Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/375

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү, улсын яллагч А.Намдаг, хохирогч Х.А, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000099 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ныөдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Б.Б, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт **, урьд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 364 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасны дагуу 24 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн зүйл” караокед иргэн Х.А-тай “муухай үнэртэй байна” гэж хэллээ хэмээн маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн зүйл” караокед иргэн Х.А-г “муухай үнэртэй байна” гэж хэллээ хэмээн уурлан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж,биед нь“тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, эрүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “тухайн өдөр Есөн зүйл караокед ажлын газрын хэдэн хүнтэй шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Ширээний хажууд бүжиглэж байхад хохирогч муухай үнэр үнэртэж байна гэж хэлсэн. Би махны үйлдвэрт ажилладаг болохоор муухай үнэртэж байж магадгүй. Би хийсэн хэрэгтээ хохирогчоос уучлал гуйж байна, тэр үед түргэдсэн байна” гэж,

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шагнуулсан тул ажлын газрын хүмүүстэйгээ оройн 21 цагийн үед Есөн зүйл караокед пиво уугаад сууж байсан. Нэг залуу гурваас дөрвөн залуутай орж ирж байгаа харагдсан. Бид нар пиво уугаад бүжиглэж байхад шүүгдэгч намайг цохиод авсан. Яагаад намайг цохисон талаар мэдээгүй. Би шүүгдэгчид юу ч хэлээгүй. Энэ хүн их согтолттой байсан” гэж тус тус мэдүүлцгээв.

Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал,хохирогч Х.А-ийн “...намайг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн зүйл” нэртэй караокед бүжиглэж байхад саарал саравчтай малгай өмссөн өндөр туранхайдуу залуу цохиж гэмтэл учруулсан. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн. Ямар шалтгааны улмаас миний биед халдсан болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

-Гэрч О.М-ийн“...бүжиглэж байтал караокены заалны голд, манай ажлын эгч Х.А-ийн нүүр, уруул хэсэгт нэг үл таних эрэгтэй гараараа нэг удаа цохисон. Тэгээд Х.А эгч газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 914 дугаартай: “Х.А-ийн биед тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

-Гэрч М.Ц-ийн “...би ариун цэврийн өрөө орчхоод иртэл манай хамтран амьдрагч Б.Б хүн цохичихсон байсан. Ингээд тэр эмэгтэйг бид нар түргэн дуудаж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.     

 

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 914 дугаартайдүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.А-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисон үйлдэл болон хохирогч Х.А-гийн биед учирсан тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, эрүүнд цус хуралтбүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэцийн гэм хорыг тогтоолгох хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн ба эмчилгээний зардалд баримттайгаар 320,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хохирогчид үүссэн өвчин зовуурь, ажлаа хийж чадахгүй байсан шаналал, нөгөө талаас шүүгдэгчийн гэм буруу, төлбөрийн чадвар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан хохирогч Х.Алтантуяагийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,750,000төгрөгөөр тогтоолоо.Мөн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 230,270 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ба энэ хугацаанд тэрээр нийт 2,972,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч нар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 67-73 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 55дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), Голомт банкны депозит дансны хуулга (хавтаст хэрийн 47-49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлэв.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

      Шүүгдэгч Б.Б-ийн цалин, орлогын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж тавансарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

           2.3.      Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөртөгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА