Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2022/0022

 


 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” НҮТББ,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Гуравдагч этгээд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1, 2.2, 2.3, 6.1-д заасныг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, иргэдийн төлөөлөгч П.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”, 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заажээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд дээрх захиргааны хэм хэмжээний актыг батлахдаа:

Уг журмаар зохицуулах харилцаа зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд тодорхойлж, ашигт малтмалын хайгуул хий, ашиглахад хөндөгдөх бусад харилцаа, объектын талаар заасан бусад хууль тогтоомжийн заалтыг судалж нийцүүлээгүй, журамд тусгаагүйгээс тодорхой хуулийн заалт хэрэгжихгүй зөрчигдсөн, 1.5.Журмын 2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг бэлтгэх зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүй байна.

Нэг.Бусад хуульд нийцүүлээгүйгээс тодорхой хуулийн заалт хэрэгжихгүй зөрчигдөж байгаа тухайд:

Уг журам нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналын үндэслэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Усны тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох харилцааг нарийвчлан зохицуулахдаа тухайн хайгуулын болон ашиглалтын талбайн солбицлын бүсэд хамаарах усны сав газрын захиргааны саналыг хэрхэн авах, авсан саналд үндэслэж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх талаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд тодорхой зааж журамлах ёстой байсан.

Журмын зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийг олгохын өмнө хайгуулын болон ашиглалтын талбайн солбицлыг тодорхойлж зарлах, зарласан талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох гэсэн процессоор явагдахаар байна.

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан санал авах ажиллагаа нь хайгуулын талбай бэлтгэх үе шат буюу журмын 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, 2.3, ашиглалтын талбайн солбицлыг тодорхойлж зарлах үе шат буюу 6 дугаар хэсгийн 6.1-д заасан зохицуулалтын хүрээнд хийгдэхээр байна.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” заалтыг зөрчиж, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д нийцүүлэлгүй Сав газрын захиргаанаас санал авах зохицуулалтыг огт тусгаагүй журмыг баталсан байна.

Мөн Захиргааны хэм хэмжээний актыг Усны тухай хуульд нийцүүлэлгүй гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.4-д заасан захиргааны үйл ажиллагаанд тавигдах “үр нөлөөтэй байх” зарчмыг зөрчсөн.

Бодит байдал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮББХХ хамтран 2016 онд анх удаа Монгол Улсын ус ашиглалтын хэмжээг нарийвчлан тооцож “Ус ашиглалтын үр ашгийг тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах аргачлал боловсруулах ажлын тайлан” гаргасан бөгөөд уг тайланд дурдсанаар 2016 оны үйлдвэрийн зориулалтаар ашигласан усны 46.7 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас говийн бүсийн уул уурхайн ус ашиглалт 22.2 хувийг эзэлж байсан байна.

Гэтэл Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан энэхүү зохицуулалтын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сав газрын 29 захиргаанаас санал авдаггүй байна.

Усны тухай хуулийн уг заалт нь уул уурхайн үйл ажиллагааны усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг багасгах, ашиглах усны хэмжээг зохистойгоор төлөвлөх, нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад чиглэсэн чухал зохицуулалт боловч энэ заалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэхгүй байгаа нь Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан “улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зөрчигдөх, бодит байдал дээр ус ихээр бохирдож, усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг зөрчих, усны нөөц шавхагдах, гол мөрөн ширгэх, бохирдох нэг шалтгаан болж байгаа бөгөөд үүний улмаас экологийн тэнцвэрт байдал алдагдах, улмаар иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Сав газрын захиргаадаас санал авч, саналыг үндэслэн шийдвэрлэдэг болбол Монгол Улсын стратегийн үнэт баялаг болох усны нөөц нь хомсдол, бохирдлын эрсдэлээс хамгаалагдах, усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах хуулийн зарчим хэрэгжих, нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь хэрэгжих, байгаль орчны болзошгүй эвдрэл сүйдлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийн хэрэг буурах эерэг үр дагаврыг бий болгоно.

Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлээгүй тухайд

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрөл санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтаар хайгуулын талбайн солбицлыг холбогдох төрийн байгууллагын саналын үндэслэн Засгийн газар баталж, эцэслэн шийдвэрлэхээр заасан байхад дээрх журмын 2.1, 2.2, 2.3-д Засгийн газар хайгуулын талбайг баталсны дараа геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж сонгон шалгаруулалтын талбайг ялгах, давхцалыг шалгах, Үндэсний геологийн алба нь сонгон шалгаруулалтын талбайн геологийн суурь судалгааны ерөнхий мэдээлэл, улсын төсвийн хөрөнгөөр судлагдсан ордын нөөц, баялаг, эрдсийн хуримтлал зэргийг нягтлаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж, улмаар тус яам нь хайгуулын зарлах талбайг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулжээ.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал санааг гуйвуулж журамлахдаа мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг тус тус зөрчсөн байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1, 2.2, 2.3, 6.1-д заасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд 2022-05-05-ны өдрийн 5821 дугаарт бүртгэгдсэн маргаан бүхий уг журмыг бүхэлд нь уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу арга аргачлалын дагуу боловсруулж, хуульд нийцүүлэн батлуулан бүртгүүлсэн билээ.

Уг журмаар Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ Холбоотой харилцааг зохицуулдаг билээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24.-т "Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ" гэж заасан бодлогыг баримтлан Ашигт малтмалын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид тус тус нийцүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар баталсан.

Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий журмын заалт болох "2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Засгийн газрын баталсан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3, 17.6-д заасан шаардлагад нийцүүлж, сонгон шалгаруулалтын талбайг ялгах болон давхцалыг шалгаж Үндэсний геологийн албанд хүргүүлнэ." гэж, "2.2.Үндэсний геологийн алба нь энэ журмын 2.1-д заасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах талбайн геологийн суурь судалгааны ажлын ерөнхий мэдээллийг боловсруулж, Улсын төсвийн хөрөнгөөр судлагдсан ордын нөөц, баялаг, эрдсийн хуримтлал тогтоогдсон эсэхийг нягтлаад уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ.” гэж, мөн журмын "2.3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу бэлтгэсэн бүх талбайг хянаж, зарлах талбайг эцэслэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ." гэж тус тус заасан. Уг журмын заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан "Талбайн солбицол бүхий талбай"-аас сонгон шалгаруулалтаар олгох талбайг ялган бэлтгэж, зарлахаар зохицуулсан журмын заалтууд гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13-д заасан геологи, эрдэс баялгийн бодлого, геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт, олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого, эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал зэрэг хуулиар тодорхойлсон асуудлыг эрхлэн явуулдаг билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д "энэ хуулийн 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах" гэж тус тус заасан билээ.

Дээрх журмаар ашигт малтмалын олгох СОНГОН тусгай зөвшөөрөл шалгаруулалтын үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил заагийг тогтоодоггүйг сайтар анхаарах нь зүйтэй байна.

Харин Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д заасны дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлыг тогтоохдоо БОАЖЯ-ны Кадастрын нэгжээс усны сан бүхий газар, газар доорх гүний усны нөөц зэргээс шүүж, хасалт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлж, Засгийн газрын тогтоолын төсөлд БОАЖЯ-аас холбогдох саналын авч хуулиар хориглосон, хязгаарласан талбайн солбицлыг хасч Монгол Улсын Засгийн газарт хүргүүлдэг буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухай бүрд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд саналыг авч тусган, талбайг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газраас хэлэлцүүлсний дараа эрх олгож баталж, сонгон шалгаруулалтын талбайг бэлтгэдэг.

Иймд Усны тухай хуулийн 17.2-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сав газрын захиргааны саналыг үндэслэн гэсэн хуулийн заалт буюу усны нэгдсэн мэдээллийн сангаас холбогдох шүүлт хийж ирүүлсэн Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн талбайг тодорхойлж, бэлтгэж буй учир уг хуулийн хэрэгжилт хангагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/67 тоот тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сонгон олгох журам"-ыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.", "Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” зэрэг хуулийн шаардлагыг хангаж хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналыг авч тусган, боловсруулж батлуулж байсныг дурдах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан УИХ-аас 2012 онд баталсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн “17.2-д заасан заалтад нийцүүлэлгүй уг журмыг баталсан” гэжээ. Усны тухай хуулиар усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасны дагуу “усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал, байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал, байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого” зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардгийг анхаарах хэрэгтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу “энэ хуулийн 9.1.1-д заасан төлөвлөгөөг батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бус нутгийн зохицуулалтаар хангах", 10.1.2 т "Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах" гэж тус тус заасан байдаг.

Улсын Их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5-д заасан Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал буюу "Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн" гэж, 3.5.1-д усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь Үндэсний аюулгүй байдлын асуудал тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн нууцад хамаардаг.

Ийнхүү усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас усны ордын талаарх мэдээлэл, газрын доорх гүний усны нөөц зэрэг устай холбоотой нэгдсэн мэдээлэл зэргийг нууцад хамааруулж, зөвхөн манай яаманд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг өөрийн мэдээллийн сангаас хориглосон, хязгаарласан талбайгаас хасалт хийж, өөрчлөлт оруулсан солбицлыг ирүүлдгийг дурдах нь зүйтэй байх.

Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах сонгон шалгаруулалтын талбайг ялгах, тодорхойлохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авч, хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай тохиолдолд холбогдох хасалтыг хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн сонгон шалгаруулалт зарлах талбайн солбицлыг батлуулдаг байх тул "Хил хязгааргүй алхам" ТББ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/67 тоот тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох СОНГОН шалгаруулалтын журам"-ын 2.1, 2.2, 2.3, 6.1-д заасан заалтыг хүчингүй болгох тухай захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд нь хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1, 2.2, 2.3, 6.1-д заасныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл нэхэмжлэгчид Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасныг уг журамд оруулахыг хүсч байна.

Хуулийн зохицуулалтыг аливаа журамд ишлэж оруулсан эсэхээс үл хамааран иргэд, хуулийн этгээд, төрийн байгууллагууд мөрдөх үүрэгтэй.

Усны тухай хуульд нэгэнт ийм заалт байгаа учраас Уул уурхай,хүнд үйлдвэрийн яам дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулж сав газрын захиргааны саналыг хэрхэн авах зохицуулалтыг тусгах нь зүйтэй.

Харин дээрх журмын 2.1-2.3, 6.1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлага нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Анх нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1, 2.2, 2.3, 6.1-д заасныг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

3.Нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас “Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан санал авах ажиллагаа нь хайгуулын талбай бэлтгэх үе шат буюу журмын 2.1, 2.2, 2.3, ашиглалтын талбайн солбицлыг тодорхойлж зарлах үе шат буюу 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зохицуулалтын хүрээнд хийгдэхээр байна. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь  Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн заалтад нийцүүлэлгүй, Сав газрын захиргаанаас санал авах зохицуулалтыг огт тусгаагүй журмыг баталсан. Мөн уг журам нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг  зөрчсөн. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох харилцааг нарийвчлан зохицуулахдаа тухайн хайгуулын болон ашиглалтын талбайн солбицлын бүсчлэлд хамаарах усны сав газрын захиргааны саналыг хэрхэн авах, авсан санал дээрээ үндэслэж тусгай зөвшөөрлийг олгох эсэхээ шийдвэрлэх талаар журамд тодорхой заах ёстой” гэж маргажээ.

4.Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас “Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгон сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг, Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан талбайн хэмжээнд тус сонгон шалгаруулалтын журмаар талбайг олгон явж байгаа. Тус журмыг хуульд заасны дагуу Засгийн газарт танилцуулан эрх авч, батлуулсан. Тусгай хэрэгцээнд авсан талбайнуудаа давхардуулан олгохгүй гэдэг үүднээс үүнийг нарийвчлан хянах ажлуудыг хийсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор батлагдсан талбайн хэмжээнд олгохоор байгаа. Журам нь зөвхөн процессыг журамлаж байгаа учраас усны сав газрын захиргааны саналыг авах асуудлыг журамд тусгах гэдэг асуудлыг манайх хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байгаа” гэсэн тайлбар өгчээ.

5.Гуравдагч этгээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Усны тухай хууль бол яамны саналыг авах асуудал биш, тухайн сав газрын захиргааны саналыг авах асуудлыг ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зөвшөөрөл олгохдоо үндэслэнэ гэсэн байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалд эш татаж, ямар процессоор яаж сав газруудын саналыг авах талаар журамд нарийн тусгах нь зүйтэй” гэж тайлбарласан.

6.Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Журам батлах тухай” А/67 дугаар тушаалаар[1] Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталжээ.

7.Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж байгаа Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 2.1-д “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Засгийн газрын баталсан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3, 17.6-д заасан шаардлагад нийцүүлж, сонгон шалгаруулалтын талбайг ялгах болон давхцалыг шалгаж Үндэсний геологийн албанд хүргүүлнэ”,

2.2-д “Үндэсний геологийн алба нь энэ журмын 2.1-д заасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах талбайн геологийн суурь судалгааны ажлын ерөнхий мэдээллийг боловсруулж, Улсын төсвийн хөрөнгөөр судлагдсан ордын нөөц, баялаг, эрдсийн хуримтлал тогтоогдсон эсэхийг нягтлаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ”,

2.3-д “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу бэлтгэсэн бүх талбайг хянаж, зарлах талбайг эцэслэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ”,

6.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулахад дараах журмыг баримтална:”

6.1.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 49 дүгээр зүйлийн 49.7, 60 дугаар зүйлийн 60.9 дэх хэсэгт заасан талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж зохион байгуулна”,

6.1.2-д “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгавар болгосон, холбогдох байгууллагаас хүчингүй болгосон тухай бүр талбайн солбицол, холбогдох мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлж байна”,

6.1.3-д “Үндэсний геологийн алба нь чөлөөлөгдсөн талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд байгаа эсэхэд шүүлт хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг ялгана”,

6.1.4-д “Үндэсний геологийн алба нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордын улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын тухайн талбайд ногдох зардлын тооцоо, геологи ашигт малтмалын багц мэдээллийг орд тус бүрээр бэлдэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Тухайн ордын улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын тухайн талбайд ногдох зардал нь сонгон шалгаруулалтын босго үнэ болно”,

6.1.5-д “Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоож, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордын үнэлгээг тухайн нөхцөл байдалд зохицуулан үнэлэх, сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох ажлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ”,

6.1.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж тус тус зохицуулжээ.

8.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заасан.

9.Маргаан бүхий журам нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гарсан хэдий ч бусад хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох харилцааг мөн нэмэлт байдлаар зохицуулсан бол тухайн хуульд мөн нийцсэн байх шаардлагатай.

Тухайлбал, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "усны сав газар гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг хэлэхээр, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.” гэж заасан.

10.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохдоо тухайн газар нутаг нь усны сав газарт хамаарах тохиолдолд тухайн сав газрын захиргааны саналыг үндэслэн ашигт малтмалын хайгуул хийх, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгох нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нийцэхээр байна.

11.Мөн нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Сав газрын захиргаадаас санал авч, саналыг үндэслэн шийдвэрлэдэг болбол Монгол Улсын стратегийн үнэт баялаг болох усны нөөц нь хомсдол, бохирдлын эрсдэлээс хамгаалагдах, усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах хуулийн зарчим хэрэгжих, нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь хэрэгжих, байгаль орчны болзошгүй эвдрэл сүйдлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийн хэрэг буурах эерэг үр дагаврыг бий болгоно.” гэх маргаж буй нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

12.Түүнчлэн, иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг журамд оруулах нь зөв” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

13.Иймд маргаан бүхий журмын 2.1-дэх заалтыг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасантай нийцүүлж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулахдаа тухайн талбай нь усны сав газарт байрлах тохиолдолд сав газрын захиргааны саналыг авч, саналыг үндэслэн шийдвэрлэхтэй холбоотой өөрчлөлтийг тус заалтад оруулах зүйтэй байх тул журмын 2.1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.

14.Харин нэхэмжлэгчийн маргаж буй маргаан бүхий “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.2, 2.3, 6.1-д заасан хэсгүүдийг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-тай нийцүүлэх, мөн эдгээр заалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасантай нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.2, 2.3, 6.1-д заасан хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1 дэх хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий журмын заалт хүчингүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН 

 

 

[1] Хэргийн