Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2020/01201

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар баг Цагаан эрэг 15 дугаар гудамж 5 тоотод оршин суудаг, Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын 0 дүгээр багт оршин суудаг, М.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч К.З, хэлмэрч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Запаас сэлбэгийн үнэ, засварын хөлс бүгд 3729000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.С-д өөрийн Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14000000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдсан. Тэр 10000000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр хугацаа тохироод тээврийн хэрэгслийг аваад явсан. Гэвч М.С өөрөө тохиролцож авсан 10000000 төгрөгийг өгч чадахгүй боллоо гээд миний тээврийн хэрэгслийг 3 сар гаруй унаж хэрэглэсний дараа авчирч өгөөд өөрийн надад орхисон Уаз-469 маркийн тентэй тээврийн хэрэгслийг аваад явсан. Үүнээс болж бид хоёрын хооронд иргэний маргаан гарч 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130\ШШ2020\00776 дугаартай шийдвэр гарч миний М.С-д 4000000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие М.С-д Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг өгөхөөс өмнө хөдөлгүүр (мотор)-д моторчин А.Ж-ээр иж бүрэн засвар, үзлэг хийлгүүлэн хөлсөнд 500000 төгрөг төлж байсан. Миний өөрийн  Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг М.С 3 сар гаруй хугацаанд унаж хэрэглэн ашигласан ба энэ хугацаанд зарим зарим эд ангиудыг эвдсэн байна. Үүнийг өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Миний бие машинаа хүлээж авсны дараа хөдөлгүүр (мотор)-т бүрэн ээлж хийлгүүлэхэд 1199000 төгрөгийн хөдөлгүүр моторын запаас сэлбэгийг С ХХК-аас авсан, мөн 100000 төгрөгийн үнэлгээтэй шастин гол сэлбэгийг Х инж ХХК-аас худалдан авсан, 2 шинэ шахуу дугуйг М авто сэлбэгийн дэлгүүрээс нэг бүрийн үнэ 250000 нийт 500000 төгрөгөөр худалдан авсан. Шинэ авто гоёл дэлгүүрээс 30000 төгрөгийн тосол худалдан авсан. М.С миний машиныг унаж хэрэглэж байх үед зүүн талын хойткрылог эвдсэн ба би А.А гэдэг хүнээр 250000 төгрөгөөр засуулсан. Мөн М гэдэг засварчнаар цахилгаан хайрцагтай цээж утас тавихад запаасны үнэ 400000 төгрөг, ажлын хөлсөнд 250000 төгрөг төлсөн, мөн М.С-с тээврийн хэрэгсэлээ авсны дараа хөдөлгүүрийг Х.Ж-р 500000 төгрөгөөр засварлуулсан. Миний бие М.С-аас тээврийн хэрэгсэлээ буцаан авсны дараа 37290000 төгрөгийн запаас сэлбэг, засвар хийлгүүлсэн тул энэхүү 3729000 төгрөгийг М.С-аасгаргуулаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Ш.М-ээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Lexus-450  маркийн тээврийн хэрэгслийг 14000000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдан авч, өөрийн хувийн Уаз-469 маркийн автомашиныг 4000000 төгрөгөөр үнэлж Ш.М-д өгч зөрүү 10000000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сар дотор төлж өгөх болж зээлээр худалдан авсан юм. М.С миний бие машин тэрэг мэдэхгүй, өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож чадахгүй тул хүнээр бариулж Өлгийн төвөөс Алтанцөгц сум дахь өөрийн өөрийн гэрт хүргүүлсэн болно. Дараа нь 2019 оны 5 дугаар сард мөн хөрш айлын н.Т гэх залуугаар жолоодуулж Алтанцөгц сумаас Өлгийн төвд 40 км зайтай газар явахад замд эвдэрч, хээр талд үлдсэн учир худалдан авсан машины эзэн Ш.М-г дуудуулж запаас сэлбэг авхуулж, өөрөөр нь засуулж арай ядан аймагт ирж буцсан. Энэ нь хоёр талд 80км газар юм. Дараа нь 2019 оны 6 дугаар сард уг Lexus-450 маркийн тээврийн хэрэгсэл нь маш их элэгдэж хуучирсан, засаж янзлахад их хэмжээний зардал гарах эрсдэлтэй, хүний хэрэгцээ хангахаар эдэлгээ уналга даах чадваргүй машин байсан тул 2019 оны 6 дугаар сарын 10-ны үед худалдан авснаас хойш хоёр сар хагасын дараа машины эзэн Ш.М-гийн өөрт буцааж өгсөн. Уг машин М.С надад дөнгөж 2 сар хагас л байсан ба би огт унаж, эдэлж байгаагүй юм. Тийм учраас нэхэмжлэгч Ш.Мереке нь надаас запаас, сэлбэгийн үнэ нэхэмжлэх боломжгүй билээ. Нэхэмжлэгч Ш.М нь өөрийнхөө Lexus-450 маркийн автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 21-нд надад өгөөд 2019 оны 06 дугаар сарын 07-08-ны үед хоёр сарын дараа буцааж авсан юм. Машинаа авсны дараа запаас сэлбэг, засвар хийсэн нь надад хамаагүй юм. Гэтэл хариуцагч М.С надаас 2019 оны 07 дугаар сарын 01-нд С ХХК-аас худалдаж авсан гэх 1199000 төгрөгийн  запаас сэлбэг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан Х жин ХХК-аас авсан гэх шагтан голын үнэ 100000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр М авто сэлбэгийн газраас худалдан авсан 2 дугуйны үнэ  500000 төгрөг, шинэ авто гоёл сэлбэгийн газраас авсан машины үнэ 30000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Шугыла засварын газрын үйлчилгээний хөлс 250000  төгрөг,  засварчин М гэгчид машин засуулсан хөлс 650000 төгрөг  тус тус бүгд 3729000 төгрөг нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Ш.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд хариуцагч М.С надаас өөрийн Lexus-450 автомашиныг бүрэн бүтэн  өөрийн надад 2019 оны 03 дугаар сарын 21-нд хүлээлгэн өгсөн байдлаар хүлээн авсан шүү дээ. Сүүлд надаас машиныг хүлээж авчихад запаас сэлбэг тавьж, засварлуулсан явдал надад ямар хамаатай, ямар хамааралтай гэж нэхэж байна вэ. Ойлгох боломжгүй. Ш.М надаас машин техникийг 2019 оны 06 дугаар сарын эхээр хүлээн авч, дараа нь 2019 оны 07 дугаар сараас хойш шинээр тавьсан запаас сэлбэг, үйлчилгээ нь өөрийн машинд Ш.М-гийн өөрт нь үлдсэн тул түүнийг бид хариуцах, түүнд буцааж төлөх хуулийн үндэслэл байхгүй болно. Ш.М-гийн надад худалдсан Lexus-450 маркийн тээврийн хэрэгсэл нь Өсерханы Асхар гэдэг хүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл байх ба удаан хугацаагаар битүүмжлэгдэж шүүхийн хашаанд, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ил задгай хадгалагдаж, элэгдэж, эвдэрсэн, зарим эд анги тоногдсон байсан юм. Үүнийг Ш.М маш хямд өртгөөр авч, үнэ хүргэж зарж борлуулан ашиг олох тул түүнд хохирсон зүйлгүй болно. Миний бие Ш.М-с авсан  Lexus-450 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан хэлцлийг Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2-д хэсэгт зааснаар гэрээг цуцалж, авсан зүйлийг буцаасан тул Ш.М-гийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ш.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгт: Миний бие 2019 оны 03 дугаар сарын эхээр өөрийн эзэмшлийн Лехсус 450 маркийн тээврийн хэрэгслийг М.С-тай тохиролцож, түүнд худалдсан. Миний бие Лехсус 450 маркийн тээврийн хэрэгслийг 14 сая төгрөгөөр худалдсан. М.С нь өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн машиныг 4 сая төгрөгөөр үнэлж 14 сая төгрөгт оролцуулан өгсөн. 14 сая төгрөгөөс үлдсэн мөнгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байсан. М.С нь миний Лехсус 450 маркийн тээврийн хэрэгслийг авч яваад 3 сар унаж байгаад буцааж өгсөн. М.С-аас машины буцааж авсны дараа миний машин эвдэрсэн байсныг мэдсэн. Би машинаа засварлахад гарсан зардлыг нэг ч бүрчлэн нэхэмжлэлдээ бичсэн. Машины мотор эвдэрсэн байсан. Би машины мотор засварласан засварчны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Жанарбек гэх хүнээр машины моторыг засуулсан. М.С хэлцлээсээ буцаж, машиныг эгүүлж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын эхээр уг машиныг дуудлагаа худалдаагаар худалдаж авсан. Хариуцагчийн өмгөөлөгчид хэлэхэд хар цагааныг ялгаж, учир байдлыг зөвөөр ойлгохыг хүсэж байна. М.С миний машиныг 3 сар унасан. 3 сарын дотор юу ч тохиолдож болно. Машин бол техник. Би шинэ машин хариуцагчид худалдаагүй. Би С-тай машиныг худалдахаар үнэ тохиролцоод өгсөн байсан. С манайд охины хамт ирээд би Наурызын баяраар хүмүүст машин худалдаж авсан цай ирж уугаарай гээд хэлчихсэн гээд миний машиныг хүчээр аваад явсан. С тухайн үед машиныг үзэж хараад авсан. Хэрэв эвдрэлтэй гэж үзсэн бол 10-15 хоног эсхүл 1-2 сарын дараа яагаад буцааж өгөөгүй юм бэ. машины хянах самбарт бүх зүйл харагддаг. Би ашиг олохын тулд машиныг мөнгөөрөө худалдан авч буцаагаад худалдаж байна. Би машиныг хариуцагчид худалдах гэж янзлаагүй. 3 хэлхээтэй мотортой тул машин худалдсан ч гэсэн бүх зүйл нь хэвийн байх ёстой гэж боддог. Би ганц хариуцагчид машин худалдаагүй. Би  20 гаруй жил машин худалдаж байна. Миний машин худалдсан хүмүүсээс гомдол гаргаж байгаагүй. С иймэрхүү асуудал гаргасан. С авсан бараагаа буцаах хоббитой гэж сонссон.. Тэрээр одоо  4 дэх машинаа унаж байна. Бидний дунд Х гэх хүн оролцож машиныг буцаалгасан. Х нь С-д “хулгайн машин байна, улсын дугаар авч чадахгүй” гэж хэлсэн байна. С нь олон шалтаг хэлээд миний машиныг буцаасан мөртлөө Х-ийн машиныг худалдаж авсан. Би С миний машиныг 3 сар унах үедээ эвдсэн эвдрэлийг засуулахад гарсан зардлаа нэхэмжилж байна. Би анх машинаа Ж гэх хүнээр засуулсан. Харин С-аас машинаа авсны дараа  Ж гэх засварчнаар машинаа засуулсан. Би уг машины эвдрэлийг 3-4 сая төгрөгөөр засуулсан. Миний машиныг эвдээгүй байсан бол илүү зардал гаргаж завсарлахгүй байх байсан. Иймд машин засварлахад гарсан зардалд 3729000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ш.М-гийн лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Би урьд нь Ш.М-гийн ах И гэх хүнээс УАЗ-469 болон ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Би И надад худалдаж авах жийп машин олж өгөөч гэхэд “миний дүүд худалдах жийп машин байгаа, түүнийг харах юм уу” гэж хэлсэн. Би И “би хөдөөгийн малчин хүн тул техник машиныг сайн мэдэхгүй,  урьдын 2 машин шиг сайн машин бол би худалдаж авъя” гэж хэлсэн. Би тухайн машиныг ирээд үзээрэй гэсний дагуу аймагт ирж үзсэн. Тухайн үед тус машины хойд талд 2 муу дугуй тавьсан, урьд дугуйнууд сайн дугуйтай байсан. Миний хүү Казахстан улсад ажилладаг. Би хүүхдээ Казахстан улсаас ирсний дараа харуулж үзүүлж байгаад машиныг чинь авъя гэхэд М “миний машиныг авахгүй бол өөр хүн авах гэж байгаа” гэсэн. Би хүүхэдтэйгээ гар утсаар яриад машины зургийг явуулсан.  Хүүхэд минь машины зургийг хараад агрегат сайн машин байна, авбал авчих гэж хэлсэн. Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М-гээс машиныг худалдаж авсан. Би өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг 4 сая төгрөгөөр үнэлээд, мөн бэлэн 4 сая төгрөг өгсөн авсан. Би малчин тул, М-гийн машин 3 сарын турш гэрийн гадна байсан. Энэ хугацаанд тус машинаар 5 удаа аймгийн төвд ирээд явсан.  М-гийн машины эд зүйлийг эвдсэн асуудал байхгүй. Би М-гийн машинд 2 дугуй тавьсан. Мөн машины 2 сап эвдэрсэн ба үүнийг сольсон. Би Баян-Өлгий аймаг руу ирж байхад Хатууд машин эвдэрсэн үед М-гийн өөрийг нь дуудаж янзлуулж байсан. 05 дугаар сарын 20-ны үеэр хүүхэд минь Казахстан улсаас ирээд М-гийн машиныг унаж үзээд “та шал дэмий уг машиныг худалдаж авсан байна, мотор нь асуудалтай юм байна, бензин зарцуулалт их, мотор муу машин байна,  буцаагаад өгөх юм уу” гэсний дагуу авсан өгснөө буцаасан. Миний бие М-гийн машиныг хүргэж өгөөд өөрийн УАЗ-469 маркийн машиныг аваад явсан. М-гээс “ах дүү хүмүүс тул 4 сая төгрөгийг минь хэзээ буцааж өгөх бэ” гэж асуухад “хашаанд худалдаж борлуулах олон машин байна, машин зарагдчихвал мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Дараа нь М-гээс 2019 оны 07 дугаар сар хүртэл 4 сая төгрөгөө буцааж өгөөрэй гэхэд “миний ээж өвчтэй хүнд байгаа, надад мөнгө байхгүй, машинууд зарагдахгүй байна” гэж хэлсэн. 8 дугаар сард М-гийн ээж нь нас барсан болохоор мөнгөө асуугаад яах вэ гэж бодоод 2020 он гараад М-гээс мөнгөө асуухад “мөнгийг чинь өгөхгүй, миний машиныг эвдсэн байна, би машинаа засварлаж авсан, өгөх ёстой газраа өг” гэж хэлсэн. Тэгээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. М надад 4 сая төгрөг төлөх тухай шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Миний бие М-д машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 3729000 төгрөгийг төлөхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.М 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Lexus-450 маркийн тээврийн хэрэгслийг 14000000 (арван дөрвөн сая) төгрөгөөр үнэлж хариуцагч М.С-д худалдсан ба М.С 10000000 (арван сая) төгрөгийг нь 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, үлдсэн 4000000 төгрөгт нь Уаз-469 маркийн тээврийн хэрэгслийг тооцуулан өгөхөөр талууд амаар тохиролцон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн болох нь, мөн 3-4 сарын дараа энэхүү зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүйгээс худалдагч гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргээ биелүүлэх явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00776 дугаартай шийдвэрээр нотлогдсон байна.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.М (худалдагч) Lехus-450 маркийн машинаа хариуцагч М.С-аас хүлээж авахаас өмнө Lехus-450 маркийн машин нь биет байдлын доголдолтой эсэх, доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргах зардлыг төлүүлэх талаар маргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.М энэхүү машиныг хариуцагчаас буцааж авах үед тухайн машинд учирсан гэмтэл нь мэдэх боломжтой ил гэмтэл байсан нь гэрч Х.Ж Ш.М*-гийн “lexus-450” маркийн 9282УНР улсын дугаартай авто машины моторт нь засвар хийж өгсөн...Гэмтлийг эрт илрүүлэн мэдэх боломжтой ил гэмтэл байсан. Машиныг асаахад шууд мэдрэгддэг...” гэх мэдүүлэг, гэрч А.Ж-ийн “...Ш.Мерекегийн “lexus-450” маркийн 9282УНР улсын дугаартай авто машины моторт нь засвар хийж өгсөн...машиныг асаахад шууд мэдрэгддэг гэмтэл байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Ш.М lexus-450 кольц 1 ширхэг, их бие выкладишь 1 ширхэг, выкладишь гар бие 1 ширхэг, жийрэг 1 ширхэг, моторын тос 8 литр, тосол 10 литр, герматик 3 ширхэг, маслынфильтр 1 ширхэг, арын гэрэл 2 ширхэг, пакрешка 2 ширхэг, шастин гол 2 ширхэг зэрэг нэр төрлийн запаас сэлбэгийг 1809000 төгрөгөөр худалдаж авсан болох нь  “С” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн  зарлагын баримт, “М” дэлгүүрийн нэхэмжлэх, “Х” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн  зарлагын баримт зэрэг баримтуудаар, мөн засварын хөлсөнд 1000000 төгрөг төлсөн болох нь гэрч Х.Ж, А.Ж нарын “...ажлын хөлсөнд 500000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд тус тус тогтоогдож байна.

Нэгэнт талууд гэрээнээсээ татгалзаж, гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ машины доголдлын талаар даруй мэдэх, шаардлага хангахгүй эд хөрөнгийг хүлээн авахгүй байх боломжтой байхад нэхэмжлэгч Ш.М нь машины доголдлыг мэдсээр байж хүлээн авч, улмаар бусдад худалдсан байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.М нь дээрх Lехus-450 маркийн машинаа зээлээр худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсантай холбогдон учирсан хохирлыг хариуцагчаас арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч Ш.М-гийн нэхэмжлэлийн шаардлага нь Lехus-450 маркийн машинаа хариуцагч М.С-аас хүлээж авах үед эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан үйл баримттай холбоотой бөгөөд энэхүү доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авснаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Нэхэмжлэгч Ш.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Lехus-470” маркийн авто машин гэж, мөн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/000776 тоот шийдвэрт “Lехus-470” маркийн авто машин гэж тухайн авто машины марк буруу бичигдсэн байсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа ба энэхүү авто машины марк нь “Lехus-450” гэдэг нь талуудын мэдүүлэг болон хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, нээлттэй дуудлагын худалдаагаар дахин худалдах автомашины жагсаалтаар нотлогдож байна.  

Иймд нэхэмжлэгч Ш.М-гээс запаас сэлбэгийн үнэ, засварын хөлс бүгд 3729000 (гурван сая долоон зуун хорин есөн мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74614 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.1-ийг тус тус баримтлан хариуцагч М.С-ээс запаас сэлбэгийн үнэ, засварын хөлс бүгд 3729000 (гурван сая долоон зуун хорин есөн мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74614 (далан дөрвөн мянга зургаан зуун арван дөрвөн) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК