Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

 2024         02          15                                      2024/ШЦТ/160     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0182/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2309021762316 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, B**” Шангрилла салбарт худалдааны зөвлөхөөр ажилладаг, ам бүл 3, эмээ, эцэг нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар зүйлийн 24-ний өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан Б.Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд хуурамч тасалбар зарж борлуулахаар "плэйтайм тоглолтын билет зарна" гэх худал зар байршуулж уг зарын дагуу холбогдсон

хохирогч А.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5176*** тоот дансаар 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан;

хохирогч А.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5166*** тоот дансаар 180,000 төгрөгийг шилжүүлэн авсан;

хохирогч Э.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр өөрийн М банкны 0080**** тоот дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Г.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны 5166**** тоот дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5166**** тоот дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5166**** тоот дансаар 170,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Т.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны 5166**** тоот дансаар 180,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 1,840,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний тоглолтын тасалбар хуурамч байгаагүй. Би нийт 8 тасалбар авч 16 ширхгийг зарсан байсан. Тасалбар зарсан хүн болгондоо иргэний үнэмлэхийн хуулбарыг өгсөн. Би тэр хүмүүсийг хуурах бодол байгаагүй. Тоглолт болохоос өмнө би тухайн хүмүүст тоглолтын тасалбарыг өгчихнө гэж бодсон боловч би автомашины осолд ороод өгч чадаагүй. Намайг тухайн тоглолт дээр нэг залуу найзуудтайгаа нийлж 30 мянган хүнтэй группт лайв хийж луйварчнаар нь дуудсан.Түүнээс болж би найз охиноосоо салсан. Одоо надад маш их хэцүү байна.” гэв.

Хохирогч А.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Солонгос хоолны газар дотор Play time ticket хувь хүнээс 180.000 төгрөгөөр 2 ширхэг тасалбар авсан. Өөрийн хаан банкны 5176**** тоот данснаас 5166**** гэх Б.Б гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Play time эхлэх өдөр буюу 2023 оны 07 сарын 06-ны өдөр 14 цаг 30 минутад очоод орох гээд уншуулах гэтэл уншуулчихсан билет байна гэж хариулсан. Авсан хүн рүүгээ залгасан боловч утас нь холбогдохгүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал)

Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 онд зохион байгуулагдаж байгаа Play time арга хэмжээнд явахаар болж арга хэмжээний тасалбар худалдан авахаар хайж үзэхэд фейсбүүк цахим орчинд Play time 2023 явах хүмүүс гэсэн групп дээр тасалбар худалдаж авна гэж бичсэн ба миний фейсбүүк хаяг руу Batka DM гэх нэртэй фейсбүүк хаягаас тасалбар байгаа шүү гэж 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өдөр бичсэн тул бид харилцсан юм. Би тухайн хаягтай харилцаж 1 ширхэг тасалбарыг 180.000 төгрөгөөр авахаар болсон юм. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уулзаж тасалбараа худалдаж авахаар болж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Байгаль Эх лицей сургуулийн дэргэд уулзсан, би тухайн хүн рүү тасалбарын мөнгө болох 180.000 төгрөгийг шилжүүлэхэд КЮ АР код бүхий тасалбарыг миний gmail хаяг руу явуулсан юм. Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг орчимд Play time арга хэмжээнд очиж худалдан авсан тасалбарыг уншуулахад, ажилчид нь надад хандаж ашиглах боломжгүй тасалбар байна, өөр хүн ашигласан байна гэсэн юм. Тухайн үед би тасалбар худалдсан хүний 99220076 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан, фейсбүүк чат руу бичихэд хариу бичихгүй байсан юм. Тухайн үед би залилуулсан гэдгээ мэдсэн юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

Хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 онд зохион байгуулагдаж байгаа Playtime арга хэмжээнд явахаар болж арга хэмжээний тасалбар худалдан авахаар хайж үзэхэд фейсбүүк цахим орчинд Play time 2023 явах хүмүүс гэсэн групп дээр тасалбар зарна гэсэн постын доор би 2 ширхэг тасалбар авна гэж коммент бичихэд Batka DM гэх нэртэй фейсбүүк хаягаас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагт миний фейсбүүк хаяг руу тасалбар байна шүү 2 ширхэг нь 400.000 төгрөг гэсэн тул худалдаж авахаар болж Шангри ла моллд уулзахаар болсон, надад 9922**** гэх дугаар өгч байсан юм. Би 21 цаг орчимд Шангри ла моллын 1 давхарт дүүгийн хамтаар очсон ба тухайн хүнтэй уулзахад Play Time арга хэмжээний тасалбар буюу КЮ АР кодыг миний мэйл хаяг руу batk***@gmail.com гэх мэйлээс КЮ АР кодыг явуулсан ба тухайн үедээ, надад И-монголиа дээрх иргэний үнэмлэхийн зургаа харуулсан ба Б*** УО92***** гэж байсан юм. Үүний дараа би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг орчимд найзуудын хамтаар очиж худалдан авсан тасалбарыг уншуулахад ажилчид нь надад хандаж энэ тасалбарыг 38 минутын өмнө ашиглаж дотогш орсон байна гэсэн юм. Би тухайн үед тасалбар зарсан хүний дугаар болох 9922**** дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дахь тал)

Хохирогч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2023 оны 3 дугаар сард БНСУ руу явсан ба тухайн улсад байх үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр play time арга хэмжээний 3 өдрийн тасалбар худалдан авахаар play time 2023 явах хүмүүс гэх нэртэй гэх групп рүү ороход Batka F** гэх нэртэй цахим хаягаас зар байршуулсан байсны дагуу чатаар холбогдож тасалбар авахаар болсон ба нэг ширхэг тасалбар 200.000 төгрөг гэсэн уулзаад авч болно МУИС-н 2-р байрны хажууд байна гэсэн юм. Би тухайн үед Монгол улсад байгаагүй тул найз Оюундарьтай холбогдож миний худалдаж авч буй тасалбарыг аваад өгөөч гэж гуйхад зөвшөөрсөн ба миний чатаар холбогдсон хүн болон найз Оюундарь нар нь Худалдаа хөгжлийн төв банкны гадна уулзаж КЮ АР код бүхий тасалбарыг өгсөн байсан ба тухайн үед өөрийн иргэний үнэмлэхийн зургийг даруулсан байсан юм. Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Play time арга хэмжээнд очсон ба цаг уурын нөхцөл байдал болон замын түгжрэлээс шалтгаалан оройтож тухайн өдөр худалдан авсан тасалбарыг уншуулж чадаагүй. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 30 минутад очиж өөрийн тасалбарыг уншуулахад хүчингүй тасалбар байна, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад уншуулж ашигласан тасалбар байна гэсэн юм. Тасалбар хуурамч гэдгийг мэдэж надтай холбогдсон дугаар болох 9922**** дугаар руу залгахад холбогдож чадаагүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал)

Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Playtime арга хэмжээний тасалбар авахаар хайсан ба фейсбүүк цахим орчинд Play time 2023 явах хүмүүс гэсэн групп дээр Batka F*** гэх нэртэй хаягаас тасалбар яаралтай хямд зарна гэх постыг харж тухайн хаягтай холбогдож уулзахаар болсон ба 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзсан юм. Би чатаар холбогдсон хүнтэй уулзаж тасалбараа авах үед надад арга хэмжээний тасалбар буюу КЮ АР кодыг мэйлээр явуулсан юм. Тухайн хүн надад хандаж 1 ширхэг тасалбарыг 200.000 төгрөгөөр худалдана гэсэн тул би түүнээс гуйж байгаад 2 ширхэг тасалбарыг 350.000 төгрөгөөр авахаар болж өөрийн Хаан банкны 5034**** дугаарын данснаас Хаан банкны 5166**** дугаар руу шилжүүлсэн юм. Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Playtime арга хэмжээнд очиж өөрийн худалдан авсан тасалбарыг уншуулахад уншигдсан КЮ АР код байна, ашиглах боломжгүй байна гэсэн тул анх тасалбар худалдсан хүн рүү холбогдохоор 99220076 дугаар руу залгахад утсаа авчхаад яриагүй ба дахин залгахад авахгүй байсан юм., чат бичиж үзэхэд хариу өгөхгүй байсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал)

Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Playtime арга хэмжээний тасалбар авахаар хайсан ба фейсбүүк цахим орчинд Play time 2023 явах хүмүүс гэсэн групп дээр Batka FN гэх нэртэй хаягаас тасалбар яаралтай хямд зарна гэх постыг харж тухайн хаягтай холбогдож уулзахаар болсон ба өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах цахим тоглоомын газарт 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр уулзсан юм. Би тухайн цахим тоглоомын газарт очиж фейсбүүк чатаар холбогдсон хүнтэй уулзаж тасалбараа авах үед надад арга хэмжээний тасалбар буюу КЮ АР кодыг мэйлээр явуулсан юм. Тухайн хүн надад хандаж 170.000 төгрөгөөр тасалбарыг худалдана гэсэн тул 100.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 70.000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5041**** дугаарын данснаас Хаан банкны 5166**** дугаар руу шилжүүлсэн юм. Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Playtime арга хэмжээнд очиж өөрийн худалдан авсан тасалбарыг уншуулахад уншигдсан КЮ АР код байна, ашиглах боломжгүй байна гэсэн тул анх тасалбар худалдсан хүн рүү холбогдохоор 9922*** дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан, чат бичиж үзэхэд хариу өгөхгүй байсан юм. Би өөрийн Хаан банкны 5041*** дугаарын данснаас Хаан банкны 5166**** Бат Эрдэнэ гэх данс руу 1 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал)

Хохирогч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Playtime арга хэмжээний тасалбар худалдан авахаар хайсан ба фейсбүүк цахим орчинд Play time 2023 явах хүмүүс гэсэн групп байсан, тухайн группэд 1 ширхэг тасалбар авна гэсэн пост байсны коммент хэсэгт би тасалбар худалдан авна гэж бичсэн юм. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний фейсбүүк цахим хаяг руу Batka F**** гэх нэртэй хаягаас худалдах тасалбар байгаа шүү энэ цахим хаяг миний жинхэнэ хаяг, би найдвартай шүү гэсэн тул уулзаж тасалбарыг худалдаж авахаар болсон юм. Тухайн өдрийн 17 цаг орчимд манай ажлын байр буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сити товерын 703 тоотод уулзсан юм. Тасалбар худалдан авах үед надад өөрийн иргэний үнэмлэхийг и-монголиа аппликейшнээс харуулсан ба зургийг нь дарж аваад өөрийнх нь чат руу илгээсэн, плэй таям арга хэмжээний тасалбар буюу PDF файлыг фейсбүүк мессенжерээр явуулсан юм. Би тухайн үед тасалбарын мөнгө болох 180.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Playtime арга хэмжээнд очиж үл таних хүнээс худалдан авсан тасалбарыг уншуулахад ашиглах боломжгүй тасалбар байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим орчинд хуурамч тасалбар зарж борлуулахаар "Play time тоглолтын билет зарна" гэх худал зар байршуулж уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Э-с 360.000 төгрөг, А.Д-с 180.000 төгрөг, Э.Г-с 400.000 төгрөг, Г.У-с 200.000 төгрөг, Б.С-с 350.000 төгрөг, Б.Н-с 170.000 төгрөг, Т.Г-с 180.000 төгрөг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн авч бусдад нийт 1,840,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн ёс суртахуунгүй, явуургүй муу заль, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч,  цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч А.Э, А.Д, Э.Г, Г.У, Б.С, Б.Н, Т.Г нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрөө төлүүлж авсан, гомдол саналгүй” гэсэн хариуг хэлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч,  цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгч нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын   биелэлтийг   түдгэлзүүлж   тогтоол   биелэгдэх   хүртэл шүүгдэгч    Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР