Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/277

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00747 0005 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Д.Б, **оны **дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч, засварчин мэргэжилтэй, “***” сервист засварчин ажилтай, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Х овогт Д.Б /РД:** / нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112-н буудлын урд замд, Тоёота приүс маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох Г.Э-г /РД:**/-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112-н буудлын урд замд, Toyota Prius-11 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” хэмээн жолоочид үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу амь хохирогч Г.Э-ийг мөргөж, амь насыг нь хохироосон” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 22 цаг 40 минутын орчимд машинаа унаад зурагтаас Баянхошуу чиглэлд гэр лүүгээ явж байсан. Гадаа харанхуй болсон байсан, зүүнээс баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр 50 км/цагийн гаруй хурдтай явж байтал 112-н автобусны буудлын баруун талын явган хүний гарц ойртсон. Гарцаар нэвтрэх үед эсрэг талаас ирж байгаа машины гэрэл гялбасан, тэр үед гарц дээр урдаас хойш чиглэлтэй нэг хүн машинд тулаад гараад ирсэн. Би тэр хүнийг мөргөхгүйн тулд баруун гар тал руугаа дарсан боловч машины зүүн талын хэсгээр мөргөсөн. Машинд мөргүүлсэн хүн мөргүүлээд урд салхины шилэнд ойгоод урагш зам дагуу шидэгдээд унасан....гүйгээд очиход доошоо харсан толгойноос нь цус гарсан ... ухаангүй байсан...” гэж (хавтаст хэргийн 149 дэх тал) мэдүүлсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед фитнесээ тараад явж байгаад ажлын урд найзуудтайгаа уулзсан юм. Дараа нь харих гээд 112-н буудал орчимд зүүнээс баруун тийш зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан ба хүн харагдаагүй, 40км/цаг хурдтай явж байтал гарц дөхөөд иртэл нүд рүү хурц гэрэл гялбаад гэнэт хүний сүүдэр харагдсан. Тэгээд би шууд баруун гар тал руугаа дартал хүн мөргөсөн. Буугаад эмнэлэг, цагдаа руу залгасан. Тэр үеэр 2 согтуу хүн замын цаанаас гүйж гарч ирээд “юу болчхов оо” гэхээр нь “би харсангүй мөргөчихлөө” гэж хэлээд “Та хэн билээ” гэхэд тэр согтуу хүн “нөхөр нь байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл түргэн хүлээж байх хооронд тэр хүн алга болчихсон байсан...” гэж мэдүүлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

- гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны  хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10, 12-13 дахь тал),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 168 дахь тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 128-133 дахь тал),

- “Хас үнэлгээ” ХХК-ий 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Toyota pruis-11 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 935,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ын: “...миний төрсөн эгч болох Г.Э нь ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн....Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд тодорхой мэргэжил эзэмшээгүй, хааяа тогоочийн ажил хийдэг байсан...Ш гэдэг хүнтэй гэр бүл болж 10-14 насны 3 охинтой, 3 охин нь аавынхаа хамаатны гэрт байдаг гэсэн. Хамгийн сүүлд Б.Д гэдэг хүнтэй 2 жилийн өмнөөс хамтран амьдарч Сонгинохайрхан дүүрэг, 112 дугаар буудлын тэнд байдаг байсан. Эгч 1 дүгээр эмнэлэг дээр шулуун гэдэсний хагалгаанд ороод гарсан. Эмнэлгээс гараад манай гэрт байж байсан...гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Гэрч Б.Н-н: “...Г.Э нь миний төрсөн дүү болох Б.Д-тэй манай хашаанд, залгаа хажуу өрөөнд 2020 оноос хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэр бүлийн баталгаатай. Б.Д, Г.Э нар нь энд тэнд барилгын өрлөгийн ажил гарахаар хамт явж хийдэг байсан. Э нь 3 охинтой гэж сонссон, хүүхдүүд нь хуучин нөхөр дээр нь байдаг байх. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ байж байгаад 23 цагийн орчим гэртээ ирээд хажуу талын хашаанд байдаг ахындаа сууж байсан чинь Б.Д гаднаас согтуу орж ирээд Г.Э машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч Б.Д-ийн: “...Г.Э бид хоёр 2020 оны 08 дугаар сард анх танилцаж хамтран амьдарч эхэлсэн... бид хоёр манай эгч Э-ийн хашаа болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын **дүгээр гудамж, ** тоотод байшинд амьдарч байсан. Г.Э бид хоёр Төв аймгийн Цээл суманд 2 га газар айлын хашаа хамт барьж 2 сар болоод 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Г.Э нь бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд 1 дүгээр эмнэлэг дээр ороод эмнэлэгт 4-5 хоноод гэртээ гарсан. Эмнэлгээс гараад Нисэхэд байдаг төрсөн дүү Э-ындаа түр оршин сууж байгаад 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаж гэртээ ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Э-ийн найз хүүхэн болох Д гэдэг хүнтэй бид гурав гэртээ хоёр шил архи уусан. Архи ууж байгаад орой 22 цагийн орчим би Нисэх рүү явлаа гээд ганцаараа гараад явчихсан. Манайх 112 дугаар буудлын хойд талд зам дагуу байдаг юм. Би араас нь гарсан чинь зам дээр Г.Э хэвтэж байхаар нь би яваад очсон чинь хажууд нь нэг залуу зогсчихсон, ахаа би энэ хүнийг гарцаар гарч байхад нь мөргөчихлөө, би жоохон хурдтай явж байсан юмаа гээд байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2905 дугаартай: “Г.Э-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун чамархайд гурвалжин өнцөг гаргасан цөмөрсөн хугарал, уг хугарлаас суурийн баруун дунд хонхроор турк эмээлээр зүүн дунд хонхор дайрч зүүн чамархай хүрсэн салсан хугарал, баруун чамархайн тах хэлбэрийн доош 2 салаа үүсгэсэн шугаман хугарал, урд буюу 1-р салаа нь баруун зулай, чамархайгаас доош суурийн урд хонхроор тахиан залаа хүртэл үргэлжилсэн, 2-р салаа буюу тах хэлбэрийн арын хугарал нь баруун зулай, дагз, баруун арын хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун эгэм яс, 2-р хавирга хоёрлосон, 1, 4, 5-р хавирганы шууд хугарал, эрүү ясны хугарал, духанд шарх, баруун мөр, тохой, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн хацар, духанд зулгаралт, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүд байна. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-54 дэх тал),

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1000056 дугаартай: “...тээврийн хэрэгслийн урд салхины зүүн талын гол хэсгээр цацарч хагарсан, урд буфер зүүн талын булан хэсэгт цуурч хагарсан, зүүн урд кирло үзүүр хэсгээрээ дотогшоо хонхойж хэв гажилтад орсон, зүүн талын их гэрэл асдаг боловч тохиргоо алдагдсан, гадна бүрхүүл, гэрэл ойлгогч цайр хагарсан, гэрэл тогтоогч сэж хугарсан эвдрэл гэмтэлтэй байна....зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. ..Ажлын болон зогсоолын тоормос бүрэн ажиллаж байсан....тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 97-106 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1009 дугаартай “..Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 112-13 дахь тал),

- 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1342 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 136-137 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүх-анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Э нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон байх тул гаднын нөлөөтэй буюу хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б-ын хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөн болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн болон цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, гэрч Б.Д-ийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар  зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөсөн үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн байхын зэрэгцээ тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн онц хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 3,204,708 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Д.Б шүүхээс өмнөх шатанд 3,000,000 төгрөг, шүүхийн шатанд 12,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь “...гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэж эвлэрлийн гэрээ хийжээ. Ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулсан нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй боловч энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх гэм хорын төлбөр мөнгө байхгүй болохыг илтгэх юм. Иймд шүүгдэгч Д.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн боловч амь хохирогч Г.Э-ийн бага насны 3 хүүхэд нь сэтгэцэд учирсан хор уршгаа арилгуулахаар шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хүүхдүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, хувийн байдал, осол гарсан нөхцөл байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, гэхдээ тэнсэх хугацааг багасгаж 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлыг нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзнэ үү. Хувийн байдлын хувьд миний үйлчлүүлэгч ээж дүүтэйгээ амьдардаг. Ээж нь үйлчлэгч хийдэг, дүү нь оюутан, шүүгдэгч ар гэрээ авч явдаг тул харгалзан үзнэ үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,000,000 төгрөг төлснийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэхгүй. Учир нь, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон шууд үр дагаврыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд хүний амь нас хохирсон хохирлыг төлж барагдуулах, амьд явах эрхийг сэргээн эдлүүлж боломжгүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 120 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 121 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийнх 173 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд энэ хэргийн тухайд хүний амь нас хохирсон үр дагавар нь гэмт хэргийн хохирол болно. Иймд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх боломжгүй тул шүүх мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, нөхөн төлөх боломжгүй хохиролтой буюу хүний амь нас хохирсон хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэх хуулийн шаардлага хангагдах бололцоогүй юм.

Түүнчлэн, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон императив хэм хэмжээ биш бөгөөд шүүхийн үзэмж буюу шүүгчийн дотоод итгэл үнэмшил, эрх зүйн ухамсрын түвшинд үнэлэгдэх боломжтой эрх олгосон диспозитив хэм хэмжээ болохыг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа жолоочид тусгайлан үүрэг болгосон заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байх тул шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохимжгүй гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн шинэ өөрчлөлтийг буцааж хэрэглэхийг хориглосон байдаг тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэж болохгүй.

Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Амь хохирогч Г.Э-ийн бага насны 3 хүүхэд нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,000,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохыг тусгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА