Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1491

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01499 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.О-т холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “М г” ХХК Салимон, Нефромон, Дентамон эмийг ОХУ руу экспортлох сонирхолтой байсан бөгөөд “М г” ХХК-ийн зүгээс 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай албан бичгээр ОХУ-ын “Фармамед” ХХК-д хүсэлт илгээж Нефромон, Салимон, Дентамон эмийн бүтээгдэхүүний ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалыг илгээсэн боловч ОХУ-ын “Фармамед” ХХК-ийн зүгээс 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 98 дугаартай албан бичгийг “М г” ХХК-д илгээж Нефромон, Салимон, Дентамон эмүүдийн бүртгэлийн материалууд нь ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс эмнэлзүйн болон эм зүйн судалгааны шинэчилсэн материалыг яаралтай илгээхийг хүссэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Салимон, Нефромон, Дентамон эмийг ОХУ-ын зах зээлд худалдан борлуулахад шаардлагатай нэмэлт судалгааны материалыг тухайн эмийн зохиогч нарын нэг болох М.А-, Б.С- нараас гаргуулан авахаар М.А-, Б.С- нартай 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж хүчин төгөлдөр гэрээг байгуулан 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1997 оны Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г.Оюунбаяраар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэн нотариатын бүртгэлийн дэвтэрт 265 дугаараар бүртгүүлсэн. Талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг нотариатч Г.Оюунбаяраар гэрчлүүлж гэрээний бүртгэлийн дэвтэр дээр “М г” ХХК-ийн итгэмжлэлийн дагуу тус компанийн хуулийн зөвлөх Д.Ганзоригт олгосон итгэмжлэлийн дагуу Д.Ганзориг нь гэрээний нэг тал болох “М г” ХХК-ийн захирал Л.Х-ын өмнөөс гарын үсэг зурсан, харин гэрээний нөгөө тал болох Б.С- нь Салимон, Нефромон, Дентамон эмийн ногдол ашиг хуваарилах гэрээнд гарын үсэг зурах эрхийг М.А-д 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу М.А- нотариатын гэрээний бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулсан.

М.А-, Б.С- нар нь хоёр талын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг дуусгавар болгосон, хүчингүйд тооцсон, тухайн гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй байхад дур мэдэн хоёр талын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан дээрх гэрээний 1.2-д заасан Салимон эмийн оныг 1998 он гэж буруу бичсэн байна, Салимон эмийн зөвхөн оныг нь сольсон гэж гэрээг “М г” ХХК-ийн захирал Л.Х-т танилцуулсан бөгөөд Л.Х- тус гэрээтэй танилцахад Салимон эмийн оноос бусад зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байсан тул гэрээний сүүлийн нүүрэнд гарын үсэг тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байхад М.А-, Б.С- нар нь гэрээний агуулгыг дур мэдэн гэрээний нэг тал болох Л.Х-т мэдэгдэлгүйгээр хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээнд талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний огноо, дугаарыг нь тавьж улмаар хариуцагч нотариатч Т.О- нь нэхэмжлэгч “М г” ХХК-ийн эрх бүхий этгээдийг байлцуулалгүйгээр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын он, сар, өдөр, дугаарыг талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээнд давхардуулан тавьсан байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн 07 тамганы дугаартай нотариатч Т.О- нь хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдээгүй Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний утга агуулга, түүнээс үүдэн гарах үр дагавар, хүлээх үүрэг, хариуцлага зэргийг зөв ойлгосон эсэх, талуудын хүсэл зориг байсан эсэхийг тодруулалгүй, нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдийг байлцуулалгүйгээр хүсэл зориг илэрхийлсэн Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг хүчингүй болголгүйгээр тус гэрээний баталгаажуулсан нотариатын огноо, бүртгэлийн дугаарыг давхардуулсан байгаа нь 1997 оны Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 2.5, 2.7, 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн. “М г” ХХК-ийн зүгээс Архивын газраас Сүхбаатар дүүргийн 07 тамганы дугаартай нотариатч Т.О-ын гэрчилсэн 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг гэрээний хамт гаргуулахад талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээ болон тус гэрээг гэрчилж бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл хадгалагдсан байдаг болохоос “М г” ХХК-ийн хүсэл зориг тусгагдаагүй Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний хуулбар хувийг Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу хадгалагдаагүй байгаа нь дээрх Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэхээргүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нотариатч Т.О-т холбогдуулан Монголын нотариатчдын танхимд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 128 дугаартай гомдол гаргасны дагуу хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монголын нотариатчдын танхимд тайлбар гаргаж М.А-, Б.С- нар нь “М г” ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр хэлцэл байгаа бөгөөд гэрээнд хууль зөрчсөн заалт байхгүй ба гэрээнд ямар нэгэн өөрчлөгдсөн заалт байхгүй байна гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлж улмаар Монголын нотариатчдын танхимаас 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 911 дугаартай гомдлын хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Тус 911 дугаартай албан бичигт 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрчилсэн Ш/Б 01 дугаар бүхий Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээг гэрчилсэн үйлдэл нь хуульд нийцсэн эсэх дүгнэлт гаргах боломжгүй байх тул маргаан бүхий гэрээнүүдийн аль нь жинхэнэ эх хувь болохыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.О- нь Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг ноцтой зөрчиж үүрэгт ажилдаа хайнга хандаж, нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдийг байлцуулалгүйгээр талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний нотариатын бүртгэлийн 265 дугаарыг талуудын хүсэл зоригийг илэрхийллийг тусгаагүй 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр огноологдсон Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээний үнэн зөвийг гэрчилж, бүртгэлийн 265 дугаар бүртгэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд 1997 оны Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 3.7-д заасны дагуу хариуцагчийн 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээний бүртгэлийн 265 тоот дугаарт бүртгэсэн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан ба “М г” ХХК-ийг төлөөлж Б.Ганзориг, М.А- нар Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах ШБ/01 дугаартай гэрээг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрчлүүлсэн. Би үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нотариатын үйлдэл хийх зааврын 3.1-д зааснаар иргэний үнэмлэх, итгэмжлэл зэргийг шалгасан. Тухайн үед М.А- өөрийнхөө цахим иргэний үнэмлэхтэй, Б.С-ийг төлөөлөх итгэмжлэлтэй, Б.Ганзориг “М г” ХХК-ийг төлөөлсөн итгэмжлэл, өөрийнхөө иргэний үнэмлэхтэй байсан. Гэрээг 265 дугаарт бүртгэж, гэрчилсэн. Гэрээний агуулга, заалтыг “М г” ХХК-ийн захирал Л.Х- зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдсан. Иймд би өөрийгөө гэрээний нэг талын хүсэл зориг тусгаагүй гэрээ гэрчилсэн гэж үзэхгүй байна. Би нэхэмжлэгч талыг надаар гэрчлүүлсэн гэх гэрээний эх хувийг авчраарай гэсэн. Өөр нэртэй гэх гэрээний эх хувь байхгүй. Би өөрийнхөө гэрчилсэн гэрээний эх хувийг архивт өгсөн. Гэрээний агуулга өөрчлөгдсөн байхад гэрчилсэн зүйл байхгүй, надад ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Талууд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан байсан учраас би хэлцэл хийгдсэнд тооцож, гэрээг гэрчилсэн. Гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, хуулийн хүчин төгөлдөр болно гэсэн заалт байхгүй. Гэрээний аль нэг тал хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно гэдэг. Тухайн үед гэрээний 2 тал ирсэн байсан. Гэрээнд талууд гарын үсэг зурж, итгэмжлэл авсан этгээд холбогдох бичиг баримттай байсан учраас гэрчилсэн гэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2 гэрээ ярьж байна. 2 гэрээний нэр өөрчлөгдсөн. Гэхдээ гэрээний 1.2-д заасан Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн талаар 2 гэрээнд хоёуланд нь тусгагдсан. Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах ШБ/01 дугаартай гэрээнд Салимон, Нефромон, Дентамон гэх 3 эмийг заасан. Л.Х-тай 1 дэх гэрээ байгуулсны дараа гэрээнд эмийн он буруу бичигдсэн болох нь тогтоогдож, энэ талаар Л.Х-т танилцуулж, тэрээр зассан гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагчийн ярьснаар энэ гэрээг заавал нотариатаар гэрчүүлэх шаардлагагүй. Гэрээний 2 тал харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт “М г” ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь одоо хэлэлцэгдэж байгаа хэргийн нэхэмжлэлтэй яг адилхан. Энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм учраас нэг асуудлаар 2 өөр шүүх шийдвэр гаргаж болохгүй гэжээ.

 

Шүүх: 1997 оны Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 3, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О- Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах тухай Ш/Б 01 тоот гэрээг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгч “М г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01499 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Энэхүү хэрэг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд тухайн хүсэлтийг бичгээр өгсөн, мөн шүүх хуралдаанд хүртэл тайлбараа өгсөн байхад шүүхийн шийдвэрт ямар ч дүгнэлт өгсөнгүй. Зөвхөн гуравдагч этгээдээр оролцох болсон талаар л дүгнэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр М.А-, Б.С- нарын нэхэмжлэлтэй, “М г” ХХК-д холбогдох хэрэг дээр хариуцагч болох “М г” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэрхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэх хэсэг болон агуулга нь энэхүү Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М г” ХХК-ийн нэхэмжлэл болгож гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэг болон агуулгатай яг адилхан утга агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэрэг дээр хариуцагч болох Б.Оюунбаяр нь гэрчээр оролцож байгаа бөгөөд гэрчээр оролцуулах болсон шүүгчийн захирамж нь хэрэгт авагдсан байсаар байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яг адилхан үндэслэл, агуулга бүхий нэхэмжлэлтэй хэрэг хоёр өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байхад шүүх шийдвэр гаргаж болохгүй бөгөөд тухайн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хэрэг дээр сөрөг нэхэмжлэл дээр шүүх мөн л дүгнэлт өгөх юм. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдал болон нотлох баримтууд хэрэгт байсаар байхад, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шийдвэрийн үндэслэх хэсэгт юу ч дурдалгүй үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн, зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Хариуцагч Т.О-т холбогдуулан 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах тухай Ш/Б 01 тоот гэрээг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч “М г” ХХК гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч “М г” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Х-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А-, Б.С- нарын хооронд 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О-аар гэрчлүүлж, бүртгэлийн 265 дугаарт бүртгүүлсэн ба дээрх гэрээг нотариатч Т.О- Нотариатын тухай хуульд зааснаар гэрчилсэн үйл баримт нь архивын лавлагаа талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтын талаар тэдгээр нь маргаагүй байна. /хэргийн 8-10, 50 дугаар тал/

 

Харин дээрх гэрээний огноо дугаартай адил Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах тухай гэрээг гэрчилсэн үйлдлийн талаар маргажээ. Энэхүү гэрээг хариуцагч гэрчилсэн үйлдлийнхээ талаар “гэрээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан баталсан, ижил гэрээ байна гэж бодоод өмнөх баталсан гэрээний дугаар дээр бүртгэсэн” гэж тайлбарласан ба түүнийг Нотариатын тухай хуулийн /1997 оны/ 24 дүгээр зүйлийн 2-д “Гэрчлэгдэх бичиг баримтын эх хувь нь гаргацтай, засваргүй, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байна. Гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг нь бичиг баримтад тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж, 3-т “Гэрчлэгдэх гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг нь 2-оос доошгүй хувь үйлдэгдсэн байх бөгөөд түүний нэг хувийг нотариатч хадгална” гэж, мөн 27 дугаар зүйлийн 1-т “Нотариатч бичиг баримт, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл тэмдэглэл үйлдэнэ. Нотариатын бүртгэлд нотариатчийн хийсэн үйлдлүүдийг дэс дараагаар нь бүртгэнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Ш/Б 01 тоот гэрээтэй мөн адил огноо дугаар бүхий Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах тухай гэрээний гарчиг, зарим заалтууд нь өөр агуулгатай байхад хариуцагч нь уг гэрээнүүдийг тус тусад нь бүртгэж, эх хувийг нь шалгаж, нэг хувийг нь өөртөө аваагүй байна. Энэ нь Нотариатын тухай /1997 оны/ хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Мөн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах нэртэй гэрээг гэрчлэхдээ талуудыг байлцуулаагүй болохыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, түүний тайлбарыг баримтаар нотлоогүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О- Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах тухай Ш/Б 01 тоот гэрээг 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Харин шүүх нотариатын үйлдлийг хэрхэн хийх журмыг тогтоосон Нотариатын тухай /1997  оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 3, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нотариатын үйлдлийг шүүх хүчингүй болгох үндэслэлийг зохицуулсан мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг болгон өөрчилж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01499 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “24 дүгээр зүйлийн 2, 3, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг” гэснийг “32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                   С.ЭНХТӨР