| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/00492/И |
| Дугаар | 183/ШШ2021/00646 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/00646
2021 оны 03 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2021/00646 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 0 дүгээр байр, 000 тоот хаягт оршин суух, Д овогт Э.Н /РД:УХ00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Наяд оффис, 0 давхар, 000 тоотод байрлах, Ж.Э.Э.Э ХХК /РД:000000/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ж.Э.Э.Э ХХК-тай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 дугаар хэсэгт Дүнжингарав, 00 дүгээр байр, 00 тоотод байрлах, 34.2 м.кв нэг өрөө байр орон сууцыг бэлнээр буюу 64,400,000 төгрөгөөр худалдан авч №00/0-00 тоот гэрээ байгуулсан. Байрны ордер болон бичиг баримтыг гаргаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч банкны барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ шаардлагагүй гэж бодоод шүүхэд хандаагүй, ордер гаргаж өгөхийг хүлээж байгаад 2020 оны 2 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 00 байр, 0 дугаар орцны 00 тоотод байрлах, 34,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэв.... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү..." гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н хариуцагч Ж.Э.Э.Э ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 00 байр, 0 дугаар орцны 00 тоотод байрлах, 34,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай 000/0-00 тоот гэрээгээр гүйцэтгэгч Ж.Э.Э.Э ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence орон сууцны 0 дугаар орц, 00 тоот, 34,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Э.Н нь 64,400,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 7-8-р хуудас/
Зохигч талууд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Н нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000/0-00 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence орон сууцны 2 дугаар орц, 00 тоот, 34,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны төлбөр болох 64,400,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь Ж.Э.Э.Э ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00/00 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв. /хэргийн 6-р хуудас/
Нэхэмжлэгч Э.Н нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000/0-00 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 00/00 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 5-р хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Н Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 00 байр, 0 дугаар орц, 0 дугаар давхрын 00 тоотод байрлах, 34,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн хувийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гардаж авч, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Э.Н /РД:УХ00000000/-ийг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 00 байр, 0 дугаар орц, 0 дугаар давхрын 00 тоотод байрлах, 34,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 550,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 550,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ