Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/272

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405006790234 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 02-нд Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн *******т ******* ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *******, Нуурын 12  дугаар гудамжны *******од оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ВР*******/, Гурван Шарынхан овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайж” зочид буудлын авто зогсоолд байрлуулсан Д.гийн эзэмшлийн “Lexus GS450” маркийн авто машины урд нүүр хэсгийг санаатайгаар өшиглөж 540.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайж” зочид буудлын авто зогсоолд байрлуулсан Д.гийн эзэмшлийн “Lexus GS450” маркийн авто машины урд нүүр хэсгийг өшиглөж 540.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

Хохирогч Д.гийн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” зочид буудлын гадаа өөрийн “Lexus GS450” маркийн УНА улсын дугаартай авто машинаа байрлуулж тавьсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим тухайн буудлаас гарах гээд машинаа халааж байхдаа урд талыг нь харахад нүүр хэсгийг өшиглөсөн мэт байсан бөгөөд тулаад харахад нүүр хэсгийг хагалсан байсан ба доод хэсэгт гутлын шавар тогтсон байдалтай байсан. Би тухайн буудлын хяналтын камерыг шүүх гэтэл тухайн буудлын хүлээн авагч бид нар наад асуудлыг чинь мэдэхгүй та цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...цайвар куртиктэй эмэгтэйгээр сугадуулсан дотуураа цагаан өнгийн цамц өмссөн гадуураа хар бараан өнгийн хувцастай эрэгтэй тус саарал өнгийн тээврийн хэрэгслийн урд гупер хэсгийг бичлэгийн 08:12:31 секундэд өшиглөөд хойшилж цаашаа явж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-28 дахь тал)

Яллагдагч *******ийн “Би 2023 оны 12 дугаар сарын 27-нд манай албан байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 4 хороо Тайж төвд болоод 22 цагийн үед Тайжаас гарсан. Би нэлээн уусан байсан. Намайг гарч явахад үүдэнд үл таних нэг залуу таараад  түүнтэй маргалдахад тэр залуу зөрөхдөө намайг алгадсан. Би тэр үл таних залуутай маргалдаж муудах гэхэд манай ажлын хүмүүс намайг Тайж төвөөс аваад гарсан. Би гарч байх үедээ тус төвийн үүдэнд байсан нэг машиныг өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

Дамно ХХК-ийн “автомашины урд нүүр хэсгийг нийт 540.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайж” зочид буудлын авто зогсоолд байрлуулсан Д.гийн эзэмшлийн “Lexus GS450” маркийн авто машины урд нүүр хэсэг рүү санаатайгаар өшиглөж 540.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д. нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр *******ээс тээврийн хэрэгслийн төлбөр 540.000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авлаа. Цаашид гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 43 дахь тал), хохирогч Д.гийн Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 44 дэх тал)-д тус тус авагдсан нь *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно. Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Д. нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                          ТОГТООХ нь:

1.******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ