Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 2020           06            09                                             2020/ДШМ/753                                    

 

 

Н.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Т.Мөнх-Амгалан,

            хохирогч Н.Ү-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Н.Ч-, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2006009560539 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П овгийн Н-н Ч, Улаанбаатар хотод 1980 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодези инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 00 дугаар хорооллын 0-0 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Н.Ч- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 79 тоот гэртээ Н.Ү-г зүүн хацарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ажлын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, хохирогч Н.Ү- гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч-гээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулан хохирогч Н.Ү-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хохирогчийн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар хуульчилсан байхад шүүх ямар ч баримтыг үндэслэлгүй өмгөөлөгчийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Н.Ү-, өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс үнэн бодитой эсэх, тухайн гэрээний дагуу татвар төлсөн эсэхийг шүүх тодруулаагүй нь хууль зөрчиж байна. Мөн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах нь тухайн хүний эрхийн асуудал бөгөөд эрхээ хэрэгжүүлсэн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшилж байна.

Би ажил хөдөлмөр эрхэлдэг тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй.

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хуулийн шаардлагыг хангаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Ч- хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч 308,000 төгрөгийн бодит хохирлыг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Н.Ч- нь жолооны курст багшилж 650,000 төгрөгийн цалин авдаг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Ү- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Энэ хүнд зодуулснаас болж миний тархи толгой байнга өвддөг болсон. Би энэ хэргээс болж өмгөөлөгч авах зайлшгүй шаардлагатай болоод өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Н.Ү- нь шүүгдэгч Н.Ч-гийн үйлдлийн улмаас бие махбод болон сэтгэл санаагаар хохирсон. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Ч- нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Давж заалдах шатны шүүх дээр ирэхээрээ ажилтай болчихдог. Ажилтай хүн торгуулийн ял эдлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч Н.Ч- нь хохирогчтой тохуурхсан, доромжилсон байдлаар харьцдаг байсан. Иймд хохирогч өмгөөлөгч авах зайлшгүй шаардлагатай болсон. Хэрвээ шүүгдэгч Н.Ч-д хохирогч Н.Ү- зодуулаагүй байсан бол өмгөөлөгч хөлсөөр авахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Ч-гээс гаргуулсан нь үндэслэлгүй. Иймд өмгөөлөгчийн хөлстэй холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ч- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 79 тоот гэртээ Н.Ү-г зүүн хацарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ү-гийн “... Чимэдрэгзэнгээс өрөө авахаар утсаар ярьсан. Тэр “Манай найз хүүхэнтэй ярь” гээд нэг утас өгсөн. Найз эмэгтэй нь намайг караокед дуудсан. Бид нар  архи уусан. Нөгөө эмэгтэй “гэрт оръё” гээд дагуулаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 79 тоотод орсон. Гэрт нь өөр нэг хүүхэн байсан. Бид нар удаан ярилцаж суусан. Оюунхишиг “Би энэ шалыг арчдаг. Чамайг шалны алчуур болгоно” гээд намайг түлхэж унагаад үснээс зулгаахад, нөгөө хүүхэн нь ус цацаад “Чамайг сэргээж байна” гэхээр нь би унтлагын өрөөнд орж Чимэдрэгзэнг дуудсан. Чимэдрэгзэн орилж босч ирээд шууд зүүн талын хацар руу гараараа маш хүчтэй цохиж, дээшээ хараад унахад элэг рүү хөлөөрөө 2 удаа дэвссэн” /хх 7-8/,

гэрч Д.Оюунхишигийн  “... бид гурвын хооронд ямар ч хэрүүл, маргаан болоогүй. Караокед ойролцоогоор 2 цаг болж, гараад Чимэдрэгзэнгийн гэрт орсон. Гэрт ороод Үзмээ  намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгж байгаад Үзмээ унтаж байсан Чимэдрэгзэнг цохиод авсан. Тэгсэн чинь Чимэдрэгзэн босч ирээд Үзмээг гараараа 2-3 удаа цохисон” /хх 10-11/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Н.Ү-д зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун дал, баруун тохойд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2188 тоот шинжээчийн дүгнэлт /хх 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Н.Ч-гийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Ү-д зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал болон бусад гэмтлүүд учирсан болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдсон. Хохирогчийн гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байх тул шүүгдэгч Н.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж,  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Ч-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон тохиолдол хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлдэг шүүгдэгчийн хувийн байдал нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан гэмтлийг тогтоох шинжилгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжилгээний байгууллагаар хийлгэсэн. Шинжээч томилсон тогтоолыг шинжээчид гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан, танилцуулсан, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэг өгсөн байх тул “... дүгнэлт эргэлзээтэй, хуулийн шаардлага хангаагүй, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасныг буруу ойлгон хэрэглэж хохирогчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор зайлшгүй шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Гэвч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсны дотор өмгөөлөгчийн зардал багтсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг” ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрх бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон гэж үзнэ.

Дээрх агуулгыг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор зохицуулсан байна.

Харин хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригын илэрхийлэл болсон, иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.

Иймд шүүгдэгч Н.Ч-гийн давж заалдсан гомдлоос “... хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэснийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч Н.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлоос “... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хуулийн шаардлага хангаагүй, шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                         ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН