| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
2023 12 27 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ч.И түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч-ийн Иод холбогдох эрүүгийн 2303007140558 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Ш овогт Ч-ийн И /ЦА00000000/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.И нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 35 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0-р хороонд Тоyota маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас хохирогч явган зорчигч Х.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг өгсөн хэвээрээ. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ч.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн осол болсон өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт чиглэн Жуковын музейн урд төв замаар 3-р эгнээгээр явж байсан юм. Миний баруун урд талд 2-р эгнээнд цагаан өнгийн портер маркийн машин явж байсан тэгээд тэр портер машины урдуур нэг эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн би тэгэхэд тоормосоо гишгээд тэр эгчийн сүүлийн алхам дээр нь баруун хөлийн ард өсгий хэсгийг нь шүргээд зогссон. Миний хувьд портер машин үзэгдэх орчин хаасан байсан мөн тэр эгч гэнэт гүйж гарч ирсэн учраас би тоормослоод зогссон би өөр юу ч хийж чадалгүй очоод мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дүгээр хуудас/
Хохирогч Х.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найзтайгаа ботаникийн ойролцоо сургалтад суучхаад дараа нь сансарт массажны эмчилгээнд явахаар хамт явсан найзыгаа гуйгаад харих замдаа Жуковын музейн автобусны буудал дээр намайг буулгачих би тэндээс сансар руу автобусанд суугаад явчихъя гээд дайгдаад явж байтал манай найз автобусны буудал дээр зогсож болохгүй гээд автобусны буудал өнгөрөөд буцаж эргээд Жуковын музейн замын урд явган хүний гарцын ойролцоо буулгахаар нь би машинаас буугаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явтал миний зүүн гар талаас цагаан өнгийн Портер бололтой өндөр машин хурдтай ирж явсныг хараад айгаад гүйчихсэн чинь тэр машины цаана нь 3 дугаар эгнээгээр явж байсан машин намайг гүйгээд гараад ирэхийг анзааралгүй миний баруун хөлийн өсгий хавьцаа шүргэчих шиг болоод би газарт унаад, тухайн үедээ айж сандраад яг яаж унаснаа санахгүй байна. Тэгээд эргээд босох гэсэн чинь миний баруун талын ташаанд юм татагдаад босож чадалгүй буцаад унасан. Тухайн үедээ машин айж сандраад яг аж унаснаа санахгүй байна. Тэгтэл намайг шүргэсэн машины жолооч бууж ирээд намайг өргөж босгоод машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хэвтэх шаардлагатай гээд шууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ослын улмаас миний баруун талын дунд чөмгийн толгой нь хугарч мэс засалд орсон өөр бэртэл гэмтэл байхгүй. Бусад шинжилгээнүүд хэвийн гарсан. Миний зүгээс эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд гарсан биеийн байдал хэвийн тогтворжсон. Жолоочтойгоо байнга холбоотой надад тусалж, үйлчилж байгаа, жолооч залуутай эмчилгээний төлбөр тооцоонд хоорондоо тохиролцсон тул өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13478 дугаартай “...Х.Н-гийн биед баруун түнхний үен доторх дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 25-26 дүгээр тал/
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Цамбагарав техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03421 дүгээр “Toyota Rav-4 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Эвдрэлтэй эд ангиуд байхгүй байна. Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй байна. Автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ” гэх дүгнэлт /хавтас хэргийн 30-37 дугаар тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.И нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 35 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0-р хороо Тоyota маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас хохирогч явган зорчигч Х.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаах, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Ч.И, хохирогч Х.Н- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13478 дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03421 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч Ч.Иод холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.Иыг Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас хохирогч явган зорчигч Х.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй.
Шүүгдэгч Ч.И нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.И өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Ч.Иод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Х.Н-д 2 000 000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6 658 000 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ч.И нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ч-ийн И-ыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Иын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.И нь шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж” түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И нь “...тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй...” бол, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.И нь хохирогч Х.Н-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 2 000 000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 6 658 000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА