаг 45 минутад 5323****** гэсэн дугаарын данснаас 670,000 төгрөгний орлогын гүйлгээ хийгдсэн. Уг мөнгийг манай 10 жилийн сургуулийн найз Ганбат овогтой Г.Л маань танихгүй хүнээр хийлгэж авсан. Г.Л надад ярихдаа цуг ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг тавих гэсэн чинь миний данс болохгүй байна гэж хэлээд миний данс руу тэр мөнгийг хийлгээд тэр оройдоо 20 цагийн үед өөрийнхөө 5094****** гэсэн данс руу хийлгэж авсан юм. ...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Г.Л миний фейсбүүк чат руу цагдаагаас мэдүүлэг өгөхдөө покер тоглоомноос олж авсан мөнгө гээд хэлээд өгөөч гэсэн утгатай чат бичсэн байсан. Би тухайн чатыг цагдаад гаргаж өгсөн. Дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Г.Л нь над руу фейсбүүк чатаар залгаад 8064**** дугаараас цагдаа залгавал битгий аваарай. Тэгээд надаас утас худалдаж авсан сая мөнгийг нь 670.000 төгрөг шилжүүлж өгсөн гэж хэлээрэй гээд гуйгаад байсан. Би юу болоод байгаа талаар ойлгоогүй. Миний ярьсан зүйлс үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102- 103, 105-106-р хуудас/,

 

        Насанд хүрээгүй гэрч Э.Тгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай ах Б.Э хөдөө ажлаар явсан байсан. Б.Э ахын эхнэр Б.Т эгч нэг найзындаа очих гээд явсан байсан. Тэр найзынх нь хашаа манай хашаанаас дөрөв таван хашааны цаана нэг гудамжинд байдаг. Тэгээд би гэрт байхдаа Банзрагч ахын гар утсаар Б.Э ахын утас руу залгахад эхнэр нь болох Б.Т эгч авсан. Би утсаар нь тоглоом тоглох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би найзынх нь хашааны үүдэнд очоод Б.Т эгчээс Б.Э ахын гар утсыг аваад гэртээ ирж тоглоом тоглож байгаад орой Б.Э ахыг хөдөөнөөс ирэх үед нь гар утсыг нь өөрт нь өгсөн. Б.Э ахыг хөдөөнөөс ирэхээр нь буцаагаад гар утсыг нь өгсөн. Би интернэт банк, Мобайл банк ашиглаж мэднэ. Би Б.Э ахын интернэт банкны нууц кодуудыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 110-111-р хуудас/,

 

        Батцогтын Б.Пгийн ХААН банкны 5904****** дугаарын дансны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулга /хх-ийн 16-18-р хуудас/,

 

        Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №196 дугаартай албан бичигт “...Ганбатын Г.Л /РН****/-н 5094****** дугаарын дансны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 21-25-р хуудас/,

 

         Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №214 дугаартай албан бичигт “...Харилцагчийн 5323****** данснаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18:45 минутад хийгдсэн 670,000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь интернэт банкаар хийгдсэн гүйлгээ байна...” гэх албан бичиг /хх-ийн 26-р хуудас/,

 

         Хаан банкны 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 706 дугаартай албан бичиг болон түүний хавсралтууд /1-р хх-ийн 246-247-р хуудас/,

 

         Хаан банкны 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 720 дугаартай албан бичиг түүний хавсралтууд /1-р хх-ийн 250-р хуудас 2-р хх-ийн 1-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3-д “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан байна.

 

          Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И нь “...энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, Г.Лд нэвтрэх нууц үг, гүйлгээ хийх нууц үгийг хэлсэн түүнийг мөнгө авчихсан гэж мэдээгүй...” гэж мэдүүлж байгаа боловч талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.И нь уг гэмт хэрэгт санаатай оролцсон болох нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

          Тухайлбал: Хохирогч Б.Эгийн “....Би ХААН банкны 5323****** дугаарын дансыг нээлгээд удаагүй байсан. Виза карт нь гараагүй байсан учир 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.И гэх хүнээр интернэт банк нээлгэж нууц кодыг нь солиулж авсан...” гэх мэдүүлэг,

 

          Гэрч Б.Тын “...Надад Б.Эгийн 8596**** дугаартай гар утас нь байсан бөгөөд тэгэхэд мобайл банкийг нь ашигласан. Харин интернэт банкийг нь кодыг нь мартчихсан байсан болохоор ашиглаагүй. Мобайл банкны кодыг нь мэднэ. ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.И миний нөхрийн гар утсыг ашигласан. Нөхрийн маань утсыг надаас аваад и-майл хаяг байгаа юу? Байхгүй бол нээж өгье гэх зэргээр ашиглаж байсан юм. Д.И нь миний нөхөр Б.Эгийн гар утсыг бараг 1 цаг орчим хугацаанд ашигласан юм. Тухайн үед надаас ямар нэгэн кодыг асуусан зүйл гараагүй...” гэх мэдүүлэг,

 

          Шүүгдэгч Г.Лгийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би 20-30 минутын дараа өөрийн эхнэр Д.И рүү утсаар залгаад мөнгө олсон юм уу гэж асуусан чинь манай эхнэр Д.И надаас дүү нэг бол найз нарын чинь данс байна уу гэж надаас асуусан би тухайн үед Б.П гэх найзтайгаа хамт байсан болохоор  дансыг өгөөд Б.Пгийн данс руу 670,000 орж ирээд би өөрийн данс руугаа шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг,

 

         Гэрч Б.Пгийн “...Миний 5904****** дугаарын Хаан банкны данс руу 2023 оны 03 сарын 30-ны өдөр 18 цаг 45 минутад 5323****** гэсэн дугаарын данснаас 670,000 төгрөгний орлогын гүйлгээ хийгдсэн. Уг мөнгийг манай 10 жилийн сургуулийн найз Ганбат овогтой Г.Л маань танихгүй хүнээр хийлгэж авсан....” гэх мэдүүлэг,

 

          Гэрч Б.Тын “ ...Би тухайн үед интернэт ашиглаж мэдэхгүй болохоор Д.Б.Эгийн интернэт банкны кодыг блок хийгээгүй би Д.Игээс интернэт банк яаж ашигладаг талаар асуухад миний гар утсыг авч оролдож байгаад болохгүй байна гэж хэлээд манай нөхөр Б.Эгийн гар утсыг аваад оролдож байгаад надад Энхүүш100, Энхүүш1000 гэдэг кодоор ордог болсон гэж хэлээд тухайн кодыг хэлж өгсөн. Тухайн үед Д.И нь А23 маркийн гар утас барьж байсан. Урьд өдөр нь Д.И надад манай нөхөр Г.Л бид хоёр хот явж байгаад адилхан гар утас авсан гэж хэлж байсан. Мөн 2023 оны 3 сарын 30-ны шөнө унтаж байхад банкнаас ярьж байна А23 маркийн гар утаснаас гүйлгээ хийсэн байна гэж хэлээд маргааш нь Д.Ид энэ талаар хэлэхэд цагдаад өгсний дараа Д.И утсаа сольсон байсан...” гэх мэдүүлэг,

 

          ХААН банкны 5323******-/Д.Б.Э/, 5094******-/Г.Л/, 5337******-/Д.И/ дугаартай дансны 2023 оны 03 сарын 30-ны өдөр болон бусад өдөр гүйлгээ хийсэн төхөөрөмжийн хандалтын мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.И нь хохирогч Д.Б.Эгийн гар утсанд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр интернэт банк суулгаж өгч нууц кодыг нь сольж  улмаар 2023 оны 3 сарын 30-ны өдөр хохирогч Д.Б.Эгийн эхнэр Б.Таас мэйл хаяг нээж өгнө гэж уг гар утсыг авч ойролцоогоор 1 цаг орчим оролдохдоо Д.Б.Эгийн интернэт банкны нэвтрэх нууц үг, гүйлгээ хийх нууц үг зэргийг сольж өөр гар утаснаас нэвтрэх боломжтой кодыг авч улмаар тухайн үед барьж байсан өөрийн А23 загварын гар утаснаас Д.Б.Эгийн Хаан банкны дансанд нэвтэрч уг дансанд байсан 670,000 төгрөгийг Г.Лгийн танил болох Б.Пгийн дансанд шилжүүлж Б.Пгийн данснаас шүүгдэгч Г.Л нь өөрийн дансанд  шилжүүлэн авсан байна.

 

          Шүүгдэгч Д.И нь шүүхийн хэлэлцүүлэгт А23 гар утсыг 2023 оны 5 сард авсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч Б.Тын мэдүүлгээр тухайн өдөр А23 маркийн гар утас ашиглаж байсан болох нь нотлогдож байх бөгөөд  ХААН банкны 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 720 дугаартай албан бичгийн хавсралтаар Д.И нь өөрийн ХААН банкны 5337****** дугаарын данс руу А23 маркийн гар утсаар 2023 оны 3 сарын 16-ны өдрөөс эхлэн хандсан болох нь тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Д.Иг гэмт хэрэгт хамтран оролцоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн 97-98 дугаар хуудсанд авагдсан Г.Лгийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь өглөөний 7 цагаас өглөөний 8 цагийн хооронд авсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг зөрчсөн мөн хавтаст хэргийн  135-137 дугаар хуудсанд яллагдагчаар авсан Д.Игийн мэдүүлэг, 146-147, 149 дугаар хуудсанд байгаа Г.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд Үндсэн хуульд заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сануулж, гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжтой байхад үүнийг эдлүүлэлгүй авсан нь хууль зөрчиж мэдүүлэг авсан тул  нотлох баримтаас хасаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийн зөрчиж байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөх болон мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.И, Г.Л нарт дээрх эрхийг эдлүүлж гарын үсэг зуруулсан байна.

 

        Иймд шүүгдэгч Г.Л, Д.И нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эд 670,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Л нь тухайн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Б.Э “...Тэр дансанд байсан мөнгө бол дэлгүүрт өгөх гэж байсан мөнгө байсан. Тэгээд алга болсноос нь болоод цаг хугацаагаа их алдсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх хүсэлт гаргасныг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзсэн. Учир нь уг гэмт хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 30-нд үйлдэгдсэн бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай журам нь 2023 оны 07 дугаар сарын 03-аас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэгдэхээр зохицуулагдсан тул хохирогч Б.Эгийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Г.Л, Д.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Л, Д.И нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгч Д.Ин өмгөөлөгч Д.Батбаяр “...Бага насны хүүхэдтэй байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэх боломжтой байна. Ял хойшлуулах боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас бага насны хүүхдийг харгалзан ялыг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд санал оруулж байна...”, шүүгдэгч Г.Лгийн өмгөөлөгч М.Энхзаяа нь “...Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа ийм гэмт хэрэгт холбогдож байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна...” гэсэн  дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгч Г.Л нь хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн энэ гэмт хэрэг шүүгдэгч Д.И оролцоогүй гэсэн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л, Д.И нарыг тус бүрийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг 8 сарын хугацаагаар хориглох байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Г.Л, Г ургийн овогт Д.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Д.И нарыг тус бүрийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Л, Д.И нарт оногдуулсан тус бүрийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Л, Д.И нарт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, Д.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Эгийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Л, Д.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА