Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч С.,

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000002194 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 23-нд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-ийн Хууль зүйн ухааны сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эх, охины хамт Баянзүрх дүүргийн 1*******,******* ******* 29 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:АГ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь цахим хэрэгсэл буюу “М.” гэх фейсбүүк хаягаас Дотоод хэргийн их сургуульд шинээр бүртгүүлэгчдийн 1000 үгтэй эссэ бичиж өгнө, 5 өөр ангид бүртгэл хийнэ гэх утга бүхий мэдээллийг цахим орчинд оруулсны дагуу түүнтэй холбогдсон Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 71 удаагийн үйлдлээр 10.304.000 төгрөгийг Хаан банкны , дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Би өөрөө фейсбүүкт Дотоод хэргийн их сургуульд шинээр бүртгүүлэгчдийг 1000 үгтэй эссэ бичиж өгнө гэсэн зар тавьсан. Энэ зарын дагуу хохирогч С.той холбогдсон бөгөөд эгч нь дүүгээ сургуульд оруулах гэсэн юм аа гэж надтай холбоо барьж байсан. Тэгээд эгчид нь Дотоод хэргийн их сургуульд орж чадаагүй бол сурахгүй жил алдаж байснаас Их Засаг их сургуульд гурвалсан гэрээгээр оруулж өгөх боломжтой тухай хэлсэн. Их Засаг их сургуулийн менежертэй нь уулзаж гурвалсан гэрээгээр хохирогчийг сургуульд оруулж өгсөн. Хохирогчийг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 190.000 төгрөг хохирогчид өгснөөс өөр төлсөн зүйл байхгүй байгаа. Өөрт байгаа монгол гэрийг өгч хохирлоо барагдуулъя гэсэн боловч хохирогчийн ар гэрийнхэн гэр авахгүй бэлэн мөнгө авна гэсэн. Иймээс монгол гэрээ зарах гээд зар тавьсан байгаа. Яаралтай гэрээ зараад хохирлыг төлнө гэсэн бодолтой байна. Өөрийн үйлдэлдээ харамсаж байна.” гэв.

Хохирогч С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би *******д нийт 10.304.000 төгрөгийг шилжүүлсэн. Анх *******тай элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж өгнө гэсэн зараар  холбогдож байсан. Тэгээд шалгалтаа өгсөн ч тэнцээгүй.  Тухайн үед Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, ингэхдээ 1000 үгтэй эссэ бичиж өгнө, 5 өөр ангид бүртгэл хийнэ гэсний дагуу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Их засаг их сургуульд орсны дараа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлж өгнө гэж байсан. Тэгээд Их засаг их сургуульд орсон боловч намайг ярьсан Дотоод хэргийн их сургууль руу шилжүүлж өгөөгүй. Миний хүсэл сонирхол анхнаасаа Дотоод хэргийн их сургуульд орж суралцах байсан. Энэ хүсэл маань биелээгүй учраас би өөр сургуульд сураагүй юм. Одоо би тогтсон газаргүй цагийн ажил хийж байна. Хохирлоо авчихвал надад өөр гомдол санал байхгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000002194 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 5 сарын хавьцаа фейсбүүкээс нэг группэд ороод Дотоод хэргийн их сургуульд шинээр бүртгүүлэгчдэд 1000 үгтэй эссэ бичиж өгнө гэсэн зар байсан. Тэгээд би фейсбүүкээр М. гэдэг хүнтэй дугаарын утсаар холбогдоод манай эгч утсаар ярьж Дотоод хэргийн их сургуульд ороход 1000 үгтэй эссэ өгнө давхар бүртгэл хийх талаар лавласан. Дотоод хэргийн их сургуульд ороход 1000 үгтэй эссэ бичиж өгнө давхар бүртгэл хийнэ гээд 5 өөр ангид бүртгэнэ гэж утсаар ярьсан. Хаан банкны  тоот ******* гэсэн данс руу 2023 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл шалгалтын хураамж, монгол хэл нийгэм шалгалтын хураамж, бүртгэл, хувцасны үнэ, гэж удаа дараа мөнгө авсаар нийт 10.000.000 орчим сая төгрөг өгч залилуулсан. ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын хохирогчоор дахин өгсөн: “******* нь хээрээс онцгой 1-р курсийн бүх хүүхдүүд багш нартаа хоол авч өгнө, 2, 3, 4-р курстээ ч гэсэн авч өгнө, нэг хүүхдийн 350.000 төгрөг болно гэхээр нь би шилжүүлсэн. 2023 оны 5 дугаар сарын 30-нд ДХИС-ийн сайн үйлсийн аянд бэлэг гардуулах үйл ажиллагаа явуулна гээд 200.000 төгрөг хэрэгтэй, дүрэмт хувцасны 75.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би өөрт байсан мөнгөө тухай тухайн үед нь явуулсан. 2023 оны 5 дугаар сарын 31-нд ИЗИС-ийн дүнгийн хуудас авна гэхээр нь би ******* руу шилжүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2 хичээлийн дүнгийн тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж 170.000 төгрөгийг шилжүүлсэн. 61.000 төгрөг болон 106.000 төгрөгийг иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулна гэж хэлэхээр нь шилжүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ДХИС-ийн захирлын төрсөн өдөр, нэмэлтээр орж байгаа хүүхдүүд өгөх ёстой гэж хэлэхээр нь шилжүүлсэн. ЭЕШ-ийн онооны мөнгө гэсний дагуу 200.000 төгрөг, ДХИС-ийн багштай уулзаж байна, хоолны мөнгө 70.000 төгрөг, ЭЕШ-ийн мөнгө 50.000 төгрөг, дүрэмт хувцасны мөнгө хэрэгтэй гэхээр нь 120.000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан. 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сагсай багш хорт хавдар туссан байна, Сагсай багштай ярьж байж ажлаа бүтээж байгаа гэж хэлсэн ба 100.000 төгрөг шилжүүлээрэй гэснээ араас нь 20.000 төгрөг нэмээд шилжүүлчих, жимс авъя гэхээр нь би тухайн үед өөрт байсан 10.000 төгрөгөө нэмээд 110.000 төгрөг болгож шилжүүлсэн. 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* нь намайг хичээл судлах шаардлагатай байна, төлбөр нь 480.000 төгрөг болох юм байна гэхээр нь шилжүүлсэн. Хичээлийн кредитийн мөнгө, заавал сурч судлах ёстой юм байна гээд 360.000 төгрөг, ИЗИС-ийн дүнг гаргуулаад шууд сургуулиасаа гарах тухай ярихад ******* нь нөгөө багш нь гар хараад байна, 400-500 мянган төгрөг болно гэж хэлэхээр нь 600.000 төгрөг шилжүүлсэн юм. 30.000 төгрөг, 8.500 төгрөг, 80.000 төгрөгийг ИЗИС-ийн дүнгийн асуудлаар захиралтай уулзаж хоол идсэн гэж дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн.  Анх  2022 оны 6 дугаар сарын үед ******* гэх эмэгтэйтэй фейсбүүкээр “ДХИС-д бүртгүүлнэ” гэж зарын дагуу танилцаж байсан. Анх бүртгүүлэхдээ 1000 үгтэй эссэ бичиж өгнө гэж байсан. Тэгээд тухайн үед 2022 оны ЭЕШ-ын оноо хүрээгүй болохоор *******д хэлэхэд “би чамайг ДХИС-д оруулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд би ИЗИС-д бүртгүүлээд өвөл буюу 12 сард нь бүх дүнгээ нэгтгэж байгаад ДХИС-руу шилжиж орж болдог гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд ИЗИС-д бүртгүүлж хичээлдээ суусан, гэтэл шилжиж ороогүй бөгөөд өвөл нь дахин шалгалт өгөх шаардлагатай би өөрөө бие дааж бэлдээд элсэлтийн шалгалтдаа уначихсан юм. Тэгээд ******* нь 2023 оны хавар намайг математик, нийгэм, англи хэлний шалгалтад бэлдүүлэхээр онлайн сургалт орно гээд фейсбүүк групп нээгээд тэр багш нараас хичээл аваад надад өгдөг, нэг багш нь 250.000 төгрөг гээд мөнгө авч байсан, бараг хичээл ороогүй, 4, 5 хичээл байгаа, сарын хугацаанд тууштай бэлдэнэ гэж байгаад бэлдээгүй. Би ганцаараа сайн бэлдэж чадаагүй болохоор өвлийн шалгалтад уначихсан юм. Тэгээд ерөнхийдөө нь надад “ДХИС-ийн 1-р курсийг алгасаад 2-р курст нь оруулаад өгье гэж хэлээд ИЗИС-ийн дүнг шилжүүлнэ гэж байгаад дүн нь шилжихэд кредит нь хүрэхгүй байна гээд кредитийн мөнгө гэж бас тухайн үедээ мөнгө авч байсан...Би ерөнхийдөө тухайн үед мөнгөтэй байснаар нь ах, эгч нараараа мөнгө шилжүүлсэн болохоор бүх дансыг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 57-61 дэх тал)

3. М.*******гийн Хаан банк дахь тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 19-102 дахь тал),   Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 106-157, 178-238 дахь тал), Хаан банкны тоот депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 158-177 дахь тал), Хаан банкны тоот депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 239-2-р хавтаст хэргийн 40 дэх тал),  М.*******гийн Хаан банкны тоот депозит дансны хуулга  (2-р хавтаст хэргийн 75-138 дахь тал), М.*******гийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 139-141 дэх тал), С.ын Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 142 дахь тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 143 дахь тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 144 дэх тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 145 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ өмгөөлөгчийн хамт дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Би өөрийн хаан банкны тоот дансаар нийт 9.764.000 төгрөгийг аваад үүнээс 4.823.000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Ерөнхийдөө ДХИС-д орох гээд ЭЕШ өгөхөд тэнцээгүй, тэгээд жил алдаж байхаар гээд ИЗИС-д гурвалсан гэрээгээр элсэн орж сурсан. С. нь өөрөө ЭЕШ-дээ тэнцэхгүй байсан учраас би сургуультай байг гэж бодоод ИЗИС-д орчих гэж хэлсэн. Би яг ДХИС рүү ЭЕШ-ийн шалгалтгүйгээр оруулах боломжгүй учраас ЭЕШ-ийн сургалтад хамт бэлдсэн юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 50-52 дахь тал),

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (2-р хавтаст хэргийн 63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 146 дахь тал), шүүгдэгчээс гаргаж өгсөн жирэмсний хэт авиан шинжилгээний зураг (2-р хавтаст хэргийн 174-175 дахь тал), оршин суух хаягийн хорооны Засаг даргын тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 176 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

М.******* нь цахим хэрэгсэл буюу “М.” гэх Facebook хаягаас Дотоод хэргийн их сургуульд шинээр бүртгүүлэгчдийн 1000 үгтэй эссэ бичиж өгнө, 5 өөр ангид бүртгэл хийнэ гэх утга бүхий мэдээллийг цахим орчинд нийтэлсэн зарын дагуу түүнтэй утсаар холбогдсон “...Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө...өөр сургуулиас шилжүүлэн сургана,... хүнтэй хамт хоол иднэ...бэлэгний мөнгө...хувцасны мөнгө...1-р курсийг алгасаад 2-р курст оруулж өгнө, кредитийн зөрүү мөнгө төлөх шаардлагатай...” гэх мэтчилэнгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 71 удаагийн үйлдлээр 10.304.000 төгрөгийг Хаан банкны , дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

М.******* нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.оос 71 удаагийн үйлдлээр нийт 10.304.000 төгрөг залилж авсан болох нь:

С.ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 5 сарын хавьцаа фейсбүүкээс нэг группэд ороод Дотоод хэргийн их сургуульд шинээр бүртгүүлэгчдийг 1000 үгтэй эсээ бичиж гэсэн зар байсан. Тэгээд би фейсбүүкээр М. гэдэг хүнтэй дугаарын утсаар холбогдоод манай эгч утсаар ярьж Дотоод хэргийн их сургуульд ороход 1000 үгтэй эсээ өгнө давхар бүртгэл хийх талаар лавласан. Дотоод хэргийн их сургуульд ороход 1000 үгтэй эсээ бичиж өгнө давхар бүртгэл хийнэ гээд 5 өөр ангид бүртгэнэ гэж утсаар ярьсан. Хаан банкны  тоот ******* гэсэн данс руу 2023 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл шалгалтын хураамж, монгол хэл нийгэм шалгалтын хураамж, бүртгэл, хувцасны үнэ, гэж удаа дараа мөнгө авсаар нийт 10.000.000 орчим сая төгрөг өгч залилуулсан. ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал), С.ын хохирогчоор дахин өгсөн: “...*******д хэлэхэд “би чамайг ДХИС-д оруулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд би ИЗИС-д бүртгүүлээд өвөл буюу 12 сард нь бүх дүнгээ нэгтгэж байгаад ДХИС-руу шилжиж орж болдог гэж хэлсэн... нь надад “ДХИС-ийн 1-р курсийг алгасаад 2-р курст нь оруулаад өгье гэж хэлээд ИЗИС-ийн дүнг шилжүүлнэ гэж байгаад дүн нь шилжихэд кредит нь хүрэхгүй байна гээд кредитийн мөнгө гэж бас тухайн үедээ мөнгө авч байсан...Би ерөнхийдөө тухайн үед мөнгөтэй байснаар нь ах, эгч нараараа мөнгө шилжүүлсэн болохоор бүх дансыг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 57-61 дэх тал), М.*******гийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 19-102 дахь тал), С.ын гаргаж өгсөн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 106-157, 178-238 дахь тал), С.ын гаргаж өгсөн Хаан банкны тоот депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 158-177 дахь тал), С.ын гаргаж өгсөн Хаан банкны тоот депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 239-2-р хавтаст хэргийн 40 дэх тал), М.*******гийн Хаан банкны тоот депозит дансны хуулга  (2-р хавтаст хэргийн 75-138 дахь тал), М.*******гийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 139-141 дэх тал), С.ын Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 142 дахь тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 143 дахь тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 144 дэх тал), Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 145 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн сурч боловсрох хүсэл сонирхлыг ашиглан  2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 71 удаагийн үйлдлээр “...Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, шилжүүлэн сургана, 1-р курсийг алгасаад 2-р курст оруулж өгнө, кредитийн зөрүү мөнгө төлөх шаардлагатай...” гэх мэтчилэн худал хэлж хуурч, математик, нийгэм, англи хэлний ЭЕШ-д бэлдүүлнэ гэж фейсбүүк группэд оруулж итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 10.304.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Шүүгдэгч М.*******гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.    

Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

М.******* нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч С.од нийт 10.304.000 төгрөгийн хохирол учруулснаас 190.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Төлөгдөөгүй үлдсэн 10.114.000 төгрөгийг шүүгдэгч М.*******гаас гаргуулж хохирогч С.од олгохоор шийдвэрлэв. 

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол мөнгийг төлж дуусаагүй байгаа ч үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд ам бүл 2, 7 настай охиныхоо хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангаж байгаа тул хорих ял оногдуулахгүй тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.  

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /01/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч М.******* нь насанд хүрээгүй буюу 7 настай хүүхэд, эхийн хамт амьдардаг.  Түүнчлэн шүүгдэгч М.******* 49 хоногтой жирэмсэн болох нь өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан “Саран” эмнэлгийн эхоны баримтаар нотлогдсон гэж шүүх үзлээ. Хүүхдийн эрхийн конвенцод хүүхдийг төрөхөөс өмнө болон төрсний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахаар тусгасан.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д нэг /01/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу хохирогч С.од учруулсан 10.114.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүхээс шүүгдэгч М.*******д хүлээлгэв.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мөн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч М.******* нь биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар

Хэрэгт М.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                           ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /01/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. М.*******гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д нэг /01/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

5.  Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гаас 10.114.000 төгрөг гаргуулж хохирогч С.од олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу хохирогч С.од учруулсан 10.114.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүгдэгч М.*******д хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.******* нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл, мөн гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Хэрэгт М.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ