Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/00609

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2021/00609 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , Б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  НШшгг холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Урангоо, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.28-ны өдрийн 1742 дугаар шийдвэрээр Ж.Б 146,400,000 төгрөг гаргуулж, А ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 15 хороо, 3 хороолол, 24 байр 94 тоот 29мкв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Ажиллагаа явцад төлбөр төлөгч миний бие дуудлага худалдааны дуудах үнийг тогтоолгох ажиллагаанд өөрийн саналыг 200,0 сая төгрөгөөр тогтоолгохоор хүссэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нь хүчээр намайг дуудах үнийн саналаа 150,0 сая төгрөгөөр тогтоо гэж албадсан. НШшгг 2018.10.05-ны өдөр гаргасан хүсэлт нь миний өөрийн хүсэл зориг биш бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн даалгасны дагуу бичсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлт зориг юм. Мөн дээрх үнийн саналд би өөрийн гарын үсгийн зурж баталгаажуулаагүй. Дуудлага худалдааны үнийн саналыг өөрийн хүсэл зоригийн хэмжээнд хараат бусаар гаргах нь төлбөр төлөгч миний хууль ёсоор олгогдсон эрх юм. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бүдүүлгээр зөрчиж үнэлгээ хийлгүүлэхгүйгээр үнийг саналыг өөрийн хүссэн хэмжээгээрээ гаргасан. Хөндлөнгийн байгууллагаар шинжээч томилж зах зээлийн дуудлага худалдааны бодит үнэлгээг гаргалгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулсан нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд миний өөрийн гарын үсэггүй үнийн саналыг үндэслэж гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.05-ны өдрийн 11/29 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2018.12.04-ний өдрийн 12/24 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2 өрөө орон сууцанд дуудлага худалдааны үнийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээ тогтоолгохыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.28-ны өдрийн 102/ШШ2018/01742 дугаар шийдвэрээр Ж.Б 146.400.000 төгрөг гаргуулж АХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын Ү-2205013741 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 хороо, 5 хороолол, 24 байр 94 тоот 29 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал асуухад харилцан тохиролцож 150,0 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг талуудад 2018.10.05-ны өдрийн 4/16670 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Бямбасүрэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож анхны албадан дуудлага худалдаанд 2018.11.22-ны өдөр Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцсон үнэ 150,0 сая төгрөгийн 70 хувь 105,0 сая төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул 2018.12.21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-д зааснаар тохиролцсон үнэ 150,0 сая төгрөгийн 50 хувь 75,0 сая төгрөгөөр оруулахад 76.200.000 төгрөгөөр худалдан борлогдсон байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б нь НШшгг  холбогдуулан 2018.11.05-ны өдрийн 11/29 дугаар, 2018.12.04-ний өдрийн 12/24 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн 2018.05.28-ны өдрийн 102\ШШ2018\01742 дугаар шийдвэрээр Ж.Б 146,400,000 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 хороо, 5 хороолол, 24 байр 94 тоот 29 мкв талбайтай, Ү-2205013741 дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь НШШГГ-т 2018.09.28-ны өдөр өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлсэн, 2018.10.05-ны өдөр орон сууцаа өөрөө зарж борлуулахаар 1 сарын хугацаа олгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Ж.Б нь үнийн саналд өөрийн гарын үсгийн зурж баталгаажуулаагүй гэж, төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гарын үсэг нь биш гэж тайлбарлаж байгаа боловч гэрын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч дуудах үнийг тогтоолгох ажиллагаанд өөрийн саналыг 200,000,000 төгрөгөөр тогтоолгохоор хүссэн, шийдвэр гүйцэтгэгч хүчээр намайг үнийн саналыг 150,000,000 төгрөгөөр гэж албадсан нь миний өөрийн хүсэл зориг биш, шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлт зориг гэж тайлбарласан боловч баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагч нь төлбөр төлөгчөөс гаргасан 150,000,000 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулсныг зөвшөөрсөн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдэгдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргахаар зохицуулжээ.

 

НШШГГ-аас анхны албадан дуудлага худалдааг 2018.11.22-ны өдөр, 2 дахь албадан дуудлага худалдааг 2018.12.21-ний өдөр тус тус явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдаа явуулсан 2018.11.22 болон 2018.12.21-ний өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШшгг  холбогдох, 2018.11.05-ны өдрийн 11/29 дугаар, 2018.12.04-ний өдрийн 12/24 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ