Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1493

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С м г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00869 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С м г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 31 630 977 төгрөг, алданги 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэл, мөн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С м г” ХХК болон “М” ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Уг гэрээний дагуу “М” ХХК нь “С м г” ХХК-ийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ТБД Андууд төвийн урд байрлах авто үнэлгээний төвийн авто угаалгын зориулалттай талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэх, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл “М” ХХК нь 2016 оноос түрээсийн төлбөрөө байнга хугацаа хэтэрүүлж төлдөг, хугацаандаа төлөхгүй байсаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 31 630 977 төгрөг болсон ба төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул төлбөрийг хэрхэн төлөх талаар байгууллагын удирдлагууд харилцан ярилцаж тохиролцон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу “М” ХХК нь графикийн дагуу сар бүр манай компанид түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 2 000 000 төгрөгийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байдаг ба “М” ХХК нь гэрээний үүргээ эс биелүүлж гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа төлбөрийг төлөөгүй. Гэрээний дагуу “М” ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 15 815 488 төгрөг болсон. Иймд “М” ХХК-иас үлдэгдэл төлбөр 31 630 977 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 183 төгрөгийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С м г” ХХК болон “М” ХХК-иуд нь 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Энэ хугацаанд “С м г” ХХК нь түрээсийн байранд байнга өөрсдийн олон тооны авто машинуудыг тавьж хонуулах, өглөө ажил эхлэхэд авахгүй байх, автомашинуудаа байнга угаалгах зэргээр үйл ажиллагаанд байнга саад учруулж байсан. Манайх түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Иймд “С м г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “С м г” ХХК нь “М” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жилийн хугацаатай, сарын 4 000 000 төгрөгөөр түрээслэхээр хамтран ажилласан. “М” ХХК нь 2011 онд байгуулагдсан нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, бусад байгууллагатай гэрээ хэлцэл байгуулах, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь захирал Ө.Э- юм. Төлбөр барагдуулах гэрээнд зурсан гарын үсэг нь захирал Ө.Э-ынх биш бөгөөд энэхүү гэрээний талаар мэдэхгүй. Уг гэрээ нь “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй илт хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан байсан боловч уг шаардлагаа нэмэгдүүлсэн. Манай компани нь хугацаандаа түрээсийн төлбөрөө төлж байсан ба харин “С м г” ХХК нь түрээсийн хугацаанд өдөр бүр өөрсдийн байгууллага, хувь хүний автомашинуудыг үнэгүй угаалгах, өдөр бүр 19-09 цаг хүртэл байршуулах, эдгээр автомашинуудаа өглөө ажил эхлэхэд буюу 09:00 цагаас гаргахгүй байх зэргээр үйл ажиллагаа явуулахад саад учруулж санхүүгийн алдагдалд байнга оруулж байсан. “С м г” ХХК нь гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард гэрээг цуцалсан гэж шалтгаанаар хөөж гаргасан. 2012 оны 05 дугаар сарын 24-нөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 4 гаран жилийн хугацаанд “С м г” ХХК-ийн эзэмшлийн автомашинуудыг угаасан ба нийт 14 344 500 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн. “С м г” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг сарын 4 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, Энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчсөн, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэлийн тухай нарийвчлан хуульчилсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, “С м г” ХХК-аас авто угаалгын үйлчилгээ үзүүлсэн 14 344 500 төгрөгийг гаргуулах зэргээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгааг тул эдгээр шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний хугацаанд “М” ХХК нь 2016 оноос түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байнга хугацаа хэтэрч төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 31 630 977 төгрөг болсон ба үүнийг хариуцагч “М” ХХК-ийн захирал Ө.Э-од удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр талууд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 31 510 800 төгрөгийн үнийн дүн бүхий Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнө тус компанийн захирал Ө.Э- манай компанитай тооцоо нийлж 31 510 800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хуваарь гаргаж талууд албан ёсоор баталгаажуулсан. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан ба тус гэрээнд “М” ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дарагдсан, гарын үсэг зурагдсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар тус компанийн захирал Ө.Э- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хуваарь гаргаж тооцоо нийлэн тамга тэмдгээ дарж үнийн дүнг зөвшөөрсөн байдлаас харахад дээрх Төлбөр барагдуулах гэрээг албан ёсоор байгуулсан болох нь харагдаж байна. Хариуцагч нь манай компанийн автомашинуудыг үнэ төлбөргүй угаах талаар үндсэн гэрээнд зааж, талууд тохиролцсон байсан учир машин угаалгын хөлс нэхэмжлэх үндэсгүй. Мөн “С м г” ХХК-ийн ямар ямар маркийн, хэдэн тоот улсын бүртгэлийн дугаартай хэний эзэмшлийн автомашин угаасан талаар баримт байхгүй бөгөөд тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 31 510 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С м г” ХХК-д олгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 15 935 665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “С м г” ХХК, “М” ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын “С м г” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 182 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 127 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч “М” ХХК-иас 315 504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С м г” ХХК-д, нэхэмжлэгч “С м г” ХХК-иас 315 504 төгрөг гаргуулан хариуцагч “М” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “С м г” ХХК нь гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард гэрээг цуцалсан гэх шалтгаанаар хөөж гаргасан. “С м г” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэлийн тухай нарийвчлан хуульчилсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн хэрэгт “С м г” ХХК-иас Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтын 1 дүгээр хуудасны 17 дахь гүйлгээнд 10 000 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээс гэсэн ба мөн адил гаргаж өгсөн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтын 1 дүгээр хуудасны 17 дахь гүйлгээнд 10 000 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр алданги гэж бичсэн. Энэ нь манай “М” ХХК нь 2016 оны 10 дугаар сард буюу гэрээний хугацаанаас 6 сарын өмнө гарсан, дээрх 10 000 000 төгрөгийг түрээснээс хасах ёстой байсан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчаас 31 630 977 төгрөгийг гаргуулахаар дүгнэлт хийсэн атлаа 31 510 800 төгрөг гаргуулахаар алдаатай шийдвэр гаргажээ. Хэрэв хариуцагч 31 510 800 төгрөгийг төлөхөөр болж байгаа бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 120 177 төгрөгийг шүүх хэрхэн хассан тухай шийдвэрт тодорхой заагаагүй байгааг анхааран үзэхийг хүсч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 181/ШШ2018/00869 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “С м г” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1 сарын 4 000 000 төгрөний түрээсийн төлбөр төлөхөөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 31 630 977 төгрөг, алданги 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “С м г” ХХК нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэл, мөн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талуудын хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5 жилийн хугацаатай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр түрээсийн талбайг авто гаражийн зориулалтаар ашиглаж, өөрийн байгууллагын автомашинуудыг тавих, бусад автомашиныг хөлсөөр тавиулах, хариуцагч нь хагас жилд 24 000 000 төгрөгийн төлбөр төлөх, нэхэмжлэгчийн автомашинуудыг гэрээний хугацаанд түрээслэгчийн хүсэлтээр үнэ төлбөргүй угаахаар харилцан тохиролцсон байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 6-7 дугаар тал/

Хариуцагч төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн санаачилгаар 2016 оны 10 дугаар сард дээрх гэрээ цуцлагдаж, түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул талууд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 31 510 800 төгрөгт тооцоо нийлж баримт үйлдсэнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ. /хэргийн 8 дугаар тал/

 

Уг тооцоо нийлсэн баримтаас гадна хариуцагч “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний төлөөлөгч Ө.Э-ын тайлбар болон гэрчээр асуугдсан Ө.Эрдэнэбилэгийн мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хариуцагч “М” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох А.Эрдэнэбилэг гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 9, 161 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД Андууд төвийн урд байрлах Авто үйлчилгээний төвийн зарим хэсэг болох авто угаалын зориулалттай тайлбайг хариуцагчид автомашины угаалга хийх ажлын байрны зориулалтаар түрээслүүлсэн тул уг гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалт хамаарахгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, уг үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох түрээсийн талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээгүй байна.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “С м г” ХХК-ийн автомашинуудыг угааж байсан гэж авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөрт 14 344 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагчийн гаргасан нотлох баримт, хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн ямар, ямар улсын бүртгэлийн дугаартай, хэдэн ширхэг, ямар маркийн автомашинуудыг угаасан гэх байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. Нөгөө талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний 5.1 дэх хэсэгт “түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцон алданги төлөх”-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байхад шүүх алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаж мэтгэлцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөр болох 31 510 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00869 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                  С.ЭНХТӨР