Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/228

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305042440040 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 08-нд Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, бага хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЖ*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******ийг цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд дагзны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд, хүзүүнд, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ “Г.******* бид хоёр эхнэр нөхөр бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. Тухайн өдөр би хүүхдүүддээ гар хүрсэн зүйл байхгүй. Эхнэр бид хоёр тэр өдөр нэг харилцагчтайгаа уулзаад ганц пиво уугаад би гэртээ ирж эхнэр караоке орно гээд яваад шөнө гэртээ ирсэн. Би ор хөнжилдөө эхнэрээ оролдох гэсэн чинь гуянаас хазахаар нь тавиулах гээд зууралдсан чинь нүцгэн коридорт гараад гүйчихсэн. Тэгээд оруулах гээд чирч гулдарсан чинь гар хөл нь хөхөрчихсөн. Өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй. Яагаад тэгж мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Өмнө нь буюу  2023 оны 7 дугаар сард эхнэрээ өөр хүнтэй болсныг нь мэдсэн. Тэрнээс хойш гурван хүүхэдтэй юм чинь салахгүй гээд гэрээсээ явахгүй байсан. Эхнэр 7 хоног гэрээсээ явдаг, ирээд хүүхдүүдээ харж байгаад ирэн очин байдаг байсан. 2023 оны 7 сараас өмнө эхнэр бид хоёрын харилцаа хэвийн сайхан  байсан. 2023 оны 5 болон 6 дугаар сард эхнэр бид хоёр Хятад руу явж шинээр бизнес хийхээр Гуанжоу хотоос хүүхдийн хувцас татах зэргээр ажил ч сайн амьдрал ч сайн харилцаа гэр бүл шиг л байсан. Түүнээс айхтар муудсан зүйл байгаагүй. Саяхан эхнэртэйгээ гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд бага хүү маань аавыгаа санаад байна гэж уйлаад байдаг учраас би хотод байх хугацаандаа хүүгээ өөр дээрээ байлгадаг. Би одоогоор уул уурхайн ханган нийлүүлэх ажил хийдэг байсан компаниа эхнэртээ өгсөн. Миний хүүхдүүдийн ээж болохоор байраа, машинаа эхнэртээ өгсөн. Одоогоор сарын орлого тогтмол биш байгаа.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305042440040 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.*******гийн өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 11-нд 07 цагаас 08 цагийн хооронд Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны *******од өөрийн 3 хүүхэд болон нөхөр болох хамт унтаж байсан. Би тухайн үед нөхрөөсөө тусдаа жижиг өрөөнд унтаж байсан. Өглөө манай нөхөр ******* өглөө миний хажуугаар орж ирээд намайг оролдоод байсан. Би тухайн үед дургүйцэж байхад манай нөхөр болихгүй байхаар нь би охин Маргадыг дуудахад манай охин аавдаа та зүгээр бай, манай ээжийн бие нь өвдөөд байна гэж хэлэхэд манай нөхөр уурлаад охиныг минь босож ирээд цохисон. Тухайн үед миний уур хүрээл би нөхөр рүүгээ уурлахад манай нөхөр болох ******* босож ирээд 2 давхар орны эрмэгээс барьж байгаад хөлөөрөө намайг жийсэн, үсдсэн, гараараа намайг цохиж эхэлсэн. Дараа нь намайг орноос буулгаж ирээд намайг дахиж зодож эхэлсэн. Тухайн үед манай бага хүүхэд Эрдэм сэрээд уйлж эхэлсэн. Гэтэл манай нөхөр цохихоо болиход би гэрээсээ гарж зугтаасан. Гэтэл 23 дугаар байрны 4-5 давхрын хооронд намайг барьж аваад дахиж намайг зодож цохиж эхэлсэн. Би доод айл руу хаалга нүдэхэд тухайн айл намайг оруулж цагдаа дуудаж өгсөн мөн өөрийн үеэл эгч болох г дуудсан. Би буцаж гэр рүүгээ ороход хүүгийн болон миний гар утсыг аваад явсан өмнө нь зодоон болж байхад охин Маргад цагдаа дуудах гэж байхад утсыг эвдэлсэн. Намайг зодуулж байхад миний 3 хүүхэд байсан. Мөн доод айлын хүн сонссон гэж хэлсэн. Намайг өмнө нь цохиж зодож байсан. Би хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй байна, ер нь байнга зодож цохидог...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.*******ий дахин өгсөн: “Надад гар утас эвдсэн асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Ямар нэгэн гар утас эвдсэн асуудал байхгүй. *******ас эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 53 минутад үеэл дүү ******* над руу залгаад нөхөр намайг дахиад зодчихлоо гэж уйлаад залгасан. Би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоот буюу дүүгийнхээ гэрт яваад очиход манай дүү ******* бие нь өвдсөн байдалтай байсан бөгөөд баруун нүд нь хөхөрсөн, цохиж зодсон хэсгүүдээ харуулсан. Би тэгээд дүүгээ аваад гэмтлийн эмнэлгээр явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14338 дугаартай “Г.*******ий биед дагзны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд, хүзүүнд, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2023 оны 11 дүгээр сард эхнэр бид 2 хоёр найзтайгаа хамт хүүхдийн 100-д ресторанд хоолонд орж гараад манай эхнэр найзуудтайгаа хамт караоке орно гээд яваад өгсөн. Би гэртээ хариад унтсан байсан. Тэгээд эхнэр шөнө ирээд надтай хамт унтахгүй гэхээр нь уур хүрээд эхнэрээ хуучин өөр хүнтэй явалдаж байсныг нь хэлээд бид хоёр хэрэлдэж манай эхнэр миний гуянаас хазахаар нь би түлхээд салахгүй байхаар нь би хөл гар руу нь цохиж салгаад гараад зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),  

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоот өөрийн гэртээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдсаны улмаас цохиж, зодож  бие махбодид нь  дагзны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд, хүзүүнд, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.*******ий өгсөн: “...Тухайн үед миний уур хүрээд би нөхөр рүүгээ уурлахад манай нөхөр болох ******* босож ирээд 2 давхар орны эрмэгээс барьж байгаад хөлөөрөө намайг жийсэн, үсэдсэн, гараараа намайг цохиж эхэлсэн. Дараа нь намайг орноос буулгаж ирээд намайг дахиж зодож эхэлсэн. Тухайн үед манай бага хүүхэд Эрдэм сэрээд уйлж эхэлсэн. Гэтэл манай нөхөр цохихоо болиход би гэрээсээ гарч зугтаасан. Гэтэл 23 дугаар байрны 4-5 давхрын хооронд намайг барьж аваад дахиж намайг зодож цохиж эхэлсэн. Би доод айл руу хаалга нүдэхэд тухайн айл намайг оруулж цагдаа дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),  гэрч гийн өгсөн: “...дүүгийнхээ гэрт яваад очиход манай дүү ******* бие нь өвдсөн байдалтай байсан бөгөөд баруун нүд нь хөхөрсөн, цохиж зодсон хэсгүүдээ харуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14338 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал), сэжигтнээр өгсөн: “...уур хүрээд эхнэр хуучин өөр хүнтэй явалдаж байсныг нь хэлээд бид хоёр хэрэлдэж манай эхнэр миний гуянаас хазахаар нь би түлээд салахгүй байхаар нь би хөл гар руу нь цохиж салгаад гараад зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч Г.*******ий биед дагзны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд, хүзүүнд, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

Шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан.

Шүүгдэгч С.******* нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

Хохирогч Г.*******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...*******ас эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)-д авагдсан мэдүүлэг болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн зэргийг харгалзаж энэ хэрэгт шүүгдэгч С.Баттулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

      ТОГТООХ нь:           

1. ******* овогт ******* Баттулгыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ