Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/00145

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 19 өдөр                         Дугаар 102/ШШ2021/00145                         Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь-Эх гудамж, 29 тоотод оршин суух, Боржигон овогт Ичинхорлоогийн Амарбаясгалан /РД:цг88042171/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 80/7 тоотод оршин суух хаягтай, Бэсүд овогт Лувсанпэрэнлэйн Мөнхдөлгөөн /РД:те92060832/-д холбогдох,

 

22,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Амарбаясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бямба-Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийхутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Амарбаясгалан нь 2019 оны 4 дүгээр сард “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд ‘Смайл’ нэртэй караоке түрээслүүлнэ” гэх зарыг уншаад, уг зарын дагуу хариуцагч Л.Мөнхдөлгөөнтэй холбогдсон. Ингээд бид тус караокег 1 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг байхаар тохирсон ба миний зүгээс эхний 3 сарын төлбөрийг нэг сарын барьцаа төлбөрийн хамт нийт 28,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр болсон. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, би өөрийн Төрийн банкин дахь 108801407110 тоот данснаас 24,000,000 төгрөгийг гарган авч, Л.Мөнхдөлгөөнд 24,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Л.Мөнхдөлгөөний данс руу шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манайх тус караокед нүүж орон үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сараас цагдаа нар шалгалт явуулж үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байгааг шалгасан. Анх гэрээ байгуулахад Л.Мөнхдөлгөөн нь бидэнд тус газрыг караокены үйл ажиллагаа явуулах, архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй гэж хэлсэн ба тусгай зөвшөөрлийг бидэнд хувилж өгсөн. Гэтэл цагдаа нар бидэнд “...уг зөвшөөрөл хуурамч байна” гэж хэлээд үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Ингээд түрээслэгч буюу хариуцагчийн буруугаас болж гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсан ба 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би Л.Мөнхдөлгөөнд караокег хүлээлгэн өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Л.Мөнхдөлгөөнд “...бид 2 сар үйл ажиллагаа явуулсан гэж тооцоод үлдэх 1 сарын түрээс, барьцаанд өгсөн 7,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг буцаан авъя” гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Гэтэл үүнээс хойш тэрээр нэг ч төгрөг төлөөгүй учир би аргагүйн эрхэнд шүүхэд хандсан ба дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ Нэг сарын түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, барьцаанд өгсөн 7,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг;

2/ Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д “Тухайн гэрээнд заагдсан бусад үүргийг гэм буруугийн улмаас биелүүлээгүй тохиолдолд жилийн түрээсийн төлбөрийн 10 хувиар торгууль төлнө” гэж заасан. Ингээд нэг жил үргэлжлэх ёстой гэрээний жилийн төлбөр нь 84,000,000 төгрөг болно. Уг 84,000,000 төгрөгийн 10 хувь болох 8,400,000 төгрөгийг торгуульд тооцож нэхэмжилнэ. Ингээд нийт 22,400,000 төгрөгийг Л.Мөнхдөлгөөнөөс гаргуулж өгнө үү. Хэрэв шүүхээс талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсгүүдэд заасны дагуу барьцаанд өгсөн 7,000,000 төгрөг, түрээсийн байрыг ашиглаагүй хугацааны буюу нэг сарын төлбөр 7,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан өгөх боломжтой.

Хариуцагч Л.Мөнхдөлгөөн нь анх гэрээ байгуулахдаа тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлж байсан, дараа нь тусгай зөвшөөрлөө хайгаад олохгүй байна, ер нь байгаа гэж хэлээд нэхэмжлэгчид итгүүлсэн. Гэвч тусгай зөвшөөрлөө олж өгөөгүйгээс цагдаа нар нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Бүр сүүлдээ хариуцагч зөвшөөрлөө өгөхгүй болохоор нь нэхэмжлэгч өөрөө боломжоороо хөөцөлдөж, тусгай зөвшөөрөл авах боломж хайсан боловч бүтээгүй. Тийм ч учраас нэхэмжлэгч сүүлд нь “...би хөөцөлдөөд тусгай зөвшөөрөл авч чадсангүй” гэж хэлсэн. Энэ талаар л талуудын хооронд яриа болсон. Гэхдээ хариуцагч нь эхлээд амласан ёсоороо тусгай зөвшөөрөлтэй караоке түрээслүүлээгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгө түрээслүүлсэн. Үүнээс болж нэхэмжлэгч өөрөө тусгай зөвшөөрлөө хөөцөлдсөн тал байгаа.  2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 1, 2, 3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын Ү-2204024599 дугаарт бүртгэлтэй, 1191.7м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу 340м2 хэмжээтэй талбай байсан эсэх тал дээр нэхэмжлэгч тал маргахгүй. Угаасаа том талбайг хуваагаад нэг хэсгийг нь караокены зориулалтаар түрээслүүлдэг байсан гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Л.Мөнхдөлгөөн нь иргэн И.Амарбаясгалантай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт байршилтай “Смайл” караокег 1 жилийн хугацаатайгаар, нэг сарын түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг, барьцаа төлбөрийн хэмжээ 7,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд нэхэмжлэгчээс хариуцагч нь нийт 28,000,000 төгрөгийг хүлээн авсан. 21,000,000 төгрөг нь 3 сарын түрээсийн төлбөр бөгөөд үлдэх 7,000,000 төгрөг нь барьцаа байсан. Түрээсийн гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 1, 2, 3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын Ү-2204024599 дугаарт бүртгэлтэй, 1191.7м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу 340м2 хэмжээтэй талбай байсан. Уг үл хөдлөх хөрөнгө нь нэг гэрчилгээтэй, хэсэгчлэн түрээсэлсэн учир талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. 

Хариуцагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг караокены зориулалттай эд хөрөнгийн хамт нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нь “...Анх гэрээ байгуулахад Л.Мөнхдөлгөөн бидэнд тус газрыг караокены үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гээд, тусгай зөвшөөрлийг хувилж өгсөн. Гэтэл цагдаа нар уг зөвшөөрөл хуурамч гэдгийг мэдэгдэж...” гэж тайлбарлаж байгаа нь огтоос худал юм. Түрээслэгчид караоке барыг түрээслүүлэхийн өмнө үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тухай маш тодорхой хэлсэн бөгөөд түрээслэгч И.Амарбаясгалан нь үүнийг хүлээн зөвшөөрч, өөрөө үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авах тухайгаа илэрхийлсэн учир гэрээ байгуулсан. Түрээслэгч И.Амарбаясгалан нь 2019 оны 6 дугаар сарын 26-ий өдөр үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болчихлоо, нэг сарын төлбөрийг барьцааны хамт аваад гэрээг дуусгах хүсэлтэй байгаа тухайгаа дурдаж 2019 оны 7 дугаар сарын 08-ны үед хариуцагчид караокены түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй”, мөн түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-д “Түрээслэгч нь гэрээг дангаараа цуцлах хүсэлт гаргах бол 3 сарын өмнө мэдэгдэх бөгөөд дээрх хугацаанаас өмнө урьдчилсан мэдэгдэхгүйгээр гэрээг дангаар цуцлах хүсэлт гаргавал барьцаа төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон суутгана” гэж заасан. Ийм учраас хариуцагч нь түрээсийн төлбөр, барьцаа төлбөр болон торгууль төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Л.Мөнхдөлгөөн болон И.Амарбаясгалан нар №1 тоот “Түрээсийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр И.Амарбаясгалан нь гэрээний хавсралт болон тодорхойлолт-жагсаалтад заагдсан эд зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулахаар болсон ба гэрээний зүйл буюу түрээсийн гэрээний зүйл нь “...Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 1, 2, 3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын Ү-2204024599 дугаарт бүртгэлтэй, 1191.7м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу 340м2 хэмжээтэй талбай” байсан талаар зохигчид маргаангүй байна.

 

Талууд нэг сарын төлбөрийг 7,000,000 төгрөг байхаар түрээсийн гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байхаар харилцан тохирсон байна. 

 

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс гэрээний барьцаа 7,000,000 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 21,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхдөлгөөнд шилжүүлсэн талаар зохигчид маргаангүй байна.

 

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч И.Амарбаясгалан хариуцагч Л.Мөнхдөлгөөнд холбогдуулж 1 сарын түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, гэрээний барьцаанд өгсөн 7,000,000 төгрөг, түрээсийн гэрээний 6.4-т заасны дагуу торгуульд 8,400,000 төгрөг, нийт 22,400,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...Нийт 28,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Хариуцагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон учир барьцаанд өгсөн 7,000,000 төгрөг, ашиглаагүй 1 сарын хугацааны төлбөр 7,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон торгуулийн хамт хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Үлдэх 14,000,000 төгрөгийг караоке ашигласан хугацаанд тооцоод буцаан нэхэмжлээгүй” гэжээ.

 

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгыг хянаж  үзээд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т  түрээсийн гэрээний хэлбэрийг заахдаа бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатайг хуульчилсан.

 

Түрээсийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 1, 2, 3 тоот хаягт байршилтай, 1191.7м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын Ү-2204024599 дугаарт Израйль улсын иргэн Сергей Левченко /10917437/-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7/9524 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна. 

 

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №1 тоот “түрээсийн гэрээ” нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бүхэлдээ бус харин тодорхой хэсэг /340м2 талбай/ нь түрээслэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон учир өгсөн төлбөрөө анзын хамт буцаан шаардсан гэж үзэхээр байна. 

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3 дахь хэсгүүдэд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө түрээслэгчид шилжүүлэх, гэрээний туршид эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хөлслөгч нь гэрээг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлах эрхтэй.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох 340м2 хэмжээтэй талбайд караоке ажиллуулж, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх зорилготой байсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.   

 

Хэрэгт цугларсан баримтуудыг, хариуцагчийн утсанд хийсэн үзлэг, зохигчийн тайлбартай харьцуулан судлахад хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн талбайд хэвийн үйл ажиллагаа явуулах буюу караоке ажиллуулах тусгай зөвшөөрлийг хариуцагч нэхэмжлэгчид олгоогүй шалтгааны гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. 

 

Дээрх баримтаас үзэхэд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт  заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой.

 

Зохигчийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан №1 “Түрээсийн гэрээ”-ний 6.5-д “Тухайн гэрээнд заагдсан бусад үүргийг гэм буруугийн улмаас биелүүлээгүй тохиолдолд жилийн түрээсийн төлбөрийн 10 хувиар торгууль төлнө” гэж заасан байна.

 

Харин нэхэмжлэгч гэрээний зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалж, гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд гэрээний заалт тус бүрээс, түүн дотроо анзын тухай заалтаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө тооцох хариуцлага буюу торгууль нэхэмжлэх эрхгүй гэж үзэн торгуульд 8,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Мөнхдөлгөөнөөс 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Амарбаясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхдөлгөөнөөс 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Амарбаясгаланд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ