| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00042/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 48
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэржиг овгийн Юндэнцэвэлийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 201715000007 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 1976 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар баг “Өлзийт хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Дэржиг овгийн Юндэнцэвэлийн Лхагвасүрэн. РД: ЙА 76102213.
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11-12 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг Бумбатын 3-10 тоот хашаанд өөрийн эзэмшлийн саарал өнгөтэй 19-95 ӨВР улсын дугаартай “Хьюндэй Грейс” маркийн автомашиныг асааж хөдлөхдөө хайхрамжгүй хандаж уг автомашины зүүн талын дунд хаалгаар төрсөн хүү 1 нас 8 cap 24 хоногтой Лхагвасүрэнгийн Мөнхбатыг газар унагаж болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хөдөө явах гэж байсан юм. Том хүүхдээ ус руу явуулчихаад, эхнэр бид хоёр бензин авч машинаа хашаанд оруулж тавьчихаад, 2 хүүхдүүдээрээ хөнжил гудсаа машин руу оруулуулсан. Тэгээд хашааны үүдэнд тавьсан шар савтай хоёр усаа аваад дэлгүүр орох санаатай машинаа асаагаад хөдөлтөл эхнэр “Зогс” гэхээр нь зогссон. Тэгээд эхнэр “Хөнжил уначих шиг боллоо” гээд машинаас түрүүлээд буусан. Тэгээд би буугаад хүүхдээ автал хүүхэд маань хачин болчихсон байсан. Тэгээд эхнэр бид хоёр эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очтол Сувдбаяр эмч байсан. Эмч хүүхэд чинь “Нас барчихсан байна” гэсэн. Үнэхээр их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Батдолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би одоо тухайн асуудлын талаар ярьж чадахгүй байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөв тодорхой ярьсан. Надад их хэцүү байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Өөртөө л гомдоод байх юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батдолгорын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн орчим клонкоос түлш аваад Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багт байх гэртээ ирээд машинаа хашаандаа оруулж тавьчихаад нөхрийн хамт гэртээ ороод байж байгаад хөдөө гэр лүүгээ явах гэж байсан болохоор хоёр дунд хүүхдээрээ хөнжил гудсаа машиндаа оруулж тавиулсан. Ингээд хөдөө гэр лүүгээ авч явахаар хашааны үүдэнд 2 шар савтай ундны ус тавьчихсан байсан ба түүнийгээ ачихаар нөхрийн хамт машинаа асаагаад дөнгөж хөдлөөд усан дээрээ очих гэж байтал машины дунд суудал дээр байсан хөнжил унах шиг болсон. Тэгээд би нөхрийгөө машинаа зогсоогоорой хөнжил уначихлаа гэж хэлсэн. Ингээд машинаа зогсоогоод би буугаад хартал манай бага хүү Л.Мөнхбат газар байсан. Тэгээд би орилоод хүүхдээ тэвэртэл ухаан алдчихсан байсан. Нөхөр бид хоёр хүүхдээ аваад шууд эмнэлэг дээр очтол Сувдбаяр эмч байсан ба үзээд танай хүүхэд чинь нас барсан байна гэж хэлсэн. ...Машины хаалга онгорхой байсан үгүйг би мэдэхгүй. ...Машинаас буугаад хүүхдээ харах үед би сандарсан байсан болохоор ямар байдалтай байсныг хараагүй. Ямар ч байсан ухаангүй, хажуу талаараа харсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Бямба-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний мэдэж байгаагаар 12 цаг болж байхад манай аав, ээж хоёр гараад явсан. Яг яах гэж гарсанг мэдэхгүй байна. Ээж, аав хоёр гарах үед манай дүү Л.Мөнхбат дагаж гарсан ба би араас нь гараад дүүгээ оруулж ирсэн. Энэ үед утас дуугарсан. Би утсаа аваад ярьсан. Утсаар ярьж дууссаны дараа ээж гадаа орилоод байхаар нь гараад хартал Л.Мөнхбатыг аав тэвэрчихсэн байсан. Яг ямар байдалтай байсан талаар сайн мэдэхгүй байна. Ингээд аав, ээж хоёр дүүг аваад эмнэлэг явсан. ... Намайг утсаар ярих үед дүү гэртээ байсан үгүйг анзаараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Б.Оюундалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим намайг гэртээ цай ууж байхад манай хажуу талын айлын Б.Батдолгор хашаандаа орилоод байхаар нь би гараад харсан чинь машиныхаа хажууд суугаад шороо самраад уйлаад байсан. Би гэрийнхээ үүднээс харж байгаад гэртээ эргээд орсон. Талийгаачийг яг хаана байсанг хараагүй, ямар ч байсан толгой хэсэгтээ цус болчихсон аав нь тэвэрчихсэн байгаа харагдаж байсан. Машин нь хашаан дотроо хашааны үүдний хойд талдаа байж байгаа харагдсан. Тухайн үед Ю.Лхагвасүрэн, Б.Батдолгор хоёр байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Э.Сувдбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Л.Мөнхбат эмнэлэгт ирэхэд нас барсан байсан. Толгойдоо гэмтэл авсан, толгой амнаас цус гарч байсан. Арьс цонхигор цагаан, бүх бие хөхөрч цайсан байдалтай анх эмнэлэгт ирсэн. Анх эмнэлэгт ирэхэд бие нь хөрчихсөн эмнэлгийн тусламж авч чадаагүй. ...Толгойн баруун дээд үстэй хэсэгт цус гарсан, хамар амнаас нь шингэн цус урсаад л гараад байсан. Гэмтэлтэй талынх нь нүд хөхөрсөн, яг аль талынх нь нүд болохыг сайн санахгүй байна. Ю.Лхагвасүрэн хэлэхдээ машинаас унаад ойчоод уначихлаа, тэгээд наашаа аваад ирсэн гэж хэлсэн...” гэж хэлсэн. ... Тухайн үед Ю.Лхагвасүрэн уйлаад надад зөндөө л юм ярьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49, 56 дугаар хуудас/,
Яллагдагч Ю.Лхагвасүрэнгийн “...Би энэ гэмт хэргийг болгоомжгүй байдлын
улмаас үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Дараа нь манай хүүхэд хажуу айлын Оюундалай нар гарч ирсэн. Гэхдээ тэд нар яг болсон зүйлийг хараагүй. Би болгоомжгүй үйлдэлдээ их гэмшиж, харамсаж байна...” гсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн: “... Л.Мөнхбатын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух, зулай, 2 чамархай ясны хугарал, дагз ясны хугарал, хуйхны цус хуралт, баруун шанаа, чамархай хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 115 дугаартай: “... Уг хэрэг нь зам тээврийн осол гэж үзэх боломжгүй Замын хөдөлгөөний дүрмийн тайлбарт 1 дүгээр бүлэгт зам тээврийн осол гэдэг нь “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” гэж заасан байгаа нь осол гэж үзэх боломжгүй байна. Ю.Лхагвасүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Хэн нэгэн хүний эзэмшил өмчлөлд байгаа хашааг зам гэж үзэхгүй. Ю.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хашаанд уг зам тээврийн осол гарсан
байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журам зөрчсөн
асуудал биш байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би уг дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалд авагдсан ослын газрын схем зураг, фото зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлгийг уншиж танилцаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг баримтлан уг дүгнэлтийг гаргасан. Замын хөдөлгөөний 1 дүгээр бүлэг нийтлэг үндэслэл дээр “Зам тээврийн осол гэдэг нь нийтийн эзэмшлийн зам талбай, батлагдсан замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл ашиглан хөдөлгөөний үүднээс хүний амь бие, эрүүл мэнд
хохирох, хохирол учрах” явдал гэж заасан бөгөөд тухайн хэрэг, осол болсон газар
нь иргэний өөрийн эзэмшлийн хашаан дотор өөрийн тээврийн хэрэгслээр эд зүйл
ачих зорилгоор хаалгаа онгойлгон хашаан дотроо хөдөлгөн явсан үйлдэл нь
хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдлаа бүрэн хангаж, хөдөлгөөнд оролцоно
гэдэгт нийцэхгүй байна. Харин уг асуудал нь хашааны гадна хэсэгт болсон бол зам
тээврийн осол гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Замын хөдөлгөөний дүрмийн тайлбар
“Замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан хаалттай хашаа, үйлдвэрийн талбай зэрэг нь
замын хөдөлгөөнд хамаарахгүй” мөн уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг
хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуй
нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд
тооцохгүй гэж заасан байгаа нь Ю.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хашаанд уг асуудал
болсон нь зам тээврийн осол биш гэж үзэн дүгнэлт гаргасан тул Ю.Лхагвасүрэн нь
тээврийн хэрэгслийн хаалгыг онгорхой хөдөлсөн нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн
шинж агуулаагүй гэж үзсэн. Замын хөдөлгөөний дүрсийн 1.2 дахь хэсэгт зааснаар
жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашиныг “В” ангиллын
жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож болно гэж заасан байдаг. Тухай.
Тээврийн хэрэгсэл 8-аас бага хүний суудалтай тул Ю.Лхагвасүрэн уг тээврийн
хэрэгслийг жолоодох эрхтэй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 862 дугартай: “... Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эрүүгийн 201715000007 дугаартай Юндэнцээлийн Лхагвасүрэн 40 настай эрэгтэй” гэсэн хагятай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 863 дугартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Ю.Лхагвасүрэнгийн гэх цус нь АВ /lV/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүгсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 21-22, 31-32 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01/56 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01/55 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч /Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч/ Э.Батхуягийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Илтгэх хуудас” /хх-ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51, 52, 92, 108-117,140 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн ял шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнг сэжигтнээр тогтоож байцаасан тэмдэглэл /хх-ийн 85-86 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11-12 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 3-10 тоот хашаанд өөрийн эзэмшлийн саарал өнгөтэй 19-95 ӨВР улсын дугаартай Хьюндэй Грейс маркийн автомашиныг асааж хөдлөхдөө хайхрамжгүй хандаж уг автомашины зүүн талын дунд хаалгаар төрсөн хүү 1 нас 8 cap 24 хоногтой Лхагвасүрэнгийн Мөнхбатыг газар унагаж болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Б.Батдолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би одоо тухайн асуудлын талаар ярьж чадахгүй байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөв тодорхой ярьсан. Надад их хэцүү байна. Өөртөө л гомдоод байх юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/, хохирогч Б.Батдолгорын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “... хөдөө гэр лүүгээ авч явахаар хашааны үүдэнд 2 шар савтай ундны ус тавьчихсан байсан ба түүнийгээ ачихаар нөхрийн хамт машинаа асаагаад дөнгөж хөдлөөд усан дээрээ очих гэж байтал машины дунд суудал дээр байсан хөнжил унах шиг болсон. Би нөхрийгөө машинаа зогсоогоорой хөнжил уначихлаа гэж хэлсэн. Ингээд машинаа зогсоогоод би буугаад хартал манай бага хүү Л.Мөнхбат газар байсан. Тэгээд би орилоод хүүхдээ тэвэртэл ухаан алдчихсан байсан. Нөхөр бид хоёр хүүхдээ аваад шууд эмнэлэг дээр очтол Сувдбаяр эмч байсан ба үзээд танай хүүхэд чинь нас барсан байна гэж хэлсэн. ... Машины хаалга онгорхой байсан үгүйг би мэдэхгүй. ...Машинаас буугаад хүүхдээ харах үед би сандарсан байсан болохоор ямар байдалтай байсныг хараагүй. Ямар ч байсан ухаангүй, хажуу талаараа харсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-46/, Насанд хүрээгүй гэрч Л.Бямба-Очирын “... Ээж, аав хоёр гарах үед манай дүү Л.Мөнхбат дагаж гарсан ба би араас нь гараад дүүгээ оруулж ирсэн. Энэ үед утас дуугарсан. Би утсаа аваад ярьсан. Утсаар ярьж дууссаны дараа ээж гадаа орилоод байхаар нь гараад хартал Л.Мөнхбатыг аав тэвэрчихсэн байсан. … Ингээд аав, ээж хоёр дүүг аваад эмнэлэг явсан. ... Намайг утсаар ярих үед дүү гэртээ байсан үгүйг анзаараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43/, гэрч Б.Оюундалайгийн “... 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим намайг гэртээ цай ууж байхад манай хажуу талын айлын Б.Батдолгор хашаандаа орилоод байхаар нь би гараад харсан чинь машиныхаа хажууд суугаад шороо самраад уйлаад байсан. … Талийгаачийг яг хаана байсанг хараагүй, ямар ч байсан толгой хэсэгтээ цус болчихсон аав нь тэвэрчихсэн байгаа харагдаж байсан. … Тухайн үед Ю.Лхагвасүрэн, Б.Батдолгор хоёр байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48/, гэрч Э.Сувдбаярын “... Л.Мөнхбат эмнэлэгт ирэхэд нас барсан байсан. Толгойдоо гэмтэл авсан, толгой амнаас цус гарч байсан. Арьс цонхигор цагаан, бүх бие хөхөрч цайсан байдалтай анх эмнэлэгт ирсэн. Анх эмнэлэгт ирэхэд бие нь хөрчихсөн эмнэлгийн тусламж авч чадаагүй. … Ю.Лхагвасүрэн хэлэхдээ машинаас унаад ойчоод уначихлаа, тэгээд наашаа аваад ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49, 56/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт. /хх-ийн 58-60/, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт, /хх-ийн 74/, Шинжээч Б.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 77-78/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 862 дугаартай дүгнэлт /хх-ийн 64/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 863 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/, Эрүүгийн хэрэг үүгсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 15-16/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 21-22, 31-32/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч /Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч/ Э.Батхуягийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Илтгэх хуудас” /хх-ийн 145/, шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Л.Мөнхбатын амь нас хохирсон боловч шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь хүнийг санаатай алах субъектив санаа зорилго агуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт, /хх-ийн 74/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт. /хх-ийн 58-60/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгээс хураан авсан түүний эзэмшлийн №750644 дугаартай “А,В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд буцаан олгох, шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдав.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 19-95 ӨВР улсын дугаартай KMJFD37BP1K496740 гэсэн арлын дугаартай саарал өнгийн “Хьюндэй Грейс” маркийн авто машин, G-mobile HS-CS208 загварын гар утас 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дэржиг овгийн Юндэнцэвэлийн Лхагвасүрэнг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Дэржиг овгийн Юндэнцэвэлийн Лхагвасүрэнг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ю.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 19-95 ӨВР улсын дугаартай KMJFD37BP1K496740 гэсэн арлын дугаартай саарал өнгийн Хьюндэй Грейс маркийн авто машин, G-mobile HS-CS208 загварын гар утас 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгээс хураан авсан түүний эзэмшлийн №750644 дугаартай “А, В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ю.Лхагвасүрэнгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Лхагвасүрэнд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР