Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/258

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305043070165 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *******, *******, *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЦВ*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт *******тай үл ялих зүйлээс маргалдаж, пивоны шилээр түүний толгойн тус газарт нь нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт *******тай үл ялих зүйлээс маргалдаж, пивоны шилээр түүний толгойн тус газарт нь нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

Хохирогч *******ын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найз Мөнхтулгатай хамт Баянгол дүүргийн Варьетед байрлах “Эргэн дурсахуй” гэх бааранд орж ууж суунгаа юм ярьж бас бүжиглэсэн. Нэг мэдэхэд би үл таних нэг залуутай маргалдаж байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор хэрхэн яаж, юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тус бааранд тухайн залуутай муудалцаж сөргөөцөлдсөн зүйл байхгүй. Тэр залуу над руу гэнэт хүрч ирээд пивоны шилэн аягаар миний толгой руу нэг удаа цохисон. Тэнд байгаа хүмүүс бид хоёрыг салгасан...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч “...Би тэр өдөр бид хоёр “Эргэн дурсахуй” орьё гээд оройн 21 цагийн орчимд тус бааранд үйлчлүүлэхээр орсон. Тэндээ ороод сэнгүр пивоноос захиалж уусан тухайн үед хэдийг захиалж ууснаа мэдэхгүй байна ямар ч байсан дөрвийг бол хангалттай уусан байх. Намайг тай хамт байх үед бид хоёр хүнтэй муудалцаагүй, гарч орж тамхи татаад бүжиглээд явж байсан. Тэгээд би ууж байгаад нэлээн согтох гээд ирэхээр нь болиод явлаа гээд д хэлээд хувцсаа өмсөөд 00 цагийн орчимд гарсан ганцаараа үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд би тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Эргэн дурсахуйд үйлчлүүлэхээр ороход тэдний хамгаалагч нар 2 хоногийн өмнө тантай хамт явж байсан найз чинь таныг явсаны дараа зодоон хийсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад асуудал нь шийдэгдсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14378 дугаартай “...*******ын биед зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Яллагдагч *******ын “Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 хороо төмөр замын Варьетед байрлах “Эргэн дурсахуй” гэх бааранд 2 найз болох буюу , нарын хамт орсон. Тэгээд тус бааранд үл таних 3 хүүхэнтэй хамт сууж байсан чинь тэр эмэгтэйчүүдийн хажуу талын ширээн дээр сууж байсан ах босоод явчих би наана чинь цуг байгаа гэх мэт зүйл яриад байхаар нь би тэр хүнтэй маргалдаж хэрэлдсэн. Тэгээд би босоод явсан тэгээд буцаж очоод үргэлжлүүлээд хэрэлдэж маргалдаж байгаад пивоны шилээр тус хүний толгой руу нэг удаа цохисон. Цохихоосоо өмнө тэр шилээ ширээн дээр айлгах зорилгоор нэг цохиод тус хүнийг цохисон. Би тухайн бааранд  тэр хүнтэй эмэгтэй хүмүүсээс болж маргаад тэрнээс үүдээд тэр залуугийн биед халдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  үл ялих зүйлээр шалтаглаж пивоны шилээр *******ын толгойн тус газарт цохиж биед нь зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******д учирсан хөнгөн хохиролд хохирогчоос “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)-д авагдсан байна.

Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч ******* нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                              ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ