| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 105/2020/0668/Э |
| Дугаар | 782 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 782
2020 6 18 2020/ДШМ/0782
Г.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Мөнхтуяа,
хохирогч Ц.Ц,
шүүгдэгч Г.С,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006013200608 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Урад овгийн Гомбосүрэнгийн С, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” авто угаалгыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “С хотхон”, “Х” гудамжны 114 дүгээр байрны 38 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Г.С нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аз” авто угаалгын газарт иргэн Ц.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Сд оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Саас 840.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч О.Отгон нарт олгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Мөн хохирогч Ц.Цт олгохоор заасан 840.000 төгрөг нь баримт нотолгоо байхгүй. Миний бие бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.
Би хохирогчид гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчид учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Би авто угаалгын газар ажиллуулж өөрөө тэнд ажиллаж мөнгө олдог учраас нийтэд тустай ажил хийлгэх ял хийх боломжгүй байна” гэв.
Хохирогч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүн намайг архи уудаг гэж байгаа ч өөрөө ч гэсэн маш их архи ууж мөрийтэй тоглодог. Г.С нь намайг маш хэрцгийгээр хүрзийг хугартал зодсон. Нэг л газраа цохиод байхаар нь би гараараа хаасан чинь гарын арьсыг хуулартал цохисон. Би 10 хоног хэвтэрт байхдаа Г.Сыг дуудаад “чи танил талтай юм чинь миний хөлийг эмчлүүлээд өгөөч” гэхэд надад 200.000 төгрөг өгсөн. Дараа нь ээжид минь 150.000 төгрөг өгсөн. Би маш их гомдолтой байна” гэв.
Прокурор Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Г.Сы үйлдсэн гэмт хэргийн гэм буруу бүрэн тогтоогдож, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийн зүйл, заалтад заасан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй. Тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогч 2 сар цалин орлогогүй байсан. Хохирогч иргэний хуульд заасны дагуу гэм буруугийн улмаас учирсан гэм хорын хохирол, цалин хөлс, орлогыг шүүгдэгчээс шаардах эрхтэй. Уг шаардах эрхийн хүрээнд анхан шатны шүүх Г.Саас нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Г.С нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аз” авто угаалгын газарт иргэн Ц.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Цын “...С цаанаас ирээд 1 давхар руу буусан бөгөөд намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд нэг давхарт буугаад очтол үүдэнд байсан хүрзээр миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэр үед хүрз хугарсан бөгөөд үргэлжлүүлээд хүрзнийхээ ишээр миний зүүн хөл рүү 7-8 удаа цохисон. Ингээд манай эхнэр намайг тус газраас аваад явсан. Миний зүүн хөл маш их хөндүүртэй байгаа бөгөөд шилбэний яс нь цуурсан байсан.” /хх 8-10/,
гэрч Г.Н “...Ц ах эхнэр Ц-тэй дахин орж ирсэн бөгөөд орж ирэхдээ согтуу орж ирсэн. Ингээд хоёр давхар руу гарсан ба хоёр давхарт С ах эхнэртэйгээ, мөн түүний хоёр найзтай хамт байсан. Ингээд хоёр давхарт хүмүүс хэрэлдэх чимээ гарсан бөгөөд удалгүй Ц ах, С ах хоёр буугаад ирсэн. Тэгснээ угаалгаас гарах үүдний хэсэгт хоорондоо муудалцаж харагдсан ба С ах урт модоор Ц ахын гар хэсэг рүү нэг удаа, хөл хэсэг рүү нэг удаа цохиж байхыг харсан. Өөр бусад зүйлийг хараагүй. Ингээд нэг мэдэхэд Ц ах газар суучихсан, С ах буцаад дээшээ хоёр давхар руу гарсан бөгөөд удалгүй Ц ах газраас босоод эхнэр Ц-гийн хамт угаалгаас гараад явсан...”/хх 12-14/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3149 дугаартай “...Ц.Цын биед зүүн өвдөг, шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн шилбэ ясны дээд хэсэгт ясны хальсны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 20-21/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Сы таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Ц.Цын хөлөн тус газар хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.С нь “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сыг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, одоог хүртэл ажил орлогогүй гэж үзээд ажилгүй байсан хугацааны цалинг 2 сараар тооцож 840,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дах заалтанд нийцэж буй хэдий ч ажилгүй байсан хугацааг 2 сараар тооцож нөхөн төлбөр гаргасан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3149 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Цт хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдож байх бөгөөд хөнгөн зэргийн гэмтлийг тогтоох шалгуурыг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т тодорхойлохдоо “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байх тул хохирогч Ц.Цын ажилгүй байсан хугацааг дээрх журамд нийцүүлэн дөрвөн долоо хоног буюу нэг сараар тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Сы “надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...840,000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийг...” гэснийг “...420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ