Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 87

 


2017.3.29

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0103/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шинжээч эмч Э.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000654 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *** овогт *** *** *** регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байх 7 дугаар ***шатан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн ***, ***нарыг “намайг мөрлөлөө’’ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан шатны уруу түлхэж унаган хохирогч ***ын бие махбодид “баруун шууны битүү хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Намайг гэртээ найз ***, *** нарын хамт шатар тоглоод сууж байхад шөнө 00 цаг 20 минутын орчим орцонд олон хүний дуу чимээ гарсан. Би гэрийнхээ хаалганы хажууд очиж хэсэг чимээ чагнаад зогсоход гадаа тоолуурын шийтний төмөр хаалт дугарсан. Би тоолуур эвдчих байх гэж бодоод гэрийн хаалга онгойлгоод харахад 2, 3 давхрын шатны тавцан дээр нэг намхан нуруутай эрэгтэй хүн явж байсан. Би шатны дээшээ гэрийн хаалганаас тал биеэ гаргаад харахад эрэгтэй, эмэгтэй хоёртой тулсан. Тухайн эмэгтэй нь чи юу гээд хэрэгт дурлаад байгаа юм гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд эмэгтэй нь шат уруудаад буусан. Тэгэхэд эрэгтэй нь хаалга мөрлөөд гэрийн хаалгатай намайг хавчиж хөдөлгөөнгүй болгочоод /*** гэдэг нэртэйг нь сүүлд мэдсэн/ баруун гараараа хоолой руу түлхэх гэж оролдохоор нь гарыг нь барьж аваад тавиулсан. Тэгэхэд *** нь зүүн гараараа хүзүү уургалаад авахаар нь толгойгоо ***ын тохойны ар луу түлхэхэд *** шатны уруу унасан. *** нь урдаа явсан эмэгтэйг түлхээд шатны уруу давхралдаад унасан. Шатны доор байсан жижиг биетэй залуу эмэгтэй өргөөд босгож байсан. Би хаалгаа хаагаад гэр лүүгээ орсон. Би гэртээ ороод удаагүй байхад хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоогүй. Манай гэрийн хаалгыг нэлээд удаан цохисон. Би гэрийн дотор талд чагнаад байж байхад нөгөө гурван хүн явъя гээд хоорондоо яриад яваад өгсөн. Тэгээд 10 орчим минутын дараа нэг хүн ирээд гэрийн хаалга цохихоор нь онгойлгоход *** би танай орцонд зодуулчихлаа гэж хэлсэн. Би та нар хаалга нүдээд байх юм. Чамайг зодсон зүйл байхгүй гэж хэлээд яв яв гэж хэлээд хаалгаа хаасан. Намайг *** эхлээд нүүр лүү цохисон болохоор би уурандаа ***ыг түлхээд хамт унасан.    
...Би хохирогч ***д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний бэлэн 70.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дансаар 1.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дансаар 250.000 төгрөг өгсөн. Би хохирогч ***ын эмчилгээний зардалд нийт 1.330.000 төгрөгийг бүрэн төлж хохиролгүй болгосон. Надад буруутай үйлдэл байсан, хаалгаа хаах байсан юм. Гарсандаа харамсаж байгаа. Таньдаг хүн байна гэж зогсож байгаад цохиулаад санаандгүй тохиолдлын юм болсон. Би зүүн гартай байсан учир шатны уруу унасан. Миний үйлдлээс болоод гэмтсэнд харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 45, 97/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “....Тухайн үед нөхрийн найз *** бид хоёроос жоохон түрүүлээд явж байсан. Би нөхрийнхөө зүүн гар талаас баруун гараараа сугадаад 5 давхараас буугаад 3 давхарт явж байхад нэг залуу гэрийнхээ хаалгыг хагас онгойлгосон ганцаараа утсаар яриад байсан юм уу, хүнтэй яриад байсан юм уу, мэдэхгүй пизда энэ тэр гээд хараалын үг хэлээд зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь гараад хоёр давхарлуу нэг хоёр шатаар алхаж байхад араас түлхээд унагаасан. Би нөхрийн хамт доошоо хараад шатны уруу хүчтэй гулгаад унасан. Би 2,3 давхарын гол тавцангийн ханыг толгойгоороо мөргөсөн. Бид хоёр танихгүй хүнтэй юу гэж маргалдах вэ дээ, ерөөсөө тэр залуутай маргалдсан зүйл болоогүй. Бид хоёр хажуугаар нь гараад явахад үгийн зөрүүгүй араас түлхээд шатны УРУУ унагаасан ...Би харвал танина. Тухайн орой хаалгаа хагас онгойлгоод бид 2-г дээрээс бууж ирэхэд өөдөөс хараад зогсож байсан. тэр залуу өндөр биерхүү шар царайтай нэлээд согтуу залуу байсан. тухайн залуу нь 2016.11,28-ны өдөр Шарын голын цагдаагийн тасагт байцаагч дуудаад байхаар нь өрөөнд нь очиход зогсож байсан *** гэдэг залуу мөн байсан. ...Би ***аас эмчилгээний зардалд 1.330.000 төгрөгийг бүрэн авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 92-93/,

Хохирогч Ц.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн орц харанхуй байсан. Бид хоёр тэр хүний хажуугаар чихцэлдээд шүргээд гарахад нөгөө залуу “өө пизда нар” гэж хэлээд араас түлхсэн. Би эхнэрийн хамт шатны уруу доошоо хараад унасан. Манай найз *** намайг дээшээ өргөж босгоод дараа нь эхнэрийг өргөж босгоод духнаас гарсан цусыг зогсоох гээд дарж байсан. Би хагас онгорхой байсан хаалгыг очоод цохиод байхад ерөөсөө хаалга тайлж өгөөгүй. Би нилээд чанга нүдсэн чинь өндөр шар залуу хаалга бага зэрэг онгойлгоод харахаар нь чи яагаад бид хоёрыг шатны уруу түлхэж байгаа юм гэхэд юу яриад байгаа юм гэж хэлсэн. Би цаана хүн дуугарах шиг болохоор нь цаана чинь хүмүүс байна гэрт чинь ороод үзье гэхэд би юу гэж гэртээ оруулж байдаг юм гэж хэлээд хаалга хаасан. Тухайн залуу нилээд согтуу байсан. Тэгээд эхнэр доороос миний толгойноос цус гараад байна эмнэлэг, цагдаа дууд гэж хэлэхээр нь явж очоод эхнэрийн духыг бээлийгээр нь дараад найзын хамт гэр лүүгээ явсан. Би гэрээсээ түргэн, цагдаад дуудлага өгөхөд хоёр эргүүлийн цагдаа ирээд юу болсон талаар тодруулаад тухайн хэрэг гарсан газрыг заалгуулаад явсан. Удаагүй эмнэлгийн машин ирээд бид гурвыг эмнэлэг рүү авч яваад эхнэрийн духанд 6 оёдол тавьсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 94-95-р хуудас/

Шинжээч эмч Э.Отгончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “***ыг үзэхэд зөрүүгүй хугарал гэдэг нь илт байсан. Хохирогчид учирсан гэмтэл нь цууралт биш, хугарал байсан. Рентген зургийг би хараад зөрүүгүй хугарал гэж дүгнээд хүндэвтэр гэмтэл тогтоосон. Зөрүүгүй далд хугарлыг гэмтлийн эмч нар цууралт гэж бичсэн байдаг. Бид рентген зургийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, шууны ясны хугарамтгай хэсгийн далд хугарал учирсан байна. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 4-6 хоног алдагдуулдаг учир шүүх эмнэлгийн журамд зааснаар 4 долоо хоногоос дээш эрүүл мэндийг сарниулсан гэмтлийг хүндэвтэр зэргийн гэмтэл гэж үзнэ гэж заасныг баримтлан тогтоосон юм. ...Энэ гэмтэл нь цууралт байлаа гэж бодоход зөрүүгүй хугарал гэж үздэг. Иймд би энэ гэмтлийг хугарал байсан гэж үзэж байна. Цууралтыг зөрүүгүй хугарал гэж ойлгож болно. Ийм гэмтэл учирсан тохиолдолд 4-6 долоо хоног гипстэй байх ёстой” гэх мэдүүлэг 

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Бид 3 *** ахын гэрээс гараад дэлгүүрээс нэг шил архи аваад найз ***ын гэрт орж шатар тоглонгоо нэг шил архи уугаад сууж байхад орцонд хүмүүсийн хөлийн чимээ гарах шиг болсон. Тэгэхэд *** босоод хаалга онгойлгоход цаана нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дуу гарах шиг болсон. Би найз ***ын хамт цаана гал тогооны өрөөнд шатар тоглоод сууж байсан болохоор ямар хүмүүс байсан талаар ерөөсөө хараагүй. Хүмүүсийн дуу гарах чимээ сонсогдоод байсан. Тэгээд удаагүй найз *** хаалга чанга хаагаад гэртээ ороод ирсэн. Тэгэхэд хажуу талаас найз *** ***аас “хэн юм” гэхэд *** согтуу хүмүүс шатаар бууж явна гэж хэлсэн. *** гал тогооны өрөөнд орж ирээд удаагүй байхад гэрийн хаалга гаднаас нь хүн цохиод байсан. Тэгэхэд *** согтуу хүмүүс байгаа онгойлгоод яах юм гэж хэлээд хаалга ерөөсөө тайлж өгөөгүй. Бид гурав хүмүүстэй архи хувааж уусан болохоор согтолт гайгүй байсан. Харин сүүлийн архиа гурвуулаа хувааж уусан. Тухайн үед хүнтэй маргалдсан талаар ерөөсөө мэдээгүй. Харин өнөөдөр Цагдаагийн газар дээр найз ***ын хамт ирэхэд *** өөрөө хохирогч хүүхнийг шатны уруу түлхэж унагааж гэмтээсэн талаараа бид хоёрт ярьж хохирогчтой тохиролцоно гэж хэлсэн. Бид хоёр түүнийг нь сонсоод гайхсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхэд орцонд хүмүүсийн хөлийн чимээ гарсан. Тэр үед *** босоод хаалга онгойлгох чимээ сонсогдсон. удаагүй гэрийн хаалга хаагаад гал тогооны өрөөнд бид хоёр дээр *** хүрээд ирсэн. Би найз ***аас “хэн юм” гэж асуухад согтуу хүмүүс шатаар бууж явна гэж хэлсэн. Бид гурав согтолт багатай байсан. *** гэрийн хаалга хаагаад гал тогооны өрөөнд орж ирсний дараа удаагүй үүд хүн цохисон. Би ***т согтуу хүмүүс байгаа юм бол наад хүмүүстэйгээ юу ярьдаг юм гэж хэлсэн. Тэгээд хаалга тайлаагүй. Тухайн үед хүнтэй маргалдсан талаар ерөөсөө мэдээгүй. ...Харин өнөөдөр Цагдаагийн газар дээр найз ***гийн хамт ирэхэд *** 2 давхраас сууж ирээд хохирогч хүүхэнтэй тохиролцсон талаар хэлж байсныг сонссон. ***ыг тэгж хэлэхэд нь хохирогч хүүхнийг шатны уруу түлхэж унгаасан нь үнэн юм байна гэж бодсон...” /хх-ийн 29/,

Гэрч Н.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би түрүүлээд ганцаараа шатаар утсаа хараад бууж байхад миний араас хүн унах чимээ гарсан. Би эргээд харахад *** эхнэрийн хамт унаад ирсэн. Би яасан юм бэ гээд ***ыг гараас нь татаад босгоход хамраас нь цус гарсан байсан. Би цаашаа очоод эхнэрийг нь бас татаад босгосон. Тэгэхэд *** 3 давхрын модон бор хаалганаас хүн гарч ирээд түлхээд унагаачихлаа гэж хэлсэн. Би гурван давхарт гараад хаалгыг нь гараараа цохиод байхад ерөөсөө хаалгаа онгойлгож өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Д***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.11.19-өөс 2016.11.20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь цагдаагийн тасгийн саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. тухайн өдрийн 00 цаг 20 минутын орчим саатуулах байрны дуудлага хүлээн авдаг цагдаа дэд ахлагч *** өрөөнд суух байхад орж ирээд *** гэдэг хүнээс манай хоёр найзыг шат руу хүн түлхээд унагаасан гэж дуудлага өгсөн. Тэгээд бид 2 хамт явганаар уг тоотод очиход ***, *** нөхөр гэх *** нар гурвуулаа байсан. Би юу болсон талаар лавлаж асуухад *** нь бид 3 Хайрхан багийн ***дугаар байрны таван давхрын айлаас гараад шатны уруу буугаад гурван давхарт явж байхад манай хоёр найзыг эрэгтэй, биерхүү, 40 гаруй насны хүн 36 тоотоос гарч ирээд шатны уруу түлхэж унагаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

Гэрч Х.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэрт *** нар удаагүй 21 цагийн орчим гэрээс гараад явцгаасан. Би тэмцээн болсноос 2-3 хоногийн дараа *** надад танай гэрээс гараад ***ын гэрт очсон. Тэгээд *** бид 2 шатар тоглоод ***ын гэрийн гал тогооны өрөөнд сууж байхад *** гэрийнхээ үүдэнд хүнтэй маргалдаад хүний гар гэмтээсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхэд *** гэдэг хүүхэн хоёр залуугийн хамт байсан. Би тэр гурвыг машинд суулгаад Шарын гол сумын Эрүүл мэндийн төв рүү аваад явсан. Надад шатны уруу хүн түлхэж унагаасан гэж хэлж байсан. Тухайн хүний духанд 6 оёдол тавиад, биед нь үзлэг хийхэд баруун гарын бугуй орчмоор овойж хавдсан байсан тул сойж боож өгсөн. Тэр гурван хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ их согтуу байгаагүй өөрсдийн биеийг аваад явах бүрэн чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1256 дугаартай “***ын баруун шууны битүү хугарал, хамар ясны хугарал, духны шарх, тархи доргилт нүүрний зөөлөн эдийн няцрал, хацар, оочны хонхорт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35,

Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн “Дуудлагын журнал” гэсэн бүртгэл /хх-ийн 75-77/,
      
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй /хх-ийн 79/ гэх болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** дугаар ***шатан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн ***, ***нарыг “намайг мөрлөлөө’’ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан шатны уруу түлхэж унаган хохирогч ***ын бие махбодид  хүндэвтэр гэмтэл учруулан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч Б.***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***, ***нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26, 30, 92-93, 94-95/, гэрч Б.***, Б.***, Н.***, Д***, Х.***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хх-ийн 28-29, 31, 80-82 дугаар хуудсуудад тус тус авагдсанаар,  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1256 дугаартай дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Хохирогч *** “...Би ***аас эмчилгээний зардалд 1.330.000 төгрөгийг бүрэн авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, хохирогч ***“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүдийг тус тус  өгсөн байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***ын хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг догшин авирлаж танхайран бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 3 жил 20 хоног /гурван жил хорь хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 3 жил 20 хоног /гурван жил хорь хоног/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***т оногдуулсан 3 жил 20 хоног /гурван жил хорь хоног/-ийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***т хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн этгээд *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тэнсэгдсэн этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА