Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 124/2016/0033/з |
Дугаар | 221/МА2017/0039 |
Огноо | 2017-01-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0039
Иргэн О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 65 дугаар зүйлийн 65.4, 65.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэхдээ сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч О.Цогтгэрэлийн өмгөөлөгч Даваажанцан миний бие О.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүх Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.
Шүүх Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Улсын Их Хурлын сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж 151 дүгээр зүйлийн 151.1-д “ Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж тодорхойлсноос үзвэл тухайн тойрогт зөвхөн орон нутгийн иргэд саналаа өгөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрэх боломжгүй байна” гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлт нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэнэ:
Сонгуулийн тухай хуулийн 22.4-т “Улсын Их Хурлын сонгуулийг явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр нь сонгуулийн тойрогт хуваагдана” гэж, 120.2-т “Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүнийг тус бүр нэг мандаттай 76 тойргоос сонгоно” гэж зааснаас үзвэл Улсын их хурлын гишүүн нь урьдчилан тогтоосон нутаг дэвсгэрийн аль нэг тойргоос сонгогдоно.
Тус хуулийн 22.5-д “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно” гэж заасан.
Үүнээс үзвэл тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 45 хоногийн өмнө Улсын их хурал байгуулахаар байна. Хүн амын тоог харгалзан тойргийг байгуулах нь хүн бүр тэгш эрхтэйгээр төлөөлөгчөөрөө дамжуулан төр барихад оролцох явдлыг хангах юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж заасан. Төлөөлөгч гэдэг бол төлөөлүүлж байгаа этгээдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч юм. Аль нэг тойргоос нэр дэвшин улсын их хурлын гишүүн болон сонгогдсон хүн нь тус тойргийн төлөөлөл юм.
Иймд Монгол Улсын Их хурал бол бүх ард түмнийг төлөөлөн төр барина. Харин тухайн нэг гишүүн нь аль нэг тойргийн эрх ашгийг илэрхийлэн төр барилцахад оролцох юм. Дээрхээс дүгнэвэл сонгуулийн тойрог нь тухайн нутаг хүн амын тооноос хамаарна. Тухайн нутаг дэвсгэрт хүн ам байхгүй бол сонгуулийн тойрог байх боломжгүй юм. Тийм учраас тухайн нутаг дэвсгэрийн хүн амаас Улсын Их Хурлын гишүүн сонгогдож байна гэж үзэх юм.
2. Шүүх сонгогч шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөхөөр хүргүүлсэн тохиолдолд тухайн санал авах байр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн тухай
Шүүх “Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасны дагуу өөрийн бүртгэлтэй санал авах байранд шилжих хүсэлтээ бичгээр гаргаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлснийг тухайн санал авах байр хүлээн авч сонгогч шилжих хуудас олгосоныг үндэслэн сонгогчийг өөрийн биеэр ирэхийг болон итгэмжлэл олгосон байхыг шаардахгүйгээр санал авах байр, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогч шилжин ирсэн бүртгэл хийснийг буруутгах боломжгүй бөгөөд бүртгэлийг үндэслэн шилжин ирсэн сонгогчийг Улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмж бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасантай нийцсэн байна” гэж дүгнэсэн байна.
Гэтэл Улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/187 тоот тушаалын хавсралт Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмын 5.4-т “Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн Сонгогч шилжих хуудаст шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ” гэж заасан байна.
Үүнээс үзвэл сонгогч өөрт нь иргэний үнэмлэх, сонгогч шилжих хуудасны “Сонгогч шилжин явсан тухай” хэсэг байхад л хангалттай гэсэн утга гарч ирнэ.
Иргэний үнэмлэхийг үндэслэж байгаа нь тус журмын 5.2-т “Санал авах байр шилжин явах сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн “Сонгогч шилжих хуудас”-т тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг бичиж, санал авах байрын ахлах зохион байгуулагч гарын үсэг зурж, сонгуулийн хэсгийн тэмдэг дарж баталгаажуулна” гэж зааснаас үзвэл мэдээллийг үнэн зөв тусгах болон тухайн этгээд өөрөө мөн эсэхийг баталгаажуулах нэг шаардлага юм.
Шилжин ирсэн сонгогчийг бүртгэхдээ иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгээгүй нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог:
-1-р хэсгийн санал авах байрны улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Ө.Бэгзсүрэн гэрчийн мэдүүлэгтээ “... Шилжих хуудсанд сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган, сонгуулийн хэсэгт шилжүүлэв гэсэн бичигтэй байсан” гэх мэдүүлэг.
-2-р хэсгийн санал авах байрны Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Я.Буян-Орших гэрчийн мэдүүлэгтээ “...Шилжин ирсэн сонгогчдын шилжих хуудсанд сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байсан” гэх мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл итгэмжлэл олгосон эсэх асуудлаас гадна иргэний үнэмлэхийг үндэслэж бүртгэл хийгээгүй байна.
-3-р хэсгийн ахлах зохион байгуулагч Ж.Гансүх шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... Сонгогчдыг бүртгэхдээ иргэний үнэмлэх болон итгэмжлэл зэрэг бичиг баримтыг шаардаагүй” гэх мэдүүлэг.
-Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 38 дугаар тоот албан бичигт “...Дээрх сонгогчдын бүртгэлийг 1, 2, 3, 4 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд хийсэн бөгөөд уг шилжин ирсэн сонгогчдын бүртгэлийг хийхэд иргэний үнэмлэх, итгэмжлэл болон бусад холбогдох бичиг баримтад үндэслээгүй, шалгалгүйгээр зөвхөн сонгогч шилжих хуудсыг л үндэслэн бүртгэл хийсэн болно” гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар иргэний үнэмлэхийг үндэслээгүй бүртгэлийг хийсэн нь нотлогдож байна.
Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмын 5.4-т “Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн Сонгогч шилжих хуудаст шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ” гэж тодорхой заасан.
Гэтэл Увс аймгийн Улсын Их хурлын сонгуулийн 31-р тойргийн 1, 2, 3, 4-р хэсгийн ахлах зохион байгуулагч болон Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нар нь сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслээгүй бүртгэлийг хийсэн нь дээрх гэрчийн мэдүүлгүүдийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Увс аймгийн Улсын Их хурлын сонгуулийн 31-р тойргийн 1, 2, 3, 4-р хэсгийн ахлах зохион байгуулагч болон Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нар нь Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмын 5.4-т заасныг зөрчиж шилжин ирсэн сонгогчдыг 1, 2, 3, 4-р хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байна.
3. Шүүх Сонгуулийн тухай хуулийн 65.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай
Шүүх “Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмын 5.4-д санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн шилжин ирсэн тухай тэмдэглэл үйлдэхээр заасан хэдий боловч сонгогч шилжсэн бол Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасны дагуу сонгогч шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөхөөр хүргүүлсэн тохиолдолд тухайн санал авах байр шилжин ирсэн сонгогчийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 65.4-д “Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Тус заалтаас үзвэл сонгогч иргэн шилжих хуудсаа хүргүүлэх болон бусад ямар нэгэн хэлбэрээр явуулахыг (шуудангаар) заагаагүй шууд “өгөх” тухай заасан байна.
Хүргүүлнэ гэдэг нь өөрийн биеэр бус өөр нэг этгээдээр дамжуулан шилжих хуудсыг хүргэх тухай ойлголт юм. Тийм учраас шүүх шилжих хуудсаа санал авах байранд өгөх гэдгийг өгөхөөр хүргүүлэх хэмээн тайлбарлаж сонгогч биш этгээд түүний нэрийн өмнөөс шилжих хуудсыг хүргүүлж байгааг хүчинтэй хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.1.2-т ““сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг” хэлэхээр заасан.
Дээрхээс дүгнэн үзвэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэн шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөхөөр зохицуулагдсан байна. Өөрөөр хэлбэл тухайн сонгогч иргэн өөрийн биеэр санал авах байранд ирж бүртгүүлэх талаар зохицуулагджээ.
Иймд Увс аймгийн Улсын Их хурлын сонгуулийн 31-р тойргийн 1, 2, 3, 4-р хэсгийн ахлах зохион байгуулагч болон Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нар нь Сонгуулийн тухай хуулийн 65.4-д заасныг зөрчин шилжин ирсэн сонгогчидыг 1, 2, 3, 4-р хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байна.
4. Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг зөрчин шилжин ирсэн сонгогчийг бүртгэсэн тухай
Увс аймгийн Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай баримтад “Улсын их хурлын 2016 оны сонгуулийн 31-р тойргийн 1-р хэсэгт нэрийн жагсаалтад 3190 сонгогч бүртгэгдсэнээс санал өгсөн сонгогч 2466. Өгөөгүй сонгогчийн тоо 724, шилжин ирсэн 731 сонгогчоо санал өгсөн сонгогчийн тоо 633, санал өгөөгүй сонгогчийн тоо 98, 31-р тойргийн 2-р хэсэгт нэрийн жагсаалтад 3020 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн сонгогч нь 2356 үүнээс санал өгсөн сонгогчийн тоо 2262, өгөөгүй сонгогчийн тоо 94, шилжин ирсэн 760 сонгогчоос санал өгсөн сонгогчийн тоо 632, өгөөгүй сонгогчийн тоо 128” гэж дурджээ.
Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нэг хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвд 2500-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байна” гэж тодорхой заасан байна.
Гэтэл Увс аймгийн Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1, 2-р хэсгийн ахлах зохион байгуулагч болон улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нар нь Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг зөрчиж сонгуулийн 31-р тойргийн 1-р хэсэгт 690-н шилжин ирсэн сонгогчийг, 31-р тойргийн 2-р хэсэг 520-н сонгогчийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн бүртгэж нэг, хоёр дугаар хэсгийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэсэн байна.
Иймд Увс аймгийн Улсын Их хурлын сонгуулийн 31-р тойргийн 1, 2-р хэсгийн ахлах зохион байгуулагч болон Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг зөрчин хуульд заасан сонгогчийн тооноос хэтрүүлэн шилжин ирсэн сонгогчийг бүртгэсэн байх тул шилжин ирсэн сонгогчийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.
Дээрх үндэслэл, тайлбаруудыг дүгнэн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэхдээ Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд дээрх шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд дэмжсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байх” гэдэг нь хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.
Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” гэдэг нь нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүх судлан шинжлэгдсэний үр дүнд хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тэрхүү нотлох баримтаар бүрэн тогтоогдож, эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэрийг хэлнэ.
Захиргааны хэргийн шүүхийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “захиргааны акт”-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг. Иймд тухайн хавтаст хэрэгт маргааны зүйл болсон “захиргааны акт” нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх ёстой.
Гэтэл энэхүү хэрэгт маргаж буй “захиргааны акт” авагдаагүй байна. Иймд шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүх нотлох зарчим”-аа бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүх нотлох баримт бүрдүүлэх үүднээс үзлэг хийсэн байна. Гэхдээ үзлэгийн явцад хуулбарлан авч хэрэгт хавсаргасан баримтууд нь бичмэл нотлох баримтад тавигдах, хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариу тайлбар, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэхэд талууд Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан “Сонгогч шилжих” тухай зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар болон тухайн үед улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд хийсэн бүртгэлийг хуульд нийцсэн эсэх талаар маргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР