Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 57

 

О.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0145/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       О.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Золзаяа, Б.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                 Т.Т- нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолтой, О-ын Б-өд холбогдох, 2018000000084 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Золзаяа, Б.Соёл-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт О-ын Б-.

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг залуучуудын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Д.А-ы орон байранд хууль бусаар нэвтэрч хөөрөг, хөөрөгний дайлин зэрэг эд хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Малчны **-** тоотоос иргэн Ц.Д-ийн байшингийн цонхыг эвдэн орж 5 кг цагаан будуу, 2 кг элчин чихэр, 30 кг үхрийн цул мах, 15 литр сүү, 2 ширхэг слава гоймон зэргийг хулгайлж 401.100 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Хар-Усны **-р гудамж ** тоотод оршин суух иргэн Д.Ш-гийн байшингийн цонхыг эвдэн орж ааруул, шар тос, бууз, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 195.185 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг **-** тоотод оршин суух Д.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн “ЛЖ” маркийн телевизорыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол,

2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Хар-Ус **-** тоотд оршин суух иргэн Б.М-ын байшингийн цонхыг эвдэн орж “тошиба” маркийн  нөүтбүүк, нөүтбүүкийн дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч, мауз буюу хулгана, маузны дэвсгэр зэргийг хулгайлж 185.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Малчин **-** тоотод оршин суух иргэн Ц.Д-ийн байшингийн цонхоор орж хар өнгийн эрэгтэй булган малгай, хар өнгийн эрэгтэй савхин куртик, мөнгөн бөгж 2 ширхэг, хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутга, сахлын машин, тогооны өрөм зэргийг 454.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт Цагаан нуурын **-** тоотод оршин суух иргэн Б.Т-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж нарны гэрлээр ажилладаг 12 волтын зурагт, антенн, костюм, пиджак, жижиг хөрөө, цахилгаан харуул, зүсэгч, цахилгаан зүлгуүр, электрон жин зэргийг хулгайлж 143.0000 төгрөгийн хохирол,

2020 оны 01 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг Цагаан **-** тоотод оршин суух Г.Н-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч жижиг оврын харуул модны цахилгаан хөрөө, 30 метрийн урттай уртасгагч зэрэг эд хулгайлж 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар О.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчины **-** тоотод оршин суух иргэн Ц.Д-ийн байшингийн цонхоор нэвтэрч сахлын машин, 2 ширхэг бөгж хулгайлсан гэх, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, Цагаан нуурын **-** тоотод оршин суух Г.Н-ийн байшингийн бүргэд хаалгыг эвдлэн нэвтэрч уртасгагч залгуур хулгайлсан гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож,

Б- овогт О-ын Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3,605,285 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар Б- овогт О-ын Б-өд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар О.Б-өд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар О.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялаас хасаж тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч О.Б-өөс нийт 986,000 төгрөг гаргаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчин **-** тоотоод оршин суух Б- овогт Ц-ын Д- /РД: **********/-Д 226,000 /хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөг, Дархан-Уул айммгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучуудын **-** тоотод оршин суух Т- овогт Д-ын А- /РД: **********/-Д 380,000 /гурван зуун наян мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Цагааннуурын **-** тооотод оршин суух Ц- овогт Г-ын Н- /РД: **********/-Д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул айммгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын **-** тоотод оршин суух Б- овогт Д-ийн Э- /РД: **********/-Д 50,000 /тавин мянга/, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн **-** тоотод оршин суух Д- овогт Г-ын Б- /РД: **********/-Д 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг тус тус олгох,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч О.Б- нь мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр хэргээ хүлээсэн, хийсэн хэргийнхээ хохирлыг биет байдлаар болон мөнгөөр төлж барагдуулсан ба үлдэгдэл 986,000 төгрөгийн хохирлыг 2020 оны 05-р сарын 19-ны өдөр ар гэрээс нь бүрэн төлж барагдуулсан.

Иймд Шүүгдэгч О.Б- нь анх удаа гэмт үйлдсэн, сайн дураараа хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож ухаарсан, цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой, өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

О.Б- нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүгдэгч нь ар гэрийн амьдралын хувьд ядуу, анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон, эхнэр нь хүнд өвчтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар ялын доод хэмжээний 2-ны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн заалтыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Хорих ялын үр нөлөө муутай байгаа түүнчлэн дэлхий дахинд цар тахал дэгдэж, хүн ардын амьдрал тэр дундаа ядуу болон нэн ядуу хүмүүсийн амьдралд хүнд цохилт болж байгаа үед нэг ч гэсэн өрх айл элэг бүтэн амьдарч, үр хүүхэд нь эцэг эхтэйгээ хамт байгаасай гэж эх хүний хувьд төдийгүй хуульч- өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5 болон 3 дахь хэсэгт заагдсан "Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн нь хууль тогтоочийн зүгээс өмгөөлөгч миний дээр дурдсан нийтэд илэрхий үйл баримт болох дэлхийг хамарсан энэ хүнд өвчин, цар тахал бөгөөд энэ байдлаас болж хүмүүсийн сэтгэл санаа, эдийн засаг, ахуй амьдралд хямрал явагдаж байгааг ойлгож болох юмаа.

Эрхэм Шүүх бүрэлдэхүүн, шүүгчид ээ, нэг ч гэсэн монгол эр хүнд алдсан алдаагаа ойлгон ухамсарлаж, дахин алдахгүй байх, үнэн зөв, шударгаар амьдрах боломжийг олгон хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Шүүгдэгч нь хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан тул хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тайлбартаа:

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүгдэгч нь ар гэрийн амьдралын хувьд ядуу, анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон, эхнэр нь хүнд өвчтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар ялын доод хэмжээний 2-ны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн заалтыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Хорих ялын үр нөлөө муутай байгаа түүнчлэн дэлхий дахинд цар тахал дэгдэж, хүн ардын амьдрал тэр дундаа ядуу болон нэн ядуу хүмүүсийн амьдралд хүнд цохилт болж байгаа үед нэг ч гэсэн өрх айл элэг бүтэн амьдарч, үр хүүхэд нь эцэг эхтэйгээ хамт байгаасай гэж эх хүний хувьд төдийгүй хуульч-өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Б- тайлбартаа:

Гэм буруугаа хүлээж байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгдэгч нь  тухайн үед анхан шатны шүүх хуралдаан болоход хохирлыг төлж барагдуулаагүй байсан учраас тус зүйл ангийн хамгийн бага болох 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүл мэндийн асуудлыг тухай хорих анги шийднэ гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

-Шүүгдэгч Б- овогт О-ын Б- нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 02 сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр бусдын оронд байранд нэвтрэн орж хөөрөг хөөрөгний даалин, 5кг будаа, 2кг элсэн чихэр,цахилгаан хөрөө, 30 метр урттай цахилгааны залгуур гэх мэт эд зүйл хулгайлж бусдад 3.704.285 төгрөгийн хохирол учруулсан орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгйалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О-ын Б- нь бусдын эд зүйлийг авахдаа хохирогч нарыг гэр орондоо байхгүй эзгүй үед хаалга, цонхыг эвдэх, хөших зэрэг аргаар нэвтэрснийг хууль бусаар, нууцаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг авсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулан байх тул үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.  

Хэрэгт холбогдох нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан.,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаж,  зөрчөөгүй байна.

Гэвч шүүгдэгч нь 8 удаагийн үйлдлээр бусдад 3 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэдийн ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн., хохирогчид учруулсан хохирлын хэмжээ нь бага бус, хулгайлсан эд зүйл нь ихэвчлэн ааруул, шар тос, үхрийн мах, элсэн чихэр зэрэг хоол хүнсний эд зүйл байхаас гадна үйлдсэн хэргийн талаар үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан., хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа., гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг худалдан борлуулсан газраа заан өгч гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал болон бусдын эд зүйлийн хулгайлсан нь буруу үйлдэл боловч  ахуй амьдралын хувьд хүнд, хувийн байгууллагад ажилладаг ч цалин, мөнгө өгдөггүй  зэрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж  1 жил хорих ял болгон багасгах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан  ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  буюу 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2.,  3  дугаар  заалтыг:

             -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б- овогт О-ын Б-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч О.Б-өд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж

2. Шүүгдэгч О.Б- нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны шатанд хохирогч Ц.Д-ид 226.000 төгрөг, хохирогч Д.А-д 380.000 төгрөг, хохирогч Г.Н-д 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энх-Оюунд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Баатархүүд 130.000 төгрөг нийт 986.000 төгрөг төлж барагдуулсан болно.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, Б.Соёл-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч , хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                              ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР