| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | 2023/12/27 |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2023 12 27 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ
Шүүгдэгч Г.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч овогт Г-ийн Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2905 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн,
Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Ч овогт Г-ийн Х- /РД:УУ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагаас 18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 0-р хороод эхнэр хохирогч Ч.Б-ийг олон удаагийн давтамжтайгаар толгой хүзүү, цээж, бүсэлхий, хөлийн гуя, шилбэ хэсэгт гараараа цохих, хоолойг боох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь зүүн дээд зовхи, хүзүү, цээж, зүүн бөөр, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралтууд, баруун 3-р хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2306 00000 3574 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Х- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үедээ Ч.Б-ийг зодож гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Г.Х- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөнөөс эхэлж архи уугаад эхэлсэн. Тухайн өдрийнхөө 15 цагийн үед намайг монелд байрлах гэрт намайг зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа иртэл манай нөхөр надад хандаж хайраа би одоо баригдаад явбал цаашаа баривчлагдаад явчихна шүү гэж хэлээд надаас дуудлагаа буцаагаад өгөөч гэж гуйхад нь би нөхрөө бодоод дуудлагаа буцаасан. Гэтэл Г.Х- Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үүднээс жижиг тэргэнд суугаад намайг хаяад яваад өгсөн. Би автобусанд суугаад офицерүүдийн ордон руу яваад цаашаа Налайх руу алхаж байтал Г.Х- над руу залгаад чатаар гараа ханасан зураг явуулаад үхлээ шүү гэж дарамталж айлгасан. Тэгэхээр нь би түргэн дуудаад түргэний тэрэгтэй хамт Монелд руу очтол манай нөхөр унтаж байсан. Түргэний эмчид гараа үзүүлээд гараа боолгохгүй болохоор нь түргэний эмч яваад өгсөн. Тэгээд намайг контенер луу явуулж байгаад одоо би чамайг ална надаас уучлалт гуй гэж хэлээд миний хоолойг боогоод толгой руу олон удаагийн давтамжтай цохисон. Зодчихоод монгол гэр лүү ороод ахин зодсон. Монгол гэр лүү ороод миний толгой бие рүү битүү өшиглөж цохисон. Манай нөхөр намайг олон удаагийн давтамжтай зодсоор байсан. Монгол гэрт зодож байгаад одоо хоёулаа гаръя би чамайг контенерт оруулж байгаад зодно гэж хэлээд гарсан. Би гараад шээе гэж хэлэхэд манай нөхөр контенер лүү орсон. Тэр үед би зугтсан. Миний биеийн бүхий л хэсэг зодож цохиж гэмтээсэн. Би яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Миний гуравдугаар үеийн хавирга хугарсан, бөөр өвдөж байгаа, биеийн ихэнх хэсгээр хөхрөлттэй зовиуртай байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11582 дугаартай “Ч.Б-ийн биед зүүн дээд зовхи, хүзүү, цээж, зүүн бөөр, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралтууд баруун 3 дугаар хавирганы далд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 18-19 дэх тал/
Шүүгдэгч Г.Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа /хавтас хэргийн 15-16 дахь тал/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, /хавтас хэргийн 36-109 дэх тал/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, /хавтас хэргийн 109-186/,
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн /хавтас хэргийн 31-33 дахь тал/
Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн /хавтас хэргийн 187-192 дахь тал/
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 24/01 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол /хавтас хэргийн 205 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Х- нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед болон 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Монелын задгайд хохирогч /эхнэр/ Ч.Б-ийг олон удаагийн давтамжтайгаар толгой хүзүү, цээж, бүсэлхий, хөлийн гуя, шилбэ хэсэгт нь гараараа цохих, хоолойг нбоох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн дээд зовхи, хүзүү, цээж, зүүн бөөр, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралтууд, баруун 3-р хавирганы далд хугарал гэмтэл бүхий биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Г.Х-гийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 11582 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Г.Х- нь хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд:
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дугаар сарын 12-ны өдөр 11582 дугаартай: “Ч.Б-ийн биед зүүн дээд зовхи, хүзүү, цээж, зүүн бөөр, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралтууд баруун 3 дугаар хавирганы далд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Х-гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Х- нь хохирогч Ч.Б-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.Х- нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Г.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд нийтэд тустай ажил хийлгэх ” дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Г-ийн Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 340 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Х-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА