| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/305 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/305
2024 3 25 2024/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0184/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2309017382739 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Э** ХХК-д Шуурхай хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан Б.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” зочид буудлын гадна хохирогч Г.Ч-н биед халдан зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
Мөн өдөр хохирогч Б.Б-н биед халдан баруун шагайн дотор хавчаар болон тахилзуур ясны далд хугарал, хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөх шүүх хуралдаан болох өдөр л би энэ хүнтэй анх уулзсан. 2 дахь хагалгааны мөнгө орсон байгаа. Дараагийн хагалгаа нь өвөл болно. Ийм байдлаар олж авч чадахгүй юм байна гэж ойлгож байгаа. Би цаашид гарах зардал болон сар хагасын цалин буюу 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Шагай орчим байнгын хавдартай. Удаан сууж, удаан алхах үед байнгын хаван хавдар үүсэж байгаа. Эрчимтэй алхах үед маш их зовуурьтай болсон. Би сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Одоо тэр боломж маань хаагдсан. 100 метр орчим яваад хазганаж явдаг болсон...Би Б.Б-д зодуулдж гэмтэж бэртснээс хойш 4 сар хэвтрийн дэглэмд байсан..” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...Тэр өдөр нэг үйл ажиллагаа болж байсан. Дүү нарыг маань хүнтэй хэрэлдээд байна гэхээр нь гараад энэ 2 хүнийг холдуулсан. Тэгээд ийм асуудал болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр залуучуудтай юм яриад зогсож байхад хаанаас гэдгийг нь сайн мэдэхгүй тэр залуучуудын найзууд гэх 3-4 залуучууд гарч ирсэн. Тэр гарч ирсэн залуучуудын зарим нь орилоод байсан ба анх байсан 3 залуутай юм яриад байж байхад шууд ирээд чи хэн бэ, юу вэ гээд нүүр рүү тулаад байсан. Тэгээд би хараагүй байхад миний толгой хэсэг рүү цохисон ба миний ухаан балартаад газар унахад миний дээрээс олон хүн дэвссэн. Тэгээд дэвсүүлж байгаад дуусаад босох гэтэл хөлөө мэдрэхгүй байсан. Тэгээд намайг гэмтлийн түргэний машин ирээд авсан. Нийт 765,060 төгрөгийн хохирол учирсан байгаа ба энэ зөвхөн хагалгааны зардал нь ийм болсон. Цаашдаа надад сэргээн засах клиник эмнэлэгт 10 хоног яв гэсэн бөгөөд өдрийн 50,000 төгрөг юм. Тэгээд энэ хагалгааны дараа хадаас авах хагалгаа байгаа ба 765,060 төгрөг гэсэн. Би одоо хагас жил ажил хийх боломжгүй болсон ба миний сарын цалин 2,000,000 төгрөг байсан бөгөөд тэрийг би хагас жилээр нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал)
Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Үеэл Б.Б явъя гэж хэлсэн чинь за одоохон дүү нарыгаа явуулаадахья гэж хэлсэн. Тэгсэн үл таних залуу хэл амаар доромжлоод байсан ба манай үеэл 1 эрэгтэйг хавирч унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал)
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б ах нөгөө 2 эрэгтэйг газар унагааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №7191 дугаартай шинжээчийн: “...Б.Б-н биед баруун шагайн дотор хавчаар болон тахилзуур ясны далд хугарал, хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсэн байх боломжтой байна. Баруун шагайн дотор хавчаар болон тахилзуур ясны далд хугарал, хагас мултрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дахь тал)
Хохирогч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бро нэртэй пабад орж үйлчлүүлж байгаад гарч ирээд Улаанбаатар зочид буудлын хойд талд байрлах Зууны шөнийн театр гэх нэртэй газрын тэнд цуг ажилдаг дүү Б.Б үл таних хүнтэй ярьж байгаад муудалцаад зодолдсон. Би салгах гэж байгаад зодуулсан. Зүүн гарын чигчий хуруу мултраад оёдол тавиулсан, баруун талын чих өвдөж байна. Намайг хавирч унагаад гараараа тулах гэж байгаад гэмтээсэн, намайг унагаачихаад чих рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал)
Хохирогч Г.Ч-н дахин өгсөн: “... Би хөдөө ажлаар явсан байсан чихний хэнгэрэг цоорсон байсан, одоо бол зүгээр. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дахь тал)
Гарын хуруу мултарснаас болж 1 сар ажилдаа яваагүй тухайн 1 сарын цалингаа нэхэмжилж байна гэх Г.Ч-н хүсэлт (хавтаст хэргийн 60 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №7072 дугаартай шинжээчийн: “...Г.Ч-н биед зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын гадна хохирогч Г.Ч, Б.Б нарыг “үеэл дүүг нь хэл амаар доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож Г.Ч-н эрүүл мэндэд зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан; Б.Б-н эрүүл мэндэд баруун шагайн дотор хавчаар болон тахилзуур ясны далд хугарал, хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Б нь “...надруу олон хүн дайрсан, өнөөдөр ганц хүн энд зогсож байгаад гайхаж байна...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-46-48/, гэрч Б.Э, О.Э нарын мэдүүлэг зэргээр хохирогч Б.Б-г тухайн үед шүүгдэгч Б.Б зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ үед өөр хүмүүс түүнийг Б.Б-тэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх байдал дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б-н тухайд залуучуудын хооронд үүссэн маргааны асуудалд хөндлөнгөөс шууд оролцож үүссэн асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэж бусдыг зодож цохин гэмтээж бэртээж байгаа хэрцгий догшин зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үе шатанд хохирогчид эмчилгээний зардал гэж 1 100 000 төгрөгийг төлсөн ба хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Б-с Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөлөндөө хийлгэсэн эхний хагалгааны зардал 1 200 000 төгрөг, хөлний хадаас авахуулах дараагийн мэс заслын зардал болон “Д***” аялал жуулчлалын компанийн Маркетингийн менежер албан тушаалын байранд ажиллаж байхдаа шүүгдэгчид зодуулснаас гэмтэл бэртэл авч ажилгүй байсан 45 хоногийн хугацааны цалин 3 000 000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд уг зардлыг гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Б-с гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хохирогч Г.Ч нь “гарын хуруу мултарснаас болж Ц*** эвэнт холл ахлах тогоочийн ажлын байрандаа 1 сар ажилдаа яваагүй, 1 сарын цалингаа нэхэмжилж байна” /хх-60/ гэсэн бөгөөд гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Б-с 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ч-д олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Б.Б, Г.Ч нар нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-г зодож эрүүл мэндэд нь баруун шагайн дотор хавчаар болон тахилзуур ясны далд хугарал, хагас мултрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, мөн хохирогч Г.Ч-г зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгчийг эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дээрх зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Б нь хохирол төлөх бүрэн боломжтой тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 700 /долоон зуу/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ч-д, 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д тус тус олгосугай.
7. Хохирогч Б.Б, Г.Ч нар нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаан дээр хохирогчид эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР