| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/228 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч *****, хохирогч *****, түүний өмгөөлөгч М.Дашням нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2023 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Кувейт”-ийн аманд баригдаж буй байранд хохирогч *****тай “***** охинд хувцас авч өгсөнгүй, урьдчилгаа мөнгө авчхаад явна гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагах, нүүрэн тус газар нь цохих, үснээс нь зулгааж чирэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь халдаж, биед нь “хоёр нүдний дээд, доод зовхи, дух баруун хөхлөг сэртэнд цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“....***** эгч ***** эгчийн найз бөгөөд өмнө нь би Дарханаас ирж хамт ажил хийж танилцаж байсан. Намайг гарсан хойгуур миний аяганд шээсэн байсан. Тэгээд “яагаад миний аяганд шээсэн” талаар асуухад “чиний аяга гэж яаж мэддэг юм” гэж байсан. Тухайн үед ***** эгч “өдрөөр цалинжаад ажиллая” гээд ирсэн ба ирэхдээ хоёр шил архитай ирсэн. ***** эгч, ***** эгч болон ***** эгч нар гурвуулаа гараад архи уусан байдалтай ирсэн.
Хүйтэн байна амраад маргааш ажлаа хийе гэсэн. 100.000 төгрөгийн цалинтай ажилладаг байж яагаад хүүхдэд оймс аваад өгчхөж болдоггүй юм гэж хэлсэн. Мөн дүүгийнхээ дугаарыг өгөхгүй гээд маргалдсан. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Батцэцэг эгч нөхрөө дуудаад яваад өгсөн. ***** эгч ***** хэлж байгаа болохоос зөв гэж байсан.
Цалингийнхаа урьдчилгаа мөнгийг авчхаад “хоосон хүнээс юу авдаг юм” гэхээр нь түлхсэн. Бид нар 3-4 цагийн үед унтаж байгаад сэрээд “цээж өвдөөд байна” гэхээр дуудлага өгөөд түргэн тусламж ирж үзээд “гэмтлийн эмнэлэгт үзүүл” гэсэн. Гэмтэл дээр очиж үзүүлсэн толгой, цээжний зургийн авхуул гэж байна мөнгө гэхээр нь өгсөн. Нийт 600.000 төгрөг өгсөн. Эмчилгээний заралд төлсөн. Үүнээс хойш уулзаагүй байсан юм. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“... Болсон хэргийн талаар шүүгдэгч үнэн ярьж байна. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ***** хотоос хоёр архитай ирсэн. Тэгээд цайндаа орохдоо хувааж уугаад амарсан. Өглөө *****, ***** бид нар гараад пиво авсан. Би пиво уугаагүй, тэгээд удаагүй байхад айлд өргүүлсэн хүүхдийн талаар яриад, оймс бандааш аваад өгөөч гэж байсан. Би тухайн үед нь надад ямар хамаатай юм гэсэн. Үүнээс болоод маргаж, үснээс зулгааж цементэн шал мөргүүлсэн. Чи арай дэндэж байгаа юм биш үү гээд хэвтэж байхад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн.
Түргэн дуудахад ирээд “энэ хүнээ хурдан аваад эмнэлэг яв” гэсэн. Тэгээд гэмтэл орчхоод намайг гэрийн орцны үүдэнд хүргэж өгөөд явсан. Маргааш нь утсаар ярьж уучлалт гуйх юм байх гэ харсан, яриагүй. Заслын ажлын урьдчилгаанд 300.000 төгрөг авсан, 3 хоног ажилласан. Аяганд шээсэн асуудал яриад байна, тэр нь бэлэн хоолны яав байсан шүү дээ. Учирсан гэмтлээс болж нүүр царай хүн харахын аргагүй болсон байсан тул хоёр сар гаран гэрээсээ гараагүй. *****эс 450.000 төгрөгийг ээж нь шилжүүлснийг хүлээн авсан, 150.000 төгрөгийг *****эс шилжүүлсэн ба энэ нь ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл тооцоо гэж ойлгож байна. Одоо биеийн байдал гайгүй, тухайн үедээ гэрээр эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. Шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж ойлгож болно. Сэтгэлийн санааны хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн ***** дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****гийн хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах, нэр хаяг тодорхойгүй газарт баригдаж байсан байшинд дотор заслын ажил байрлаж хийдэг. Тухайн газарт *****, *****, *****, *****н нэртэй хүмүүстэй хамт хауст байрлаж ажиллаж байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дуусаад орой бид 5 нийлээд Агар нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж ууцгаагаад унтаж амарсан. Тэгээд унтаж амарчхаад өглөө сэрээд *****, ***** нар нь ажилдаа гараад явчихсан байсан бөгөөд ***** цай уугаад сууж байсан. Тэгээд би босоод байж байсан чинь ***** гэх эмэгтэй над руу хандаад “танай хамаатан саднууд сард 3.000.000-4.000.000 төгрөгийн ажил хийж байж ***** охинд нь оймс бандааш авч өгсөнгүй” гээд надад хэлэхээр нь “хүмүүсийн амьдрал чи бид хоёрт ямар хамаа байх вэ дээ” гэсэн чинь уурлаж босож ирээд, намайг газар түлхэж унагаад, дээр гараад цээж дээр хөлөөрөө дэвсээд, гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон.
Шууд үргэлжлүүлээд миний үснээс зулгаагаад нүүрээс чирээд байсан. Тэгэхэд би орилоод, ***** намайг салгаж аваад, түргэний эмнэлэг дуудаад, намайг ГССҮТ-д хүргэж өгсөн. Ер нь бол манай ээжийн дүү ***** гэх залуутай, ***** гэх эмэгтэй хамтран амьдраад, дундаасаа Тамир гэх охинтой. Тэгээд тухайн охинд нь манай ээжийн дүү ***** оймс, бандааш авч өгөөгүй гэх шалтгаанаар л тэр ***** гэх эмэгтэйтэй маргалдсан. Би тухайн хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Миний цээж хөндүүртэй, дух хавдсан, хоёр нүдний хэсэг, хамар нилэнхүйдээ хавдсан байдалтай байна. Тухайн гэмтлийг хамт ажилладаг ***** гэх эмэгтэй учруулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь хуудас),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Е.***** гэрчээр өгсөн:
“...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *****, *****, ***** бид нар Хан-Уул дүүрэг 14 дугаар хороо Кувейтийн аманд барилга дээр дотор заслын ажил хийх гээд очсон. Ажил хийж байх хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дуусаад амралтын өрөөндөө *****, *****, ***** бид нар 0.75 литрийн Агар нэртэй архи 1 шилийг, 0.5 литрийн Агар нэртэй архи 1 шилийг хувааж уугаад унтаж амарсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө *****, ***** хоёрт “ажлаа хий, нэг нь хоолоо хий” гэж хэлчхээд гараад явсан.
Хэсэг хугацааны дараа орж ирэхэд *****, ***** хоёр ажилдаа гарсан ч юм байхгүй, хоол хийсэн ч юм байхгүй, хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би хоол хийгээд байж байхад ***** нь “явлаа” гэхээр нь *****д хандаж “чи урьдчилгаа мөнгө авсан, тэрэндээ тааруулж ажлаа хийчхээд яв” гэсэн чинь “2-3 хоногоос мөнгийг чинь өгнө, би явлаа” гээд надтай маргалдсан. Тэгсэн чинь ***** босож ирээд “чи яахаараа урьдчилгаа мөнгө авчхаад явдаг юм” гээд муудалцсан. Тэгтэл ***** *****г газар унагаагаад толгой руу нь цохиод байсан.
Тэгээд би *****, ***** хоёрыг салгаад тус тусад нь өрөөнд оруулж суулгаад, түргэн дуудахад ирэхгүй байсан ба *****, *****г аваад гэмтлийн эмнэлэг явсан. *****, *****тай маргалдаж зодолдоод байсан. *****гийн биед ***** гэмтэл учруулсан. Өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй. ***** гэрийнхэн нь болон найз нөхөд нь ***** гэж дууддаг юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дахь хуудас),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*****гийн гэрчээр өгсөн:
“...Миний хувьд ***** гэх эмэгтэйг танина. Бид хоёр 20 гаруй жил найзалж байна. *****тай найз нөхдийн холбоотой. Харин ***** танихгүй. Кувейтийн аманд барилга дээр ажиллаж байгаад танилцсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Кувейтийн аманд барилга дээр ажиллах зорилгоор *****, *****, ***** буюу ***** бид нар барилга дээр байрласан юм.
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг хотын төвөөс очиход надад архи захихаар нь 0.5 литрийн Агар 1 шил, 0.75 литрийн Агар архи 1 шилийг авч очоод тухайн өдрийн ажлаа дуусгаад уусан. Архи уух явцад бол хэрүүл маргаан болоогүй. Тухайн үед би архи уугаад унтсан. Юу байсныг бол мэдээгүй 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сэрэхэд ***** зодуулсан байсан. ***** зодсон гэж байсан. Миний хувьд зодооныг хараагүй” гэсэн мэдүүлэг( хэргийн 21 дахь хуудас),
4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15021 дугаартай:
“1. *****гийн биед хоёр нүдний дээд, доод зовхи, дух, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“Миний хувьд барилга дээр дотор засал хийдэг. Дотор засал хийж байх хугацаанд ***** гэх хүнтэй 2 удаа хамтарч ажиллаж байсан тул *****г зүс танина. Түнээс найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй.
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-уул дүүрэг 14-р хороо Кувейтийн аманд байрлаж барилгын дотор заслын ажил хийсэн. Тухайн үед *****, *****, *****, *****, бид нар хамт ажиллаж байсан. Тэгээд тухайн үед ***** эгч хотоос ирэхдээ архи авчирсан юм шиг байсан. *****, *****, ***** гурав гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд ажлаа хийж дуусаад амралтын байрандаа очиход ***** хоол хүнсний зүйл гаргах явцдаа 0.75 литрийн Агар гэх нэртэй архи гаргаж ирсэн байсан.
***** эгч нөхрөө дуудаад “хот явлаа” гээд яваад өгсөн. *****, *****, *****, бид 4 үлдээд тухайн архийг нь хувааж уусан. Архи ууж байхдаа би ***** эгчид хандаж “урьд өмнө нь миний аяганд шээсэн байсан тэгж болохгүй шүү” гэж хэлэхэд ***** эгч “чиний аяга гэж би мэдээгүй” гэсэн. Тэгэхээр нь би “хэний ч аяга байсан ингэж болохгүй” гэж хэлээд “хүн муутай” гэж хэлсэн, мөн тэгээд бас ***** эгч, *****гийн дүүтэй сууж байгаад салсан, тухайн үед ***** салахдаа хүүхэдтэй болсон байсан, тэр талаар би ***** эгчид хэлж хоорондоо маргалдсан.
Маргалдаж байхад ***** “явлаа” гэхээр нь би *****д хандаж “ажлын урьдчилгаа мөнгөө авчхаад тэрэндээ тааруулж ажлаа хийж дуусга” гэсэн чинь хувцсаа аваад явах гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь намайг түлхэж унагаахаар нь би *****гийн цээж хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон.
Мөн толгойгоор нь хана мөргүүлсэн юм. Тэгсэн чинь *****гийн дух нь хавдсан. Тэгээд ***** “цээж өвдөөд байна” гэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлж рентген зураг авхуулж, эмчээс зөвлөгөө авсан. Тухайн үед ***** бид хоёрын хажууд ***** байсан. ***** унтаж байсан. *****тай би хэрүүл маргаан хийж биед нь халдсан үнэн. Өөр хүн *****г зодож цохиогүй. Миний хувьд ***** эгчид эмчилгээний зардал гэж дансаар 450.000 төгрөг өгөөд, хөдөө явсан хойгуур буюу гар утас сүлжээгүй болсон үед манай эгч *****эс мөн л дансаар дахин эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг авсан байсан.
Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32, 34 дэх тал), болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 41 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 43 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ***** нь 2023 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кувейт”-ын аманд баригдаж буй байранд байрлан дотор заслын ажил хийж байх хугацаандаа хамт ажиллаж байсан иргэн *****тай “***** охинд хувцас авч өгсөнгүй, ажлын урьдчилгаа мөнгө авчхаад явах гэлээ, авсан мөнгөндөө тааруулж ажлаа хий, урьд нь миний хоол иддэг аяганд шээсэн байсан, болохгүй ш дээ” гэх зэрэг шалтгаанаар тэдгээр өөр хоорондоо маргаж, улмаар маргааны явцад ***** нь *****гийн толгой, цээж хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь хана мөргүүлэх, газар унагаах зэргээр цохиж зодох зэргээр хүч хэрэглэж биед халдсаны улмаас түүний биед нь “хоёр нүдний дээд, доод зовхи, дух баруун хөхлөг сэртэнд цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч *****гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хоёр нүдний дээд, доод зовхи, дух баруун хөхлөг сэртэнд цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***** түүнийг цохиж зодсон үйлдлийн үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.
Шүүгдэгч ***** үл ялих зүйлээр шалтаглан, хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч ***** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч *****гийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн гэмт хэргийн хохирогчийн “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Энэ хэргийн хохирогч ***** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй, харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад эмчилгээ үйлчилгээний зардалд баримттай гарсан зардлын нийт 363.580 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд өгсөн.
Шүүгдэгчээс хэрэгт хавсаргуулахаар өгсөн 45-49 дэх талд авагдсан Апп-аар хийгдсэн гүйлгээний баримт болон Хаан банкны дансны хуулга баримтаар хохирогч *****гийн шинжилгээ оношилгоо, эмчилгээний зардалд шүүгдэгч *****эс 600.000 төгрөгийг хохирогчийн дансаар шилжүүлэн төлсөн байх тул хэрэгт хохирогчоос баримттай гарсан зардлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэхээр байна.
Нөгөөтээгүүр хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Улсын дээд шүүхийн 2023 оны 23 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож гаргуулахаар заасан байх тул уг тогтоолын хүрээнд шүүх хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх боломжтой тул сэтгэл санааны хохирлыг тооцон гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт шаардлага гаргасан.
Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/268, А/275 дугаартай тушаалын 1-р хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт”-ээр Шүүх шинжилгээний байгууллага нь мөн журмын 2.1.1-2.1.5-д заасан тодорхой төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж, мөн журмын 2.3-т “энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ гэж, мөн журмын 2.3 дахь заалтад “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж хавтаст хэрэгт хавсаргана” гэсний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэргийн хохирогчид “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулаагүй байна.
Мөн “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгтийн “хоёрдугаар” зэрэглэлд хамаарах хэсэгт заасан “тухайн хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор хохирогчийн анхаарал төвлөрөл муудах, ой тогтоолт буурах, сэтгэхүйн илэрхий өөрчлөлт гарах, ажил эрхлэх идэвх муудах, дасан зохицохуйн хямрал үүсэх, сэтгэлээр унах, түгших, нойргүйдэх, амьсгал бачуурах, булчин чангарах зэрэг симпатик мэдрэлийн хөөрөл илрэх” гэх зэрэг шинж тэмдгүүд хохирогчид илэрч, энэ талаар сэтгэл зүйч болон эмчлэгч эмчид хандаж тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан талаар хэрэгт баримтгүй, хохирогч, түүний өмгөөлөгчөөс үндэслэл бүхий баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хэргийн хохирогч *****гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг арилгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийн талаарх хамаарал бүхий баримт нотолгоог бүрлүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн болно. .
Хэргийн шүүгдэгч ***** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 38 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Д.***** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,
- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт баримттай гарсан зардлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор *****д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт ***** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *****д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь хохирогч *****д гэм хорын хохиролд нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт ***** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД.