Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/252

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Н.Энхтөр /томилолтоор/

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205017091951 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* худалдааны төвд писи тоглоомын газар ажиллуулдаг, ам бүл 2, төрсөн эхийн хамт Баянзүрх дүүрэг, *******, 1*******лол, *******, *******од оршин суух бүртгэлтэй,  урьд нь;                 

-2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

-2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 967 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар ялыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелэгдээгүй үлдсэн 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 62 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 01 жил, 04 сар, 02 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 146 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоож  шийдвэрлэсэн, /РД:УП*******/,  ******* овогт *******ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокены гал тогооны өрөөнөөс хохирогч Б.ийн эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia” маркийн гар утас, 175.000 төгрөгийн үнэ бүхий  “Samsung А10” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн интернэт банкийг ашиглан 1.530.000 төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” зочид буудлын В1 давхарт байрлах караокены текний арын хэсгээс “Ballantines” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Ballantines” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Jack Daniel's” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Red Label” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг нийт 4 шил виски өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед “1X Bet” цахим мөрийтэй тоглоомд донтож хүмүүсийн эд зүйл мөнгийг нь ашиглаж тоглоод бүх мөнгөө алдсан. Би ам бүл хоёулаа бөгөөд эхийнхээ хамт амьдардаг.  Ээж маань 2020 оны 8 дугаар сард хорт хавдрын оноштой болсон. Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад зохих эмчилгээгээ хийлгээд явдаг. Энэ байдлыг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Дахиж алдаа гаргахгүйг хичээж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Хохирогч нарын хохирлыг бэлнээр нөхөн төлсөн. Дахиж шүүгдэгчийн ширээний ард суухгүй. Маш их гэмшиж байна.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Э. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Нэг. Шүүгдэгч Э.******* 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокены гал тогооны өрөөнөөс хохирогч Б.ийн эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia” маркийн гар утас, 175.000 төгрөгийн үнэ бүхий  “Samsung А10” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн интернэт банкийг ашиглан 1.530.000 төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокены гал тогооноос би өөрийн эзэмшлийн “Samsung А10” болон “Nokia” гар утсаа хулгайд алдсан. Тэгээд 2-3 хоногийн өмнө ажилд орсон зөөгч Тулгаа гэх залуу ганцаараа манай гал тогооны өрөө рүү орж гардаг байсан. Тухайн үед би  хажуу талын зочид буудал руу хоол хүргэхээр гарсан байсан бөгөөд Тулгаа гэдэг зөөгч гал тогоонд аяга угаагаад ганцаараа үлдсэн байсан. Би утсаа ил тавьдаггүй бөгөөд тухайн үед жижиг сагсанд хийгээд дээрээс нь цаас тавиад гарсан. Тэгээд 20 минутын дараа орж ирсэн чинь миний гар утас байгаагүй тэгэхээр би ажилд шинээр ороод удаагүй Тулгаа гэдэг залууг авчихлаа гэж бодсон. Учир нь намайг гарахад тэр залуу ганцаараа аяга угаагаад үлдсэн бас ажилд орсон өдрөө надад 10.000 мянган төгрөг өгөөд надад дугаарын данс өгөөд шилжүүлээд өгөөч гэж гуйж байсан. Тэр өдөр миний Хаан банкны нууц үгийг мэдсэн байх боломжтой гэх бодол орж ирээд би хаан банкны АТМ рүү гүйж очоод дансаа шалгатал анх надаас гуйж 10.000 төгрөг шилжүүлсэн данс руугаа 1.520.000 төгрөг шилжүүлсэн байхаар нь би үлдсэн мөнгөө нөхрийнхөө данс руу шилжүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би алдсан эд зүйлээ авчихвал надад гомдол санал байхгүй. 1.520.000 төгрөг болон гар утаснуудаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 100 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Би тухайн үед “1X bet” гэх аккаунт цэнэглэж өгөөд цэнэглэлт тутмынхаа 5 хувийн ашгийг нь татаж өгөх болгондоо 2 хувийг нь авдаг ажил хийдэг байсан. Тэгсэн тухайн үед нэг залуу над руу “Facebook” хаягаас дансаа цэнэглүүлье гэж бичиж байсан. Тэгэхээр нь би тухайн үл таних залуугийн аккаунтыг цэнэглэж өгсөн энэ мөнгөнүүд тухайн залуугийн аккаунтыг цэнэглэж өгсөн мөнгө байгаа юм. Аккаунт гэдэг нь “1X bet” мөрийтэй тоглоомын сайтын цэнэглэлт хийдэг аккаунт байдаг юм тухайн аккаунтыг нээхэд утасны дугаар байхад хангалттай тухайн иргэн өөрийн утасны дугаараараа аккаунт нээгээд надад хандаад цэнэглүүлдэг би тухайн цэнэглэлтийн 5 хувийг өөртөө авдаг юм. Тэгээд тухайн үл таних залуу цэнэглэлт хийлгэхдээ гэсэн дугаарыг гүйлгээний утган дээрээ тавьсан байсан. Би мэдэхгүй байна ямар нэгэн тийм боломж байхгүй байх олон улсын сайт болохоор хүний мэдээллийг маш сайн нууцалдаг утасны дугаар байхад бусад мэдээллийг хуурамчаар хийж болдог гэж байсан. Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2022  оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний Хаан банкны дугаарын дансыг царцаасан байсан. Тэгэхээр нь би Хаан банк руу залгаад яагаад царцаасан эсэхийг лавлахад дугаарын данснаас таны данс руу орох ёсгүй мөнгө орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар данснаас орсон бэ надад тухайн данс эзэмшигчийн дугаарыг өгөөч эсвэл миний дугаарыг тухайн хүнд өгөөч гэж хэлсэн. Тухайн Хаан банкны ажилтан эмэгтэй таны дугаарыг өгье гэж хэлсэн. Тэгээд хариу ирэхгүй байж байгаад миний данс зүгээр болсон тэгэхээр нь би тухайн дансыг хийж үзсэн чинь гэх нэр гарч ирсэн. Тэгэхээр нь би Хаан банк руу ахиад залгаад миний мөнгө зүгээр болчихлоо гэж хэлсэн тэгсэн одоо зүгээр гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал)

4. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Samsung A10” загварын гар утас нэг ширхгийг  175.000 төгрөг, “Nokia” загварын гар утас нэг ширхгийг  50.000 төгрөг нийт 225.000 үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 112-113 дахь тал)

5. Б.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 140-141 дэх тал)

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн “2023 оны 10 дугаар сарын 09-нд  сэжигтэн *******ас 1.825.000 төгрөгийг бэлнээр Б.т хүлээлгэн өгсөн” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 147 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э. сэжигтнээр өгсөн: “Би Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “” караокед зөөгчөөр ажилладаг байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчимд эгч хажуу талын буудал руу хоол аваачиж өгөх гээд гарахаар нь би гар утсыг нь гал тогооны өрөөний ширээн дээрээс аваад караокеноос гарсан. Тэгээд такси бариад гандан ороод тухайн таксины жолоочийн данс руу 450.000 төгрөгийг шилжүүлж бэлэн авсан. Тэгээд үлдсэн мөнгийг нь буюу 1.050.000 төгрөгийг нь “1X bet” мөрийтэй тоглоомын сайт руу хоёр хувааж шилжүүлсэн. Тэгээд таксины жолоочид 20.000 төгрөг өгөөд гандангийн автобусны буудал дээр буусан. Гандангаас сансрын шөлөндөө орж хоол идээд “1X bet” гэдэг сайтаар мөрийтэй тоглосон. Тэгээд шөлөндөөгийн хажууд байрлах писи тоглоомын газар орж мөрийтэй тоглоомоо үргэлжлүүлж тоглоод тэр шөнөдөө мөнгөө алдаад бас байсан бэлэн мөнгөө тоглож алдаад өглөө нь тухайн газраас гараад гэртээ рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э. яллагдагчаар өгсөн: “Би тухайн иргэний хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” зочид буудлын В1 давхарт байрлах караокены текний арын хэсгээс “Ballantines” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Ballantines” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Jack Daniel's” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Red Label” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг нийт 4 шил вискиг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 352.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ы хохирогчоор өгсөн: “******* гэх залуу 2022 оны 5 дугаар сар орчимд манай караокед зөөгчөөр ажилд орж байсан. Тэгээд тухайн үед 3 хоног манай караокед ажиллаж байгаад 4 дэх хоног нь манай кассан дээр суух хүнгүй болохоор нь кассан дээр суулгасан юм. Тэгсэн тухайн үед манай нэг өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүсийн төлбөр болох 250.000 төгрөгийг *******д бэлэн өгсөн байсан.  Тэгээд өдрийн ээлжээс үлдсэн 100.000 төгрөг бэлэн үлдсэн байсныг хамт ажиллаж байсан нэг зөөгчдөө нойлын өрөө ороод ирье гэж хэлээд аваад явсан байсан. Тэгээд 7-10 хоногийн дараа манай караокед миний нэрийг асуугаад буцаж ирсэн. Тэгсэн тухайн үед ажиллаж байсан залуу намайг ажил дээрээ байхгүй гэж хэлсэн байсан бөгөөд зөөгчийг цэвэрлэгээ хийж байх хооронд манай текний ард ороод “Ballantines” нэртэй виски 1 литр, 07 граммтайг тус тус нэг ширхгийг, “Jack Daniel's” 0.7 литрийн хэмжээтэй виски, “Red Label” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг вискинүүдийг хогийн хар уутанд хийгээд хулгайлаад авч гарсан байсан. Тэгэхээр нь би тухайн үеийн хяналтын камерыг шүүхэд ******* гэх залуу хулгай хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Алдсан зүйлээ болон 350.000 төгрөгөө нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ы хохирогчоор дахин өгсөн: “Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө тухайн 250.000 төгрөгийг авсныг мэдэж байна. Харин 100.000 төгрөгийг аваад явсан үгүйг мэдэхгүй байна. Би өөрийн хохирол болох 600.000 төгрөгийг бэлнээр авсан тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

4. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Ballentines” 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг виски 75.000 төгрөг, “Ballentines” 0.7 литрийн хэмжээтэй 1 ширхэг виски 55.000 төгрөг, “Jack Daniles”  0.7 литрийн хэмжээтэй 1 ширхэг виски 114.000 төгрөг, “Red Label” 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг виски 108.000 төгрөг нийт 352.990 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

5. Хохирогч Б.ы “602.000 төгрөг авсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57 дахь тал)

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2023 оны 4 дүгээр сарын 30 гэсэн бичиглэлтэй бичлэг нь баруун тийш харж хуулагдсан өнгөт дүрслэлтэй 02 минут 10 секундийн бичлэг байв. Уг бичлэгийн 00 минут 16 секундэд ногоон цамцтай шар өнгийн малгайтай эрэгтэй хүн хаалгаар чигээрээ лангуу руу орж байгаа харагдах ба 00 минут 18 секундэд лангуун доогуур тонгойж харагдан буцаж босоод эргэн тойрноо харж байгаад 00 минут 47 секундэд лангуун дээр байх хогны хар торыг авч дэлгээд 01 минут 17 секундэд өрөөтэй байх вискинээс 4 ширхгийг аван торондоо хийгээд 02 минут 04 секундэд гарч явсан. Уг бичлэгт өөр хэрэгт ач холбогдолтой зүйл дүрслэгдээгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 58-62 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э. сэжигтнээр өгсөн: “Би үнэгүй зараас караокед зөөгч ажилд авна гэсэн зарын дагуу гэдэг хүнтэй холбогдоод Баянгол дүүргийн B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” караоке дотор уулзсан юм. Тэгсэн намайг ажилд авахыг зөвшөөрөөд маргааш оройноос манайд ирж ажил гэж хэлж байсан. Тэгээд маргааш өдрөөс нь эхэлж 2-3 хоног ажиллаж байгаад 5-6 хоногийн дараа өглөө 11 цагийн орчимд тухайн ажиллаж байсан караокедоо очсон. Тэгээд манай нөгөө ээлжийн залуу цэвэрлэгээ хийж байхаар нь би текэн дээрээс 4 шил виски аваад гараад явсан. Тухайн 4 шил вискиг явах замдаа дэлгүүрт  200.000 гаран мянган төгрөгөөр зарсан. Би яг хэдэн төгрөгөөр зарсан болон хэзээ авсан сар өдрөө санахгүй байна. Тэгээд тухайн мөнгөөрөө “1X bet” гэдэг мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавиад алдсан. Би тухайн газарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Энэхүү хэргийн тухайд Э.******* Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокед зөөгчөөр ажилладаг байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тогоочоор ажиллаж байсан Б.ийг хоол хүргэхээр гарсан үед гал тогооны өрөөнөөс түүний эзэмшлийн “Nokia” маркийн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, “Samsung А10” маркийн 175.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг хулгайлж, улмаар хохирогчийн интернэт банк руу нэвтэрч Б.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас дугаарын данс руу 1.060.000 төгрөг, дугаарын данс руу 470.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” зочид буудлын В1 давхрын караокед зөөгчөөр ажилдаг байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр текний арын хэсгээс “Ballantines” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Ballantines” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Jack Daniel's” 0.7 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, “Red Label” 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг нийт 4 шил вискиг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 352.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Э.******* бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгссөнд тооцдог бөгөөд хууль бусаар гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхгүй байдгаар тодорхойлогдоно.

Хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэсэн зорилго, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл, ийнхүү өөрт хамааралгүй, шилжүүлэн авах ёсгүй эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар бусдад хохирол учрахыг ухамсарласан байдал, энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Шүүхээс шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар.

Шүүгдэгч Э.******* хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.т 1.755.000 төгрөгийн хохирол, Б.д 352.000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас  хохирогч Б.т 2023 оны 10 дугаар сарын 09-нд 1.825.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 147 дахь тал), хохирогч Б.ы “602.000 төгрөг авсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57 дахь хуудасны ар тал)-д тус тус авагдсан нь  энэ хэрэгт шүүгдэгч Э. бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Э. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 967 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 4 сар, 2 хоногийн хугацаагаар хорих ялаас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 03 сар 11 хоногийг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг 09 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах өвчтэй эхийн хамт амьдардаг зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Э.******* нь урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан байх ба хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор нийт хорих ялын хэмжээг 01 жил 04 сар 02 хоногийн хугацаагаар тогтоожээ. (хавтаст хэргийн 179-184 дэх тал)

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүгчийн захирамжаар  дээрхи ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоож  шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 185-186 дах тал)

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ийн эд зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, хохирогч Б.ы эд зүйлийг  2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлсан үйлдлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 967 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл дээрхи 967 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлүүд шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

Иймд улсын яллагчаас гаргасан “...хугацаанаас өмнө суллагдсан 03 сар 11 хоногийг нэмж нэгтгүүлэх...” тухай саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1..******* овогт *******ийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ДАЙРИЙЖАВ