Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч Р.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Рэгдэнгийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0392 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Рэгдэнгийн Мөнхбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 19-8 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ЧВ73111610, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Хэргийн талаар яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Мөнхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 5-25 тоотод архи ууж согтуурсан үедээ Б.Бердигулийг эхнэр Туяатай хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэн зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Р.Мөнхбаатар: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн утас дугараад эхнэр утсаа авсан. Би “хэн бэ” гэж асуухад эхнэр “манай найз байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр хашааны хаалга онгойлго гэж хэлсэн. Би хашааны хаалга онгойлгоход манай эхнэрийн найз Бердигуль гэгч нь машинаа хашаанд оруулаад нэг лонх архитай орж ирсэн. Тэгээд бид гурав түүний авчирсан архийг хувааж уусан. Тэгсэн манай хүү ирээд “би хөдөө явах гэсэн юм, танд зардлын мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би 6.000 төгрөг өгөөд “аав нь гаргаж өгье” гээд эхнэртэйгээ цуг гарсан. Эхнэр бид хоёр “хүний авчирсан архийг яаж зүгээр уухав” гэж ярилцаад дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи авсан. Бид гурав тухайн архиа ууж байхад эхнэр эгч, дүү хоёр руугаа “цагаан сарын бэлтгэлээ хийж байна завтай бол хүрээд ир” гэж ярьсан. Тэгсэн эгч, дүү хоёр нь “ганданд ном уншуулна, орой очъё” гэж хэлсэн. Би буузны мах татаад архинаас их уугаагүй. Манай эхнэр, хохирогч Бердигуль хоёр их уусан. Орой 20 цагийн үед хохирогч Бердигуль согтоод янз, янзын юм яриад байсан. Би тухайн үед эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ 2-3 удаа цохисон. Хохирогч Бердигуль дундуур орж ирэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Удалгүй манай эхнэрийн эгч, дүү хоёр нэг шил архи авчирсан. Тэр архийг дөрвүүлээ хувааж уусан. Манай эхнэр согтоод өрөөндөө ороод унтсан байсан. Нэг харсан чинь хохирогч Бердигуль эхнэрийн хажууд сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад “та хөгшин хүн байж яах гэж эхнэрийн хажууд суугаад гарыг нь бариад байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гээд босохгүй байсан. Би уурлаад хохирогч Бердигулийн нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хохирогчийг эхнэрийнхээ өрөөнөөс гаргасан. Мөн эхнэрийн дүү Цэндмаа уурлаад “ямар балай өвгөн бэ, хүн зүгээр байлгахгүй юм, явуулаач” гэж хэлсэн. Би уурлаад хохирогчийг яв гээд хөөсөн. Тэгсэн хохирогч Бердигуль “чамд ямар хамаатай юм, энэ хоёрыг чинь алсан байхад хэн мэдэх юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа хохирогчийг 2-3 удаа цохисон. Шөнө 23-24 цагийн үед хохирогч Бердигуль гараад явсан. Эхнэр бид хоёр унтаж байхад Бердигуль шөнө орж ирсэн. Эхнэр Бердигульд матрасс дэвсэж өгсөн. Бердигуль өглөөний 06 цагийн үед машинаа гаргаж чадахгүй байна, та хоёр машин түлхээд өгөөч гэж хэлсэн. Манай эхнэр босож чадаагүй, харин би машиныг нь хашааны үүдэнд гаргаж өгсөн. Үдээс хойш 11 цагийн үед манай эхнэр Бердигультэй утсаар ярихад тэрээр “шартаж үхэх гэж байна ганц юм зохицуулаад хүрээд ир” гэж хэлсэн. Эхнэр бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи зээлээд очсон. Тэгсэн Бердигуль “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би “та өөрөө тавьтаргүй зан гаргасан” гэж хэлсэн. Тэгсэн хохирогч Бердигуль “би тэгээгүй, тэгэхгүй” гэж хэлсэн. Бердигуль надад чи бодолтой байгаараа гэж хэлсэн. Тэгээд авчирсан архиа хувааж уугаад гэрээс нь гараад явсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, уучлал гуйсан, сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0392 дугаартай хэргээс)

1. Хохирогч Б.Бердигулийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18-19 цагийн үед найз Туяа над руу залгаад “манай гэрт хүрээд ир, Мөнхөө бид хоёр буузаа хийх гээд байж байна” гэхээр нь би тэдний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 5-25 тоотод 20 цагийн үед очиход Туяа болон түүний нөхөр, хүүхэд байсан. Би 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх “Хараа” нэрийн архи авч очоод, бид гурав хувааж уунгаа хоол идээд, юм ярилцаад суусан. Тэр үед би “одоо харья” гэхэд Туяа “хоноод яв” гэхээр нь би “манай охин гэртээ ганцаараа байгаа” гэсэн. Туяа манай охин руу утсаар яриад “аавыг чинь энд хонууллаа” гэж зөвшөөрөл авсан. Би тэднийд хонохоор болоод сууж байтал Мөнхбаатарын хүү “хөдөө явна” гээд тэр хоёр хүүхдээ гаргаж өгнө гээд гарцгаасан. Тэгээд ирэхдээ дахин 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх “Хараа” нэрийн архи авчирсныг хувааж уусан. Туяа эгч, дүү нар руугаа залгаж дуудсанаа дахин нэг лонх архи захиж авчруулсныг тавуулаа хувааж уусан. Туяа намайг “чамайг дүүтэйгээ суулгана, гэр рүүгээ дагуулаад яв” гээд байсан бөгөөд тэр ярианы дараа Туяа, Мөнхбаатар хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Учир нь Туяа “би жирэмсэн болсон гэхдээ энэ хүүхдийг гаргахгүй” гэхэд Мөнхөө гаргуулна гэснээс болж хоорондоо зодолдож эхлэхээр нь би дундуур нь ороход Мөнхбаатар миний нүүр рүү хэд хэдэн удаа мөргөсөн. Би нэг хэсэг ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд Мөнхбаатар, Туяа хоёр унтаж байсан. Туяагийн эгч, дүү нар явчихсан байсан. Нүүр амнаас цус гарчихсан, шүд уначихсан байхаар нь би тэднийхээс гараад тэр хавиар цагдаа хайж дэлгүүр орж хүн гуйж цагдаа дуудаад, Туяагийн гэрт буцаж очоод, цагдаа нарт Мөнхбаатарыг зааж өгсөн чинь “та маргааш цагдаад гомдлоо гарга, таньдаг хүмүүс юм чинь” гээд яваад өгсөн. Ингээд гэртээ харих гэтэл Туяа “унтаад яв” гэсэн. Тэгээд би өглөө 07 цагт тэднийхээс гарч гэртээ харьсан. Өнөөдрийн байдлаар Туяа надад 190.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 497.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 9-11 дүгээр хуудас),

2. Гэрч Б.Туяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Мөнхбаатарын хамт цагаан сарын буузаа хийх гээд мах татаад байж байтал миний эртний танил Бердигуль над руу залгаад “юу хийж байна даа” гэхээр нь би “мах татаад гэртээ байна даа” гэхэд тэрээр “мөнгө байна уу, би өчигдөр архи уучихсан чинь үхэх гээд байна” гэхээр нь надад мөнгө байхгүй гээд утсаа салгасан. Тэгтэл 12 цагийн үед дахин залгаад “хашааныхаа хаалгыг онгойлго, би хүүхдийнхээ машиныг бариад ирчихсэн байна” гээд Бердигуль 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх “Хараа” архи барьчихсан орж ирсэн. Би цай хоол хийж өгөөд, нөхөр бид гурав тэр архийг нь хувааж уусан. Мөнхбаатарын хүү нь ирээд хоол цай идчихээд явахад нь нөхөр бид хоёр дэлгүүр хүртэл гаргаж өгөөд, дэлгүүрээс нэг лонх архи авч, бид гурав дахиад хувааж уусан. Орой 18 цагийн үед байх манай эгч Уранчимэг, дүү Цэндмаа хоёр ирсэн. Би тэр хоёрт архи захисан байсан учир тэр хоёр нэг лонх архи авч ирсэн. Тэр архийг хувааж уугаад сууж байтал Бердигуль манай дүү охин Цэндмааг барьж аваад, уруул дээр нь үнсэх гэж оролдсон. Манай дүү уурлаад зугтаагаад байсан. Би түүнд “чи яагаад манай дүүг оролдоод байгаа юм, чи арай суучих санаа байгаа юм уу” гэж тоглоомоор хэлээд өнгөрсөн. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Нэг мэдэхэд хүмүүс чанга чанга яриад хэрэлдээд байх шиг байсан. Тэр чимээнээр сэрсэн чинь манай эгч, дүү хоёр Бердигулийг загнаад “чи яасан ичдэггүй юм” гээд, намайг сэрэхэд “чи одоо ийм хачин хүн гэр орондоо ирүүллээ” гээд намайг загнасан. Мөнхбаатар Бердигулийг хөөгөөд байсан. Манай нөхөр надад “чамайг унтаж байхад энэ өвгөн чинь тэвэрч аваад үнсээд байсан, чи мэдээгүй юм уу, би уурлаад Бердигулийг орон дээрээс түлхэж унагаасан” гэж хэлсэн. Тэгээд “энэ өвгөнөө явуул” гээд байсан ба Бердигулийн хамраас цус гарсан, их согтуу байсан учир “ганцааранг нь явуулаад яах вэ” гээд гэртээ унтуулсан. Шөнө унтаж байхад Бердигуль гарч яваад хоёр цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд “энэ хоёр хүн намайг зодсон” гээд худал яриад байсан. Би согтуу унтаж байсан болохоор хаана нь яаж цохисныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас),

3. Гэрч Б.Цэндмаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Туяа эгчийнд очиход Туяа, Мөнхбаатар, Бердигуль нар архи уучихсан байж байсан. Туяа, Бердигуль нар нэлээн согтчихсон Мөнхбаатар арай гайгүй байсан. Бердигуль гэх өвгөн согтчихоод намайг зүгээр суулгахгүй, хөх дэлэнгээс базаад, үнсэх гээд, “ах нь дүүдээ хайртай” гээд дайраад байсан. Миний уур хүрч “хачин балиар өвгөн бэ, буузаа хийхгүй бол би явлаа” гэж ах, эгч хоёртоо уурласан. Энэ тэнэг өвгөнөө явуул гэсэн. Туяа эгч “наад өвгөн чинь миний найз байгаа юм аа, яахав унтуул” гэж хэлээд өөрөө унтаад өгсөн. Тэгтэл Бердигуль дахиад намайг оролдоод “чи надтай хамт манайд очиж унт, та хоёрыг алчихсан байсан ч та нар надаас гомдол нэхэж чадахгүй шүү, чи надтай сууж амьдар” гээд над руу дайраад би түлхтэл намайг зүүн хацар руу алгадаад авахаар нь би хүргэн ах Мөнхбаатар руу хандан “энэ өвгөнөө хараач, арай дэндэж байгаа юм биш үү, намайг сая алгадаад авлаа” гэсэн. Мөнхбаатар Туяагийн хажууд суугаад байсан. Гэтэл Бердигуль хажууд нь очоод Туяа эгчийг “миний сайхан найз, би чамд хайртай” гээд үнсээд байсан чинь Мөнхбаатар гэнэт уурлаад босож ирээд Бердигулийн нүүрэнд нэг удаа алгадаад авсан. Би “Мөөгий боль боль, наад өвгөнөө орхи, хачин заваан өвгөнийг явуул” гээд болиулсан. Удалгүй би хүүгээ дуудаад Уранчимэг эгчийг аваад гэр рүүгээ явсан. Маргааш нь би Туяа эгч рүү залгаад “наад өвгөнийг чинь цагдаад өгнө, намайг алгадсан, татаж чангааж хүчиндэхийг завдсан гэж цагдаад өгнө” гэхэд Туяа эгч уурлаад байсан учир би цагдаад хандаагүй. Бердигульд алгадуулаад миний зүүн хацар хөхөрсөн байсан. Мөнхбаатар ах намайг байхад Бердигулийг нэг л удаа цохисон. Ямар нэгэн цус гараагүй ил харагдах гэмтэлгүй байсан. Бердигуль нь өөрөө буруутай байж одоо болохоор манай хүргэнийг буруутган цагдаад өгсөн байна. Би ч гэсэн алгадуулсандаа гомдолтой байна, Бердигульд ч гэсэн зохих арга хэмжээг нь бас авахуулмаар байна... гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

4. Гэрч Б.Уранчимэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүү Туяа Цэндмаа руу залгаад “манайх өнөөдөр буузаа хийнэ шүү ирж хийлцээрэй” гэхээр нь орой 20 цагийн үед байх тэдний гэрт очихоор явж байтал Туяа дахин Цэндмаа руу залгаад “замаасаа нэг лонх архи аваад ир” гэхээр нь би хориглосон боловч Цэндмаа аваад очсон. Тэднийд очиход Туяа, Мөнхбаатар, Бердигуль нар архи уучихсан байж байсан. Туяа, Бердигуль нар нэлээн согтчихсон, Мөнхбаатар ах гайгүй байсан. Бид хоёрын авчирсан архийг задлан ууцгаасан, би огт уугаагүй жижиг өрөөнд нь ороод суусан. Гэтэл тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь би гараад очтол Мөнхбаатар Бердигуль гэх хүнтэй “чи яахаараа миний эхнэрийг үнсдэг юм” гээд маргалдаад байхаар нь би Цэндмааг явъя гээд машинтай хүүхдээ дуудсан. Тэр Бердигуль гэх хүн согтчихоод тавьтаргүй зан гаргаад, манай дүү Цэндмааг хүзүүгээр нь тэврээд, “манай гэрт очъё” гэж хэлээд, үнсэх гээд дайраад байсан. Энэ үед Мөнхбаатар чимээгүй  байсан. Харин эхнэр Туяаг нь үнсэх үед уурлаад түүнтэй маргалдсан. Би түүнийг яаж цохиж, зодсоныг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2193 дугаартай: Б.Бердигулийн биед зүүн хөмсөгний гадна булан, доод эрүүний няцарсан шарх, зовхины цус хуралт, хамрын арьсны зулгаралт, хамрын ясны хугарал, доод эрүүний дөрвөн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Р.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтэд сэжигтнээр өгсөн: Би энэ хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Туяа бид хоёр гэртээ байж байтал эхнэрийн таньдаг өвгөн Бердигуль эхнэр рүү залгаад “танайд яваад очъё” гээд байсан ба “архины мөнгө байна уу” гээд асуухад эхнэр “байхгүй, бид ажилтай байна” гээд утсаа тасалсан. Удалгүй тэр машинтайгаа хүрч ирээд эхнэр рүү залгасан. Туяа намайг “хашааны хаалга онгойлго” гэхээр нь би гарч онгойлгосон. Тэрээр манайд ирэхдээ 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх “Хараа” нэрийн архитай ирээд, бид гурав хувааж уусан. Түүнийг гэртээ үлдээгээд, эхнэр бид хоёр гарч дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй дахин нэг лонх “Хараа” нэрийн архи авчирч уусан. Архи ууж байхад өвгөн манай эхнэрийг үнсээд байхаар нь би эхнэртээ “чи яасан ичдэггүй юм, хөгшин хүнд үнсүүлээд” гэж уурлаад, түүнийг нэг цохиод автал өвгөн өмөөрөөд юм хэлээд байсан. Энэ үед гаднаас эхнэрийн эгч, дүү хоёр нь орж ирсэн. Манай эхнэр нэг лонх архи захисан учир тэр хоёр 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх “Хараа” нэрийн архи авчирсныг бид хувааж уусан. Би буузны мах татаж байхад Бурдегуль өөр өрөөнд манай эхнэрийн дүү Цэндмаа “оролдлоо” гэж уурлаад “энэ хөгшнөө явуулаач, хүн зүгээр байлгахгүй байна” гэхээр нь би “та настай хүн байж болиоч, одоо яв” гэхэд явахгүй байсан. Харин дараа нь манай эхнэрийг согтоод унтчихсан байхад хажууд нь очоод, гарыг нь бариад илж байхаар нь уур хүрээд “та яв” гээд босгож хөөхөд, явахгүй байхаар нь нүүр рүү нь 2-3 удаа цохиж өрөөнөөс хөөж гаргасан. Гал тогоонд бас дүү охиныг оролдоод байхаар нь очоод түүнийг түлхтэл тэр шкаф руу нуруугаараа хойшоо саваад уначихсан. Төд удалгүй тэр өвгөн гараад явсан. Манайхаас 23 цагийн үед гарсан бөгөөд урд дэлгүүр дотор баахан орилоод байхаар нь дэлгүүрийн хүн цагдаа дуудаад, тэрээр хоёр цагдаагийн хамт манайд орж ирсэн. Тэр хоёр цагдаа өвгөнийг аваад явсан. Харин шөнө дунд эргээд манайд хүрээд ирсэн бөгөөд унтчихаад өглөө нь машинаа асаагаад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Р.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: Би Бердигулийг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоорондоо хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Бердигуль манай эхнэр, дүүг оролдоод байхаар нь нүүрэнд нь 2-3 удаа цохисон, түлхэж унагаасан юм. Энэ үйлдлээс болж шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд үүссэнийг би хүлээн зөвшөөрнө. Бердигулийн эмчилгээний зардалд 190.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн мөнгийг төлж түүнийг хохиролгүй болгоно... гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас),

8. Хохирогч Б.Бердигулийн шүүхэд гаргаж өгсөн: “...шүүгдэгч Р.Мөнхбаатар надад учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан тул би шүүх хуралдаанд оролцохгүй. Мөн түүнтэй сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт (хх-ийн 57, 63 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Р.Мөнхбаатарын хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34), иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт (хх-ийн 32, 33), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг төлсөн талаарх баримт (хх-ийн 57), Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 36-38) зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Р.Мөнхбаатар нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.Мөнхбаатар нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 5-25 тоот дахь гэртээ эхнэртэйгээ хардсаны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн Б.Бердигулийг зодож түүний бие махбодод “зүүн хөмсөгний гадна булан, доод эрүүний няцарсан шарх, зовхины цус хуралт, хамрын арьсны зулгаралт, хамрын ясны хугарал, доод эрүүний дөрвөн шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Р.Мөнхбаатарын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Р.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Р.Мөнхбаатарыг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин, шүүгдэгч Р.Мөнхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Б.Бердигульд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч түүнтэй сайн дураараа эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Р.Мөнхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус зан авир, үйлдэл”-тэй холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 34) байх тул шүүгдэгч Р.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Бердигуль хохиролд баримтаар 520.000 төгрөг, нийт 610.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогчид нийт 685.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг (хх-ийн 10-11), хохирол төлсөн баримт (хх-ийн 57), хохирогчтой эвлэрсэн тухай хүсэлт (хх-ийн 63) зэрэг баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Мөнхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Р.Мөнхбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Рэгдэнгийн Мөнхбаатарыг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0392 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Мөнхбаатар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Мөнхбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Мөнхбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА