Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00204

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр                        Дугаар 102/ШШ2021/00204                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 тоотод оршин байх “Рояал бьюти” ХХК /РД:5805694/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-157 тоотод оршин суух Боржигон овогт Уранбаярын Золзаяа /РД:чт88012768/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 23 гудамж, 924 тоотод оршин суух, Олхонууд овогт Жаргалсайханы Ариунтунгалаг /РД:ше79012709/,

 

16,843,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь “Рояал бьюти” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Тэрээр “Рояал бьюти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан байдаг. Ингээд Ж.Ариунтунгалаг “Рояал бьюти” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч У.Золзаяатай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Үйлчилгээний байр хөлслөх гэрээ” байгуулж, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо Чингүнжавын гудамж 62/1 тоот хаягт байрлах 180 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын төлбөр 7,000,000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулсан. Ж.Ариунтунгалаг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад төлбөрөө төлөхөө больсон тул 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн байрыг суллаж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Ариунтунгалаг нь нийтдээ 192 хоног түрээсийн байрыг эзэмшиж, ашигласан. Түүнчлэн Ж.Ариунтунгалаг нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах явцдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Рояал бьюти” ХХК-иас нийт 7,610,300 төгрөгийн үнийн дүн бүхий дараах эм тариаг авсан байдаг. Үүнд:

1/ Хүний эхэс-33 ширхэг, төлбөр 1,056,000 төгрөг /нэгжийн үнэ 32,000 төгрөг/;

2/ Курацин- 30 ширхэг, төлбөр 960,000 төгрөг /нэгжийн үнэ 32,000 төгрөг/;

3/ LG- 80 ширхэг, үнэ 4,800,000 төгрөг /нэгжийн үнэ 60,000 төгрөг/;

4/ Сармис тариа- 43 ширхэг, төлбөр 559,000 төгрөг /нэгжийн үнэ 13,000 төгрөг/;

5/ Vit C 2mg Хүний эхэс-17 ширхэг, төлбөр 15,300 төгрөг /нэгжийн үнэ 900 төгрөг/;

6/ Lipo lab- 10 ширхэг, төлбөр 220,000 төгрөг /нэгжийн үнэ 22,000 төгрөг/;

Ингээд хариуцагч Ж.Ариунтунгалаг нь түрээсийн үлдэгдэл төлбөрөө ч төлөхгүй, зээлээр авсан эм, тарианы мөнгөө ч төлөхгүй байсан учир нэхэмжлэгч  “Рояал бьюти” ХХК болон У.Золзаяа нар дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2019 оны 7 дугаар сарын үйлчилгээний байр хөлслөх гэрээ”-ний дагуу 9,233,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Золзаяад олгуулах;

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлчилгээний байр хөлслөх гэрээ”-г “Рояал бьюти” ХХК-ийн захирал У.Золзаяа болон Ж.Ариунтунгалаг нар байгуулсан. Гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжав гудамж, 62-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь У.Золзаяагийн өмчлөлийнх бөгөөд хариуцагч Ж.Ариунтунгалаг уг байрыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж ашигласан. Нийт ашигласан хугацаа нь 192 хоног бөгөөд нэг өдрийн түрээсийн төлбөр нь 233,333 төгрөг, нийт ашигласан, түрээсэлсэн хугацааны төлбөр нь 44,800,000 төгрөг болж байгаа. Үүнээс хариуцагч Ж.Ариунтунгалаг дансаар дамжуулж 30,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг төлсөн. Төлөх ёстой 44,800,000 төгрөгөөс төлсөн 32,500,000 төгрөгийг хасахаар 12,300,000 төгрөг болж байгаа. Гэхдээ бид анхнаасаа тооцооллоо буруу хийсэн учир анх нэхэмжилсэн 9,233,333 төгрөгийг л Ж.Ариунтунгалагаас нэхэмжилнэ. Хариуцагч хэдийгээр бэлнээр 5,000,000 төгрөг төлсөн гэж байгаа ч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Бид бол шударгаар түүний бэлэн төлсөн 2,500,000 төгрөгийг тооцооллоос хассан байгаа.     

2/ Эм, тарианы үнэ 7,610,300 төгрөгийг гаргуулж “Рояал бьюти” ХХК-д олгуулах;

Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт 7,610,300 төгрөгийн үнэ бүхий эм, тариаг “Рояал бьюти” ХХК-иас зээлээр худалдан авсан боловч төлбөрийг огт буцаан төлөөгүй. 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ж.Ариунтунгалаг нь уг барааны үнийг боломжтой болмогцоо буцаан төлнө гэж өөрөө гараараа бичээд өгсөн нь хэрэгт авагдсан байгаа. Гэвч амлалтаа биелүүлээгүй. Иймд эм, тарианы үнэ 7,610,300 төгрөгийг гаргуулж “Рояал бьюти” ХХК-д олгуулах хүсэлтэй. Эдгээр эм, тариаг хуулиар хориглосон, хориотой, хэрэглэж болохгүй муудсан байсан, хэрэглээгүй хаясан гэж хариуцагч тал хэлж байгаа ч энэ талаар ямар нэг баримт байхгүй. 

Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь “Рояал бьюти” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Тэрээр “Рояал бьюти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан байдаг. Тэрнээс биш хариуцагчийн хэлж байгаа шиг бүх зүйл дээр хамтран ажиллаад, ашиг, орлогоо хуваагаад явах тохиролцоо байгаагүй. Хариуцагч нь нийт 3,422,894 төгрөгийг түрээсийн байрны тог, засвар үйлчилгээнд зарцуулсан талаар баримт өгсөн байна. Гэхдээ угаасаа түрээсийн байрны засвар үйлчилгээ, төлбөрийг хариуцах ёстой байсан гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК болон У.Золзаяа нарын шаардлагыг хариуцагч бүхэлд зөвшөөрөхгүй. Эм, тарианы үнэ 7,610,300 төгрөгийн хувьд: Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт 7,610,300 төгрөгийн үнэ бүхий эм, тариаг “Рояал бьюти” ХХК-иас хүлээн авсан болон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Рояал бьюти” ХХК-д хандаж “...уг бараа материалын мөнгийг боломжтой, ажилтай болохоороо төлөх бодолтой байна” гэсэн бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ дарамтлуулсан учраас ийм бичиг хийж өгсөн. Угтаа бол нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хэрэгт байгаа. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг угаасаа эм, тариагаар хангах үүрэгтэй. Харин хариуцагч уг эм, тариаг нь хэрэглээд олсон ашгаа тэнцүү хувааж авах ёстой гэж хариуцагч анхнаасаа ойлгож байсан. Тэгээд ч худалдсан гэх эм, тарианы хугацаа дууссан, доголдолтой, ашиглах боломжгүй байсан учир мөнгийг төлөхгүй. Нэхэмжлэгчийн өгсөн нэхэмжлэлд дурдсан эм, тариануудын хугацаа нь дууссан байсан бөгөөд эдгээрийг хариуцагч нь устгалд оруулсан. Нэхэмжлэгчийг буцааж нэхнэ гэж бодоогүй учир хугацаа нь дууссан, сав баглаа, боодлыг нь өөрөө хадгалж аваагүй.

2019 оны 7 дугаар сарын үйлчилгээний байр хөлслөх гэрээ”-ний дагуу 9,233,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Золзаяад олгуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч У.Золзаяа болон хариуцагч Ж.Ариунтунгалаг нар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч У.Золзаяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050007 дугаарт бүртгэлтэй,  үйлчилгээний зориулалттай, 180 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг байх нөхцөлтэйгөөр “Үйлчилгээний байр хөлслөх гэрээ” байгуулсан. Хариуцагчийн зүгээс байранд анх орсон, гарсан цаг хугацаан дээр хариуцагч маргахгүй. Гэхдээ хариуцагч Ж.Ариунтунгалаг гэрээний хугацаанд дансаар 30,000,000 төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч бэлнээр 2,500,000 төгрөг төлсөн гэж худал хэлж байна. Хариуцагч уг нь түрээсийн байранд орсноос хойш боломжийн байдлаараа төлбөрөө төлж байсан. Жишээ нь 2020 оны 02 дугаар сард гэхэд л 3,950,000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл гэрээний хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж , цагаан сарын үеэр хөл хорио тогтоосон. Мөн 3 дугаар сард Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамжаар бүх төрлийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Ийм байдлаар гэрээ үргэлжлэх хугацаанд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл гарч,  гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй байдал бий болсон тул дээрх мөнгө төлөхөөс татгалзаж байна. Тэгээд ч нэхэмжлэгч нь хариуцагчийн уг байдлыг харгалзаж үзэлгүй 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр гэрээг дуусгаж, хариуцагчийг түрээсийн байрнаас хөөж гаргасан, цоож цуургыг шууд сольсон. Нэгэнт дууссан гэрээний үүргийг хариуцагч төлөх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээнд тусгай шаардлага тавигддаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д үл хөдлөх эд хөрөнгийг улсын  бүртгэлд бүртгүүлэх ёстой. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. Ийм учраас хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцахгүй. Мөн түрээсийн гэрээнд тусгаарлан заагаагүй харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт үйлчилнэ. Түрээсийн гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар тусгайлан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч 3 сарын өмнө гэрээ цуцлах мэдэгдлээ өгөөгүй байгаа. Гэрээний хугацаанд хариуцагч нь нийт 3,422,894 төгрөгийг түрээсийн байрны тог, засвар үйлчилгээнд зарцуулсан гэжээ. 

   

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Рояал бьюти” ХХК болон Ж.Ариунтунгалаг нарын хооронд байгуулагдсан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 байрны 1 давхарт байрлах байршилд эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах агуулга бүхий “Хамтран ажиллах гэрээ” авагджээ.

 

Дээрх хамтран ажиллах гэрээний үүргийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Үйлчилгээний байр хөлслөх гэрээ”-г “Рояал бьюти” ХХК болон Ж.Ариунтунгалаг нар байгуулжээ. Уг гэрээгээр  “Рояал бьюти” ХХК нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжав гудамж, 62-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар, сарын  7,000,000 төгрөгөөр Ж.Ариунтунгалагт хөлслүүлэхээр тохирсон байна.

 

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК болон У.Золзаяа нар хариуцагч Ж.Ариунтунгалагт холбогдуулж 7,610,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК-д олгуулах, 9,233,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Золзаяад олгуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.

 

1/ 7,610,300 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Ж.Ариунтунгалаг нь нийт 7,610,300 төгрөгийн үнэ бүхий эм, тариаг ‘Рояал бьюти’ ХХК-иас зээлээр худалдан авсан боловч төлбөрийг буцаан төлөөгүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагын эс зөвшөөрсөн үндэслэлээ “...хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь эм, тариагаар хангах, уг эм, тариаг нь хэрэглээд олсон ашгаа тэнцүү хувааж авах ёстой байсан. Тэгээд ч худалдсан гэх эм, тарианы хугацаа дууссан, доголдолтой, ашиглах боломжгүй байсан учир мөнгийг төлөхгүй” гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч Ж.Ариунтунгалаг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт 7,610,300 төгрөгийн үнэ бүхий эм, тариаг “Рояал бьюти” ХХК-иас хүлээн авсан болон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Рояал бьюти” ХХК-д хандаж “...уг бараа материалын мөнгийг боломжтой, ажилтай болохоороо төлөх бодолтой байна” гэсэн бичгийг хийж өгсөн үйл баримтын талаар маргаагүй /хх 17 хуудас/.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Ариунтунгалаг болон “Рояал бьюти” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн “...доголдолтой бүтээгдэхүүн өгсөн”, “...хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь эм, тариагаар хангах, уг эм, тариаг нь хэрэглээд олсон ашгаа тэнцүү хувааж авах ёстой байсан” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Иймд хариуцагч Ж.Ариунтунгалагаас 7,610,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ. 

 

2/ 9,233,333 төгрөгийн шаардлага:

 

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч У.Золзаяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050007 дугаарт бүртгэлтэй,  үйлчилгээний зориулалттай, 180 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг байх нөхцөлтэйгөөр “Үйлчилгээний байр хөлслөх гэрээ” байгуулжээ. 

 

“...Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 192 хоног эзэмшсэн. Тэрээр нийт 44,800,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстойгоос дансаар 30,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг төлсөн. Бодитоор төлөх ёстой төлбөр нь 12,300,000 төгрөг боловч нэхэмжлэгч зөвхөн 9,223,333 төгрөгийг л нэхэмжилж байгаа” гэж нэхэмжлэгч У.Золзаяа нь дээрх шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ж.Ариунтунгалаг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлган ашиглаж байсан болон гэрээг нэхэмжлэгч У.Золзаяатай байгуулсан талаар маргаангүй байна.

 

Харин хариуцагч татгалзлаа “...гэрээ үргэлжлэх хугацаанд бэлнээр 5,000,000 төгрөг, дансаар 30,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн, тэгээд ч гэрээний хугацаанд цар тахалтай холбоотой хөл хорио тогтоож, давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол гарсан учир үлдэх төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарласан.

 

Талуудын харилцаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх түрээсийн гэрээ байжээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан гэрээг эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

 Талууд хуульд заасан шаардлага хангаж, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ байх тул талуудын хоорондын маргаантай асуудалд гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт үйлчлэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Хэдийгээр үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн эзэмшилд байсан талаар зохигчид маргаангүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашиглан өөрийн хөрөнгөө хэмнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг  9,223,333  төгрөгийн түрээсийн төлбөрөө хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Ингэхдээ хариуцагч Ж.Ариунтунгалагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн болон цахилгааны төлбөрт төлсөн нийт 3,422,894 төгрөгийг хасаж, үлдэх 5,810,439 төгрөгийг гаргуулна.

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний агуулга болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн “...хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь эм, тариа, орон байраар хангаж ажиллах үүрэгтэй. Ийнхүү ажиллаад олсон ашгаа тэнцүү хувааж авах ёстой байсан” гэсэн тайлбар үндэслэл муутай байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Ариунтунгалагаас 5,810,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Золзаяад, 7,610,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,422,894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ариунтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 107,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Золзаяад, 136,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Рояал бьюти” ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ