Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 783

 

2020           6              18                                          2020/ДШМ/0783                                  

 

     С.Сд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.О,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Сд холбогдох эрүүгийн 2002001730124 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн С-ийн С, Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эцэг, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Б” хорооллын 763 дугаар байрны 301 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            С.С нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

            - улмаар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух “Бй” хорооллын 763 дугаар байрны 301 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 198.6858 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, мөн 0.4409 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.С-ийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Сонгуулийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хор хөнөөлтэй зүйлийг хэрэглэсэндээ гэмшиж байна. Эхнэр маань одоогоор 3 сартай жирэмсэн. ...Би өөрөө цалингийн зээлтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү. ...Миний анхны хүүхэд. Миний хийсэн үйлдлийн улмаас эхнэр, хүүхэд маань шийтгүүлж байгаад харамсаж байна. Жирэмсэн хүн сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Надад хийсэн хэргээ хаацайлж биеэ өмөөрөх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.С-ийнөмгөөлөгч Н.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С нь ам бүл 5, эмэг эх, эцэг, эх, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр нь 4 сартай жирэмсэн. Тэрээр 2018 онд зам тээврийн осолд өртсөний улмаас толгой нь байнга хатгуулж өвддөг болсон. Мөн 2019 онд бусдад зодуулсны улмаас тархи толгой нь гэмтэж, хавирга нь цуурсан байдаг. Түүний эх хүүхэд төрүүлэхдээ савны хөөрөлттэй болж, сэтгэл санааны хувьд тогтворгүй, өөрчлөлттэй болсон. Эмэг эх нь өндөр настай бөгөөд зээ хүүгээ хоригдсоныг мэдээд даралт нь өндөр болсон гэдэг. С.С нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цаашид гэмт хэрэгт дахин холбогдохгүй гэдгээ ухамсарласан, хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлж олсон цалин, хөлс, орлогоо гэр бүлдээ зарцуулдаг болно. Иймээс түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

...С.С нь 90 настай эмээтэйгээ хамт амьдардаг. Эмээ нь цагдан хоригдсоноос нь хойш унаад дунд чөмгөө хугалчихсан, биеийн байдал хүнд байгаа. Өөрөө хийсэн хэргээ маш сайн ухаарч дахин энэ зүйлийг хэрэглэхгүй гэдгээ хэлсэн. Иймээс ял шийтгэлийг нь тэнсэж өгнө үү. Хэрэв тэнсэх боломжгүй бол хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Сд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хууль нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/47, А/142 гэсэн тушаалаар баталсан хоригдолд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан үйлчлэх журам бий. Энэ журам өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг журмын 3.1-3.8 дахь заалтад “хоригдож байгаа этгээдийн бие, эрүүл мэндийн байдал хүндэрсэн бол ямар тохиолдолд прокурорын саналыг үндэслэж, ямар тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэж төрөлжсөн буюу бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээг авах боломжтой болохыг уг журмаар зохицуулсан учраас түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг 1 жилийн хугацаагаар өөрчлөн оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Хэргийн бүх ажиллагааг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          С.С нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн, улмаар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух “Буман-Өлзий” хорооллын 763 дугаар байрны 301 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 198.6858 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, мөн 0.4409 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

          шүүгдэгч С.С-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг явж, уг өвс гэх бодисыг түүж авч ирсэн юм. Тухайн үед би ганцаараа явсан. Харин “шавар” гэх бодисыг интернетээс бичлэг үзэж байгаад түүсэн өвсөөрөө хийсэн юм. ...Би уг өвсийг өөрөө хэрэглэсэн, зарж борлуулаагүй, амралтын өдрөөр хэрэглэдэг байсан, ойролцоогоор 30 удаа хэрэглэсэн байх” /хх 46, 111-112/ гэсэн мэдүүлэг,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хар өнгийн үүргэвч, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн даавуу, 4 ширхэг мөнгөлөг цаас, хуйлсан 10-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, ягаан өнгийн даавуун уут, улаан өнгийн хуванцар иштэй цайны шүүр, төмөр иштэй цайны шүүр зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. С.С-ийн биед үзлэг хийж хураасан эд зүйлс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур, хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 122 гр, цэвэр жин 112 гр, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29 гр, цэвэр жин нь 21,6778 гр, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 72 гр, цэвэр жин нь 65,0080 гр, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин 0,4409 гр, цэвэр жин 0,1582 гр тус тус байна.” /хх 23-26/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн1704 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. С 2020.03.13 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хх 32-33 / гэсэн дүгнэлтүүд,

          хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: “...түүнээс танай гэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэхийг асуухад “өвс байгаа, би өөрөө гаргаж өгье” гэв. ...цүнхийг нээж үзэхэд ягаан даавуун уутанд шар өнгийн гялгар уутанд цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл байсныг 1, түгжээ бүхий гялгар ууттай 2 ширхэг /хэсэг/ өвс байсныг 2, 3 гэж, тоос болж бохирлогдсон хар өнгийн даавуу байсныг 4 гэж, цайны шүүр 2 ширхэг байсныг 5 гэж дугаарлан, мөн ягаан өнгийн уутанд хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт байсныг мөн хураан авав.” /хх 3-8/,

          хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: “...Таны биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон өөр хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад “шавар гэх бодис байгаа ” гэж хариулав. С.С-иасбиедээ байгаа эд зүйлсээ гаргаж тавина уу гэхэд өмсөж явсан өмдний баруун халааснаас цагаан өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, ай фоне 6 маркийн гар утас, өмдний зүүн халааснаас хар өнгийн жижиг савтай мөнгөлөг цааснууд, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, хүрэн өнгийн жижиг хоосон шилэн лонх зэрэг эд зүйлсийг гаргав.” /хх 9-11 дүгээр хуудас/ гэх,

          Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд: “...2 минутын дараа тестний: -ТНС хэсгийн С, Т түвшинд 1 улаан зураас, эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь С.С нь Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” /хх 12-13/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

                        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Сонгуулийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан нь буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

          Шүүгдэгч С.С-ийнсэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Харин шүүгдэгч С.С нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн гэмт үйлдлийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн болох нь

дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2002001730124 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Сонгуулийг дээр дурдсан үйлдлийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн мэтээр тэмдэглэж техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.О нарын “...оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-ийнүйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын хэмжээний дотор буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэв.

          Шүүгдэгч С.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

          Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

          Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

            Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ