| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/252 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/252
2024 03 07 2024/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Одонтуяа,
Хохирогч В.Э, түүний өмгөөлөгч Г.Халиун
Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 2303006790560 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-д бармен ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хот *** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. А.Г-д .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарны зам S Outlet төвийн урд замд Тоёота Приус-30 маркийн **** УБС улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ Тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч В.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч А.Г нь: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарны зам S Outlet төвийн урд замд Тоёота Приус-30 маркийн **** УБС улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ Тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч В.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /ХХ-ийн 3-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-9-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 17-р хуудас/,
Хохирогч В.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдрийн 16 цаг 30 минутын үед Их наяд худалдааны төвийн хажууд байх нүхэн гарцаар CU сүлжээ дэлгүүрийн хойно байдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад Тоёота Приус маркийн автомашинд мөргүүлсэн. Тухайн зам 4 эгнээ замтай байсан би гурван эгнээг нь явган гарчихсан байсан дөрөвдүгээр эгнээнд машинд мөргүүлсэн. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл миний биеийн зүүн тал руу маш хүчтэй мөргөсөн. Зам тээврийн ослын улмаас Интер Мед эмнэлэгт 5 хоног хэвтэж баруун хөлний шагайд ялтас суулгуулах хагалгаа хийлгэсэн. Интер Мед эмнэлгийн хяналтад боолт хийлгэж байгаа. Одоо биеийн байдал тухайн үеээ бодвол дээрдэж байна. Хөлөө гипсдүүлсэн таягтай явж байгаа. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэх зүйл байгаа баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр гарсан зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Надад тухайн цагдаагийн газраас хэлж мэдэгдэхдээ **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл таны эзэмшилд байдаг уу гэж асуугаад таны машиныг жолоодож явсан хүн зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. Тэгж л би мэдсэн. Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай охин Хүслэн найзуудтайгаа хамт салхинд гаръя манай найз машин барьчихна гэж хэлэхээр нь өгөөд явуулсан. Би цонхоор харахад манай охины найз нь гэх Б.Г гэх залуу жолоодож хөдөлж харагдсан, өөр хүн харагдаагүй. Зам тээврийн ослын улмаас ямар нэгэн хохирол, эвдрэл гэмтэл учраагүй. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,
Иргэний хариуцагч Н.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас хохирол, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар ямар нэгэн хохирол төлөх үүрэг хүлээхгүй. Тухайн үед миний машиныг жолоодож явсан Б.Г гэгч нь өөрөө хариуцах ёстой...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/,
Гэрч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...CU-ийн гарц дээр миний урдуур явган хүн гарцан дээгүүр явж байхад нь зам тавьж өгсөн тэгсэн миний зүүн талын эгнээнд явж байсан Тоёота Приус машины жолооч уг гарцаар гарч байсан явган хүнийг мөргөж байгааг толиндоо харсан би тэр газраа зогсоод буугаад очсон мөргүүлсэн гэх хүний хөл бэртчихсэн толгой нь шалбарчихсан байсан удалгүй тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн ирж надаас юу болсон талаар асуухад нь би болсон явдлыг хэлэхэд наад ачсан машинаа буулгаад гарцан дээр хүн мөргөсөн Тоёота Приус-30 маркийн машин ачиж ТС-7-ийн түр саатуулах байранд буулгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.Түмэнтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би жолооч Х ын хамт **** УАХ улсын дугаартай Бонго маркийн ачигч машинтай Натурын зам дээрээс Тоёота Приус-30 маркийн машиныг урд хоёр дугуйгаар нь дээш өлгөөд хойд дугуйгаар нь чирээд Улаанбаатар Буянгийн замаар ертөнцийн зүгээр урагш явж уулзвараар баруун гар тийш эргэж Тээврийн цагдаагийн урд замаар ертөнцийн зүгээр баруун тийш явж буцаж эргэдэг уулзвараар ертөнцийн зүгээр зүүн эргэж чигээрээ яваад Их Наяд худалдааны төвийн арын замаар явж уг замын урд байрлах CU сүлжээ дэлгүүрийн хойд зам явган хүний гарцан дөхөж байхад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүн зам хөндлөн гарч байхаар нь зам тавьж өгөөд хөдөлсөн тэгсэн бид хоёрын зүүн гар талаар явж байсан Тоёота Приус 30 маркийн машин бид хоёрын урдуур гарсан хүнийг мөргөчихсөн. Тэгсэн бид хоёрын ачиж явсан машинд мөргүүлсэн хүн цохигдоод уначихлаа гэж жолооч Х надад хэлээд бид хоёр зогссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12493 дугаартай: “1. В.Эгийн биед зүүн 3,4,5 дугаар хавирганы зөрүүгүй, зөрүү багатай далд хугарал, баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, дагзны хуйуөханд няцарсан шарх, дух, хамар, зүүн дал, сарвууны 3, 4, 5 дугаар хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 41-42-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1139836770 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 51-52-р хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1142 дугаартай: “жолооч А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ Тээврийн хэрэгсэл жолоодох, Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх магадлагаа /ХХ-ийн 59-р хуудас/,
Жолоодох эрхийн лавлагаа /ХХ-ийн 82-р хуудас/,
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би машинд 2 том пиво уусан ба тухайн үед 18 настай эмэгтэй хүүхэд машин барьж байсан. Би загинаад хойш нь суулгаад буцаад нөгөө байр луу эргэж орох гэж байгаад Энхтүвшин ахыг хохироосон...” гэснийг
Хохирогч В.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 16 цаг 30 минутын үед хүүхдээ авахаар зам гарч байсан. Тухайн үед зам ачаалалтай байсан. Өмнө 3 машины урдуур зам гараад хамгийн сүүлийн эгнээнд машинд дайруулсан. Энэ гэмт хэргийн улмаас надад учирсан хохиролд нийт 19.939.456 төгрөг нэхэмжилнэ. Үүнд: Эмчилгээнд зориулсан төлбөр мөнгө, хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлсөө дутуу авсны зөрүү, шатахууны мөнгө зэрэг багтаж байгаа. Мөн үүн дээр нэмээд сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч А.Г-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн үед хохирогчийг унахад хажуу эгнээнд зорчиж байсан автомашин ачилтын машин нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх боломжтой ба дээрх байдлыг бүрэн тогтоогоогүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна гэж маргах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа холбогдох, хууль, дүрэм, журмыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирогч нь хажуу эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслийн ойролцоо шидэгдэн унаж байгаа байдал тогтоогдов.
Үүнээс хохирогч В.Э-гийн эрүүл мэндэд дээрх гэмтэл учирсан байх боломжтой ба хажуу эгнээнд зорчиж явсан автомашин ачилтын машины буруутай хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч А.Г-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарахгүй байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан байтал Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12493 дугаартай дүгнэлтийн 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна гэсэн нь ойлгомжгүй, дээрх гэмтлүүдэд тус бүрт нь гэмтлийн зэрэг тогтоох шаардлагатай байжээ гэж маргав.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “...шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох...” гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байх ба тухайн гэмтлүүдийг өөр хэн нэг этгээд учруулсан байж болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэтэл тус бүрт хохирлын зэргийг тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба шинжээчийн дүгнэлтийг ямар нэгэн эргэлзээгүй байна гэж үзэв.
Тодруулбал хохирогчийн гэмтэл тус бүрт хохирлын зэргийг тогтоосноор хэргийн зүйлчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөргүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч В.Э нь шүүгдэгч А.Г-с эмчилгээний зардал болох 9.330.180 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү болон сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч нь хохирогчид 3.000.000 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн эмчилгээний зардал болох 9.330.180 төгрөгөөс хасаж тооцсон болно.
Шүүхээс иргэний хариуцагч Н.С 3.165.090 төгрөгийг, шүүгдэгч А.Г-с 3.165.090 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэний хариуцагч Н.Г болох нь тогтоогдож байх тул дээрх хохирол, төлбөрийн зохих хэсгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж зохицуулсан тул хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн зохих хувийг түүнээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэж байна.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарахаар байна.
Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 87-88 дугаар хуудсанд авагдсан ба хохирогч, шүүгдэгч нар нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохиргчий сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 9.900.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Дээрх хохиролыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч В.Э-гийн биед хүндэвтэр хохирол учирсан гэмтлийн байдал, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар, зэргийг тус тус харгалзаж үзлээ.
Мөн хохирогч нь эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалаар 5.930.000 төгрөгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх 5.930.000 төгрөгийг шүүгдэгч А.Гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд олгож шийдвэрлэв.
Харин хохирогч В.Э нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Гыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 82-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар иргэний хариуцагч Н.С-н 3.165.090 төгрөг, шүүгдэгч А.Г-с 3.165.090 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 9.900.000 төгрөг /нийт 13.065.090 төгрөг/-ийг гаргуулж хохирогч В.Э-д, 5.930.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн дансанд тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС