Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00186

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр                        Дугаар 102/ШШ2021/00186                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр-2, Шаравын гудамж, 19 тоотод оршин байх “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК /РД:5578949/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, АОС1 байр, 12 тоотод оршин суух, Тайжууд овогт Баттулгын Саран /РД:шу90111241/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 хэсэг, “Фловерс таун”, 46ф байрны 7 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Алтансүх /РД:тб86040597/,

 

1,107,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндулам, хариуцагч С.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Саран нь “Маркю лаунж” /Marquee Lounge/ баарыг түрээслэн ажиллуулж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сараас эхлэн манай компаниас зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан. Тэрээр баарыг түрээсэлж байх хугацаандаа манай байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд 110,544 төгрөгийн үнэ бүхий 48 ширхэг “Kirin ichiban 0.33l”, 846,000 төгрөгийн үнэ бүхий 360 ширхэг “Kirin ichiban 0.33l”, 225,600 төгрөгийн үнэ бүхий 96 ширхэг “Tsingtao 0.33l” зэрэг шар айргийг зээлээр хүлээн авсан. Дээрх бараа бүтээгдэхүүнүүдийн нийт төлбөрийн үлдэгдэл нь одоо 1,107,528 төгрөг байгаа. Бид хариуцагч Б.Сарантай удаа дараа уулзаж, утсаар ярьж төлбөрөө цаг хугацаандаа төлөхийг хүссэн боловч төлнө гэж хэлээд төлөхгүй явсаар манай компанийг хохироосоор байна. Бид анх Б.Саранд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс өгсөн баримт хүсэлтүүдийг үндэслэж хамтран хариуцагчаар С.Алтансүхийг оролцуулсан. Ер нь бол хэрэгт байгаа баримтуудаас үзэхээр Б.Саран нь төлбөрийг хариуцах ёстой байгаа. Гэхдээ бид буруутай этгээдээс барааны төлбөрийг нэхэмжилж байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 1,107,528 төгрөгийг хоёр хариуцагчийн аль буруутай этгээдээс нь гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Саран өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн яриад байгаа бараануудыг би С.Алтансүхэд хүлээлгэж өгсөн бөгөөд уг барааны үнийг тэр хүн хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч С.Алтансүх шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлага болох мөнгийг төлөх асуудалтай холбоогүй. Учир нь энэ худалдан авалтад миний зүгээс ямар ч оролцоогүй ба үлдэгдэл барааг надад хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч барааг надад огт хүлээлгэн өгөөгүй. Иймд “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК нь дотоод зээлээр худалдах журмынхаа дагуу баримтад үндэслэн нэхэмжилж байгаа хохирлоо гарган авч, холбогдолгүй хэргээс намайг чөлөөлж өгнө үү. Б.Саран бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс “Marquee Lounge” баарыг ажиллуулахаар болсон. Баарны үйл ажиллагааг явуулахад Б.Саран хамтран хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан боловч хийгээгүй. Баарны дотоод үйл ажиллагааг Б.Саран хариуцдаг байсан. Тэрээр барааг хүлээж аваад өөрөө төлбөрөө төлнө гээд бичгийн хүсэлтээ өгсөн байгаа нь хэрэгт байгаа. Би бичгийн тайлбар өгсөн нь үнэн. Гэхдээ утгыг нь харвал “...би учрыг нь олж өгнө” гэж л бичсэн байгаа болохоос төлбөрийг хариуцна гэж бичээгүй байгаа. Нэхэмжлэгчээс авсан бараа, бүтээгдэхүүнийг Б.Саран захиран зарцуулсан тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК нь хариуцагч Б.Саранд холбогдуулж 1,107,528 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хамтран хариуцагчаар С.Алтансүхийг татан оролцуулсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар нь манай компаниас зээлээр бараа бүтээгдэхүүн авсан ба үлдэгдэл төлбөр нь 1,107,528 төгрөг болоод байгаа” гэжээ. 

 

Хариуцагч Б.Саран болон С.Алтансүх нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Б.Саран өөрийн татгалзлаа “...нэхэмжлээд байгаа бараа, бүтээгдэхүүнийг би С.Алтансүхэд хүлээлгэж өгсөн тул хариуцахгүй” гэсэн бол С.Алтансүх өөрийн татгалзлаа “...хүлээн авсан бараануудыг Б.Саран захиран зарцуулсан тул би хариуцахгүй” гэж тус тус тайлбарлажээ.   

 

Тодруулбал, хариуцагч Б.Саран болон С.Алтансүх нар нэхэмжлэгч компаниас тодорхой үнийн дүн бүхий барааг хүлээн авсан болон буцаан төлөх төлбөрийн хэмжээн дээр маргаагүй, харин төлбөрийг хэн хариуцах, буцаан төлөх тал дээр маргаантай гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг хүлээдэг ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-иас өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 05, 07-ны өдрүүдийн “борлуулалтын зарлага”-ын хуудаснууд, авлагын гүйлгээний хуудас, хариуцагч Б.Сарангийн “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д хандан бичиж өгсөн “...танай компаниас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан 1,107,528 төгрөгийн баримттай барааг Марко бааранд хүргүүлж авсан. Барааны төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор барагдуулж өгнө” гэсэн хүсэлт, хариуцагч С.Алтансүхийн “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д хандан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичиж өгсөн “...миний бие С.Алтансүх нь Марко центр үүссэн 1,100,000 худалдан авалт төлөх асуудлыг холбогдох 7 хоногт тодорхой болгох:” гэсэн хүсэлтүүдийг тус тус хавсарган өгчээ.

 

Зохигчийн тайлбарыг хэрэгт цугларсан дээрх баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч болон хариуцагч өөрийн шаардлага болоод татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Сарангийн “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д хандан бичиж өгсөн “...танай компаниас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан 1,107,528 төгрөгийн баримттай барааг Марко бааранд хүргүүлж авсан. Барааны төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор барагдуулж өгнө” гэсэн бичгийн хүсэлтийг үндэслэж хариуцагч Б.Сарангаас 1,107,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагыг С.Алтансүх хариуцах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сарангийн хүсэлтээр асуугдсан гэрч А.Билгүүний мэдүүлэг нь хариуцагч Б.Сарангийн “...барааг би аваагүй” гэх татгалзлыг нотлохгүй байгааг дурдах нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сарангаас 1,107,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Алтансүхэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сарангаас 31,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зебра интернэшнл дистрибьюшн” ХХК-д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ