| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/219 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Дэлгэрцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/219
2024 03 20 2024/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч О.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч Ж.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Ж.А-д холбогдох эрүүгийн 2411001490145 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.....овгийн Ж.А , 2004 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ЭЗ шинжлэх ухааны Их сургуулийн ... курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт .....дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: .....аймаг, ... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг 44 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн ... тоот лангуунаас иргэн Б.Н ийн эзэмшлийн Самсунг A04s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 519.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Н ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, “Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-23-1243 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ж.А аас хохирогч Б.Н ийн алдсан Самсунг A04s маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогч Б.Н т түүний алдсан Самсунг A04s маркийн гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Н т Самсунг A04s маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овгийн Ж.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН