Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 96

 

Л.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням, Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр, М.Ариунболд, Г.Байгальмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар магадлалтай, Л.Г-д холбогдох 201223010069 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Ариунболд, Г.Байгальмаа, Ч.Ням, Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Л-ийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Г-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 болгон өөрчилж, шүүгдэгч Л.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Г гаргасан гомдолдоо “...Би энэ хэрэгт холбогдсон үеэсээ мэдүүлгээ үнэн зөвөөр нь удаа дараа өгсөн боловч ямар учраас миний хэлсэн зүйлүүдийг хянаж шалгахгүй, зөвхөн хохирогчийн төрсөн эгч болох Л.Ө-гийн хуурамч худал мэдүүлэг, түүний зохион байгуулсан гэрч нарын худал зохиомол мэдүүлгийг үнэлж намайг буруутган хэлмэгдүүлж, хилсээр ял шийтгэж байгаад гомдолтой байна. Би 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Л.Э-тэй огт тааралдаагүй, уулзаагүй. Учир нь би тухайн цаг хугацаанд ээжийндээ /өөрийн төрсөн гэр/ хоносон юм. Гэрч Ч нь надтай садан төрлийн хүн биш бөгөөд тэр өдөр манай ээжийнд хонож байсан бөө хүн юм билээ. Энэ хүн манай ээжээс өмнө мэдүүлэг өгсөн байхад манай ээж энэ хүнд яаж нөлөөлөх юм бэ. Хохирогч гэх Л.Ө нь архины хамааралтай болсон гэрч Б.А-г гэр орноороо байлгаж байгаа тухай түүний ээж Б мэдүүлсэн нь хэрэгт байдаг. Л.Ө-д Бор-Өндөр сумын прокурор байсан Г эрүү үүсгэсэн бөгөөд Л.Ө-г сэжигтнээр татсанаас хойш ямар нэгэн ажиллагаа явагдалгүй байсаар прокурор М хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Хохирогч Л.Ө нь Бор-Өндөр сум болон Хэнтий аймгийн шүүхээс татгалзаж, хэргийг Говьсүмбэр аймгийн шүүх рүү шилжүүлсэн бөгөөд уг шүүх намайг гэм буруугүй гэж цагаатгаж байсан. Мөн тэрээр Говьсүмбэр аймгийн шүүхээс татгалзаж, хэрэг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байдаг. Үүний дараа Дорноговь аймгийн шүүгч А гэдэг хүнийг сайн мэддэг мэтээр гүжирдлэг зохион байгуулж татгалзсан. Би Л.Ө гэх хүний тааллаар гүжирдүүлэн гүтгүүлж олон аймаг дамжин явсаар ирсэн. Хохирогч гэх Л.Ө нь ингэж хууль хяналтынхныг гүжирдээд, гэрч нарт нөлөөлөөд байгаа нь хавтаст хэргээс тодорхой байхад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Энэ хэрэг дээр ажиллаж байсан прокурор М.Э, хохирогч Л.Ө, гэрч Б.А, А.М, Н.Н, О.Г нар бүгд нэг нутаг усны хүмүүс байдаг. Гэрч Б.А-гийн тогтвортой мэдүүлэг хавтаст хэрэгт нэг ч байдаггүй. Талийгаач С.Г-гийн мэдүүлэгт Л.Э-г Л.Г зодож, цохьсон гэж хэлсэн зүйл байдаггүй. Гэрч Б.А, талийгаач С.Г, И.Г нар өглөө 05 цагт цагдаа дээр очсон тухай тэр өдрийн жижүүрийн цагдаа М-ийн рапортод байдаг. Тэд нарын явсан маршрутаар би цуг яваагүй болох нь нотлогдож байгаа. Хохирогч гэх Л.Ө нь энэ хэргийг маш их будлиантуулсан хүн. Энэ хүний талаар хангалттай баримт хэрэгт байгаа. Нас барсан гэдэг нь худлаа байсан хар хочит И.Г болон түүний бэр дүү байсан Л.Ө нарыг шалгуулах хүсэлтийг манай өмгөөлөгч Б.Энхтүвшин бид хоёр Дорноговь аймгийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тавьсан боловч шууд шүүх хурал товлогдсон юм. Нэгэнт би энэ хэргийг хийгээгүй, хэргийн газарт байгаагүй учраас хэргийн жинхэнэ эзэн холбогдогчийг нь зөв тогтоож, хилс хэргийг маань хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргахдаа хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй, намайг илт хилс хэрэгт холбогдуулан хэт нэг талыг үнэлж, мушгин гуйвуулж хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх үүнийг засаж залруулалгүй ноцтойгоор хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, Г.Байгальмаа нар хамтран гаргасан гомдолдоо “...Уг хэргийг шүүх 4 удаа мөрдөн байцаалтад буцааж, 2 удаа цагаатгаж, 2 удаа яллаж байсан ба хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Г-гийн санаатай хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй, шүүгдэгчийн гэм буруутайг хөдөлбөргүй нотолсон баримт байхгүй юм. Шүүгдэгч Л.Г 6 жилийн турш байцаагдаж, эрх чөлөөгөө хязгаарлуулж, хоригдсоор эрүүл мэндийн байдал муудаж, ходоодны шархтай болсон, сэтгэл санааны хүнд байдалд байгаа. Гэтэл шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ цагаатгах талын нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хэргийг зөвхөн яллах байр сууринаас Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолыг удирдлага болгон үндэслэлгүй шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн гэм буруу эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон мэтээр үзэж мөн хуулийг ноцтой зөрчсөн. Гэрч Б.А-гийн 16 удаагийн зөрүүтэй мэдүүлгүүдээс 2014 оны шүүгдэгчийг гэм буруутай талаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүх сүүлийн мэдүүлгүүд тогтвортой байсан учир “Үнэн зөв” гэж бодит үнэнийг гуйвуулсан дүгнэлт хийсэн. Учир нь гэрч Б.А хэрэг гарснаас хойш удаа дараа мэдүүлэг өгөхдөө цаг хугацаа, газар орон, субьектын талаар тогтворгүй мэдүүлж ирсэн бөгөөд түүний мэдүүлгүүд эргэлзээтэй. Анхны мэдүүлгээс хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2014 оноос өгсөн мэдүүлэгт хохирогчийн зүгээс үзүүлсэн дарамт, нөлөөлөл, худал мэдүүлэг өгсөн хэргээр байцаагдаж байсан үеийн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Хэргийн бодит үнэнийг тогтооход анхны мэдүүлэг чухал ач холбогдолтой бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд болсон үйл явдлыг мартах, бусдын нөлөөнд автах зэрэг эрсдлүүд нэмэгддэг. Шүүх шүүгдэгч Л.Г-гийн ээжийн мэдүүлгийг “хамаарал бүхий этгээдийн мэдүүлэг” гэж үзсэн атлаа гэрч Б.А нь хохирогч Л.Ө-тэй хамт амьдарч, байнга орж гардаг хамааралтай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад үүнийг анхаараагүй. Мөн гэрч Б.А хэрэг үйлдэгдсэн байж болох үед хэргийн газарт бус Бор-Өндөр сумын Цагдаагийн газарт Г-гийн хамт байсан болох нь бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Н, Э.О, Ч.Н, Л.Д, Э.А, Ц.Д, Д.М, Л.З нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шууд бус нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг аль ч талаараа бүрэн нотолж чадахгүй байна. Гэрч С.Г болон Б.А нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад тэднийг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулаагүй. Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.А-гийн мэдүүлэгт “…идэвхтэй хөдөлгөөн хийх буюу явах хөдөлгөөн хийх боломжгүй” гэсэн байхад шүүх “хохирогч хэрэг болсон газраас 182 метр зайтай олдсоныг шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй” гэж зөрчилтэй дүгнэлтийг хийсэн. Талийгаачийг хэн нэг этгээд зөөж авчирсан байх, эсхүл хэрэг тухайн орчинд үйлдэгдсэн байх шүүгдэгчид ашигтай нөхцөлийг шалгаагүй атлаа шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Хэнтий аймгийн эрүүгийн хэргийн сум дундын шүүхээс энэ хэргийг 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “…хохирогч хэрхэн ногооны талбайгаас олдсон, …хэрэг гарсан өглөө 5 цагт гэрч Б.А, Л.Г нар Ц.Н-ийн ТҮЦ-нд очсон гэх үйл явдал, үүнээс өмнөх үйлдлүүдийг цаг хугацааны хувьд тодруулж, туршилт хийлгэх шаардлагатай” гэсэн ч энэ ажиллагаа бүрэн хийгдээгүй. Хэнтий аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дэслэгч Р.Б 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1 тоот даалгавартаа “…И.Г-г 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө болсон хэргийн талаар үл мэдээлсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож байцаахыг даалгасан” байхад энэ ажиллагаа хийгдээгүй, прокурор, мөрдөн байцаагчаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хангалтгүй хийсэн, хэргийн гол гэрчүүд болох Г, М зэрэг хүмүүс нас барж, үйл явдал тайлагдах боломжгүй болсон. Ийнхүү мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн, хэргийн гол нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон хөдөлбөргүй баримт байхгүй байхад Л.Г-г гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Л.Г-г цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд хэлсэн саналдаа “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Л.Г-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй тогтоосон зүйл байхгүй бөгөөд Б.А гэх хүний мэдүүлгээр л гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл гэрч Б.А нь өөрөө худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч одоо хэрэг нь шүүхийн шатанд шилжсэн. И.Г гэдэг хүнийг хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа гэрчээр асуухаар болсон байдаг. Тухайн хэргийн талаар хамгийн сайн мэдэх хүн нь И.Г байхад яагаад 2 жилийн дараа асуухаар болсон бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Талийгаачийг хэн нэг этгээд зөөж авчирсан байх, эсхүл хэрэг тухайн орчинд үйлдэгдсэн байх шүүгдэгчид ашигтай нөхцөлийг шалгаагүй атлаа шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Байгальмаа хэлсэн саналдаа “...Б.А-гийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо маш их зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэ хэрэгт нотолбол зохих байдлууд огт нотлогддоггүй. Иймд шүүгдэгч Л.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Учир нь шүүх хэт нэг талыг барьж, эргэлзээтэй гэрчийн мэдүүлгүүдэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Б.А-гийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, түүний зарим мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгч, түүний ах, дүү нар гэрч Б.А-г зодож дарамтлан худал мэдүүлэг өгөхийг шаардсан баримтууд хэрэгт байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр гэрчийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлүүдийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Б.А хэрэг болох үед хэрэг болсон газарт байгаагүй, харин Цагдаагийн хэлтэст, өөр айлд өөр хүмүүстэй байсан болох нь нотлогддог. Мөн Б.А-гийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлттэй зөрдөг, шинжээч эмч талийгаачид учирсан гэмтлийг “…нэг бус удаагийн үйлчлэлээр урд талаас нь үйлчилсэн үйлчлэлээр талийгаачийг босоо байдалтай байхад үүсэх боломжтой” гэж тайлбар өгсөн, харин гэрч Б.А “Г.Э-г цемент дээр унагаагаад дээрээс нь тоосгоор цохьсон” гэдэг. Шүүх гэрч Б.А-гийн эргэлзээтэй, тодорхойгүй мэдүүлгийг үнэлсэн нь ноцтой алдаа болсон. Гэрч Н.Н сэтгэцийн олегоферения өвчний улмаас бусдын асрамжид байдаг, эрх зүйн чадамжгүй болохыг нотолсон баримтыг гарган тавьж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Л.Г-гийн гэм буруутай байдал эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад шүүх Л.Г-г гэм буруутай гэж үзсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Г-г цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох болсон нотлох баримтууд нь хууль зүйн хувьд үнэлэх, бусад нотлох баримтуудаас ач холбогдолтойд тооцох, эргэлзээгүй, хөдөлбөргүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, гэрч Б.А-гийн удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийн зөвхөн Л.Г нь Л.Э-г тоосгоор цохьсон гэх мэдүүлгийг үнэлсэн нь ойлгомжгүй байна. Мөн мэдүүлэг өгөх чадваргүй М гэгчийг цагдаагийн байгууллагад дагуулж очиж мэдүүлэг өгүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Б.А-гийн өгсөн мэдүүлгүүдээс зөвхөн Л.Г-г яллах талын мэдүүлгийг үнэлж, цагаатгах талын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсаны дараа гэрчийн хувиар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл авагдсан байдаг ба энэ нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа юм. Давж заалдах шатны шүүх И.Г, Б.А, С.Г нар нь И.Г-гийн төрсөн охин Г.У-г хайж улмаар 2012 оны 8 дугаар сарын 11-ний үүрээр цагдаагийн хэлтэс рүү очсон талаарх үйл баримтыг нотолсон боловч энэ тухай цагдаагийн албан хаагч, гэрч Д.М-ийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргаж өгсөн тодорхойлолтоор 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө аадар бороотой, сэрүүхэн байсан ба эмнэлгийн анхны үзлэг хийсэн эмч М.Г-гийн “Уг хүнийг үзэхэд ухаангүй, даарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг нь гэмт хэрэг 05 цагийн үед гарсан байх боломжтойг нотолж буй юм гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Энэ дүгнэлт нь таамгийн шинжтэй болсон ба эмч, гэрч М.Г-гийн “Тухайн хүн уг гэмтлийг аваад 5-6 цаг орчим болсон гэж харагдаж байсан” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харахад анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээгүй дүгнэлтэд хүргэх онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай хууль зүйн тодорхой үндэслэлийг заагаагүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим хэсгийг ноцтой зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн. Тухайлбал, яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасан үндэслэлээр, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.5-д заасан үндэслэл болон яллагдагч Л.Г-гийн эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг хуульд заагдаагүй үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах, шүүх хуралдааны тов тогтоох зорилгоор гэж томьёолон захирамж гаргасан байдаг. Улмаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан нь Л.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж урьдаас тогтоосон мэт шүүхийн зүгээс үзсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитоор хянаж үнэлэх журмыг зөрчөөгүй” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй. Шүүгдэгч Л.Г нь Л.Э-г цохьсон болохыг ганцхан гэрч Б.А-гийн мэдүүлэг нотолдог. Гэтэл гэрч Б.А хэргийг хянан шийдвэрлэх явцад 16 удаа мэдүүлэг өгөхдөө 16 өөр янзаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зөрүүгүй зааж чадаагүй, яг яаж цохьсныг яагаад зөрүүтэй мэдүүлээд байгааг шүүх анхаарч үзэлгүй, зөвхөн яллах байр сууринаас хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрч Б.А-гийн мэдүүлгүүдээс Л.Г талийгаачийг тоосгоор цохьсон уу, эхлээд унагаад цохьсон уу, цохьсноос болоод унасан уу гэдгийг тогтоох боломжгүй байгаа бөгөөд тоосго шиг юм байсан гэхээр гэрч цохихдоо хэрэглэсэн зүйлийг сайн хараагүй юм шиг, тоосго газраас авсан гэхээр сайн харсан юм шиг ийм эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөөр байхад шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, Л.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Л.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хор уршиг санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ дан ганц Б.А-гийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоогүй бөгөөд хэрэг гардаг өдөр болсон үйл явдлыг нүдээр харсан гэрч Н.Н-ийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт, туршилт хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Л.Г-гийн үйлдэл холбогдол нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэрч Б.А-гийн өгсөн 16 удаагийн мэдүүлгээс ихэнх нь худлаа, өөр хоорондоо зөрүүтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар ярьж байна. Тэгвэл яагаад худлаа мэдүүлэг өгөх болсон талаараа Б.А нь удаа дараа тайлбарлан хэлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Г нь 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Х дугаар байрны ар талд С.Г, Л.Э, Б.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Л.Э-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь тоосгоор цохиж хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч эмнэлэгт болон гэртээ 3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримт”-ын талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Л.Г-гийн үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримталж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Л.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул Л.Г-гийн гэм буруутай үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Г.Байгальмаа, Ч.Ням, Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН